| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2019/0185/Э |
| Дугаар | 211 |
| Огноо | 2019-02-19 |
| Зүйл хэсэг | 12.1.1., |
| Улсын яллагч | А.Мөнхзул |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 211
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга А.Сэрчмаа,
Улсын яллагч А.Мөнхзул,
Шүүгдэгч Г.З, түүний өмгөөлөгч А.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Л.Зд- холбогдох 1808034241589 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Л.З нь 2018 оны 07 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө хохирогч Б.Б-ийн гэрт хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хүчиндэх гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад
Шүүгдэгч Л.З нь 2018 оны 07 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө хохирогч Б.Б-ийн гэрт хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хүчиндэх гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:...
- хохирогч Б.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн:... 2018 оны 07 дугаар сарын 11-ний шөнө 23 цаг өнгөрч байхад гэртээ зурагт үзээд хэвтэж байгаад нохой хуцахаар нь нөхрийгөө ирж байна гэж бодоод гэрийнхээ хаалгыг онгойлготол З гэж дуудаад байдаг залуу орж ирээд манай нөхрийг асуусан. Тэгэзд би нөхөр байхгүй байна гэсэн ба гэрээс гарахгүй байсан. Тэгэхээр нь би гэрээсээ гартал миний араас гарч ирснээ намайг үсдэж унагаад миний дээр гараад хэвтсэн. Тэгэхээр нь би туслаарай гээд орилоход намайг ахиж орилох юм бол ална шүү гэж хэлээд гараа зангидаж байгаад миний толгой руу цохисон. Тэгэхээр нь би ноцолдож байгаад дахиад хашаанаас гарч зугатаж яваад гадаа харанхуй байсан болохоор уначихсан. Тэгсэн З миний араас ирээд намайг барьж аваад миний юүдэнтэй цамцнаас татаж, миний хоолойг боож газар унагаад толгой руу цохисон. Орилох юм бол ална шүү гээд цохиод байсан. Тэгээд би арай гэж мултраад ахиад гудамжнаасаа доошоо гүйж яваад ашаанд тээглээд өнхрөөд уначихсан. Тэгсэн намайг унасан газар дарж байгаад миний өмд болон бариу трико турсик бүгдийг нь тайлсан. Би ноцолдож байгаад зугатаад гудамжны доод талын хашаагүй айл руу гүйгээд орсон. Тэр айлын хаалга түгжээгүй байсан. Би гэрт нь нүцгэн гүйгээд ортол айлын нөхөр нь юу болсон бэ гээд орны бүтээлэг арьж ирээд намайг хучиж өгсөн. З араас хүрээд ирсэн ба нөгөө айлын залуу “чи яах гэж байгаа юм бэ” гэхэд “наад хүүхнээ гаргачих, та хэд амар, би наад хүүхнийг чинь таньдаг” юм гэсэн. Тэр айлын залуу “чи эмэгтэй хүнийг ингэж болохгүй” гэж хэлээд хаалгаа түгжсэн. Би хадам аав ээж рүүгээ утсаар яриад цагдаа дуудаад хүрээд ирээч гэсэн. Цагдаа нар Зыг хайж гэрт нь очиход байгаагүй. Маргааш нь гэрийнхээ шкафны хойно нуугдчихсан байхад нь гаргаж авсан ... гэх мэдүүлэг /хх-14-15/ ...тухайн гэмт хэрэг гарах үед өвдөг болон гэдэс орчим хөхөрсөн байсан. Миний биед гэмтэл учруулаагүй болохоор би шүүх эмнэлэгт үзүүлээгүй ... гэх мэдүүлэг /хх-44/
- гэрч Ө.О мөрдөн байцаалтад өгсөн:... Би Б гэх эмэгтэйг зүс мэднэ. 2018 оны 07 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө санагдаж байна, гэртээ унтах гэж байтал барагцаагаар 23 цаг өнгөрч байхад хаалга нэг эмэгтэй хүн балбаад хаалгаа гээд орилсон. Тэгэхээр нь хаалгаа онгойлгоход “авраарай намайг нэг эрэгтэй хүчиндэх гээд байна” гэсэн. Тэгэхээр нь би эхнэрээ наад эмэгтэйдээ хувцас авч өг гэж хэлээд гартал гадаа нэг залуу ирчихсэн, би наад эмэгтэйгийн чинь нөхрийн найз байна, наад эмэгтэйгээ гаргачих гэсэн. Тэгэхээр нь би “чи битгий олон юм яриад бай, хэл ам болохоос өмнө явж үз” гэж хэлээд гэртээ орсон. Эхнэр нөгөө эмэгтэйд хувцас авч өгсөн байсан ба айгаад ухаан алдсан байсан. Нөгөө эмэгтэйгээс “юу болсон талаар асуухад” “намайг гэрт унтаж байхад энэ залуу орж ирээд хүчиндэх гээд би ноцолдож байгаад зугатаж, танай гэрт ирлээ” гэсэн. Тэгээд надаас гар утас гуйж хадам аавыгаа дуудаад төд удалгүй хадам аав нь ирээд авсан... гэх мэдүүлэг /хх-20-22/
