Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2017/01178

 

“Г” ТӨҮГ-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар       

            Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2017/01934 дүгээр шийдвэр,

       Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 1708 дугаар магадлалтай,

            “Г” ТӨҮГ-ын нэхэмжлэлтэй,

            “Б” ХХК-д холбогдох

            Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 25.245.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

            хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаяр, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр нар оролцов.

           Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: “Г”ТӨҮГ нь “Б”ХХК-тай 2013 оны 05 дугаар сарын 27-ны өдөр “Технологийн дээжид лабораторийн туршилт гүйцэтгэх тухай” гэрээ байгуулан хариуцагчийн Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд орших Хар чулуутын бал чулууны ордын дээжид технологи туршилтын ажил хийж гүйцэтгэсэн. Гэрээгээр тохирсон ажлын хөлс 29.700.000 төгрөг ба тус компани гэрээнд зааснаар ажил эхлэхээс өмнө 15 хувь буюу 4.455.000 төгрөгийг төлөөд үлдсэн 85 хувийг өнөөдрийг хүртэл төлөөгүй. Гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болж “Б”ХХК-д технологи шинжилгээний ажлын үр дүнгийн тайланг хүлээлгэн өгснөөр дуусгавар болох ба гэрээний хугацааг 2013 оны 07 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл гэж тохирсон. Манай байгууллага гэрээний хугацаанд дээжид технологи туршилтын ажлыг гүйцэтгэж тайлангаа баталгаажуулан, Технологи туршилт, эрдэс чулуу судлалын лабораторийн эрхлэгч Ш.Чимгээ нь хариуцагч байгууллагын геологч Ц.Энхбаттай холбогдон тайлангаа ав гэхэд “мөнгөтэй болохоороо авна” гэсэн хариуг өгсөн байсан. Иймд хариуцагч “Б”ХХК-иас шинжилгээний ажлын үнэ 25.245.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

            Хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбарт: “Г”ТӨҮГ-аас тус компанид холбогдуулан гаргасан 25.245.000 төгрөгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. “Г”ТӨҮГ нь талуудын хооронд хийсэн хэлцлийн дагуу Дундговь аймгийн Бал чулууны ордын дээжийн тайлангаа өнөөдрийг хүртэл хүлээлгэн өгөөгүй. Төлбөрөө барагдуулж, тайлангаа авна гэсэн байдлаар хандаж байсан гэх тайлбараа нотлоогүй. Учир нь ажил гүйцэтгэгч тал өнөөдрийг хүртэл гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгээгүй гэжээ. 

         Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2017/01934 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Б”ХХК-иас 25.245.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Г”ТӨҮГ-т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 204.174 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн хариуцагч “Б”ХХК-иас 204.174 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Г”ТӨҮГ-т олгож шийдвэрлэжээ.

         Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 1708 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2017/01934 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

      Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаярын хяналтын журмаар гаргасан гомдолд: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2017/01934 дүгээр шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 1708 дугаар магадлалыг эс зөвшөөрч, хяналтын журмаар гомдол гаргаж байна.

        1. Анхан болон давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх заалтыг зөрчин мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 74 дүгээр зүйлийн 74.4 дэх заалтуудыг хэрэглэлгүй эрх зүйн актуудын хүчин чадлын хэм хэмжээг буруу хэрэглэсэн тухай.

          Нэхэмжлэгч “Г”ТӨҮГ нэхэмжлэлийн шаардлагаа татан авсан тул шүүгч 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 101/ШЗ2015/28682 дугаар захирамж гаргасан. ИХШХШТХ-ийн 106 дугаар зүйлийн 106.3-т зааснаар нэхэмжлэгч “Г”нэхэмжлэлийнхээ шаардлагыг татан авсан байна. ИХШХШТХ-ийн 106.5-д “Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсан, ... нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх ... нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна гэж” заасан. Хэрэг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа татан авсан үйл баримтыг 2 шатны шүүх аль аль нь хүлээн зөвшөөрч үнэлэлт дүгнэлтээ өгсөн ч ИХШХШХТХ-ийн 106.5-д эдгээр тогтоол захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна гэсэн заалтыг анхааралгүй орхисон. Өөрөөр хэлбэл, ИХШХШТХ-ийн 74.4-т тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэх гаргах эрхгүй гэсэн байх ба хуулийн дээрх зохицуулалтуудын уялдаа холбоог анхан болон давж заалдах шатны шүүх зөв ойлгож оновчтой хэрэглэж чадаагүй. ИХШХШТХ-ийн 106.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа татан авсан бол мөн хуулийн 106.5-д “74.4-т заасан үндэслэлээр дахин тухайн асуудлаар нэхэмжлэлийн шаардлага гаргэх эрхгүй. Гэтэл давж заалдах шатны шүүх “Шүүгчийн захирамжид нэхэмжлэгч дахин нэхэмжлэл гаргах эрхтэйг заасан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлгүй байна” хэмээн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон. ИХШХШТХ-ийн ямар ямар заалтад шүүгчийн захирамжид дахин нэхэмжлэл гаргаж болохоор тусгасан бол тухайн асуудлаар дахин нэхэмжлэл гаргаж болно гэсэн заалт байгааг магадлалдаа тусгах ёстой байсан. Гэтэл шүүх бүрэлдэхүүн өөрсдийн үзэмж, хууль бусаар тогтсон практик, дотоод итгэлээр ИХШХШТХ-ийн 106.3, 106.5, 74.4 дэх заалтыг хэрэглэлгүй, ИХШХШТХ-ийн 10.1 дэх заалтыг ноцтой зөрчин хуулийн хүрээнээс гадуур хэрэг маргааныг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

