Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2024/00612

 

 

 

 

 

 

 

 

2024 03 27 210/МА2024/00612

 

 

 

А-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 181/ШШ2024/00287 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А-н нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б ХХК-д холбогдох,

ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Мөнхбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Тэлмүүн, Х.Шинэцэцэг, хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Миний бие 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс Б ХХК-ийн Дэд бүтэц, уул уурхайн технологийн газрын захирал албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан.

Гүйцэтгэх захирлын 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Б/74 дүгээр тушаалаар намайг ажлаас чөлөөлсөн. Б ХХК-ийн бүтцээс миний эрхэлж байсан ажлын байр бодитойгоор байхгүй болсон буюу уг ажлын байр шаардлагагүй болсон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа тул орон тоо хасагдсан нь бодитой бус, үндэслэлгүй гэж үзэж байна.

Б ХХК-ийн зүгээс ажилтнуудын төлөөлөлтэй Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.3 дахь хэсэгт заасан хэлэлцээг огт хийгээгүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1.2-т зааснаар бөөнөөр халах зохицуулалтад хамаарах боловч, ажил олгогч нь бөөнөөр халах зохицуулалт бус орон тоо хасагдсан үндэслэлээр ажлаас халсан нь мөн адил хуульд нийцэхгүй болно.

 

1.2. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай мэдэгдлийг ажилтанд хуульд заасан хугацааны өмнө бичгээр мэдэгдэж, гарын үсэг зуруулж баталгаажуулаагүй.

Иймээс ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн хамтарсан тушаалаар байгуулагдсан ажлын хэсгээс Б ХХК-ийн орон тоог 30 хүртэл хувиар бууруулах, бүтэц зохион байгуулалтыг шинэчлэх зөвлөмжийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дотоод аудитын хорооны 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн тогтоолын хамт ирүүлсэн.

Монгол улсын Засгийн газрын 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 28 дугаар хуралдааны тэмдэглэлд Б ХХК-ийн болон нэгдлийн зохион байгуулалтын бүтцийг цомхон, чадварлаг, чиг үүргийг давхардалгүй байхаар тогтоохыг даалгасан.

Дээр дурдсан шийдвэрт үндэслэн Б ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 21 дүгээр тогтоолоор батлагдсан бүтэц, зохион байгуулалт, гүйцэтгэх захирлын 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/61 дүгээр компанийн бүтцийн нэгжүүдийн чиг үүрэг, ажлын байрны нэр, орон тоог шинэчлэн батлах тухай тушаал, түүний хавсралтууд батлагдсан.

 

2.2. Б ХХК-ийн гүйцэтгэх захирлын А/61 дүгээр тушаалаар Дэд бүтэц, уул уурхайн технологийн газрыг хэлтсийн зохион байгуулалтад оруулж, газрын захирлын орон тоо хасагдсан тул нэхэмжлэгч А-д 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ цуцлах мэдэгдлийг 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр шуудангаар хүргүүлэн баталгаажуулж мэдэгдсэн.

Гүйцэтгэх захирлын 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Б/74 дүгээр тушаалыг 07 дугаар сарын 08-ны өдөр танилцуулсан. Нэхэмжлэгч нь Дэд бүтэц, уул уурхайн технологийн газрын захирлын албан тушаалд ажиллаж байсан ч орон тоо хасагдаж, тухайн газар нь татан буугдсан. Ажлын байр, албан тушаал компанийн зохион байгуулалтын бүтцэд байх эсэх, асуудлыг Компанийн тухай хууль болон компанийн дүрмээр Төлөөлөн удирдах зөвлөлийн чиглэлийн дагуу гүйцэтгэх захирлын тодорхойлох эрх хэмжээ байна.

Ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуульд заасан бөөнөөр халах зохицуулалтын үед авах арга хэмжээг тухай бүрд нь авсан.

Иймд Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу Дэд бүтэц, уул уурхайн технологийн газар татан буугдаж, тухайн газрын захирлыг тус ажлаас чөлөөлөх үндэслэлийг хуульд заасны дагуу нэхэмжлэгчид мэдэгдэж, гүйцэтгэх захирлын 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн тушаалаар ажлаас чөлөөлсөн нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлийг хангасан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А-г урьд эрхэлж байсан Дэд бүтэц, уул уурхайн технологийн газрын захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч Б ХХК-иас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 84,978,119 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А-д олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч А-н 2022 оны 07 дугаар сарын 08-наас 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг хариуцагч Б ХХК- д даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар дээрх нэхэмжлэл гомдлоор авч хэлэлцэх нэхэмжлэлийн төрөлд хамаарах тул нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Б ХХК-иас 582,840 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэсэн.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Хэрэгт авагдсан нотлох баримтаар ажилтанд 30 хоногийн өмнө мэдэгдэж, мэдэгдлийг авсан нэхэмжлэгч холбогдох байгууллагад гомдол гаргасан байхад баримтуудыг хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй. Мөн гэрч Г- 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр мэдэгдлийг шуудангаар хүргүүлсэн талаар мэдүүлэг өгсөн байдаг.