- гэрч Ж.Э мөрдөн байцаалтад өгсөн:... 2018 оны 07 дугаар сарын 11-ний шөнө 23 цагийн үед гэртээ байхад утас дуугараад аваад ярьтал манай бэр Б хүний утаснаас залгаад “амь авраарай, цагдаа дуудаарай, З гэдэг залуу намайг хүчиндэх гээд зодчихлоо, хамаг хувцас ураад хаячихлаа, та хаана байна, хурдан хүрээд ирээч” гэсэн. Тэгээд би эхнэр Э дагуулаад очиход гэрийнхээ доод талд айлын гадаа орны бүтээлэг нөмөрчихсөн зогсож байсан. З гэгч нь хамаг хувцсыг нь тайлж шидээд хүчиндэх гээд гэж хэлээд маш их айсан, уйлчихсан байсан. Намайг очиход Б хувцасгүй, нүцгэн байсан. Дотоожийг нь хүртэл тайлаад хаячихсан байсан. Маргааш өглөө нь дотоожийг нь олж авсан. Б нөгөө хүнээс зугатаж явахдаа халтирч унасан гэсэн... гэх мэдүүлэг /хх-45-46/
- гэрч Р.Э мөрдөн байцаалтад өгсөн:... 2018 оны 07 дугаар сарын 11-ний шөнө 23 цагийн үед гэртээ байхад утас дуугараад аваад ярьтал манай бэр Б хүний утаснаас залгаад “амь авраарай, цагдаа дуудаарай, З гэдэг залуу намайг хүчиндэх гээд зодчихлоо” гэсэн. Тэгэхээр нь би нөхрийн хамт Бийн гэр рүү явж байтал гэрийнх нь доор байдаг айлын үүдэнд орны бүтээлгээр биеэ ороочихсон зогсож байсан. Бтэй уулзаад юу болсон талаар асуухад “З гэх залуу хүчиндэх гээд хамаг хувцсыг тайлаад, тэгээд Заас зугатаад энэ айлд ирсэн” гэсэн. Бийн өвдөг нь шалбарчихсан, зузаан гуя хэсэгт хөхөрсөн байсан. Намайг очиход Б хувцасгүй, нүцгэн байсан. Дотоожийг нь хүртэл тайлаад хаячихсан байсан. Маргааш өглөө нь дотоожийг нь олсон... гэх мэдүүлэг /хх-47-48/
- шүүгдэгч Л.З-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:... Би Б-ийн нөхөртэй найзууд. Бид нэг гудамжинд байдаг. Тухайн өдөр би З архи уух гээд очсон. Очиж байхдаа хойд орон дээрээ ягаан өнгийн хувцастай сууж байсан. Намайг очиход шоронгийн ялтан, муу муухай бузраар дуудаад байхаар нь хэрэлдээд доод айлын хүмүүс дээр очсон. Тэгээд би гэртээ шүүгээний ард нуугдчихсан байж байгаад цагдаад баригдсан. Би гэм буруугаа ойлгож байна...гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Л.З-ыг хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хүчиндэх гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Гэмт хэргийн шинж, хохирлын талаарх хууль зүйн дүгнэлт:
Хэрэгт цугларсан нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан, тус хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, хангалттай гэж үнэлэв.
Нотлох баримын эх сурвалжууд хооронд зөрүүтэй, зөрчилтэй асуудал байхгүй, мөн хохирогч, гэрч нар худал мэдүүлэг өгсөн гэж үзэх үндэслэл, баримт тогтоогдоогүй байх тул тус хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзнэ.
Шүүгдэгч нь өөрт хуулиар олгогдсон эрхийн хүрээнд мэдүүлэг өгсөн байх тул энэ нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй.
Хохирогч нь хохирол нэхэмжлээгүй /х-44/ тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар хорих ялыг оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх үндэслэлтэй гэж үзэв.
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Л.Зд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэсэн байх /х-77-79/ тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Зд оногдуулсан 01 жилийн хорих ялыг нэмж нэгтгэх үндэслэлтэй байна.
Бусад асуудал
Шүүгдэгч Л.З нь 2019.01.04-ний өдрөөс /х-79/ 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар 46 хоног цагдан хоригдсон, хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Л.Зыг хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хүчиндэх гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.З-д 01 жил хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.З-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 жилийн хорих ял дээр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 01 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 02 жилийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.З-ын эдлэх 02 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.З-ын цагдан хоригдсон 46 хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцсугай.
6. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Шүүгдэгч Л.З-ыг цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн тоолсугай.
8. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.З-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГАНБААТАР