Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2017/01058

 

Д.А-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2017/00750 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 1135 дугаар магадлалтай,

Д.А-гийн нэхэмжлэлтэй,

“Ю” ХХК-д холбогдох,

Гэрээний үүрэгт 6.335.600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гэрэл-Очирын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.А-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гэрэл-Очир, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч Д.А- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдөр орон сууц захиалах гэрээ байгуулан “Ю” ХХК-ийн 16 давхар орон сууцанд 1мкв талбайн үнийг 1.880.000 төгрөгөөр бодож, Улаанбаатар хотын банкнаас зээл авч, төлбөрийг шилжүүлж, урьдчилгаа 30 хувийг төлсөн. Уг байр нь нийт 56.64. м.кв талбайтай гэж тооцон 2015 оны 02 сарын 08-ны өдөр өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарч, орон сууцандаа орсон. 2016 оны 12 сарын 06-ны өдөр “Инженер геодези” ХХК-иар хэмжилт хийлгэж үзэхэд нийт талбай 53.27 мкв гэж гарсан бөгөөд“Ю” ХХК нь орон сууцны талбайгаас 3.37 мкв талбайг дутуу хүлээлгэж өгсөн тул 6.335.600 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Ю” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа 2013 оны 04 сарын 12-ны өдрийн 2013/04-12 тоот “Үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах гэрээ”-ний дагуу Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Хаппи таун хотхонд байрлах 71, 72, 73 тоот, барилгыг “Өндөрбуянт холдинг” ХХК-иас шилжүүлэн авсан бөгөөд уг барилгыг худалдан авахдаа барилгын батлагдсан зураг, бүх төрлийн ажлын акг, холбогдох зөвшөөрлийг үндэслэн хүлээн авсан. Бид борлуулалтын талбайн хэмжээ, үнийг худалдан авагчдад урьдчилсан байдлаар танилцуулдаг. Манай компани барилгын зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөлтэй компаниудаар зураг төслийг хийж гүйцэтгүүлсэн бөгөөд уг зураг төслийн дагуу баригдсан болохыг улсын комисс тогтоосон байгаа тул бид хөндлөнгийн компаний талбайн хэмжээг тооцож гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү  гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2017/00750 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.4 дэх хэсэгт зааснаар “Ю” ХХК-иас 6.335.600 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.А-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.А-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 116.320 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ю” ХХК-иас 116.320 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.А-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 1135 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2017/00750 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 116.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гэрэл-Очир хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2017/00750 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 11365 дугаар магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Д.А-тай 2014 оны 12 дугаар сарын 23-ны өрийн НРТ14А116 дугаар “Орон сууц захиалгаар бариулах гэрээ” байгуулж, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Хаппи таун хотхоны ХД 73 дугаар байрны 1-14-69 тоот, 2 өрөө орон сууцыг худалдан авсан. Уг орон сууцыг 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр талууд акт үйлдэн хүлээлгэн өгсөн бөгөөд хуульд заасан хугацаанд гомдлын шаардлага гаргаагүй. Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1-т зааснаар нэхэмжлэгч нь гомдлын шаардлага гаргах эрхээ алдсан. Нэхэмжлэгч доголдлыг мэдэх боломжтой цаг хугацааг орон сууцыг хүлээлгэн өгсөн буюу 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдөр гэж ойлгоно. Уг орон сууцны түлхүүрийг хүлээлгэн өгснөөр захиран зарцуулах эрх нэхэмжлэгчид бүрэн шилжсэн. Маргаан бүхий орон сууц батлагдсан зураг төслийн дагуу 2008 оны 5 дугаар сараас баригдаж 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр баригдаж дууссан. Уг орон сууц 2008 онд нэгэнт барьж эхэлсэн байсан тул барилгын ажил эхэлсний дараа батлагдаж, мөрдөгдсөн стандартыг хэрэглэх боломжгүй юм.

Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Д.А- нь хариуцагч “Ю” ХХК-с 6.335.600 төгрөг нэхэмжлэхдээ шаардлагын үндэслэлийг гэрээнд заасан хэмжээнээс 3.37 м.кв талбай бүхий орон сууцыг дутуу шилжүүлсэн тул илүү төлсөн төлбөрийг буцаан гаргуулах гэж тодорхойлжээ. Хариуцагч нэхэмжлэлээс татгалзахдаа “...худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, гэрээгээр тохирсон орон сууцыг хүлээлгэн өгсөн” гэжээ.

Зохигчдын хооронд 2014 оны 12 дугаар сарын 23-ний өдөр байгуулагдсан орон сууц захиалгаар бариулах тухай гэрээгээр хариуцагч нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд байрлах Happy town орон сууцны 73 дугаар байр, 1 дүгээр орцны 14 давхарт 56.64 м.кв талбай бүхий байрыг 2014 оны 4 дүгээр улиралд багтаан барьж хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нь 106.483.200 төгрөг төлөхөөр харилцан тохиролцож, улмаар орон сууцны үнийг бүрэн төлсөн, энэ талаар маргаагүй байна /хавтаст хэргийн 6-9 дүгээр тал/.

Харин гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө биет байдлын доголдолтой эсэх талаар зохигчид маргажээ.

Маргааны зүйл болж буй ХД-73-р байрны барилгыг “Ю” ХХК нь “Өндөрбуянт холдинг” ХХК-иас 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн гэрээгээр худалдан авсан ба “...гэрээ байгуулах үед барилгууд нь 70 хувийн гүйцэтгэлтэй байсан...” талаарх хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгээгүй байна.

Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2014/709 дугаар актаас үзвэл уг орон сууц нь батлагдсан зураг төслийн дагуу 2008 оны 5 дугаар сараас эхлэн баригдаж улмаар 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр дуусчээ /хэргийн 33-34 дүгээр тал/.

Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээнд гүйцэтгэгч нь орон сууцыг 2014 оны 4 дүгээр улиралд барьж гүйцэтгэх үүрэг хүлээснээс үзвэл  Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагджээ.

Шүүх, зохигчдын хооронд үүссэн харилцааг зөв тодорхойлсон боловч хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүйгээс гадна хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйгээс нэхэмжлэлийн шаардлагын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна.  

 Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзэх ба мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.4-т “худалдан авагч энэ хуулийн 254.3-т заасан эд хөрөнгийг хүлээн авсан бол худалдагч нь гэрээний үнэд хувь тэнцүүлэн дутуу эд хөрөнгийн үнийг буцааж төлөх үүрэгтэй” гэжээ.

Мөн Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2.-т зааснаар худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцох ба эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан худалдан авагч эд хөрөнгийн доголдлын талаар шаардлага гаргах эрхээ алдахаар Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д заасан.

Хэргийн 13, 28 дугаар талд авагдсан баримтаас үзвэл, нэхэмжлэгч орон сууцыг 2015 оны 2 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, улмаар 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлсэн байх тул тухайн үед орон сууцны талбайг хэмжүүлэх, эд хөрөнгийн доголдлыг мэдэх боломжтой байжээ.

Нөгөө талаар орон сууцны талбайн хэмжээний зөрүүтэй байдал нь барилгын ашиглалтын явцад мэдэгдэх далд доголдол биш бөгөөд  нэхэмжлэгч худалдан авсан орон сууцны талбайн талаар шаардлага гаргах эрхээ алдсан байх тул илүү төлсөн төлбөрийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэгчийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2017/00750 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 1135 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1.1-т заасныг баримтлан хариуцагч “Ю” ХХК-с 6.335.600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.А-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай”.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр төлсөн 116.400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.                                                                                  

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