Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 250

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,

Улсын яллагч Х.Анхцэцэг,

Хохирогч Д.Ч,

Шүүгдэгч С.Н, түүний өмгөөлөгч П.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт С.Н-д холбогдох 1808038761259 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

            Шүүгдэгч С.Н 2018 оны 07 дугаар сарын 24, 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрүүдэд үргэлжилсэн үйлдлээр иргэн Д.Ч-гийн эзэмшлийн 3477 улсын дугаартай Киа Оптима тээврийн хэрэгслийн урд, арын салхины, 4 хаалганы шил буюу нийт 6 цонхны шилийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас 730 000 төгрөгийн хохирол учруулсан,

            2018 оны 08 дугаар сарын 05-ны өдөр иргэн Д.Ч-гийн Самсунг маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 80 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

            Шүүгдэгч С.Н 2018 оны 07 дугаар сарын 24, 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрүүдэд үргэлжилсэн үйлдлээр Д.Ч-гийн эзэмшлийн 34-77 улсын дугаартай Киа Оптима тээврийн хэрэгслийн урд, арын салхины, 4 хаалганы шил буюу нийт 6 цонхны шилийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас 730 000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 08 дугаар сарын 05-ны өдөр иргэн Д.Чгийн Самсунг маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 80 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:...

- Тээврийн хэрэгсэлд 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэлд:... Хэрэг учрал болсон газар нь Киа Оптима маркийн цагаан өнгийн 34-77 УНЯ улсын дугаартай автомашин ертөнцийн зүгээр баруун урд зүгт харсан байдалтай жолооч талын урд хаалганы шил цуурсан, хойд хаалганы шил хагарсан, багаж талын салхивчны шил бүрэн хагарсан, жолоочийн эсрэг талын урд цонх цуурсан, ард талын цонх хагарсан, мөн урд талын салхивчны шил цуурсан байдалтай байсан...гэх гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-6-9/

- хохирогч Д.Ч-гийн мөрдөн байцаалтад өгсөн:... Би 2018 оны 08 дугаар сард Нтай 5 шарын автобусны буудал дээр зогсож байгаад танилцсан. Намайг чи хаачих вэ гэхээр нь би “эндээс машиндаа сэлбэг хайсан олдохгүй байна” гэхэд “би чиний машиныг янзлаад өгье, тэгээд таксинд яваад өдрийн 10.000 төгрөгөөр түрээслэе” гэхээр нь “би машинаа хямдхан түрээслэхгүй” гэсэн чинь “найдвартай өгнө 10.000 төгрөгөө өгнө” гээд байхаар нь машинаа түрээслэхээр болсон. Хэд хоногийн дараа С.Н над руу залгаад “машиныг чинь очиж авъя” гэхээр нь би өгөөд явуулсан. Тэгээд 2 хоногийн дараа миний машиныг авчрахдаа 4 ширхэг катушкыг нь лентээр ороогоод, свечэг нь халаасан байдалтай авчирсан. Би машинаа өгөхгүй гэхэд надтай муудалцаад архи ууж буцаж ирээд надад агсам тавьсан. Намуубудьяа манай гэрт хүн байхгүй байх үед миний машины хажуугийн 1, урд 1, ард 1 цонхыг хагалсан байхаар нь би цагдаад өгсөн. Гэтэл өөрийнхөө бурууг хүлээж надад 200.000 төгрөг өгсөн. Тэгээд хамт гараад 3 шил аваад явж байтал урд шилийг дахиад хагалсан. Тэгээд муудалцаад миний самсунг маркийн гар утсыг булааж аваад зугтаасан. Хэд хоногийн дараа гэр эзэнгүй байхад дахиж ирээд машины үлдсэн цонхнуудыг хагалсан байсан... гэх мэдүүлэг /хх-10-19/

-  “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан нийт дүн- 810 000 төгрөг /хх-25/

- шүүгдэгч С.Н-гийн мөрдөн байцаалтад өгсөн:... би Чтэй хамтран амьдрахаа больсны дараа 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд орших Ч-гийн эзэмшлийн хашаанд нь очиж түүний 34-77 улсын дугаартай машины урд болон ард салхины шил баруун хойд талын хаалганы шилийг хагалсан. Ингээд би гэм буруугаа хүлээж учруулсан хохирлоо нөхөн төлөхөөр 2018 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Чд 285.000 төгрөг, 1 хонь авч өгөөд 285.000 төгрөгөөс нь хойд болон урд шилийг нь аваад явж байхдаа санамсаргүйгээр хагалсны улмаас дахин маргалдсан. Тэгээд би 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр дахин Ч-гийн хашаанд нь очиж 34-77 УНЯ улсын дугаартай автомашины үлдсэн шилнүүдийг хагалсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-48/

... санамсаргүйгээр шилийг нь хагалаад бид 2 дахин муудаад маргалдаж байтал Ч 102 дугаарын утас руу цагдаа дуудлаа гэхээр нь би гар утсыг нь булааж аваад газарт шидээд эвдсэн. Тэгээд би Төв аймгийн Баян сум руу хөдөө ажлаар явж байгаад 1 сарын дараа ирээд машинтай явж байтал замын цагдаа миний бичиг баримтыг шалгаж үзээд намайг эрэн сурвалжлагдаж байгаа юм байна гээд Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст авчирсан. Тухайн үед хамт амьдарч байсан Д.Ч-гийн утас руу олон эрэгтэй хүмүүс байнга залгаад байхаар нь би хардаад машин болон гар утсыг нь эвдсэн. Би утсыг нь булааж аваад эвдсэн. Машины цонхыг нь гараар хагалсан...гэх мэдүүлэг /хх-55-57/ шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.  

 

Иймд шүүгдэгч С.Нг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан,

бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            Гэмт хэргийн шинж, хохирлын талаарх хууль зүйн дүгнэлт:       

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг нотолсон баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан байх ба нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч илтэд худал мэдүүлсэн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй тул хэргийн зүйлчлэл зөв болно.  

Хохирогч Д.Ч гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 630.000 төгрөг авсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй /шүүхийн хэлэлцүүлэгт/ гэжээ.  

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт:        

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч иргэнд учруулсан хохирлоо төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.     

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ял, харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулан хөнгөн ялыг хүндэд нэмж нэгтгэж, хорих ялыг нээлттэй байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.  

Бусад асуудал:

Шүүгдэгч нь 2018.12.31-ний өдрөөс /хх-92/ 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар 57 хоног цагдан хоригдсон, хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь: 

 

              1. Шүүгдэгч С.Нг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан,

              бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

              2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Нг 06 сар хорих ялаар,

              Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус  шийтгэсүгэй.

 

              3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 06 сар хорих ял дээр мөн хуулийн  тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцон нийт 60 хоног хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг нийт 08 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.   

              4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Нд оногдуулсан 08 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.  

              5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар С.Нгийн цагдан хоригдсон нийт 57 хоногийг биечлэн эдлэх ялын хугацаад оруулан тооцсугай.    

              6. Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй болохыг тус тус дурдсугай.    

              7. Шүүгдэгч С.Нг цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн тооцсугай.    

              8. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.   

              9. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

              10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол  шүүгдэгч С.Нд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.        

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Г. Г.ГАНБААТАР