Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 212/МА2024/00030

 

З.Ж-ы хүсэлттэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,  

 

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж шийдвэрлэсэн, 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 130/ШШ2024/00100 дугаар шийдвэртэй, хүсэлт гаргагч Баян-Өлгий аймгийн Алтай сумын 3 дугаар багт оршин суух И овогт З.Ж-ы хүсэлттэй,

 

Баян-Өлгий аймгийн Алтай сумын “Ялалтын оргил” нэгдэлд 1975 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.    

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Н.Айгерим, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн үндэслэл:  

1.1. Миний бие Баян-Өлгий аймгийн Алтай сумын “Ялалтын оргил” нэгдэлд 1975 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажилласан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргаж байна.

1.2. Учир нь, 2015 онд өндөр насны тэтгэврийг хувь тэнцүүлэх журмаар тогтоолгосон ба миний бие одоо өндөр насны тэтгэврийг бүрэн хэмжээгээр авах шаардлагатай байна.

1.3. Хүсэлтийн шаардлагыг нотлох үүднээс тус аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгаас олгосон лавлагаанууд, тус нэгдлийн 70-р дансны цалин хөлсний бичиг баримтууд, хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, гэрлэгсдийн баталгаа, хүүхдүүдийн төрсний гэрчилгээ зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн ба шүүхийн журмаар бас нотлох баримт цуглуулсан.

1.4. Миний бие анх тус нэгдэлд 1975 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн ба одоо хүсэлтийн шаардлагаа Баян-Өлгий аймгийн Алтай сумын "Ялалтын оргил" 1975 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ий өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгөхийг хүсэж, тодруулж байна.

 

2. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 130/ШШ2024/00100 дугаар шийдвэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан И овогт З.Ж- нь Баян-Өлгий аймгийн Алтай сумын Ялалтын оргил нэгдэлд 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож, 1975 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 1980 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсныг тогтоолгох тухай хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч З.Ж-ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

3. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: 

3.1. Анхан шатны шүүх нь З.Ж-ы “Баян-Өлгий аймгийн Алтай сумын “Ялалтын Оргил” нэгдэлд 1975 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчин байсан байдлыг тогтоолгох тухай” хүсэлтийг хянан хэлэлцэхэд З.Ж-ы Баян-Өлгий аймгийн Алтай сумын “Ялалтын Оргил” нэгдэлд 1977 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон явдалд гомдолтой байна.

3.2. Малчин З.Ж-ы Алтай сумын “Ялалтын Оргил” нэгдэлд 1977 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан нь түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан хүсэлт тус аймгийн ЗДТГ-ын Архивын тасгаас олгосон лавлагаанууд, нэгдлийн 70-р дансны цалин хөлсний бичиг баримтууд, хөдөлмөрийн дэвтрүүд, ХААТР маягтууд, гэрлэгсдийн баталгаа, хүүхдүүдийн төрсний гэрчилгээ зэрэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

3.3. Гэтэл анхан шатны шүүх иргэний хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудыг тухайн маргаанд хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй явдалд гомдолтой байна.

3.4. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 130\ШШ2024\00100 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, З.Ж- нь Баян-Өлгий аймгийн Алтай сумын “Ялалтын Оргил” нэгдэлд 1977 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж өгөхийг хүсье.

 

ХЯНАВАЛ:

 

4. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьездийн давж заалдах гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянав.

 

5. Анхан шатны шүүх З.Ж-ы хүсэлттэй, ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэхдээ нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, хэрэгт авагдсан баримтуудыг хуульд зааснаар үнэлээгүй учир шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна. Иймээс хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьездийн давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй.

 

6. Хүсэлт гаргагч З.Ж- нь Баян-Өлгий аймгийн Алтай сумын “Ялалтын оргил” нэгдэлд 1975 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажилласан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийн шаардлага гаргаж, үндэслэлээ “...2015 онд өндөр насны тэтгэврийг хувь тэнцүүлэх журмаар тогтоолгосон ба миний бие одоо өндөр насны тэтгэврийг бүрэн хэмжээгээр авах шаардлагатай байна. Ажиллаж байсныг нотлох үүднээс тус аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгаас  олгосон лавлагаанууд, нэгдлийн 70-р дансны цалин хөлсний бичиг баримтууд,  хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, гэрлэгсдийн баталгаа, хүүхдүүдийн төрсний гэрчилгээ зэрэг нотлох баримтуудыг хүргүүлж байна” гэж тайлбарлажээ.

