Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 209/МА2024/00020

 

“” ХК-ийн Дархан бизнес төвийн
 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж, шүүгч Х.Байгалмаа, шүүгч Г.Мягмарсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны  02 дугаар сарын 21-ний өдрийн 135/ШШ2024/00245 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “” ХК-ийн Дархан бизнес төвийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “20,015,233.27 төгрөг гаргуулах” тухай,

Иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ганзоригийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Мягмарсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ганзориг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

******* нь 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр тай ЗГ******* цалингийн зээлийн гэрээг байгуулж 15,500,000 төгрөгийг жилийн 15.6 хувийн хүүтэй 60 сарын хугацаатай зээлж авсан.

Зээлдэгч ******* нь 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр тай тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх талаар хэд, хэдэн удаа мэдэгдсэн боловч төлөхгүй. Зээлийн гэрээний төлбөр нэхэмжлэл гаргах 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар Үндсэн 12,432,842 төгрөг, үндсэн хүү 7,113,533.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 477,847.96 төгрөг хугацаа хэтэрсэн 800 хоног нийт 20,015,223.27 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Иймд зээлийн гэрээний үүрэг болох төлөх ёстой зээл, зээлийн хүүг гэрээнд заагдсан хугацаанд төлөхгүй байгаа тул зээлийн гэрээний 4.2.1, 4.2.2-д заасныг үндэслэн банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний дагуу 20,015,223.27 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн татгалзал, тайлбарын агуулга:

******* нь 2011 оноос хойш одоог хүртэл группэд байдаг онош  “не сахар диабейт , тархины хатингаршил”, Биеийн байдал - ой санамж муу, маш мартамхай ганцаардмал, ууртай архины хамааралтай. Хамтран амьдрагч байсан *******тай гэр бүлийн баталгаагүй. 2010 онд төрсөн өргөмөл охинтой сум багаас нь *******ийг хүүхэд асран хамгаалах чадваргүй амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой гэж үзсэн.

наас 2018 оны 09 дүгээр сард цалингийн зээл авсан үндсэн зээлдэгч *******ын хамтран зээлдэгч гэж үзсэн. Үндсэн зээлдэгч *******ыг нас барснаас хойш 1 жилийн дараа нэхэмжлэл ирүүлсэн. Уг зээлийг ******* төлөх үндэслэлгүй.

******* нь 280,000 төгрөгийн тэтгэмжээс өөр орлогогүй.  Ш.Баянжаргал нь цалингийн зээл авахад цалингийн зээлийн гэрээнд ******* нь хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан боловч тухайн зээлийг ******* төлөх үндэслэлгүй. Мөн банк хамтран зээлдэгч *******ийн хөрөнгө, орлогыг тодорхойлоогүй. Банк эрсдэлээ бодолгүй хамтран зээлдэгчээр *******ийг гарын үсэг зуруулсан байсан.

Мөн Ш.Баянжаргалын цалингийн зээлийг барьцаалсан. *******т ямар ч хөрөнгө байхгүй. Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2 дахь хэсэгт үндсэн зээлдэгч нас барснаар уг зээл дуусгавар болохоор хуульчилсан. Ш.Баянжаргалын бүтэн жил амьд байх хугацаанд нь цалингийн зээлийг нь төлүүлэхгүй байж байгаад шүүхэд хандсан нь сонин байна гэжээ.

3. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 240 дүгээр зүйлийн 240.1.2-т заасныг баримтлан хариуцагч *******оос 20,015,233.27 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч "" ХК-ийн Дархан бизнес төвийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 258,030 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ганзориг давж заалдах гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

...тай ******* нь 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ЗГ4Э05124209 тоот зээлийн гэрээ байгуулж байхад эрх зүйн бүрэн чадвар, чадамжтай, тус зээлийн гэрээнд үүрэг гүйцэтгэгчээр оролцож байгаагаа ухамсарлан ойлгож гэрээнд хэн нэгний албадлагагүйгээр зөвшөөрч гарын үсэг зурсан. болон ******* нарын хооронд байгуулсан зээлийн гэрээг ямар үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэрээ гэж дүгнэсэн нь тодорхойгүй байна.

