Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 212/МА2024/00029

 

 

 

 

 

 

 

 

 

 

А.Ө-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,    

 

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж шийдвэрлэсэн, 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 130/ШШ2024/00086 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ***** оршин суух А.Ө-ын  нэхэмжлэлтэй, хариуцагч ****** оршин суух Д.Ж-т холбогдох, 

 

“Киа Бонга-3 маркийн тээврийн хэрэгслийн үнэ, албан татварын хамт нийт 26,000,000 төгрөгөөс өөртөө ногдох хэсэг 13,000,000 төгрөгийг гаргуулах”-ыг хүссэн тухай  иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.    

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Н.Айгерим, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.Малик, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Серикжан, хариуцагч Д.Ж-, хариуцагчийн өмгөөлөгч Я.Сьезд нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн агуулга: 

1.1. Нэхэмжлэгч А.Ө-ын зүгээс 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр “Эгнэшгүй Их” ХХК-аас зохион байгуулсан “Хийморьтой-20” сугалааны тохирлоос хожсон Киа Бонго-3 загварын тээврийн хэрэгслийг Д.Ж-, Х.С- нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэн Улсын Дээд шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 176 дугаар тогтоолоор тухайн тээврийн хэрэгслийг зохигч нарын дундаа хэсгээр хамтран өмчлөх эд хөрөнгө мөн байна гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрээр маргааны зүйл болсон тээврийн хэрэгслийг Д.Ж-, Х.С- нарын өмчлөлд үлдээж мөн А.Ө-ын хувьд дундын өмчлөх эд зүйлээс өөрт ногдох хэсгийг шаардах эрхтэй хэмээн тайлбарласан байна.

1.2. Маргааны зүйл болох Киа Бонго-3 маркийн тээврийн хэрэгсэл нь тухайн үед 22 сая төгрөгийн үнэлгээтэй байсан ба А.Ө- нь 4 сая төгрөгийг албан татварт тушааснаар уг тээврийн хэрэгслийг олгосон байдаг юм. Энэ талаар талууд маргаагүй байдаг. Тийм учраас тээврийн хэрэгслийн одоогийн үнэлгээ дээр татварт тушаасан 4 сая төгрөгтэй нийлээд 26 сая төгрөг болж байгаа юм.

 

1.3. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108-д дундаа хэсгээр өмчлөгч дундын өмчлөлийн эд зүйлээс өөрт ногдох хэсгээ салгаж авах, ийнхүү салгахад уг өмчлөлийн зүйлийн зориулалт, иж бүрдэл, бусад чанар алдагдахаар бол ноогдох хэсгийнхээ үнийг гаргуулахаар шаардах эрхтэй гэж заасан байна.

1.4. Уг 26 сая төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгөөс нэхэмжлэгч өөрт ноогдох хэсэг 13 сая төгрөгийг ийнхүү хуульд заасны дагуу шаардах эрхтэй тул хариуцагчаас дундаа хэсгээр өмчилж байгаа эд хөрөнгө болох Киа Бонго-3 маркийн тээврийн хэрэгслээс өөрт ногдох хэсгийн үнэ 13 сая төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:  

2.1. Нэхэмжлэгч А.Ө- бид хоёр “Эгнэшгүй Их” ХХК-аас зохион байгуулсан “Хийморьтой-20” сугалааны тохирлоос А. 2022 оны 9 дүгээр сарын дунд үед аймгийн төв талбайд очиж 4 ширхэг сугалаа худалдаж авсан. Манай нөхөр Х.С- нь хувийн авто машины засвар хийдэг тул А.Ө- нь манайхаар байнга автомашин засуулдаг тул манай гэрт байнга ирж явдаг учраас сайн таньдаг, нэг нутгийн хүмүүс билээ.

2.2. Ингээд Д.Ж- би уг компаниас 000091, 000079 дугаартай сугалаа аваад өөрөө аваад явсан. Талбайгаас сугалаа худалдаж авах үед А.Ө- надад хандаж энэ 4 хонжворт сугалаанд миний нэрийг бичье гэж хэлэхэд би зөвшөөрсөн. Бодит байдалд Д.Ж- миний худалдаж авсан хонжворт сугалааны дугаарууд нь 000091, 000079 юм. Уг 2 хонжворт сугалааг гэртээ хадгалж байсан. Ингээд уг сугалааны тохирол нь 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр аймгийн төв талбайд явагдсан. Тэр өдөр би гэртээ амарч байсан ба уг сугалааг Дербес зурагтаар аймаг даяар шууд нэвтрүүлсэн. Би тэр өдөр талбайд очоогүй ба зурагтаар харж байтал миний 2022 оны 9 дүгээр сарын дундуур төв талбайгаас худалдаж авсан 000091 дугаартай сугалаанд Киа Вонго-3 маркийн автомашин таарсан. Би энэ явдалд баярлаж гадаа А.Ө-ын автомашиныг засаж байсан нөхөр Х.С-д хэлсэн. Тэгээд бид бөөн баяр болж, нөхөр маань Х.С- А.Ө-ын эхнэрт очиж сая машин хожсон сугалаа манай эхнэрт таарсан байна. Эхнэр үүнийг зурагтаас өөрийн нүдээр шууд харж надад хэлсэн. Харин та нарт сугалаа таараагүй байна гэж хэлсэн.

2.3. Тэр өдрийн орой нь А.Ө- нь эхнэртэйгээ хамт манай гэрт ирж бидэнд баяр хүргэж, хоол ундаа идээд явсан. Ингээд 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 17-нд шилжих шөнө буюу шөнийн 4 цаг өнгөрч байхад А.Ө- эхнэртэйгээ дахин манай гэрт ирж бид нарыг сэрээж бидэнд “Хонжворт сугалааны авто машиныг өглөө талбайгаас би авч гарья, учир нь сугалаанд миний нэр бичигдсэн байгаа, би сугалаа таарсан гээд нэрээ гаргамаар байна” гэж хэлэхэд би тэдэнд “болохгүй сугалаа миний гарт байна. Би өглөө нөхөртэйгөө хамт очоод хожсон машиныг өөрсдөө авна, та нарт итгэхгүй байна” гэж хэлсэн. Тэр үед Ө- нь “би танд 5,0 сая төгрөгийг шилжүүлнэ” гэж хэлээд 04 цаг 10 минутын үеэр Д.Ж- миний ХААН Банк дахь *********** дугаартай дансанд 5,0 сая төгрөг шилжүүлж гарын баримт өгсөн. Уг гарын баримтад талбайгаас таны автомашиныг авч ирж өгөөд, одоо таны дансанд шилжүүлсэн 5,0 сая төгрөгийг буцааж авна гэж бичсэн байсан. Ингээд Д.Ж- би А.Ө- болон түүний эхнэрийн хэлсэн үгэнд итгэж гарт байсан 000091 дугаартай сугалааг А.Ө-т өгсөн. Тэгээд А.Ө- нь маргааш нь өглөө төв талбайгаас хонжворын авто машиныг хүлээж аваад тэр өдөр би олон удаа түүнд утсаар ярих гэсэн боловч тэрээр утсыг авахгүй байсан. Ингэж байж байтал тэр өдрийн орой нь А.Ө-ын эхнэр нь Зоягаас над руу заалгаад "Сайн байна уу. Өдөржингөө ажил төрөл гарч бид тантай холбогдож чадсангүй. Бид уг автомашины татварт 4,0 сая төгрөг төлсөн. Автомашины дугаар бусад зардалд 140,000 төгрөг тушаасан. Манай хамаатнууд А.Ө-т чи бусдын хожсон машиныг авчхаад яагаад хүргэж өгөхгүй байна гэж загнаж байна. Иймээс та 9,140,000 төгрөгийг бэлнээр авч ирээд автомашиныг манай гэрээс аваад аваарай” гэж хэлсэн. 

2.4. Тэгээд Д.Ж- би хөрш зэргэлдээ орших Б.С, Х.Х, С.Б, Х.Х, хадам дүү Х.Е, түүний эхнэр Б.Р нарын 7 хүн А.Ө-ын гэрт 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 19 цагийн үед очсон. Энэ үед А.Ө-ын гэрт цай уугаад тэгээд 9,140,000 төгрөгийг А.Ө-ын өөрт нь бэлнээр хүлээлгэн өгөөд автомашиныг А.Ө- өөрөө унаад манай хашаанд авч ирж өгч өнгөрсөн шөнө бичиж өгсөн гарын баримтыг буцаан аваад явсан. А.Ө-т 2022 оны 10 дугаар сарын 17-ны орой 19 цагийн үед өгсөн 9,140,000 төгрөгийг Д.Ж- би тэр өдрийн орой нь ХААН банкнаас 6 удаагийн үйлдлээр 8,570,000 төгрөгийг бэлнээр гарган авч үлдсэн 570,000 төгрөгийг гэртээ бэлнээр байсныг нийлүүлээд 9,140,000 төгрөгийг А.Ө-т хүлээлгэн өгсөн.