 

7. Шүүх З.Ж-ы Баян-Өлгий аймгийн Алтай сумын “Ялалтын оргил” нэгдэлд 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсныг тогтоож, 1975 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс 1980 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсныг тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.   

 

8.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргах боловч энэ нь онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарахгүй гэж хуульчилсан тул хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэж байгаа шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар нотлох баримтыг бүрдүүлэх, цуглуулах замаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг сэргээн тогтооход чиглэгдсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан бүхий л боломж, бололцоогоороо  явуулах үүрэгтэй.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ.”, 40.2 дахь хэсэгт “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ.” гэж тус тус хуульчилжээ.

 

9. Анхан шатны шүүх  “...Хүсэлт гаргагчаас хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн 1982 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн эхний хуудсанд Баян-Өлгий аймгийн Алтай, Ялалтын оргил нэгдэл, малчин, З.Ж-, 1959 он, эм, хөдөлмөрийн дэвтэр олгосон нэгдлийн Б.Лишээ гэж бичигдэж, 2-3 дугаар хуудсанд эрхэлсэн ажлын тухай мэдээ, 6-17 дугаар хуудсанд хуудсанд 1981-1992 онд ажилласан хоног, авсан хөлс тус тус бичигдсэн байна. Уг хөдөлмөрийн дэвтрийн 2-3 дугаар хуудсанд эрхэлсэн ажлын тухай мэдээнд 1975 оны 6 дугаар сарын 29-ний өдөр нэгдлийн малчнаар томилсон тухай мэдээ бичигдсэн боловч хүсэлт гаргагч З.Ж- нь 1975 оноос эхлэн малчнаар ажилласан болох нь хөндлөнгийн бусад нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч З.Ж-ы Баян-Өлгий аймгийн Алтай сумын Ялалтын оргил нэгдэлд 1975 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 1980 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгоход гол эх сурвалж болох ажилд томилогдсон болон ажлаас чөлөөлөгдсөн тушаал, цалингийн цэс болон бусад холбогдох нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгөөгүй байх тул хүсэлтийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.” гэж дүгнэжээ.  

 

Шүүх 1982 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр нээлгэсэн 556 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, 1977 он, 1978 он, 1979 оны 5 дугаар сар хүртэл ажилласан хоног, авсан хөлс бичигдсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хавтаст хэргийн 7 дахь тал/ баримтуудын эх хувийг хэрэгт аваагүй, 1977 онд төрсөн охин Р.Г, 1979 онд төрсөн охин Р.А нарын  Улсын бүртгэлийн хэлтсээс иргэний бүртгэлтэй холбоотой ХААТР-1 /А/ маягтуудыг шүүхийн журмаар бүрдүүлж хэрэгт хавсаргаагүй, хүсэлтийн зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо дээрх бичгийн нотлох баримтуудыг нотлох баримтаар үнэлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь бусад нотлох баримтуудтай харьцуулж үнэлэх журмыг зөрчсөн байх тул шүүхийн шийдвэр мөн хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт нийцээгүй байна.

 

10. Шүүх дээрх нотолгооны эх сурвалжуудад тусгагдсан 1977-1979 оны 5 дугаар сар хүртэл З.Ж- нь нэгдэлд ажиллаж байсан эсэх талаар нотлох баримтыг хуульд заасан журмаар цуглуулж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэх талаар үнэн зөв, эргэлзээгүй, үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны зарчимд нийцэх юм. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг нь дээрх шаардлагыг хангаагүй байх тул давж заалдах шатны шүүх хуралдаанаас дээрх нөхцөл байдалд хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэлт хийх боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

 

11. Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход мэтгэлцэх зарчим хэрэгжихгүйг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт заасан ба энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр болон өөрийн санаачилгаар нотлох баримт бүрдүүлэх журамтай. Хэрэгт цугларсан бичмэл баримтуудыг шүүх нотлох баримтаар үнэлэхдээ уг баримтын эх сурвалжийг магадлаагүй буюу үнэн зөв, бодитой эсэхийг нь нягтлан шалгаагүй нь учир дутагдалтай болжээ.

 

12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх хэрэгт шүүх мэтгэлцэх зарчмын агуулгыг зөв хэрэгжүүлээгүй, хэрэгт цугларсан, цуглуулсан нотлох баримтыг хуульд зааснаар үнэлэх журмыг тус тус зөрчсөн байх тул хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны зарчимд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 130/ШШ2024/00100 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьездийн давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200.00 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж З.Ж-д буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА

 

ШҮҮГЧ                                                                        Д.КӨБЕШ