Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2016/0101

 

 “Хайланд форс” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Энхтайван нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 48 дугаар магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор “Хайланд форс” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч “Хайланд форс” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Улсын Их Хурлаас Ашигт малтмалын тухай хуульд 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдөр нэмэлт өөрчлөлт оруулсантай холбогдуулан Ашигт малтмалын газрын Кадастрын Кадастрын хэлтсээс 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч эхэлсэн.

Манай компани нь 2015 оны 4 дүгээр сарын 06-ний өдөр Төв аймгийн Сүмбэр сумын нутагт хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргаж, цахим өргөдлийн бүртгэлийн Х20150406991 дугаарт, 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргаж, цахим өргөдлийн бүртгэлийн Х201504061017 дугаарт тус тус бүртгэгдсэн.

Уул уурхайн яам болон Ашигт малтмалын газраас 2015 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр хэвлэлийн бага хурлаар хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авах шийдвэр захиргааны актыг танилцуулаагүй юм. Гэтэл Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 1/2958 тоот албан бичигт уг хэвлэлийн бага хурлаар олон нийтэд зарлан мэдээлсэн нь захиргааны акт гэж үзэж байгаа нь ямар ч ойлгомжгүй байна.

Иймд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн хууль бус эс үйлдэхүйг тогтоож, хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч хуулийн дагуу шийдвэрлэхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс шүүхэд ирүүлсэн тайлбартаа: 104 дүгээр өргөргөөс зүүн хэсгийн талбайд өргөдөл одоогоор хүлээн аваагүй байгаа болно. Энэ талаар Монгол Улсын дэд бүтцийн хөгжил, ногоон хөгжлийн үзэл баримтлал, хөрөнгө оруулалтын тэнцвэртэй байдал зэргийг харгалзан төлөвлөгөөтэй, эмх цэгцтэй олгох үүднээс нутаг дэвсгэрийн баруун хагас буюу 104 дүгээр өргөргөөс баруун хэсэгт хамаарагдах 9 сая га талбайд эхний ээлжид хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талаар Уул уурхайн сайдын байгуулсан ажлын хэсэг асуудлыг боловсруулж, 2014 оны 12 дугаар сарын 28, 2015 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн Засгийн газрын хуралдаан, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл зэрэг холбогдох байгууллагуудад удаа дараа танилцуулж чиглэл авч ажилласан. 2015 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн Уул уурхай яам болон Ашигт малтмалын газраас хэвлэлийн бага хурал хийж 104 дүгээр өргөргөөс баруун хэсгийн талбайд тусгай зөвшөөрлийг олгохоор олон нийтэд зарлан мэдээлсэн. Энэ нь Монгол Улсын Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т заасан захиргааны акт болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 676 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16, 18 дугаар зүйлийн 18.2, 19 дүгээр зүйлийн 19.1, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5, 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2, 6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Хайланд форс” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “Хайланд форс” ХХК-иас Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст гаргасан Х20150406991, Х201504061017 дугаарын өргөдлүүдийг хүлээн авч, бүртгэхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгажээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 48 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 676 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “Хайланд форс” ХХК-ийн захирал Б.Ууганбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Уул уурхайн сайдын 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 203 дугаар тушаалаар Засгийн газрын 2014 оны 239 дүгээр тогтоолоор батлагдсан хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг нийтэд мэдээлж, Ашигт малтмалын кадастрын хэлтсийн мэдээллийн санд бүртгэн, Засгийн газрын тогтоолоор тогтоосон солбицол бүхий талбайд 2014 оны 9 дүгээр сарын 24-ны өдрөөс эхлэн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч холбогдох хуулийн дагуу шийдвэрлэн, ил тод, хариуцлагатай ажиллах болон сонгон шалгаруулалтын журмаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ажлыг зохион байгуулах бэлтгэлийг нэн яаралтай хангахыг Ашигт малтмалын газарт даалгасан байна. Ашигт малтмалын газар нь Уул уурхайн сайдын дээрх шийдвэрийг хэрэгжүүлж, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг эмх цэгцтэй олгох үүднээс нутаг дэвсгэрийн 104 дүгээр уртрагийн "баруун хэсэгт" эхний ээлжид, дараа нь "зүүн хэсэгт" олгохоор төлөвлөж зохион байгуулсан байна. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг нутаг дэвсгэрийн 104 дүгээр уртрагийн "баруун хэсэгт" эхний ээлжид олгохоор төлөвлөж хэрэгжүүлсэн байна. 104 дүгээр уртрагийн "баруун хэсэгт" хайгуулын тусгай зөвшөөрөл олгож эхлэх үед VIP төхөөрөмж буюу өргөдлийн дугаар олгох цахим системдээ "зүүн хэсэгт" дугаар олгохгүй байхаар зохион байгуулах техникийн шийдэл байсныг хэрэгжүүлээгүй нь хариуцлагагүй байгаагийн илрэл гэж үзэж байна.

