Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 236

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

           нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,             

           улсын яллагч А.Ганзориг,

            шүүгдэгч С.Э, түүний өмгөөлөгч А.О нарыг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар А овогт С.Э-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1808029150074 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

 

 

 

Холбогдсон хэргийн талаар:  

   Шүүгдэгч С.Э нь 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр автобусны буудлын орчим гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Д.ЦЦтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний нуруу, толгойн тус газруудад нь цохиж зодон бие махбодид нь “тархи доргилт, нуруунд цус хуралт” бүхий гэмтэл учруулсан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч С.Э нь 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр автобусны буудлын орчим гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Д.Ц-той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний нуруу, толгойн тус газруудад нь цохиж зодон бие махбодид нь “тархи доргилт, нуруунд цус хуралт” бүхий гэмтэл учруулсан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:...

- хохирогч Д.Ц-гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-63-66/

- хохирогч Д.Ц-гийн мөрдөн байцаалтад өгсөн:... 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр би эр эмийн харьцаатай байдаг Э-тай буудлын орчим байдаг цайны газар очсон бөгөөд би Эд “би чамд гар утас авч өгсөн биз дээ яагаад утсаа авахгүй, ярихгүй байгаа юм бэ? гэж асуусан чинь Э “би ажил ихтэй байна чамтай ярьж байдаг зав алга байна” гэж хэлсэн. Тэгээд намайг “чи ер нь яах гээд байгаа юм” гээд бид хоёр маргалдсан бөгөөд Э “намайг чи архи уусан байна” гэж хэлээд хоёр удаа алгадсан. Тэгээд ахиад маргалдаж байтал газраас архины шил аваад надруу шидсэн бөгөөд тэр нь намайг оноогүй. Тэгтэл Э “би одоо нөхөртөй болсон, чи одоо зайл гэж хэлсэн” би “нэг гарыг нь бариад авсан чинь нөгөө гараараа миний толгой руу цохисон”. Тэгэхээр нь би түлхтэл газар хэвтэж байсан банзны хугархай аваад миний нуруу луу дал руу нэг удаа цохисон. Тэгээд би цаашаа явчихсан. Тэгтэл араас ахиж хөөж ирээд миний үснээс зулгаагаад гараараа миний толгой руу хэд хэдэн удаа цохисон. Тэгэхээр нь би болиулж байгаад би цагдаа дуудна чи яахаараа хүн зоддог юм бэ? гэтэл цайны газраас нэг эрэгтэй хүн  Эг ирж ажлаа хий гээд дуудсан. Тэгээд Э цайны газар луу орчихсон. Тэгээд би цаашаа зугтаагаад хорооны байран дээр очиж хэсгийн байцаагчтай уулзсан. Цайны газрын гадаа хойно хүнсний дэлгүүрийн хойд талд намайг зодсон. Тэр үед гудамжинд явж байсан танихгүй хүмүүс харсан. Харин сүүлд цайны газраас Э гарч ирээд Эг дуудаад ажил төрлөө хий гэж дуудахад нь Эг миний нуруу руу гараараа цохиж байхыг Энхжаргал харсан. Би Этай 2 жил гаруй хугацаанд хамт амьдарч нийтийн байр зочид буудал охины гэр орноор орж явсан. Хамтран амьдрагч байсан нь үнэн. 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Эд зодуулсны дараа толгой их өвдөж нуруугаар өвдсөн. Өмнө нь ямар нэгэн зовиур байгаагүй...гэх мэдүүлэг /хх-20-22, 23-25/

- Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ, хамтарсан багийн хурлан тэмдэглэл, аюулын зэргийн үнэлгээ /хх-67-74/

- гэрч Я.Д мөрдөн байцаалтад өгсөн:...тухайн үед буюу 2014 онд Ц гэдэг хүн Этай танилцаж бараг 2 жил гаруй хугацаанд нэг гэрт амьдарсан. Энэ хоёр эр эмийн харилцаатай байсан... гэхдээ дундаасаа хүүхэд байхгүй. Гэрлэлтээ батлуулаагүй... гэх мэдүүлэг /хх-35-36/

- гэрч Я.С мөрдөн байцаалтад өгсөн:... С.Э надад хэлэхдээ Ц гэдэг хүнтэй хамтран амьдраад 4-5 жил болж байна гэж хэлж байсан...гэх мэдүүлэг /хх-33-34/

- гэрч Ц.Д мөрдөн байцаалтад өгсөн:... аав Ц л Эг дагуулж янз бүрийн хувцас эд зүйл авч өгөөд миний мэдэж байгаагаар 2017 оны 11 дүгээр сараас хойш бараг 2 жил гаруй хамт зочид буудал янз бүрийн айл гэрээрээ хонож өнжөөд явдаг байсан... гэх мэдүүлэг /хх-38-39/

- гэрч Н.Э мөрдөн байцаалтад өгсөн:...2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр эхнэр С ажиллуулдаг Баруун салааны эцэс дээр байдаг цайны газар 12 цагаас 13 цагийн орчим яваад очтол уг цайны газар Э нэг хөгшин хүнтэй маргалдаж байгаад цайны газраас нэг хүнтэйгээ гараад явахаар нь ардаас нь гартал хойд “Бумбатын хүүхдүүд” хүнсний дэлгүүрийн хойд талд Э тэр хүнийг нуруу руу гараараа цохиж байхаар нь би очиж Эд “чи наад хүнээ битгий цохиод бай ажил төрлөө хий” гээд Эг цайны газар луу аваад орсон. Би цайны газраас гараад очтол Э Ц гэдэг хүнийг гараараа нуруу руу нь 2-3 удаа цохиж харагдсан. Тэгээд би дундуур нь орж салгасан. Ц-г Э зодсон. Юунаас болж маргалдаж зодолдсон талаар мэдэхгүй... гэх мэдүүлэг /хх-30-32/

- гэрч Н.Э мөрдөн байцаалтад өгсөн:... 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр албан үүргээ гүйцэтгээд өөрийн ажлын байр болох Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны хэсгийн байцаагчийн өрөөнд сууж байтал иргэн Ц гэдэг хүн манай өрөөнд орж ирээд би Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Баруун салааны автобусны эцсийн буудал дээр урьд өмнө хамтран амьдарч байсан С.Э гэдэг хүнд зодуулчихлаа гомдолтой байна гэж өргөдөл гаргаж орж ирсэн. Тухайн үедээ Ц миний нуруу ийм болгочихсон байна гэж цамцаа мөхөж нуруугаа надад үзүүлсэн. Би нурууг нь хартал цус хурчихсан харагдсан. Э мөн миний толгой руу цохисон толгой их өвдөж байна гэхээр нь би өргөдөл гомдлыг хүлээж аваад мэдүүлэг авч шүүх эмнэлэгт шинжээч томилж явуулсан. Миний нүдээр харахад нуруу орчим нь цус хурчихсан, улаан хүрэн болчихсон шинэ шарх харагдсан. Мөн толгой өвдөж байна гэж хэлж байсан...гэх мэдүүлэг /хх-37/

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн №7256 дугаартай:... Д.Ц-гийн биед тархи доргилт, нуруунд цус хуралт гэмтэл тогтоодлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-42/

- шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 888 дугаартай дүгнэлтээр: ..С.Э нь Оюуны хөнгөн хомсдол сэтгэцийн эмгэгтэй байна.  С.Э-гийн дээрх эмгэг нь төрөлхийн сэтгэцийн эмгэг болно. С.Э нь өөрийн сэтгэцийн төвшиндд мэдүүлэг өгөх  чадвартай байна. С.Э нь өөрийн хийсэн үйлдлээ удирдан жолоодох чадвартай байна. С.Э нь хэрэг хариуцах чадвартай байна. С.Э эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй. Харин ар гэр, харгалзан дэмжигч болон харьяа дүүргийн сэтгэцийн эмчийн хяналтанд байх шаардлагатай байна... гэх дүгнэлт /хх-46-49/

- шүүгдэгч С.Э-гийн мөрдөн байцаалтад өгсөн:.. 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр ажил болох автобус баазын цайны газар байж байтал урд өмнө уулздаг, утсаар ярьдаг байсан Д.Ц манай ажил дээр орж ирээд гар утас авч өгөөд байхад утсаа яагаад авахгүй байгаа юм. Саппорогийн янхан чи удахгүй үхэж далд орно. Чи энэ автобус баазын бүх жолооч нартай унтаж хэвтээ биздээ гэж хэл амаар доромжлохоор нь миний уур хүрээд “би цайны газраас түлхэж чирээд гаргасан”. Тухайн үед Ц архи уучихсан амнаас нь архи үнэртэж байсан. Гадаа гарчихаад намайг янхан гэж орилоод цагдаад өргөдөл өгнө гэсэн. Тэгээд бид хоёр зууралдаж бие биеээ цохиж байтал цайны газраас С эгч нөхөр Э ах гарч ирээд намайг боль ажлаа хий гээд дуудахаар нь би Цг үлдээчихээд цайны газар луугаа орсон. Ц ардаас чулуу авч шидээд хашгираад байсан. Гэхдээ чулуу намайг оноогүй. Ажлын гадаа бараг 2 цаг гаруй хугацаанд маргалдсан. Ийм юм болсон. Цтой хэзээ яаж танилцсанаа санахгүй байна. Би саппоро дээр биеэ үнэлдэг байсан. Тэгж байгаад Ц-той танилцаж утсаар ярьж зочид буудалд орж бэлгийн харьцаанд ордог байсан. Би Ц-гийн нуруу руу гараараа 4-5 удаа цохисон. Ц толгой гэдэс рүү цохисон...гэх мэдүүлэг /хх-59-60/

- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:... үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, хөнгөн ял оногдуулж өгнө үү...гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/ зэрэг нотлох баримтууд нотлогдож тогтоогдож байна.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

 

Иймд шүүгдэгч С.Эг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.   

Гэмт хэргийн шинж, хохирлын талаарх хууль зүйн дүгнэлт:   

Шүүгдэгчид холбогдох гэмт хэргийг нотолж буй хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэгдсэн нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотлох баримт тогтоогдсонгүй. 

Хохирогчид гэмт хэргийн улмаас 218.481 төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч нь төлж барагдуулаагүй болно.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч нь урьд ял шийтгэлгүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ээж, хүүхдийн хамт амьдардаг, цайна газарт ажил хийдэг зэрэг хувийн байдалтай байна.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.    

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулав.   

Бусад асуудал    

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.   

 

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон    

 

ТОГТООХ нь:  

 

1. Шүүгдэгч С.Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар С.Э-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.  

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Э-д оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Э нь торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э-гаас 218.481 төгрөг гаргуулж, хохирогчид олгосугай.

 

6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай. 

 

7 Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй. 

 

            8. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч С.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Г.ГАНБААТАР