2.5. Тэр үед А.Ө- нь жижиг шар цаасанд бичигдсэн автомашины дугаар, гэрчилгээний үнэ төлсөн баримтыг надад өгсөн. Тэр үед А.Ө- нь надад “жижигхэн шар цаасанд бичигдсэн утасны дугаар руу ярьж та маргааш машинаа өөрийн нэр дээр буулгаж аваарай” гэж хэлсэн. Тэгээд А.Ө-ын хэлснээр би жижиг шар цаасанд бичигдсэн ******** дугаартай утас руу залгахад эмэгтэй хүн байсан ба тэрээр “Би Улаанбаатар хотод явж байна. 7 хоногийн дараа ирнэ, тэгээд та машиныг өөрийн нэр дээр буулгаж аваарай” гэж хэлсэн. Тэгээд 7 хоногийн дараа нөгөө эмэгтэй рүү дахин залгаад “Та Өлгийд ирсэн үү” гэж хэлэхэд тэр эмэгтэй “Би Өлгийд ирээгүй байна, таны машины улсын дугаар нь манай гэрт байна. Гэрээс очоод аваарай” гэж хэлэхээр утсаар асууж байгаад гэрийн хаягийг тодруулан **** БӨҮ улсын дугаарыг авч автомашинд хадсан. Ингээд хэдэн хоногийн дараа аймгийн Авто тээврийн газарт ажилладаг эмэгтэй уулзаад А.Ө-ын өгсөн жижиг шар цаасыг үзүүлж машины техникийн гэрчилгээ бичүүлж авъя гэсэн. Гэтэл тэр байцаагч эмэгтэй “Энэ машин маргаантай байна. Би танд гэрчилгээ өгөхгүй” гэж хэлсэн. Одоогийн байдлаар уг автомашины татварт 4,000,000 төгрөг, бусад зардалд 140,000 төгрөг, урьд авсан 5,000,000 төгрөг нийт 9,140,000 төгрөгийг А.Ө-т хүлээлгэн өгсөн юм. Энэхүү үйл баримтыг 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр А.Ө-ын гэрт надтай хамт очсон гэрчүүд болох Б.С, Х.Х, С.Б, Х.Х, хадам дүү Х.Е, түүний эхнэр Б.Р нар нотолдог юм.

2.5. Тухайн машин надад сугалаагаар таарсан. Иймд А.Ө-т өгөх юмаа өгсөн. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна.

 

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 130/ШШ2024/00086 дугаар шийдвэрээр:

3.1. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.5, 108 дугаар зүйлийн 108.8-д заасныг тус тус баримтлан хариуцагч Д.Ж-аас 11,000,000 /арван нэгэн сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Ө-т олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 2,000,000 /хоёр сая/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

3.2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 222,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Ж-аас улсын тэмдэгтийн хураамжид 190,950 төгрөгийг нэхэмжлэгч А.Ө-т олгож шийдвэрлэжээ.  

 

4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Хариуцагч Д.Ж- би Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 130\ШШ2024\00086 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

4.2. Анхан шатны шүүх А.Ө-ын нэхэмжлэлтэй Д.Ж- надад холбогдох хонжворт сугалааны тээврийн хэрэгслийн үнийн маргаан бүхий иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

4.3. Учир нь хонжворт сугалаагаар хожсон гэх тээврийн хэрэгслийн үнэ 22,000,000 төгрөг байгаад зохигчид маргаагүй байна. Хариуцагч Д.Ж- би уг тээврийн хэрэгслийн хүн амын орлогын албан татварт 4,000,000 төгрөг, улсын бүртгэлийн гэрчилгээ, дугаарын үнэд 140,000 төгрөг нийт 4,140,000 төгрөгийг нэхэмжлэгч А.Ө-т 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 19 цагийн орчимд хүлээлгэн өгсөн байдал маань шүүхийн хуулийн хүчин төгөлдөр болсон шийдвэрээр тогтоогдсон гэж үзэж байна.

4.4. Гэтэл анхан шатны шүүх Д.Ж-аас 11,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн байна. Бодит байдалд А.Ө-ын тээврийн хэрэгслийн хүн амын орлогын албан татварт төлөх 2,000,000 төгрөг, улсын бүртгэлийн гэрчилгээ, дугаарын үнэ 70,000 төгрөгийг тус тус Д.Ж- төлсөн байна.

4.5. Иймээс тээврийн хэрэгслийн үнэ 11,000,000 төгрөгөөс Д.Ж- миний А.Ө-ын нэрийн өмнөөс төлсөн буюу түүнд бэлнээр өгсөн 4,140,000 төгрөгөөс А.Ө-ын төлөх ёстой хүн амын орлогын албан татварын мөнгө 2,000,000 төгрөг, улсын бүртгэлийн гэрчилгээ, дугаарын үнэ 70,000 төгрөгийг хасахад 8,930,000 төгрөгийн тооцоо гарч байна.

4.6. Иймээс анхан шатны шүүх уг маргааныг буруу шийдвэрлэсэн гэж үзэж байна. Энэ нь анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116дугаар зүйлийн 116.2 “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн заалтад нийцэхгүй байна гэж үзэж байна.

4.7. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 130/ШШ2024/00086 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулан хариуцагчийн, давж заалдах гомдлыг ханган шийдвэрлэж өгөхийг хүсье.

 

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:  Нийт зардлын хэмжээ 26,000,000 төгрөг болж байгаа. Тухайн 26,000,000 төгрөгийг хоёр хуваахад 13,000,000 төгрөг болж байгаа. Татварт төлсөн 4,000,000 төгрөгөөс 2,000,000 төгрөгийг хасаж нийтдээ 11,000,000 төгрөг болж байгаа. ....Давж заалдах гомдлыг зөвшөөрч байна.

 

ХЯНАВАЛ:

 

            6. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.Ө-ын хариуцагч Д.Ж-т холбогдуулан гаргасан  “Киа Бонга-3 маркийн тээврийн хэрэгслийн үнэ, албан татварын хамт нийт 26,000,000 төгрөгөөс өөртөө ногдох хэсэг 13,000,000 төгрөгийг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянан хэлэлцэж, дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.  

 

7. Нэхэмжлэгч А.Ө-  нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр “Эгнэшгүй Их” ХХК-аас зохион байгуулсан “Хийморьтой-20” сугалааны тохирлоос хожсон Киа Бонго-3 загварын тээврийн хэрэгслийг Д.Ж-, Х.С- нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэн Улсын Дээд шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 176 дугаар тогтоолоор тухайн тээврийн хэрэгслийг зохигч нарын дундаа хэсгээр хамтран өмчлөх эд хөрөнгө мөн байна гэж дүгнэсэн. Иймд Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108-д дундаа хэсгээр өмчлөгч дундын өмчлөлийн эд зүйлээс өөрт ногдох хэсгээ салгаж авах, ийнхүү салгахад уг өмчлөлийн зүйлийн зориулалт, иж бүрдэл, бусад чанар алдагдахаар бол ноогдох хэсгийнхээ үнийг гаргуулахаар шаардах эрхтэй гэж заасан тул Киа Бонго-3 маркийн тээврийн хэрэгслийн  үнэ 22 сая,  албан татварт  төлсөн 4 сая төгрөг нийт 26 сая төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгөөс нэхэмжлэгч өөрт ноогдох хэсэг 13 сая төгрөгийг гаргуулж өгнө үү” гэж тайлбарлаж,

хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ “...Талбайгаас сугалаа худалдаж авах үед А.Ө- надад хандаж энэ 4 хонжворт сугалаанд миний нэрийг бичье гэж хэлэхэд би зөвшөөрсөн. ...Миний  2022 оны 9 дүгээр сарын дундуур төв талбайгаас худалдаж авсан 000091 дугаартай сугалаанд Киа Вонго-3 маркийн автомашин таарсан. ...А.Ө- “Хонжворт сугалааны авто машиныг өглөө талбайгаас би авч гарья, учир нь сугалаанд миний нэр бичигдсэн байгаа, би сугалаа таарсан гээд нэрээ гаргамаар байна” гэж хэлэхэд би тэдэнд “болохгүй сугалаа миний гарт байна. Би өглөө нөхөртэйгөө хамт очоод хожсон машиныг өөрсдөө авна, та нарт итгэхгүй байна” гэж хэлсэн. Тэр үед Ө- нь “би танд 5,0 сая төгрөгийг шилжүүлнэ” гэж хэлээд 04 цаг 10 минутын үеэр Д.Ж- миний ХААН Банк дахь *********** дугаартай дансанд 5,0 сая төгрөг шилжүүлж гарын баримт өгсөн. Уг гарын баримтад талбайгаас таны автомашиныг авч ирж өгөөд, одоо таны дансанд шилжүүлсэн 5,0 сая төгрөгийг буцааж авна гэж бичсэн байсан. Ингээд Д.Ж- би А.Ө- болон түүний эхнэрийн хэлсэн үгэнд итгэж гарт байсан 000091 дугаартай сугалааг А.Ө-т өгсөн. ... уг автомашины татварт 4,0 сая төгрөг, автомашины дугаар бусад зардалд 140,000 төгрөг тушаасан. Иймээс та 9,140,000 төгрөгийг бэлнээр авч ирээд автомашиныг манай гэрээс аваад аваарай” гэж хэлсэн.  ...тэгээд 9,140,000 төгрөгийг А.Ө-ын өөрт нь бэлнээр хүлээлгэн өгөөд автомашиныг А.Ө- өөрөө унаад манай хашаанд авч ирж өгч өнгөрсөн шөнө бичиж өгсөн гарын баримтыг буцаан аваад явсан. Тухайн машин надад сугалаагаар таарсан. Иймд А.Ө-т өгөх юмаа өгсөн. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна” гэж тайлбарлан маргажээ.

 

8. Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан баримт, зохигчийн тайлбараар:

- Нэхэмжлэгч А.Ө- нь шүүхэд Киа-Вонго маркийн **** БӨҮ улсын дугаар бүхий тээврийн хэрэгслийг хариуцагч нарын  хууль бус эзэмшлээс гаргуулах  тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж,

- Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 130/ШШ2023/00300 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч А.Ө-ын нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж,

- Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч нар эс зөвшөөрч Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаснаар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 02-ний өдрийн 212/МА2023/00073 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийн хэвээр үлдээж,

- Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч гаргасан хариуцагч нар, түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүх хуралдааны 2023 оны 10 дүгээр сарын 10-ны өдрийн 001/ХТ2023/00176 дугаартай тогтоолоор “1. Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 212/МА2023/00073 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 130/ШШ2023/00300 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт заасныг баримтлан Киа-Вонго маркийн **** БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч А.Ө-, хариуцагч Д.Ж- нар адил тэнцүү хувиар, дундаа хэсгээр өмчлөгч болохыг тогтоож, уг тээврийн хэрэгслийг хариуцагч Д.Ж-, Х.С- нарын хууль бус эзэмшлээс гаргуулах тухай нэхэмжлэгч А.Ө-ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг

“Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 267,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Ж-аас 133,975 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Ө-ад олгосугай.” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

9. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт заасныг баримтлан Киа-Вонго маркийн **** БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч А.Ө-, хариуцагч Д.Ж- нар адил тэнцүү хувиар, дундаа хэсгээр өмчлөгч болохыг тогтоосон гурван шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр  болсон, тус хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр маргаан бүхий Киа-Вонго маркийн **** БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл хариуцагч  Д.Ж-ын өмчлөлд үлдсэн тул нэхэмжлэгч А.Ө- нь Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8 дахь хэсэгт “Дундаа хэсгээр өмчлөгч дундын өмчлөлийн зүйлээс өөрт ногдох хэсгээ салгаж авах, ийнхүү салгахад уг өмчлөлийн зүйлийн зориулалт, иж бүрдэл, бусад чанар алдагдахаар бол ногдох хэсгийнхээ үнийг гаргуулахаар шаардах эрхтэй” гэж заасаар түүний нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлтэй. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

10. Анхан шатны шүүх нэхэмжлэгч А.Ө-ын  нэхэмжлэлийн шаардлагыг хангаж  шийдвэрлэхдээ “Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.5-д зааснаар татвар, хураамж бусад үүргийг дундаа хэсгээр өмчлөгчид нь тэнцүү хэмжээгээр хариуцах тул тухайн тээврийн хэрэгслийн татварт төлсөн 4,000,000 төгрөг, уг тээврийн хэрэгсэлд дугаар авсан болон гэрчилгээ авахад гарсан бусад зардал 140,000 төгрөг, нийт 4,140,000 төгрөгийг тэнцүү хэмжээгээр буюу 2,070,000 төгрөг, мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.8-д зааснаар Киа-Вонго маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 22,000,000 төгрөгөөс ногдох хэсэг 11,000,000 төгрөг нийт 13,070,000 төгрөгийг хариуцагч Д.Ж-аас нэхэмжлэгч А.Ө- шаардах эрхтэй байх боловч нэхэмжлэгч А.Ө- нь хариуцагч Д.Ж-аас татварт төлсөн 4,000,000 төгрөг, уг тээврийн хэрэгслийн дугаар авсан болон гэрчилгээ авахад гарсан бусад зардал 140,000 төгрөг, нийт 4,140,000 төгрөгийг бүхэлд нь авчихсан байх тул тэнцүү хэмжээгээр хариуцах 2,070,000 төгрөгийг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хасаж үлдсэн 11,000,000 (13,000,000-2,070,000) төгрөгийг хариуцагч Д.Ж-аас гаргуулан нэхэмжлэгч А.Ө-т олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 2,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв” гэж дүгнэхдээ тооцооллын алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх хуралдаанаас давж заалдах гомдлыг үндэслэн залруулах нь Иргэний хуулийн дундын өмчийн эрх зүйн зохицуулалтад нийцнэ гэж дүгнэв.

 

11. Учир нь, маргаан бүхий Киа-Вонго маркийн тээврийн хэрэгслийн үнэ 22,000,000  төгрөг гэдэгт талууд маргаагүй бөгөөд үүнээс талуудад ногдох хэсэг нь 11,000,000 төгрөг байна. Харин Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.5-д зааснаар татвар, хураамж бусад үүргийг дундаа хэсгээр өмчлөгчид нь тэнцүү хэмжээгээр хариуцах тул тухайн тээврийн хэрэгслийн татварт төлсөн 4,000,000 төгрөг, уг тээврийн хэрэгсэлд дугаар авсан болон гэрчилгээ авахад гарсан бусад зардал 140,000 төгрөг, нийт 4,140,000 төгрөгийг тэнцүү хэмжээгээр буюу 2,070,000 төгрөгөөр тус тус хариуцах ёстой. Хариуцагч Д.Ж-ын хариу тайлбарт дурдсанчлан нэхэмжлэгч А.Ө-т 9,140,000 төгрөгийг /сугалаагаар хожсон машиныг нэр дээр буулгах үед/ урьд бэлнээр өгөхдөө /үүнээс 5.000.000 төгрөгийг буцааж авсан/ тээврийн хэрэгслийн татварт төлсөн 4,000,000 төгрөг, уг тээврийн хэрэгсэлд дугаар авсан болон гэрчилгээ авахад гарсан бусад зардал 140,000 төгрөг, нийт 4,140,000 төгрөгийг бүхэлд нь нэхэмжлэгч А.Ө-т урьдчилж төлсөн учир нэхэмжлэгч А.Ө-аас 2,070,000 төгрөгийг хариуцагч Д.Ж-т буцаан төлөх нь хуулийн дээрх шаардлагад нийцэх юм. Нэхэмжлэгч А.Ө-т Киа-Вонго маркийн тээврийн хэрэгслийн үнээс ногдох хэсэг 11,000,000 төгрөгөөс түүний Д.Ж-т буцаан төлөх 2,070,000 төгрөгийг хасаж тооцоо нийлж,  8.930.000 төгрөгийг хариуцагч Д.Ж-аас гаргуулан нэхэмжлэгч А.Ө-т олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 4,070,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

12. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн үнийн дүнд өөрчлөлт оруулсан тул шүүхийн шийдвэрээр зохигчид улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилсан хэсэгт зохих өөрчлөлтийг оруулах нь хууль ёсны зарчимд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 130/ШШ2024/00086 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...11,000,000 /арван нэгэн сая/” гэснийг “...8,930,000 /найман сая есөн зуун гуч/” гэж, “...2,000,000 /хоёр сая/” гэснийг “...4,070,000 /дөрвөн сая далан мянга/” гэж, 2 дахь заалтын  “190.950 төгрөг” гэснийг “157.830 төгрөг” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Д.Ж-ын давж заалдах гомдлыг хүлээж авсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас буцаан гаргуулж, Д.Ж-т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ, 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА

 

ШҮҮГЧ                                                            Д.КӨБЕШ