Ашигт малтмалын газар нь 2015 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 13:08 минутад өөрийн цахим хуудсаараа дамжуулан зарлалыг гаргасан байдаг. Үүнд: "Шинээр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох төрөөс тогтоосон талбайг уртрагийн 104 градусаар зааглан хуваасан. Эхний ээлжид нутаг дэвсгэрийн баруун хэсэгт олгох бөгөөд 104 градусыг дамнасан өргөдлийн талбайн хувьд талбайн ихэнх хэсэг нь 104 дүгээр градусын баруун талд орж байвал хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдлийг хүлээн авах боломжтой болно" гэсэн байна. Гэтэл Ашигт малтмалын газар нь өөрийн гаргасан шийдвэрээ зөрчиж 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр буюу 104 дүгээр уртрагийн "зүүн хэсэгт" хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдлийг хүлээн авч эхлээгүй байхад Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг Үхэр чулуу гэдэг газар "Жөн Юан орд" ХХК-д зүүн тал 27230,19 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл, 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр тус сумын Хөндий нэртэй газар "Мөнхжаран" ХХК-д 22821,18 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрлийг тус тус олгосон байдаг ба дээрх 2 компанийн авсан талбайн ихэнх хэсэг нь 104 дүгээр уртрагийн зүүн хэсэгт хамаарагдаж байгаа юм. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байх тул нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “Хайланд форс” ХХК нь Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдуулан өргөдлийг хүлээн авахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг даалгах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Монгол Улсын Засгийн газар нь Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.11-д зааснаар геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын саналыг үндэслэн хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайг солбицлоор тогтоох эрхтэй байна. Энэхүү эрхийн хүрээнд Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 239 дүгээр тогтоол гаргаж, хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг тогтоожээ.

Засгийн газрын хуралдаанаас “хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг тухай бүр нийтэд мэдээлэн, хуулийн дагуу зохион байгуулж, хяналтын тавьж ажиллах”-ыг үүрэг болгосны дагуу Уул уурхайн яам, Ашигт малтмалын газар нь өргөдөл хүлээн авах үйл ажиллагааг төлөвлөгөөтэй, эмх цэгцтэй, олон нийтийн хяналтын дор явуулах, ил тод байдлыг бүрдүүлэх, нэгдсэн хяналт тавих зорилгоор эхний ээлжинд 104 дүгээр уртрагаас баруун хэсэгт хамаарагдах 9 сая га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэж, өргөдөл хүлээн авах хугацааг ялгавартай тогтоосон нь мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, 11.1.25-д заасан хариуцагчийн эрх хэмжээний хүрээнд байна.

Иймээс нэхэмжлэгчийн “баруун, зүүн гэж хуваасан хууль байхгүй” гэх гомдол хууль зүйн үндэслэлгүй, захиргааны байгууллагаас хуулийг хэрэгжүүлэх явцдаа тусгай зөвшөөрлөөр олгох талбайн солбицлыг хил хязгаарт багтаан, тухай бүр солбицлыг тогтоох эрхтэй юм.

Улмаар захиргааны байгууллагаас эхний ээлжинд 104 дүгээр уртрагаас баруун хэсэгт өргөдөл хүлээн авахаар шийдвэрлэсэн тухайгаа нийтэд мэдээлсэн болох нь Монгол Улсын Уул уурхайн сайдын 2015 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 1/85 дугаар албан бичиг, Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох бэлтгэл ажлын танилцуулга, Ашигт малтмалын газрын 2015 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн цахим хуудасны мэдээлэл зэргээр тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн “өргөдлийг хүлээн авах шийдвэрийг танилцуулаагүй” гэх гомдол няцаагдаж байна.

