| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2019/0217/Э |
| Дугаар | 237 |
| Огноо | 2019-02-22 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | А.Ганзориг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 237
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,
улсын яллагч А.Ганзориг,
шүүгдэгч С.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О овогт С.Нд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1808044670102 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Н нь 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр “Халиун Марал” гэх хүнсний дэлгүүрт иргэн О.Д өөрийн эзэмшлийн Самсунг галакси Эс-6 маркийн гар утсаа мартаж явахад нь бусдын гээгдэл эд хөрөнгө, бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 320.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
Шүүгдэгч С.Н нь 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр “Халиун Марал” гэх хүнсний дэлгүүрт иргэн О.Д өөрийн эзэмшлийн Самсунг галакси Эс-6 маркийн гар утсаа мартаж явахад нь бусдын гээгдэл эд хөрөнгө, бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 320.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:...
- хохирогч О.Д-д гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-22-24/,
- хохирогч О.Д-гийн мөрдөн байцаалтад өгсөн:... 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр гэрээсээ 11 цаг өнгөрч байхад гарсан. “Халиун Марал” гэх хүнсний дэлгүүр орж автобусныхаа картыг цэнэглүүлсэн. Тэгээд гараад автобусанд суухынхаа өмнө гар утасныхаа цагийг үзэх гэж халаасаа ухаж үзтэл гар утас байхгүй алга болчихсон байсан. Тэгээд нөгөө дэлгүүр лүү орсон чинь байхгүй байхаар нь хяналтын камер үзтэл нэг эгч намайг дэлгүүрээс гараад явсны дараа дэлгүүр лүү орж ирээд лангуун дээр байсан гар утсыг аваад гарч байсан бичлэг байсан... гэх мэдүүлэг /хх-9-10/,
- “Мастер үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-25-27/
- гэрч С.Норжмаагийн мөрдөн байцаалтад өгсөн:... Нгаас сонсоход дэлгүүрт ороход лангуун дээр нь утас байхаар нь аваад гарсан гэж надад хэлж байсан... гэх мэдүлэг /xx-17-18/
- шүүгдэгч С.Н-гийн мөрдөн байцаалтад өгсөн:... Би өнгөрсөн 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Шархаднаас Баянхошууны чиглэлд микро автобусанд кондуктор хийгээд явж байсан. Тэгээд Баянхошууны эцэс дээр ирээд нэгж авах гээд замын урд талд байх “Халиун Марал” нэртэй хүнсний дэлгүүрт ороод нэгж асуутал нэгж байхгүй гэж хэлсэн. Тэгтэл тухайн үед дэлгүүрийн лангуун дээр гадуураа ногоон өнгийн гэртэй “Самсунг галакси эс-6” маркийн гар утас байхаар нь тэр утсыг авч халаасандаа хийгээд шууд Шархаданд байх гэр лүүгээ автобусанд суугаад явсан. Лангуун дээр ил харагдаж байхаар нь авчихья гэж бодоод авчихсан. Тэди төв дээр үл таних хүнд зарчихсан. Тэр хүнээ одоо хараад танихгүй... гэх мэдүүлэг /хх-34-36/
- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:... үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, хөнгөн ял оногдуулж өгнө үү...гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/ зэрэг нотлох баримтууд нотлогдож тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч С.Н-д гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн шинж, хохирлын талаархи хууль зүйн дүгнэлт:
Хэрэгт цугларсан нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан, тус хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, хангалттай гэж үнэлэв.
Шүүгдэгчид холбогдох гэмт хэргийг тус тус нотолж буй хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэгдсэн нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч илтэд худал мэдүүлсэн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй, шүүгдэгч гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болно.
Хохирогчид гэмт хэргийн улмаас 320.000 төгрөгийн хохирол учирсан байх ба шүүгдэгч нь төлж барагдуулсан /хх-60/ байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, прокурорын санал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй байна.
Бусад асуудал
Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С.Н-г гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н-г 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Н нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, тус хэрэгт битүүмжлэгдсэн, хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГАНБААТАР