Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 263

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

           нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,

           улсын яллагч Р.Энх-Оюун,

            шүүгдэгч Д.Л нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б овогт Д.Л-ид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1908003180204 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

 

 

Холбогдсон хэргийн талаар:  

            Шүүгдэгч Д.Л нь 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр эхнэр Н.Э-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч Д.Л нь 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр эхнэр Н.Э-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:...

- хохирогч Н.Э-ын мөрдөн байцаалтад өгсөн:... 2019 оны 01 дүгээр сарын 09-ний орой ажлаа тараад хамт ажилладаг Э, Б, Э бид 3 ямар нэгэн зорилгогүйгээр архи уухаар болоод дэлгүүрээс 0.75 литрийн 1 шил архи, 2.5 литрийн шар айраг худалдаж аваад манай гэрийн ойролцоо байдаг Оргил-Од нэртэй караокед орж нэмж уусан. Ингээд караокед ууж байснаа санаад тэрнээс хойш тасраад юу болсныг санахгүй байна. Нэг мэдсэн гэртээ ирчихсэн Л надаас баахан юм асуугаад загнаж байснаа нүүр лүү алгадаад авсан. Доошоо тонгойход дахин дахин нүүр лүү гараараа цохиод хөл рүү өшиглөөд байсан. Тэр үед Лийн төрсөн дүү гаднаас орж ирэхээр нь ахыгаа салгаад аваадах гэхэд “чи угаасаа ийм хүн ш дээ гээд доромжилсон”. Би ухаан алдаад хэсэг зуур юу болсныг мэдэхгүй байна. Ингээд төрсөн дүү Б эхнэр А рүү хүүхдүүдээрээ залгуулж гэртээ дуудаад авахуулаад цагдаад өргөдөл өгсөн...гэх мэдүүлэг /хх-9-10/

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн №1220 дугаартай:... Н.Э-ын биед зүүн нүдний дээд, доод зовхи, хацарны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус хуралт, баруун нүдний дээд зовхи, баруун шанаа, баруун бугалганы дотор доод хэсгүүдэд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /хх-17/

- шүүгдэгч Д.Л-ийн мөрдөн байцаалтад өгсөн:... Би эхнэр Н.Э болон 4 хүүхдийн хамт оршин суудаг. Эхнэр бид 2 Төмөр замын байгууллагад ажилладаг. 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 15 цагийн үед эхнэр Эын гар утас руу залгатал харих гэж явна замаараа хүүхдүүдээ авна гэсэн. Тэр өдөр 17 цагийн үед ажлаа тараап гэртээ иртэл Э гэртээ ирээгүй, харин 2 том охин дүүгээ цэцэрлэгээс аваад гэртээ байсан ба ээж нь дүүг нь аваагүй юм уу гэхэд “ээж ирээгүй” гэхээр нь би гэрийн ойролцоо байдаг овооны хажууд пиво уугаад хүлээгээд байж байтал Э хамт ажилладаг Энхбаяр, Эрэлхэгмонгол 2-оор дамжуулчихсан согтуу ирж байхаар нь тосож гэртээ аваад орсон. Э “чи шинээр ажилд орчихоод, архи ууж болохгүй, төмөр замд архинаас болж олон хүн ажлаасаа халагдаж байгаа” гээд загнасан. Ингээд бид 2 хоорондоо маргалдсан. Э бөөлжөөд тэрийг нь цэвэрлэх асуудлаас болоод охидуудаа загнаад байхаар нь би уурлаад “албатай юм шиг архи ууж ирчихээд, юу гээд хүүхэд загнаад байгаан” гээд би нүүр лүү нь 2 удаа цохиж, 3 удаа хацар луу нь алгадсан. Яг энэ үед дүү Л гаднаас орж ирсэн ба “архинаас болж маргалдаж байх юм, өөрсдөө асуудлаа шийд” гээд гарсан... гэх мэдүүлэг /хх-27-30/

- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:... хэргээ хүлээн зөвшөөрч байна, мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй...гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/ зэрэг нотлох баримтууд нотлогдож тогтоогдож байна.     

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

Иймд шүүгдэгч Д.Л-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.   

Гэмт хэргийн шинж, хохирлын талаарх хууль зүйн дүгнэлт:   

Тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хангалттай байна. 

Шүүгдэгчид холбогдох гэмт хэргийг тус тус нотолж буй хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэгдсэн нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй, шүүгдэгч гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болно.

Хохирогч хохирол нэхэмжлээгүй, гомдол саналгүй /хх-66/ гэх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна. 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, ажил эрхэлдэг зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд торгох ял оногдуулав.

Бусад асуудал    

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон   

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д.Л-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Л-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөөөр торгох ял шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Л-ид оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Л нь торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл 15 нэгжийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.      

 

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.  

 

            7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Д.Л-ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.          

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ГАНБААТАР

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д.Л-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Л-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөөөр торгох ял шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Л-ид оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Л нь торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл 15 нэгжийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.      

 

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.  

 

            7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Д.Л-ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.          

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ГАНБААТАР