| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2019/0198/Э |
| Дугаар | 210 |
| Огноо | 2019-02-19 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Р.Энх-Оюун |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 210
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,
нарийн бичгийн дарга А.Сэрчмаа,
улсын яллагч Р.Энх-Оюун
шүүгдэгч А.Б нарыг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар А овогт А. Б холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1808033650154 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.Б нь согтуугаар 2018 оны 07 дугаар сарын 12-ны өдөр хамтран амьдрагч И.Бг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
Шүүгдэгч А. Бнь согтуугаар 2018 оны 07 дугаар сарын 12-ны өдөр хамтран амьдрагч И.Бг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:...
- хохирогч Д.Ц мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-63-66/
- хохирогч И.Бгийн мөрдөн байцаалтад өгсөн:... 2018 оны 07 дугаар сарын 12-ны өдөр би эгч М очоод 16 цагийн орчимд гэртээ ирэхэд манай нөхөр Бнайз Г-ийн хамт архи уугаад сууж байсан. Тэгсэн манай нөхөр Б намайг шууд нүүр лүү цохисон. Тэгэхээр нь би гэрээсээ гүйгээд гарахад Б миний араас гарч ирээд намайг чирээд гэрт оруулаад дахиад цохиод байсан. Тэгсэн цагдаа манай гэрт ороод ирсэн. Миний биед учирсан гэмтлийг Б миний нүүрэн хэсэгт гараараа 2-3 удаа цохиж, мөн намайг газар хүчтэй унагаж чирч, миний хөл гар, шуу хэсэг рүү, өшиглөж учруулсан... гэх мэдүүлэг /хх-17-18/
- Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ, хамтарсан багийн хурлан тэмдэглэл, аюулын зэргийн үнэлгээ /хх-67-74/
- гэрч У.Г мөрдөн байцаалтад өгсөн: ... Би 2018 оны 07 дугаар сарын 12-ны өдөр найз Б гэрт цуг байсан. Тэгээд би 0.75 литрийн хэмжээтэй архи дэлгүүрээс аваад гудамжинд хувааж уугаад гэрт ороход Б эхнэр Б гэртээ ирчихсэн байсан. Тэгээд Б, Б хоёр гэртээ хоносонгүй гээд маргалдаад байсан. Би Б, Б өчигдөр эгчийнхээ гэрт хононо гэж хэлээ биздээ гэж хэлээд би сандал дээр унтчихсан. Тэгээд нэг сэрэхэд Б-гийн нүүр хавдаж, хөхөрчихсөн байсан.. гэх мэдүүлэг /хх-20/
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн №8633 дугаартай:... И.Б-гийн хамар ясны хугарал, хоёр нүдний зовхи, хамрын нуруу, хоёр хацар, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр хацарт зулгаралт, зүүн нүдний алимны салстад цус хуралт, эрүү, хүзүү, зүүн бугалга, баруун дал, зүүн шуу, баруун мөр, бугалга, зүүн гуя, баруун зүүн шилбэ, баруун өвдөг, дагз, баруун чамархайн хуйханд цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоодлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-25/
- шүүгдэгч А. Б мөрдөн байцаалтад өгсөн:.. Би 2018 оны 07 дугаар сарын 12-ны өдөр гэртээ найз Г хамт нэг шил 0.75 литрийн архи уусан. Тэгээд Г бид хоёр дэлгүүр явж дахиад нэг шил 0.5 литрийн архи аваад манай гэрт уусан. Тэгсэн 16 цагийн орчим манай эхнэр Б гаднаас орж ирсэн. Тэгэхээр нь би эхнэр Бг хаагуур явж байгаад ирж байгаа юм бэ, гэхэд манай эхнэр Б Налайхад байдаг эгчийндээ очиж хоноод ирлээ гэсэн. Тэгээд би эхнэр Бтай маргалдсан. Тэгсэн удалгүй гаднаас цагдаа манай гэрт орж ирээд намайг цагдаагийн газар авчирч эрүүлжүүлэхэд хийсэн. Би Б-гийн учирсан гэх гэмтлийг хоёр удаа нүүрэн хэсэгт нь гараараа цохисон. Газар унахад нь 2 гараас нь 2 гараараа бариад чирсэн. Баруун гуя руу нь нэг удаа хөлөөрөө өшиглөж учруулсан...гэх мэдүүлэг /хх-40/
- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:... үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, хөнгөн ял оногдуулж өгнө үү...гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/ зэрэг нотлох бар-имтууд нотлогдож тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч А.Бат-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн шинж, хохирлын талаарх хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгчид холбогдох гэмт хэргийг нотолж буй хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэгдсэн нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотлох баримт тогтоогдсонгүй.
Хохирогчид гэмт хэргийн улмаас нэхэмжилсэн төлбөр байхгүй, гомдол саналгүй /хх-76/ гэжээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг зэрэг хувийн байдалтай байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах тухай улсын яллагчийн дүгнэлт зэргийг харгалзан шийдвэрлэв.
Бусад асуудал
Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар А.Б-ийг 260 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГАНБААТАР