Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2024/00614

 

 

2024 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2024/00614

 

 

 

А ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Т.Гандиймаа, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШШ2024/00215 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б банк ХК-д холбогдох,

Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 5 дугаар хороолол, Сөүлийн гудамж, ** дугаар байр хаягт байрлалтай, улсын бүртгэлийн Ү-2203034*** дугаартай орон сууц, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс барьцаанаас чөлөөлөгдөөгүй үлдсэн 8,169.4 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг даалгах тухай иргэний хэргийг

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ариунтунгалаг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Шинэбаяр, Б.Халиун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Өрмөн уул ХХК нь Б банк ХК-тай 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд А ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Энэ зээлийн асуудал Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 176 дугаар шийдвэрээр шийдвэрлэгдэхэд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болсон.

Б банк ХК нь шүүхэд 5,861,741,499 төгрөгийн шаардлага гаргасан атлаа 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн төлбөрт тооцон барьцаа хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээгээр 5,861,741,499 төгрөгийн төлбөр дээр 2,000,000,000 төгрөгийг нэмж тооцон 7,861,741,499 төгрөгийн зээлийн өр төлбөрийг тооцохоор гэрээнд тусгасан байдаг.

Зээлийн төлбөрт тооцон барьцаа хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээнд заасан 17 ширхэг оффис, орон сууц, үйлчилгээний талбай, авто зогсоол бүхий 1395.76 м.кв талбайг хамрах үл хөдлөх хөрөнгүүдийг банкны нэр дээр шилжүүлсэн бөгөөд талуудын хооронд үүссэн зээлийн төлбөрийн асуудал бүрэн дуусгавар болсон.

Дээр дурдсан үйл баримтын дагуу зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон байхад Б банк ХК-ийн зүгээс гэрээний 3.7, 5.2-т заасан гэрээний хууль зөрчсөн заалтуудыг үндэслэн үндсэн зээлийн гэрээний үүрэг бүрэн дуусгавар болсон атал түүний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгөөс хуулийн дагуу барьцаанаас чөлөөлөгдөх ёстой хөрөнгүүд буюу гэрээний хавсралт 1-д дурдсан 8,169.4 м.кв талбайг өнөөдрийг хүртэл барьцаанаас чөлөөлөхгүй, хөрөнгийн өмчлөгчийн хуулиар хамгаалсан эрх ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчиж байна.

Б банк ХК-д энэ асуудлаар удаа дараа мэдэгдэл, шаардлага хүргүүлж, уулзалт хийсэн боловч тодорхой үр дүн гарахгүй, эрх ашиг маань зөрчигдсөөр байна.

Иймд Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 5 дугаар хороолол, Сөүлийн гудамж, ** дугаар байр хаягт байрлалтай Ү-2203034*** дугаартай орон сууц, оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгөөс барьцаанаас чөлөөлөгдөөгүй үлдсэн 8169.4 м.кв талбай буюу Хавсралт 1, Хавсралт 2-д дурдсан тоот дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаанаас чөлөөлөхийг даалгаж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Зээлдэгч В ХХК, Г ХХК, Д ХХК, А ХХК болон Б банк ХК нь 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн төлбөрт тооцон барьцаа хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээг байгуулсан.

Тус гэрээний 3.7-д гэрээний хавсралт 1-д заасан хөрөнгийг гэрээний 2.1-д заасан хөрөнгө гэрээний талууд болон гуравдагч этгээдэд бүрэн худалдан борлуулагдсаны дараа барьцаанаас чөлөөлөхөөр заасан.

Зээлдэгч В ХХК, Г ХХК, Д ХХК, А ХХК-ууд гэрээний дагуу өнөөдрийг хүртэл нэг ч хөрөнгө буцаан худалдаж аваагүй.

Иймд тус гэрээний 2.1-д заасан хөрөнгө гэрээний талууд болон гуравдагч этгээдэд бүрэн худалдан борлуулагдаж дуусаагүй байгаа тул барьцаанд баталгаа болгож үлдээсэн 8,169.4 м.кв талбайг барьцаанаас чөлөөлөх боломжгүй.

Эдгээр 17 хөрөнгүүдийг худалдан борлуулахын тулд хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлийн бүтээгдэхүүн гарган бэлнээр болон зээлээр худалдан борлуулж, одоо дээрх компаниудын өөрсдөө буцаан худалдан авна гэсэн 2 хөрөнгө үлдсэн, энэ 2 хөрөнгийг өөрсдөө буцаан худалдан авна гээд бусдад заруулахгүй байгаа.

 

3.    Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,160 дугаар зүйлийн 160.1,160.1.1, Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 51 дүгээр зүйлийн 51.1.1, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Б банк ХК- д холбогдох 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 12/16-87 дугаартай Зээлийн гэрээгээр хүлээсэн зээлийн төлбөр төлөх үндсэн үүрэг, 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 12/17-107 дугаартай Барьцааны гэрээгээр хүлээсэн барьцааны үүрэг дуусгавар болсон болохыг тогтоолгох,

2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн №04/378 дугаар Зээлийн төлбөрт тооцон барьцаа хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ-ний 3.7, 3.8, 5.2-т заасан заалтуудыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох,

А ХХК-ийн өмчлөлийн Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 5 дугаар хороолол, Сөүлийн гудамж, ** дугаар байр хаягт байрлалтай Ү-2203034*** дугаартай орон сууц, оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгөөс үлдсэн 8169.4 м.кв талбайг барьцаанаас чөлөөлөхгүй байгаа Б банк ХК-ийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох,

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 5 дугаар хороолол, Сөүлийн гудамж, ** дугаар байр хаягт байрлалтай Ү-2203034*** дугаартай орон сууц, оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгөөс барьцаанаас чөлөөлөгдөөгүй үлдсэн 8169.4 м.кв талбай буюу хавсралт-1, хавсралт 2-т дурдсан тоот дугаар бүхий үл хөдлөх хөрөнгүүдийг 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан 12/17- 107 дугаартай барьцааны гэрээний барьцаанаас чөлөөлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэгч А ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч А ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 280,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан зээлийн өр төлбөрт тооцон барьцаа хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээний дагуу А" ХХК банкны өмчлөлд тохиролцсон 17 ширхэг үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг 2022 оны 03-04 дүгээр сард шилжүүлэн бүрэн хүлээлгэж өгсөн, банкны зүгээс В" ХХК-ийн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 12/16-87 тоот зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрийг бүрэн хаасан.

Хариуцагчийн зүгээс зээлийн өр төлбөрт 17 ширхэг үл хөдлөх хөрөнгийг тооцон авсан талаар, зээлийн үлдэгдэл төлбөр байхгүй талаар маргадаггүй буюу 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан барьцааны гэрээний үүргээ барьцаалуулагч А ХХК биелүүлснийг хүлээн зөвшөөрдөг. Үндсэн зээлийн гэрээний төлбөр төлөх үүрэг дуусгавар болсон учраас барьцааны гэрээний үүрэг Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-т заасан үндэслэлээр мөн дагаад дуусгавар болно.

Гэтэл анхан шатны шүүхийн зүгээс маргааны зүйлийг зөв тодорхойлж чадаагүй, зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон үйл баримтыг эсрэг байдлаар тайлбарлаж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон.

4.2. Барьцааны зүйлийг барьцаалуулагч өөрийн шаардлагыг хангуулахаар өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан бол тухайн барьцааны гэрээний тухайд барьцаалагчийн эдлэх эрх дуусгавар болох буюу хөрөнгийн хууль ёсны өмчлөгч этгээд нь барьцаа хөрөнгийн үүргийн гүйцэтгэлийг хангаснаас бусад хэсгийг барьцаанаас чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй байхаар зохицуулсан.

Барьцаа хөрөнгөөс хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн 17 үл хөдлөх эд хөрөнгийн хувьд А ХХК-ийн өмчлөх эрх дуусгавар болсон бөгөөд тухайн хөрөнгүүдийн захиран зарцуулах эрхийг Б банк ХК нэг жилийн хугацаа өнгөрмөгц ямар нэг хязгаарлалтгүйгээр хэрэгжүүлэхээр эрхтэй байна. Гэтэл банк өөрийн өмчлөлийн хөрөнгөө захиран зарцуулах эрх нь нээлттэй, уг эрхээ өнөөдрийг хүртэл хуулийн хүрээнд чөлөөтэй хэрэгжүүлж байгаа талаар маргаагүй, хөрөнгүүдийг хэзээ худалдан борлуулах цаашлаад борлуулахгүй байх нь банкны хүсэл зоригоос шалтгаалахаар байхад уг хүсэл зориг хэзээ биелэгдэх нь ойлгомжгүй, тодорхойгүй хугацаа тогтоосон заалтууд нь А" ХХК-ийн хөрөнгөө захиран зарцуулах, өмчлөх эрхээ хязгаарлалтгүйгээр хэрэгжүүлэх тэр дундаа барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэх хуулиар олгосон эрхийг хязгаарласан.

4.3. 2017 оны 06 дугаар сарын барьцааны гэрээнд барьцааны эрх, үүргийг сунгах талаар нэмэлт өөрчлөлт орсон зүйлгүй, мөн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн төлбөрт тооцон барьцаа хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээнд өмнөх 2017 оны барьцааны гэрээний салшгүй хэсэг байна гэсэн зохицуулалт байхгүй.

Зээлийн төлбөрт тооцон барьцаа хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээг үндэслэн барьцааны эрх нь хуулийн дагуу дуусгавар болсон барьцааны гэрээний дагуу улсын бүртгэлийн байгууллагад бүртгэлтэй байгаа хөрөнгийг барьцаалах эрх Б банк" ХК-д үүсээгүй байгааг шүүхийн зүгээс анхаарч үзээгүй.

Түүнчлэн Б банк ХК-ийн өмнө А ХХК хүлээсэн үндсэн үүрэг байхгүй учраас барьцааны эрх үүсэх үндэслэлгүй төдийгүй барьцаа хөрөнгүүдийг чөлөөлж өгснөөр банкны эрх ашиг хөндөгдөхгүй зэрэг хууль зүйн болон хэргийн нөхцөл байдлуудыг харьцуулан бодит дүгнэлт хийгээгүй.

4.4. Б банк ХК нь зээлийн төлбөрт тооцон шилжүүлэн авсан хөрөнгүүдийг А ХХК-с хамаарах ямар нэг нөхцөл шалтгаангүйгээр өмчлөгчийн хуульд заасан эрхээ хязгааргүйгээр бүрэн хэрэгжүүлж байгаа, хөрөнгөө зарах эсэх асуудал нь өөрсдийнх нь хүсэл зоригоос хамаарч байгаа.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Гэрээнд зааснаар зээлдэгч, барьцаалуулагч компаниуд нь барьцааны үл хөдлөх эд хөрөнгүүдийн 1 жилийн дотор эргүүлж худалдаж аваагүй. Банкны зүгээс 17 ширхэг үл хөдлөх эд хөрөнгөөс 15 ширхэгийг зарж, 2 ширхэг үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулагдаагүй байгаа.

Иймд гэрээнд заасан барьцааг чөлөөлөх нөхцөл үүсээгүй тул гомдлыг зөвшөөрөхгүй.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд заасан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Б банк ХК-д холбогдуулан Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 5 дугаар хороолол, Сөүлийн гудамж, ** дугаар байр хаягт байрлалтай Ү-2203034*** дугаартай орон сууц, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс барьцаанаас чөлөөлөгдөөгүй үлдсэн 8169.4 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

 

2.1. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг тогтоох, хууль тайлбарлан хэрэглэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүйн улмаас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүхээс дараахь байдлаар залруулан дүгнэх боломжтой.

 

2.2. Мөн нэхэмжлэгчийн гаргасан гэрээний үүрэг дуусгавар болсныг тогтоолгох, хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, хууль бус эс үйлдлийг тогтоолгохоор шаардсан нь нэхэмжлэлийн үндэслэлд хамаарч байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн бие даасан шаардлага гэж үзэж хянан шийдвэрлэснийг залруулна.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар дараах үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

3.1. А ХХК нь 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 5 дугаар хороолол, Сөүлийн гудамж, ** дугаар байр хаягт байрлалтай, улсын бүртгэлийн Ү-2203034*** дугаартай, орон сууц, оффисын зориулалттай, 19,293 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдсэн /хх 114/,

 

3.2. 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан зээлийн гэрээгээр Б банк ХК нь В ХХК, Сонгоулд ХХК-д 5,000,000,000 төгрөгийн зээлийг олгосон, уг гэрээний дагуу Б банк ХК болон А ХХК-ийн хооронд 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр барьцааны гэрээ байгуулагдаж, А ХХК-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-220303452 дугаартай, дээрх 19,293 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан /хх 81-85/,

 

3.3. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2020/00176 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 610 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 001 /ХТ2022/00161 дугаар тогтоолоор В ХХК, Д ХХК, А ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 5,861,741,499 төгрөг гаргуулж Б банк ХК-д олгож, нэхэмжлэлээс барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэсгийг хэрэгсэхгүй олгож шийдвэрлэсэн /хх 13-22/,

 

3.4. Б банк ХК нь В ХХК, Г ХХК, Д ХХК, А ХХК-тай 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр зээлийн төлбөрт тооцон барьцаа хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ байгуулж,

уг гэрээгээр 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн гэрээний үүрэг 7,861,741,499 төгрөгийн төлбөрт эрхийн улсын бүртгэлийн Ү-2203034*** дугаартай үл хөдлөх эд хөрөнгөөс 1,395.76 м.кв талбай бүхий 17 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг банкны өмчлөлд шилжүүлэхээр талууд харилцан тохиролцсон /хх 8-12/,

 

3.5. Зээлийн төлбөрт тооцон барьцаа хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээнд заасан 1,395.76 м.кв талбай бүхий 17 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрх 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Б банк ХК-д шилжиж, зохих улсын бүртгэл хийгдсэн, дээрх үл хөдлөх эд хөрөнгөөс 15 ширхэг нь Б банк ХК-ийн өмчлөлөөс бусад этгээдийн өмчлөлд улсын бүртгэлээр шилжсэн /хх 108-142/,

 

3.6. Б банк ХК нь В ХХК, Сонгоулд ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний төлбөр төлөгдсөнийг 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр баталгаажуулж зээлийг хаасан /хх 151-154/.

 

4. 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн гэрээ, 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигч маргаагүй, эдгээр гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2, 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Мөн 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн барьцааны гэрээнд үндэслэн Б банк ХК нь В ХХК, Г ХХК, Д ХХК, А ХХК-тай 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр зээлийн төлбөрт тооцон барьцаа хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ байгуулсныг Иргэний хуулийн 56, 166 дугаар зүйлд зааснаар хүчин төгөлдөр бус, улсын бүртгэлд бүртгэгдээгүй гэж дүгнэх үндэслэлгүй.

Учир нь улсын бүртгэлийн Ү-2203034*** дугаартай, орон сууц, оффисын зориулалттай, 19,293 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн барьцааны гэрээний дагуу ипотекийн бүртгэлд бүртгэгдсэн тул үүнд үндэслэн барьцаа хөрөнгийн зарим хэсгийн өмчлөх эрхийг 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн гэрээгээр хариуцагчид шилжүүлж зохих улсын бүртгэл хийгдсэн байна.

 

4.1. Б банк ХК нь В ХХК, Г ХХК, Д ХХК, А ХХК-тай 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан зээлийн төлбөрт тооцон барьцаа хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ байгуулах зорилго нь Б банк ХК нь В ХХК, Сонгоулд ХХК-тай 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний төлбөрийг дуусгавар болгоход чиглэж буйг гэрээний 1.1, 1.2-т заажээ.

Энэ үүднээс А ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2203034*** дугаартай, орон сууц, оффисын зориулалттай, 19,293 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгөөс гэрээний 2.1-т заасан 1,395.76 м.кв талбай бүхий 17 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг дээрх зээлийн гэрээний 7,861,741,499 төгрөгийн төлбөрт тооцон Б банк ХК-ийн өмчлөлд шилжүүлжээ.

Гэрээний хэрэгжилтийн явцад 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 1,395.76 м.кв талбай бүхий 17 ширхэг үл хөдлөх эд хөрөнгө нь Б банк ХК-д өмчлөлд бүртгэгдсэн, үүний дагуу Б банк ХК нь В ХХК, Сонгоулд ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний төлбөр төлөгдснийг 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр баталгаажуулж зээлийг хаасан байна.

Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.2-т үүрэг гүйцэтгүүлэгч нь гүйцэтгэвэл зохих үүргийн гүйцэтгэлийн оронд өөр үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан бол үүрэг дуусгавар болгон гэж заасан тул Б банк ХК нь В ХХК, Сонгоулд ХХК-ийн хооронд 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон байх тул үүнийг дагаад Б банк ХК болон А ХХК-ийн хооронд 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан барьцааны гэрээний үүрэг мөн дуусгавар болжээ.

 

5. Хариуцагч нь 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн төлбөрт тооцон барьцаа хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээний 3.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь шилжүүлсэн 17 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг 1 жилийн дотор буцаан худалдан авах үүргээ биелүүлээгүй, 3.7-д зааснаар шилжүүлсэн 17 ширхэг үл хөдлөх эд хөрөнгө бүрэн худалдан борлуулагдсаны дараа барьцаанаас чөлөөлөх ёстой, 3.8-д зааснаар барьцаанаас чөлөөлөхгүй байх хөрөнгүүдийг банкны зөвшөөрөлгүй захиран зарцуулахгүй, 5.2-т зааснаар 8,169.4 м.кв талбай бүхий хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг болзол тавьж хойшуулсан гэж маргасан.

 

5.1. А ХХК нь гэрээний 3.1.1-д заасан банкны өмчлөлд шилжүүлсэн 1,395.76 м.кв талбай бүхий 17 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг буцаан худалдан авах үүргээ биелүүлээгүй байна.

Талуудын байгуулсан гэрээний 3.4-т гэрээний 3.1.1-д заасан хугацаанд буцаан худалдан аваагүй хөрөнгийг худалдан борлуулах эсэх болон худалдан борлуулах үнийг банк бие даан шийдвэрлэнэ, өмчлөгчийн эрхийг аливаа хязгаарлалтгүйгээр хэрэгжүүлнэ, 3.6-д хөрөнгийн үнийн зарим хэсгийг төлсөн нь банк бие даан худалдан борлуулахад саад болохгүй гэж заажээ. Уг зохицуулалтын дагуу нэхэмжлэгч нь шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийг буцааж худалдан аваагүй учир хариуцагч нь 17 ширхэг үл хөдлөх эд хөрөнгөөс 15 ширхэгийг нь худалдан борлуулж, 2 ширхэг үл хөдлөх эд хөрөнгө худалдагдаагүй үлдсэн үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон.

Өөрөөр хэлбэл, талуудын тохиролцсон үл хөдлөх эд хөрөнгийг буцааж худалдан авах болзол биелэгдээгүй учир хариуцагч нь гэрээнд заасан эрхийн хүрээнд өмчлөлдөө хүлээн авсан үл хөдлөх эд хөрөнгийн дийлэнх хэсгийг худалдан борлуулсан тул буцааж худалдан авах болзол хэрэгжих боломжгүй болжээ.

 

5.2. 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн гэрээ, 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн барьцааны гэрээний үүргүүд дуусгавар болсон, 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн төлбөрт тооцон барьцаа хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээний дагуу Б банк ХК нь 1,395.76 м.кв талбай бүхий 17 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөлдөө авч захиран зарцуулсан тул нэхэмжлэгч А ХХК-ийн өмчлөлийн 8,169.4 м.кв талбай бүхий хөрөнгөд хамаарах аливаа барьцааны эрх дуусгавар болсон байна.

Иймд Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 5 дугаар хороолол, Сөүлийн гудамж, ** дугаар байр хаягт байрлалтай, улсын бүртгэлийн Ү-2203034*** дугаартай орон сууц, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс барьцаанаас чөлөөлөгдөөгүй үлдсэн 8169.4 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг хариуцагч Б банк ХК-д даалгаж шийдвэрлэх нь Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д нийцнэ.

 

5.3. Маргааны хүрээнд хөндөгдөж буй гэрээний харилцаанд хэргийн оролцогч бус хуулийн этгээдүүд оролцсон байх бөгөөд тэдгээрийг анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогчоор оролцуулаагүй байна.

Гэхдээ 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн барьцааны гэрээний талууд болох А ХХК болон Б банк ХК хооронд үүссэн барьцаа хөрөнгийн маргааныг шийдвэрлэж буй нь тэдгээр хуулийн этгээдүүдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхгүй байх тул анхан шатны шүүхийн дээрх ажиллагааг буруутгах үндэслэлгүй.

 

6. Нэхэмжлэлийн шаардлагыг хангасантай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад өөрчлөлт оруулж, мөн илүү төлөгдсөн тэмдэгтийн хураамжийг улсын орлогоос буцаан олгоно.

 

7. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШШ2024/00215 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг баримтлан Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 5 дугаар хороолол, Сөүлийн гудамж, ** дугаар байр хаягт байрлалтай, улсын бүртгэлийн Ү-2203034*** дугаартай орон сууц, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс барьцаанаас чөлөөлөгдөөгүй үлдсэн 8169.4 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг хариуцагч Б банк ХК-д даалгасугай. гэж,

2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч А ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 280,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б банк ХК-аас 70,200 төгрөг, улсын орлогоос 209,800 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 280,800 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

 

Т.БАДРАХ