Иймд анхан шатны шүүх хууль буруу хэрэглэж тайлбарласан байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ганзоригийн гаргасан давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

2. "" ХК-ийн Дархан бизнес төв нь *******т холбогдуулан зээлийн  гэрээг цуцалж, зээлийн гэрээний дагуу 20,015,233.27 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг шүүх 2023 оны 12 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч *******д хуваарилагдаж, тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ******* дугаартай захирамжаар хэргийг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх хуралдаан даргалагчаар Ерөнхий шүүгч *******г томилсон шийдвэрийг албажуулжээ. /хх-ийн 24/

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т “Энэ хуулийн 3.1-д заасны дагуу гаргасан нэхэмжлэл, хүсэлт, гомдлыг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс урьдчилан тогтоосон журмын дагуу шүүгчид хуваарилна. Шүүгчдийн зөвлөгөөний тогтоолыг үндэслэн тухайн шатны шүүхийн Ерөнхий шүүгч, танхимын тэргүүн хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг захирамж гарган томилно” гэж,

89 дүгээр зүйлийн 89.1-т “шүүх хуралдааныг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс томилогдсон шүүгч даргална.” гэж,

Шүүхийн тухай хуулийн  17 дугаар зүйлийн 17.1.3-т “ерөнхий шүүгч нь хуульд өөрөөр заагаагүй бол шүүх хуралдаан даргалагч болон шүүх бүрэлдэхүүнийг томилсон шийдвэрийг албажуулах ... бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэж тус тус хуульчилсан.

4. Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн ******* дугаар тогтоолоор Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч томилж, Ерөнхий шүүгч *******д хуваарилагдаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байсан хэргийг бусад шүүгч нарт хуваарилахаар шийдвэрлэж, энэхүү тогтоолын хавсралтаар бусад шүүгч нарт хуваарилах хэргийг баталгаажуулсан боловч уг хэрэг шүүгч *******д хуваарилагдсан гэдэг нь тодорхойгүй, шүүгч, шүүх хуралдаан даргалагчаар шүүгч *******г томилсон шийдвэрийг албажуулсан ерөнхий шүүгчийн захирамж гаргаагүй байна. /хх-ийн 28/

 5. Түүнчлэн тус хэргийг хянан шийдвэрлэхээр томилогдсон шүүгч солигдсон асуудлыг шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцэж, зөвлөгөөний тогтоол гаргасан эсэх талаар Иргэн-2014 системд нэвтэрч, тухайн хэргийн мэдээллээс үзэхэд тус хэргийг хянан шийдвэрлэх шүүгчээр шүүгч ******* томилогдож, шүүгч, шүүх хуралдаан даргалагчаар шүүгч *******г томилсон шийдвэрийг албажуулсан талаар мэдээлэл авагдаагүй байна.

Дээрх хуульд зааснаар ...хэргийг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнийг Ерөнхий шүүгчийн захирамжаар баталгаажуулж, тухайн шүүх бүрэлдэхүүн хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх үүрэгтэй бөгөөд хуульд заасан журмын дагуу томилогдоогүй шүүх бүрэлдэхүүнийг “хууль бус” гэж үзэх ба “шүүх хэргийг хууль бус бүрэлдэхүүнээр хянан шийдвэрлэсэн” нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд тооцогдоно.

Иймд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, уг алдааг давж заалдах шатны шүүх зөвтгөж, гомдолд дүгнэлт өгч хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

6. Давж заалдсан гомдолд дурдсанаас өөр үндэслэлээр бус шүүхийн буруутай үйл ажиллагааны улмаас шийдвэрийг хүчингүй болгож байгаа тул нэхэмжлэгч талаас давж заалдсан гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 258,030 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ  нь :

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны  02 дугаар сарын 21-ний өдрийн 135/ШШ2024/00245 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 258,030 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 4.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.  

      

            ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Я.ТУУЛ                                                   

                                                 ШҮҮГЧИД                                     Х.БАЙГАЛМАА                                                                                                                      Г.МЯГМАРСҮРЭН