Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 1462

 

 

 

ХХ-ын нэхэмжлэлтэй иргэний

 хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ч.Оюунцэцэг, Д.Дамдин-Од нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар, 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2016/04764 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч ХХ-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч ХХХ-т холбогдох,

Газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгчийн төлөөлөгч ХХХХ-ны гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дамдин-Одын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

Нэхэмжлэгч ХХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

ХХХХХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХХХ тоот хаягт байршилтай, 366 м.кв талбай бүхий, ХХХХХХХХХХ нэгж талбарын, ХХХХХХХХХХ дугаартай газрыг кадастрын дагуу хашаа барьсан билээ. Тухайн үед ХХХХ тоотод оршин суугч, ХХХХХХ-ийн эхнэр ХХХХХХ нарт манайх хашаагаа бөглөлөө, танайх хүүхдүүд байгаа дээр хаалгаа аль талдаа гаргахаа сонгоод хийлгээд ав гэтэл үл зөвшөөрсөн. Тухайн үеэс буюу 2015 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс одоог хүртэл орох гарахад нь хаалгаа тайлж өгсөөр ирсэн. Бид тухайн газарт бараг айлгүй байхаас нь одоог хүртэл, тогтвор суурьшилтай амьдарч байгаа. ХХХХХХ-ийн гудамжны эгнээний айлууд бүгд хойд талдаа хаалгатай, уг хашаанд өмнө нь байсан хаалгаа урд талдаа түр гаргамаар, хөл муутай болохоор тойрч явахад хэцүү байна гэж гуйсны дагуу урдаа хаалга гаргасан. ХХХХХХ-ийнх аль ч талдаа хаалга гаргах боломжтой. Хойд талдаа 15м, зүүн талдаа 5-10м зайтай. Манайх хашаагаа огт өөрчлөөгүй. Гэтэл 2012 онд Мянганы сорилтын сангаас кадастр авахаар манайх мөнгө төлөөгүй, ХХХХХХ-ийнх кадастрын зургаа ХХ-ыг авахаас өмнө авсан. Сүүлд албан ёсоор Мянганы сорилтын сангаас тэр орчмын айлуудад кадастрын зураг өгөхдөө ХХ-ын хашааны буланд архичин, согтуу хүмүүс маш их цугларч байна гэж 8 жилийн турш яриад ХХнь жижигхэн газартай тул эзэмшилд нь уг буланг оруулж өгөх нь зүйтэй гэсэн саналыг гарган Мянганы сорилтын сангаас бичиг гарган ХХ-ынх албан ёсоор бөглөх болсон. Тухайн үед мөнгөний боломжгүй байсан тул өнгөрсөн зун хашаа бөглөхөөр боллоо гээд ХХХХХХ-ийн эхнэр ХХХХХХ хаалга гаргах талаар хэлэхэд маргаан үүссэн.  ХХХ-ийг хашааныхаа хаалгыг ар талдаа гаргахыг хүсэж байна гэжээ.  

Хариуцагч ХХХ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

ХХХ миний бие 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр ХХХХХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХХХ тоот хаягт байршилтай, 566 м.кв талбай бүхий, ХХХХХХХХХХХХХХХХХХХ нэгж талбарын, ХХХХХХХХХХХХХХ бүртгэлийн дугаартай өмчлөлийн гэрчилгээтэй газрыг худалдан авсан нь үнэн болно. Гэтэл 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдөр ХХХХ тоотод оршин суугч ХХХХ нь охин хүүхдүүдийн хамт хүч түрэн манай эрхэд халдан орох гарах гарцыг  хаан хашаагаа сунгаж автомашинаа хашаандаа оруулах боломжгүй болгосон. ХХХХХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХХХ тоот айлын өмчлөлийн гэрчилгээ 2008 онд гарсан байдаг. Манайх 2013 онд өмчлөлийн гэрчилгээ газрын албанаас хүлээн авсан болно. ХХХХ тоот айл зүүн талдаа 5м, хойд талдаа 6м байгаа бөгөөд энэ нь том оврын автомашин орох боломжгүй бөгөөд газрын хуулийн дагуу орох гарах гарцыг анх байсанд нь байрлуулж, нэхэмжлэгч айлын хашааг татаж өгнө үү гэжээ.

 Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт заасныг баримтлан газар чөлөөлүүлэхийг хүссэн ХХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгч ХХХХХХХ нь хэргийн талаар бүрэн ойлгоогүй, буруу дүгнэлт хийсэн. Хашааны хаалга орсон хэсэг нь ХХХХ-т хуулиар олгогдсон өмчлөлийн газар мөн болно. Кадастрын зургийн дагуу манайх хашаагаа барихад ХХХХХХ-ийн хашааны хаалга бөглөгдөж таарсан. ХХХХХХ-ийн хашааны хаалга ар талдаа байх ёстой тэр эгнээний бүх айлын хаалга ар талдаа байдаг. ХХХХХХ-ийнх хууль бусаар гэрчилгээ гаргуулж, бусдын газар руу оруулж кадастар хийлгэсэн, мөн хашааг удаа дараа эвдсэн. ХХХХХХ-ийн өмнөх хашааг өмнө нь эзэмшиж байсан айл манайхнаас гуйж түр хугацаанд урдаа гаргасан боловч энэ талаараа хэлэхгүйгээр бусдад худалдсан байсан. Хууль бусаар ХХХХХХ-ийн эзэмшиж байгаа газрыг чөлөөлүүлэх хүсэлттэй байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн эзэмшлийн гэх газар нь ХХХХХХ-ийн хашааны орц, гарцыг хаасан. Уг газар нь нийтийн эзэмшлийн газар юм. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан, шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлсэн байна.

Нэхэмжлэгч ХХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ нь хариуцагч ХХХ-т холбогдуулан ХХХХХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХХХХХХХХХХХХ тоот газрыг ХХХХХХ-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч “нэхэмжлэгч нь хашаагаа сунгаж манай орц, гарцыг хаасан тул орц, гарцаа чөлөөлүүлнэ” гэж маргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, хариуцагч ХХХ өөрийн эзэмшлийн буюу ХХХХХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХХХХХХХХХХХХ тоот газрын кадастрын зургийг гаргуулахдаа манай эзэмшлийн газар луу зориуд оруулж авсан, тэднийх хашааны хаалгаа ар талдаа бус урдаа гаргаснаар манай хашаагаар дамжин гардаг гэж тайлбарласан байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд ХХХХХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХХХХХХХХХХХХ тоот, нэгж талбарын ХХХХХХХХХХХ дугаартай 366 м.кв газрыг нэхэмжлэгч ХХХХ-т гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлэхээр ХХХХХХХХХХХ дугаар гэрчилгээг олгожээ. Мөн тус гудамжны хөрш зэргэлдээ ХХХ тоот, нэгж талбарын ХХХХХХХХХХХХХ дугаартай 566 м.кв талбай бүхий газрыг хариуцагч ХХХ-т гэр бүлийн зориулалтаар эзэмшүүлэхээр ХХХХХХХХХХХ дугаар гэрчилгээг олгосон /хх-4,23/ нь тогтоогдож байна.

Харин хариуцагч ХХХ нь нэхэмжлэгч ХХ-ын эзэмшлийн газрын кадастар давхацсан гэх боловч, үүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлож чадаагүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч нь түүний өмчлөлийн газрыг хариуцагч хууль бусаар эзэмшиж буйг баримтаар нотолж чадаагүй гэж дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ, хариуцагч хашааны хаалгаа ар талдаа бус урдаа гаргаснаар манай хашаагаар дамжин гарч орж бидэнд хүндрэл учруулж байна гэсэн нь газар чөлөөлүүлэх нэхэмжлэлтэй холбоогүй ба хэн аль нь орц, гарц гаргуулах шаардлага гаргаагүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ-ны гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахаар гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2016/04764 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ-ны гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ-ны төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Н.БАТЗОРИГ

                                 ШҮҮГЧИД                                 Ч.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                   Д.ДАМДИН-ОД