Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2024/00613

 

 

 

 

 

 

 

 

2024 03 27 210/МА2024/00613

 

А-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Т.Гандиймаа, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 184/ШШ2024/00463 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А-ы нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б-ад холбогдох,

Газар чөлөөлүүлэх, хашаа барихад саад учруулахгүй байхыг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Нандинцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Мөнхсүлд, хариуцагчийн өмгөөлөгч Б.Мандуул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч А- нь Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбит 31 гудамж 5** тоот хаягт байрлах нэгж талбарын 1803******* тоот дугаартай, 0000066****тоот эзэмших эрхийн гэрчилгээтэй газрын хууль ёсны эзэмшигч бөгөөд түүний эзэмшлийн газарт хариуцагч Б- нь А-ы зөвшөөрөлгүйгээр нэгж талбар цэг №3. Х-633***.89 Ү-5309***.25 урт 4,53 метр, цэг №4. X- 633080.80 Ү-5309***.29 урт 18.65 метр, цэг №7. Х-633038.46 Ү-5309***.40 урт 9.60 метр талбайд өвөл зуны зориулалттай 3*4 метрийн хэмжээтэй явуулын түц байрыг байршуулснаар нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлийн газрыг эзэмшиж, ашиглахад саад учруулсан.

Түүнчлэн нэхэмжлэгч А-ы газраа эзэмшиж, ашиглах зорилгоор хашаа барих гэхээр хариуцагч Б- хашаа барихаар очсон хүмүүстэй хэрүүл маргаан хийх, хашаа босгох материалыг буулгах зэргээр саад учруулдаг. Хамгийн сүүлд 2023 оны 04 сарын 17-ны өдөр А- өөрийн эзэмшлийн газарт хашааны заагийг тогтоохоор хашаа бариулахаар хүнтэй тохиролцож хашаагаа бариулах гэхэд Б- нь хашаа барихаар ажиллаж байсан хүнтэй удаа дараа хэрүүл маргаан үүсгэн хөөж, хашаа барихаар бэлтгэсэн шонг буулгаж саад учруулж хашаа бариулаагүй саад учруулсан.

Иймд хариуцагчид А-ы эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбит 31 гудамж 5** тоот хаягт байрлах нэгж талбарын 1803******* тоот дугаартай, 0000066****тоот эзэмших эрхийн гэрчилгээтэй газарт нэгж талбар цэг №3. Х-633***.89 Ү-5309***.25 урт 4,53 метр, цэг №4. Х-633***.80 Ү-5309***.29 урт 18.65 метр, цэг №7. Х-633038.46 Ү-5309***.40 урт 9.60 метр талбайд байршуулсан явуулын түц зориулалтай байрыг нүүлгэж чөлөөлөхийг болон тус газрын хашаа гүйцээж барихад саад учруулахгүй байхыг даалгаж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Хуульд газар эзэмших ашиглахтай холбоотой иргэн, аж ахуйн хооронд үүссэн маргааныг тухайн шатны засаг дарга шийдвэрлэн гэж заасан байдаг. Энэ нь нэхэмжлэгч шууд шүүхэд хандсан нь маргааны үйл баримтыг тодорхойлох боломжгүй нөхцөл байдал үүсгэж байна. Шүүхээс үзлэг хийсэн. Маргаан бүхий газар нь гурван талаараа айлаар хүрээлэгдсэн. Зөвхөн нэг талаараа орж гарах боломжтой. Яг аль заагаар хашаа барьж зааглаж, Б-ын газрын аль хэсгээр орж гарах нь эргэлзээтэй байгаа. Б-ын эрх ашиг хөндөгдөж байгаа учир маргааныг тухайн шатны засаг даргаар шийдвэрлүүлэх шаардлагатай. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А-ы эзэмшлийн Сонгинохайрхан дүүрэг, 02 дугаар хороо, Орбит 31 гудамж, 5** тоот хаягт байрлах нэгж талбарын 1803*** дугаартай, нэгж талбар цэг №3. Х-633***.89 Ү-5309***.25 урт 4,53 метр, цэг №4. X- 633080.80 Ү-5309***.29 урт 18.65 метр, цэг №7. Х-633038.46 Ү-5309***.40 урт 9.60 метр, эрхийн улсын бүртгэлийн Э-2201029*** дугаарт бүртгэгдсэн 508 м.кв талбайтай газар дээр хойд талаас 4.5 метр, урд талаас 4.83 метр, баруун талаас 25.40 метр, зүүн талаас 14.95 метр зайнд байршуулсан явуулын ТҮЦ зориулалттай байрыг нүүлгэн чөлөөлөхийг, тус газрын хашааг гүйцээж барихад саад учруулахгүй байхыг хариуцагч Б-ад тус тус даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б-аас улсын тэмдэгтийн хураамжид 140,400 гаргуулан нэхэмжлэгч А-д олгож шийдвэрлэсэн.

 

4. Хариуцагч Б-ын гаргасан давж заалдах гомдлын агуулга.

Миний бие, Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбит 31-5** тоотод эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Уг газарт миний аав, ээж хоёр намайг 9 дүгээр ангид буюу 1978 онд Зайсангаас шилжин ирж, амьдарсан байдаг. Уг маргаан бүхий газар нь тухайн үед өмчлөгдөөгүй байхад би хашаа байшингийн даатгал төлдөг байсан. Эцэг, эх маань бурхан болохоос өмнө газарт даатгал төлсөн дэвтрээ хамгийн бага хүү надад өгч, газар өмчлөх үед хэрэг болно гэж захиж үлдээсэн юм. Түүнээс хойш хэдэн жилийн дараа газар өмчлөх бүртгэл явагдаж цагаан хуудас тараагдсан бөгөөд миний бие тухайн үед цагаан хуудсыг авах гэж хороон дээр очтол надад мэдэгдэлгүйгээр Оюун эгчид өгсөн байсан. Ингээд би тухайн үед эгч Оюунаас цагаан бичгээ авах гэтэл хүнд мөнгөнд тавьсан гэж хэлээд өгөлгүй олон жил болсон юм.

Улмаар, надад мэдэгдэлгүйгээр уг магаан бүхий газрыг хоёр хуваан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 01116-а/321/2018 дугаар захирамжаар 508 м.кв талбай бүхий газрыг А-д эзэмшүүлсэн байдаг. Өнөөдрийн байдлаар миний амьдарч буй газар нь нийт 1109 м.кв талбай бүхий хэмжээтэй, гурван талаараа хөрш залгаа айлаар хүрээлэгдсэн, үлдсэн нэг тал нь орц, гарцын Л.зориулалтаар ашиглагддаг юм. Гэтэл, анхан шүүхийн шийдвэрээр уг газарт байршуулсан ТҮЦ зориулалттай байрыг нүүлгэн чөлөөлөхийг, тус газрын хашааг гүйцээж барихад саад учруулахгүй байхыг Б- надад даалгахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Учир нь, А- нь уг газрыг 2018 оны 06 дугаар сараас хойш нэг ч удаа эзэмшиж ашиглаж байгаагүй билээ. Түүнчлэн, Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 60.1.2-т заасан шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн байхад шууд нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн нь миний эрхийг ноцтой зөрчиж байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Энэ маргаан нь шууд шүүхээр шийдвэрлэгдэх маргаан юм. Тухайн газар нь нэхэмжлэгчийн газар гэдэг нь баримтаар тогтоогдсон. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч А- нь хариуцагч Б-ад холбогдуулан түүний эзэмшлийн газарт байршуулсан явуулын ТҮЦ зориулалттай байрыг нүүлгэн чөлөөлөхийг болон хашаа барихад саад учруулахгүй байхыг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

 

3. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2018 оны 06 сарын 22-ны өдрийн 01116-а/321/2018 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбит 31 гудамж, 5** тоот хаягт байрлах, нэгж талбарын 1803*** дугаартай, эрхийн улсын бүртгэлийн э-2201029*** дугаарт бүртгэгдсэн, 508 м.кв талбай бүхий газрыг 15 жилийн хугацаатайгаар А-д эзэмшүүлжээ /хх 59-61/.

Түүний эзэмшлийн газарт хариуцагч Б- нь зөвшөөрөлгүйгээр явуулын ТҮЦ зориулалттай байр байршуулж, улмаар нэхэмжлэгчийг эзэмшлийн газартаа хашаа барих үед нь саад учруулдаг үйл баримт 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрч Ш.Хишигдэлгэрийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна /хх 77-79, 172-180/.

 

3.1. Нэхэмжлэгчийн газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад болж буй хариуцагчийн дээрх үйлдлийг анхан шатны шүүх зөв тогтоож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

3.2. Хариуцагч Б- нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан боловч татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нотлоогүй.

 

3.3. Нэхэмжлэгч А- нь тухайн газрыг бодитоор эзэмшдэг эсэх нь энэ хэргийн маргааны зүйлд хамаарахгүйгээс гадна хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч тухайн газрыг эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад болох, хууль бусаар бусдын газрыг эзэмших үндэслэл болохгүй юм.

Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлд заасан газартай холбогдон үүссэн маргааныг шийдвэрлэх журам нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхээ хамгаалахаар нэхэмжлэл гаргаж буй энэ тохиолдолд хамаарахгүй тул анхан шатны шүүхийг урьдчилан шийдвэрлэх журмыг зөрчиж хэргийг хянан шийдвэрлэсэн гэж дүгнэхгүй.

Эдгээр үндэслэлээр гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив.

4. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 184/ШШ2024/00463 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

 

Т.БАДРАХ