 

4.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 81.2, 81.3 дахь заалтад ажилтнуудыг бөөнөөр халахдаа хэлэлцээ хийх тухай заасан байдаг. Б ХХК нь хууль тогтоомжид заасны дагуу бөөнөөр халах үеийн хэлэлцээ хийсэн тухай хурлын тэмдэглэл, Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, нийгмийн халамжийн хэлтэст мэдэгдэл хүргүүлсэн.

Б ХХК-ийн хамтын гэрээний 7.4 дэх заалтын дагуу үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгчид нь ажлаас чөлөөлөгдсөн, тухайн үйлдвэрчний эвлэлийн хороо нь ажиллах боломжгүй байх тул ажилчид төлөөллөө сонгон тус хуралдаанд оролцуулсан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 4.1.4-т "ажилтны төлөөлөгч" гэж ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах үүрэг хүлээсэн үйлдвэрчний эвлэл, түүний төлөөлөгч, хэрэв ийм байгууллага байхгүй бол нийт ажилтны хурлаас сонгогдсон ажилтныг хэлнэ гэж заасан байдаг. Иймд тухайн хуралд ажилтны төлөөлөгчдөөс оролцсон талаарх нотлох баримт хурлын тэмдэглэлд дурдагдаж хэрэгт авагдсан байдаг.

 

4.3. Маргааны гол зүйл нь ажил олгогчийн тушаал байх бөгөөд тушаалын үндэслэлээ ажил олгогч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2, 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэсэн байна. Хариуцагч талаас Б ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн тушаалд заасны дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.1-т зааснаар орон тоо хасагдсан тухай Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр, ажлын байрны хууль зүйн шинжилгээ, ажлын байрны тодорхойлолтуудаар нотлох үүргээ хэрэгжүүлсэн. Гэвч шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хүсэлт гаргасны дагуу 2022 оны А/61 дугаар тушаалаар батлагдсан ижил төстэй чиг үүрэг гүйцэтгэж байж болохуйц ажлын байрны тодорхойлолтуудыг нотлох баримтаар хэрэгт хавсаргасан бөгөөд энэ нь Дэд бүтэц, уул уурхайн технологийн газрын захирал ажлын байрны чиг үүрэгтэй давхардаагүй байдаг. Иймд тухайн ажлын байр хадгалагдаагүй, нэршил өөрчлөгдсөн гэх үндэслэл тогтоогдохгүй гэж хариуцагчийг буруутгах үндэслэлгүй юм.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Хуульд заасан хугацааны өмнө хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар мэдэгдсэн гэх баримт хэрэгт авагдаагүй. Бөөнөөр халах үед ажилтны төлөөлөл, үйлдвэрчний эвлэлийн төлөөллийг оролцуулаагүй гэж шүүх үзсэн нь хуульд нийцсэн тул гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч А- нь хариуцагч Б ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

 

3. А- нь 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс Б ХХК-ийн Дэд бүтэц, уул уурхайн технологийн газрын захирлаар ажилласан.

Улмаар Б ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Б/74 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан ажлын байр хасагдсан үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалжээ /1хх 5-7, 9-10, 116-117/.

 

3.1. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын байр бодитоор хасагдаагүй, ажил олгогч нь бөөнөөр халах үед баримтлах хуулиар тогтоосон журмыг зохих ёсоор хэрэгжүүлээгүй үйл баримтыг зөв тогтоосон байна.

 

3.2. Б ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаар тус компанийн зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн баталсны дагуу гүйцэтгэх захирлын 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/61 дүгээр тушаалаар бүтцийн нэгжүүдийн чиг үүрэг, ажлын байрны нэр, орон тоо, ажлын байрны тодорхойлолтыг мөн шинэчлэн баталжээ /1хх 53-69, 186-189/.

