Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 000037

 

 

 

 

 

 

 

 

                                Б.Баянмөнхөд захиргааны шийтгэл

                                      ногдуулсан зөрчлийн тухай

 

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэцэгмаа даргалж, шүүгч С.Уранчимэг, ерөнхий шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 52 дугаар шийтгэвэртэй, Б.Баянмөнхөд холбогдох захиргааны шийтгэл ногдуулсан материалыг, зөрчил гаргагч Б.Баянмөнхийн давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1976 оны 06 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан  баг Шинэ тосгон 20-17 тоотод оршин суух, ГЮ-76063096 регистрийн дугаартай, Боржигон овогт Баттулгын Баянмөнх.

 

Орхон аймаг дахь Цагдаагийн газраас:

 

Б.Баянмөнх нь хэрүүл маргаан үүсгэж, иргэдийн амгалан тайван байдал алдагдуулсан зөрчил гаргасан байх тул хуулийн дагуу арга хэмжээ авахуулахаар материалыг хүргүүлэв гэжээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 52 дугаар шийтгэврээр:

 

Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар Б.Баянмөнхөд 30 /гуч/ хоног баривчлах шийтгэл ногдуулж, энэ материалд хураагдаж ирсэн эд зүйлгүй болохыг дурьдаж, зөрчил гаргагч Б.Баянмөнхөд шийтгэврийн хувийг гардуулж, шийтгэвэрт зөрчил гаргасан этгээд, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч 10 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй гэж шийдвэрлэжээ.

 

Зөрчил гаргагч Б.Баянмөнх давж заалдах гомдолдоо:

 

Миний бие Баттулга овогтой Баянмөнх нь 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр шүүхээс 30 хоногийн баривчлах ялаар шийтгүүлсэн. Би эхнэр 4 хүүхдийн хамт Баянцагаан багийн Шинэ тосгоны 20-17 тоотод амьдардаг. Том охин, хүү хоёр оюутан, бага хоёр Ерөнхий боловсролын сургуульд сурдаг. Эхнэр маань одоогоор ажилгүй. Би Өмнөговь аймгийн Таван толгойд нүүрсний уурхайд хүнд даацын тээврийн хэрэгслийн жолоочоор ажилладаг. Миний буруутай үйлдлээс болж ар гэрт мөнгө санхүүгийн хүнд нөхцөлд орсон. /Оюутан хүүхдийн сургалтын төлбөр дутуу/

 

Ийм алдаа авир гаргахгүй байж өрх гэрээ тэжээж тэтгэх үүргээ гүйцэтгэж ажил амьдралаа өөд нь татаж явах учир миний ажил амьдралын аргагүй байдлыг харгалзан үзэж шүүх гаргасан шийтгэврийг эргэж харж туслана уу гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Зөрчил гаргагч Б.Баянмөнх нь 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Баянцагаан багийн Шинэтосгоны 20-17 тоот гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Л.Нямыг хэл амаар доромжлон, охин Б.Номинг цохиж, зодон гэр бүлийн гишүүдийнхээ амгалан тайван байдлыг алдагдуулсан болох нь эхнэр Л.Нямын тайлбар, охин Б.Номингийн өргөдөл, зөрчлийн тухай тэмдэглэл, зөрчил гаргагч Б.Баянмөнхийн тайлбар зэргээр нотлогдон тогтоогдож байна.

 

Анхан шатны шүүх түүний гаргасан зөрчил болон хувийн байдалд тохирсон шийтгэлийг хуульд заасны дагуу ногдуулсан байх тул зөрчил гаргагчийн  “...миний ажил амьдралын аргагүй байдлыг харгалзан үзэж шүүх гаргасан шийтгэврийг эргэж харж туслана уу” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 31 дүгээр зүйлийн 31.3.2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 52 дугаар шийтгэврийг хэвээр үлдээж, зөрчил гаргагч Б.Баянмөнхийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Магадлалын хувийг Орхон аймгийн Цагдаагийн газрын эрүүлжүүлэх, баривчлах байранд хүргүүлсүгэй.

 

3. Магадлал эцсийн шийдвэр бөгөөд гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              С.ЦЭЦЭГМАА

 

 

ШҮҮГЧ                                                                       С.УРАНЧИМЭГ

 

 

        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  З.ХОСБАЯР