Нэхэмжлэгч нь 104 дүгээр уртрагаас баруун хэсэгт бус, харин зүүн хэсэгт Дундговь аймгийн Өлзийт сум, Төв аймгийн Сүмбэр суманд тус тус өргөдөл гаргасан байх тул захиргааны байгууллагаас нэхэмжлэгчийн хайгуулын тусгай зөвшөөрөл авах тухай өргөдлийг буцаасан үйлдэл нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.3-д заасантай нийцсэн, хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал зөв болжээ.

Гэтэл анхан шатны шүүх Ашигт малтмалын тухай хуулиар өргөдөл хүлээн авах харилцааг тусгайлан зохицуулсан байхад Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийг хэрэглэсэн, Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт хамгийн түрүүнд өргөдөл гаргаж бүртгүүлсэн этгээдэд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор заасан байхад солбицол зөрчиж гаргасан нэхэмжлэгчийн өргөдлийг “бүртгэх ажиллагааг бүрэн хийгээгүй” гэж хариуцагчийг буруутгасан, “бусад этгээдийн өргөдлийг хүлээн авч, бүртгэх, хянан шийдвэрлэх ажиллагаатай хамааралгүй” гэх зэргээр ойлгомжгүй дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь буруу байна.

Нэхэмжлэгчийн “хэвлэлийн бага хурлаар ямар байгууллагын, хэдний өдрийн шийдвэр байгааг танилцуулах байсан, гэтэл ийм акт байхгүй байхад олон нийтэд зарлаж мэдээлсэн гэж байгаа нь ойлгомжгүй” гэх гомдол үндэслэлгүй.

Учир нь дээд шатны захиргааны байгууллагаас буюу Засгийн газрын хуралдаанаар тусгай зөвшөөрлийн талбайг хоёр хувааж, эхний ээлжинд баруун хэсэгт олгохоор тогтоож, Ашигт малтмалын газарт хэрэгжүүлэхийг үүрэг болгосон байх тул хариуцагчийг “бичгээр шийдвэр гаргаагүй” гэж буруутгах, улмаар үүнээс шалтгаалан нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж дүгнэх шалтгаант холбоо тогтоогдохгүй байна.

Нөгөө талаас нэхэмжлэгчийг өргөдөл гаргахаас өмнө захиргааны байгууллагаас нутаг дэвсгэрийн баруун хэсэгт өргөдөл хүлээн авахаар шийдвэрлэж, энэ тухайгаа олон нийтэд хангалттай мэдэгдсэн, нэхэмжлэгчийн тухайд уг мэдээллийг мэдсэн байх боломжтой юм.

Нэхэмжлэгчийн “Жөн Юан орд, “Мөнхжаран” ХХК-д зүүн хэсэгт тусгай зөвшөөрөл олгож, ялгавартай хандсан” гэх гомдлын тухайд дээрх компанийн өргөдөл гаргасан талбай нь Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дэвсгэрт хамаарч байх бөгөөд энэ нь нэхэмжлэгчийн өргөдөл гаргасан байршилд хамааралгүй, эдгээр компанийн өргөдөл, түүнтэй холбогдох баримтыг хэрэгт хавсаргаагүй, нэхэмжлэгчээс энэ баримтыг цуглуулахаар шүүхэд хүсэлт гаргаж байгаагүй, хэрэгт хавсаргасан кадастрын зураг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байх тул шүүхээс эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байна.

Харин нэхэмжлэгчийн “зохих журмын дагуу өргөдлийг програмд бүртгүүлж, програм хүлээн авсан, програм руу орох эрх нь нээлттэй байсан, зүүн хэсэгт дугаар олгохгүй байхаар зохион байгуулах байсан” гэх гомдлын хувьд захиргааны байгууллага нь тухайн үед “зүүн талд” гаргасан өргөдөлд цахим дугаар олгож, улсын тэмдэгтийн хураамж төлүүлсэн нь Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.6 дахь хэсэгт заасан төрийн байгууллагаас хувь хүн, хуулийн этгээдэд үйлчилгээ үзүүлсний төлөө тэднээс хураамж авах зарчимд нийцээгүй байх тул хариуцагчаас хохирлоо тусдаа иргэний журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болно.

Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо үндэслэл болгосон хуулийн заалтыг “тогтоох” хэсэгт баримтлаагүй байгаа нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.5 дахь хэсэгт нийцээгүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 48 дугаар магадлалын “тогтоох” хэсгийн 1 дэх заалтад “Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, 11.1.25, 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсгийг баримтлан” гэж нэмж өөрчилж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                               М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                                             П.СОЁЛ-ЭРДЭНЭ