Ийнхүү компанийн зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтөөс шалтгаалж 23 ажлын байр хасагдаж, цөөрсөнтэй холбогдуулан хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлд зааснаар бөөнөөр халах ажиллагааг хэрэгжүүлсэн байна.

 

3.3. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4, 81 дүгээр зүйлийн 81.2, 81.3, 81.4 дэх хэсэгт зааснаар ажил олгогч нь ажлын байр хасагдсан, мөн бөөнөөр халж байгаа тохиолдолд энэ талаар ажилтанд 30 хоногийн өмнө мэдэгдсний үндсэн дээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах, ажилтны төлөөлөлтэй хэлэлцээ хийх үүрэгтэй.

 

3.4. Анхан шатны шүүх хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр цуцлахдаа энэ талаар түүнд 30 хоногийн өмнө мэдэгдээгүй гэж зөв дүгнэсэн байна.

Хэрэгт Б ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 01/450 тоот А-д гэж хаяглагдсан мэдэгдэл авагдсан, мэдэгдэлд шуудангаар 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр явуулсан гэх бичвэр байх боловч уг баримт нь шуудангаар хүргэгдсэн болохыг хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй.

Энэ талаарх үйл баримт нь зөвхөн гэрчийн мэдүүлгээр нотлогдохгүй, бичгийн баримтаар нотлогдох ёстой гэж шүүх нотлох баримтын үнэлгээний хуваарилалт хийсэн нь үндэслэлтэй болжээ /1хх 72, 2хх 61-64/.

Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрч Г- нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.8.1-д заасан гэрчээр дуудах буюу мэдүүлэг авч болохгүй нөхцөлийг үүсгэсэн тул түүний мэдүүлгийг үнэлэхгүй /1хх 16, 2хх 26/.

 

3.5. Хариуцагч нь ажилтнуудыг бөөнөөр халахдаа ажилтны төлөөлөл болон Б ХХК-ийн ажилчдын Үйлдвэрчний эвлэлийн хороо-нд мэдэгдэх, хэлэлцээ хийх талаарх Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.2, 81.3, Б ХХК-ийн 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн хамтын гэрээний 7.4-т заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй.

Бөөнөөр халах үед тус компанийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны төлөөлөгчид ажлаас чөлөөлөгдсөн болохыг хариуцагч нь баримтаар нотлоогүй.

2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр ажил олгогч нь ажилтны төлөөллөөр Ү.Уранбилэг, Ч-, Ч.Оргил, О-, Э- нарыг оролцуулж уулзалт хийснийг Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.2, 81.3 дахь хэсэгт заасан хэлэлцээ хийгдсэн гэж дүгнэхгүй. Учир нь уг уулзалтад оролцсон нэр бүхий 5 ажилтанд нэхэмжлэгч болон бөөнөөр халагдаж буй ажилчид төлөөлж хэлэлцээ хийх эрхийг олгосон, нэхэмжлэгчид энэ талаар мэдэгдсэн үйл баримт хэргийн баримтаар тогтоогдоогүй /1хх 76-86, 242-245/.

 

3.6. Б ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 21 дүгээр тогтоол, гүйцэтгэх захирлын 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/61 дүгээр тушаалаар Дэд бүтэц, уул уурхайн технологийн газрыг хэлтсийн зохион байгуулалтад оруулахдаа тус газрын дэд бүтцийн чиглэлээр хэрэгжүүлэх чиг үүргийг аль хэлтэс, нэгжид шилжүүлсэн нь тодорхойгүй тул нэхэмжлэгчийн ажлын байрыг хасагдаагүй гэж анхан шатны шүүх дүгнэснийг буруутгах үндэслэлгүй.

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 147 дугаар тогтоолоор баталсан Б ХХК-ийн дүрмийн 3.3.4-т зам, тээвэр, логистикийн үйл ажиллагаа эрхлэх компанийн үйл ажиллагааны чиглэл өөрчлөгдөөгүй тул нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолтод заагдсан дэд бүтцийн чиглэлийн ажлын байр хасагдаагүй, өөр хэлтэс, нэгжид чиг үүрэг нь шилжээгүй байна.

 

3.7. Иймд анхан шатны шүүх ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийг хангасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т нийцжээ.

 

4. Нэхэмжлэгчийг урьд эрхлэж байсан ажилд эгүүлэн тогтоосонтой холбогдуулан ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 84,978,119 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг хариуцагчид даалгахаар шүүх шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойлох журмын 1.6, 2.3.5-д нийцсэн байна.

 

5. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 181/ШШ2024/00287 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 582,841 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Т.БАДРАХ