         Мөн анхан болон давж заалдах шатны шүүх Дүүргийн шүүхийн шүүгчийн захирамжийг ИХШХШТХ-ийн 106, 74-р зүйлээс илүү хүчин чадал бүхий эрх зүйн акт хэмээн дүгнэсэнд гомдолтой байгаа болно. Учир нь ИХШХШТХ бол шүүгчийн захирамжаас илүү хүчин чадал бүхий эрх зүйн акт тул шүүгчийн захирамжийг бус ИХШХШТХ-ийг баримтлан хэргийг шийдвэрлэх ёстой.

          2. ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь заалтыг хэрэглээгүй тухай. 

        Нэхэмжлэгч “Г”технологи туршилтын ажлаа 100 хувь хийж гүйцэтгэсэн ... хэмээн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлийнхээ шаардлагад технологи туршилтын ажил гүйцэтгэсэн баримтуудыг хавсаргаж өгөөгүй. Анхан шатны шүүх хуралдааны үед “Ажил гүйцэтгэсэн тухай нотлох баримт хэрэгт байхгүй талаар мэтгэлцэхэд нэхэмжлэгчийн төлөөлөгч шаардлагатай бол шүүгчийн захирамжаар нотлох баримтын шаардлага хангуулаад хэрэгт хавсаргаж болно хэмээн тайлбарлаж ажил үүрэг гүйцэтгэсэн гэдгээ бичгийн баримтаар нотлоогүй болохоо илэрхийлсэн. Хэрэгт нотлох баримт ирээгүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн нь ИХШХШТХ-ийн 40-р зүйлийг ноцтой зөрчин хэрэг маргааныг шийдвэрлэсэн тухай бодит баримт юм. ИХШХШТХ-ийн 40.1-д “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 40.2-т ”Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэсэн байна. Анхан болон давж заалдах шатны шүүх үнэлэх нотлох баримт байхгүй байхад юуг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэн, юуг өөрийн дотоод итгэлээр үнэлсэн байж болох вэ? гэсэн асуудал шийдвэрлэгдээгүй учир хяналтын шатны шүүхэд хандах 1 үндэслэл болсон болно.

            Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 244 дүгээр магадлалд “Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг буруутгаж, технологи шинжилгээний ажлын үр дүнг танилцуулсан, энэ тухай тайланг хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдсон эсэх нөхцөл байдлын талаар дүгнэснээр хуулийн заалтыг зөв тайлбарлан хэрэглэх боломжтой гэж үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон мөн шүүхэд буцаасан. Давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд гомдол гараагүй тул хүчин төгөлдөр үлдсэн. Гэтэл анхан шатны шүүх давж заалдах шатны шүүхийн дээрх магадлалд заасан алдаа арилаагүй байхад хэргийг нотлох баримтаас гадуур дахин шийдвэрлэсэн. Нийсэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 1708 дугаар магадлал гаргахдаа дээрх зөрчлийг дэмжиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээснээр давж заалдах шатны шүүхийн 244, 1708 дугаарын магадлалууд хоорондоо зөрчилдсөн. Ижил хүчин чадал бүхий эрх зүйн актууд зөрчилдвөл түрүүлж гарсан актыг баримтлана гэсэн зарчмаар өнөөдрийн байдлаар 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 244 дүгээр магадлалыг хүлээн зөвшөөрхөөр байна.

        3. Хэрэгт авагдаагүй баримтыг зохиомлоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бий болгож шийдвэрийнхээ үндэслэл болгосон талаар. Давж заалдах шатны шүүх “Б”ХХК-ийн итгэмжлэсэн төлөөлөгч Н.Батбаяр намайг өөрөө өөртэйгөө мэтгэлцсэн мэтээр магадлалдаа тусгаж, санаатайгаар тайлан хүлээн авахгүйгээр төлбөрөөс зайлсхийх арга зам хайсаар ирсэн хэмээн бичиж, миний давж заалдах гомдлыг хангахгүй орхих үндэслэл болгосонд гомдолтой байна.

        4. ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх заалтыг зөрчиж нотлох баримтыг буруу үнэлсэн тухай. Иргэн Ш.Чимгээ өөрийгөө Геологийн төв лабораторид мэргэжилтэн хэмээн тайлбарлаж гэрчээр оролцсон. Гэвч тэрээр тухайн байгууллагад ажил, албан тушаал хашдаг болохоо нотолж чадаагүй. Үүнтэй холбоотойгоор гэрчийн этгээд хуулийн шаардлага хангаж байгаа эсэх талаар маргаан гарсан Ш.Чимгээ шүүхэд тайлбар өгөхдөө “Туршилтын ажлын явцдаа геологч Ц.Энхбат, захирал Д.Батбаяр нарт танилцуулсан” хэмээн хэлсэн боловч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж өгөөгүй. 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн давж заалдах шатны шүүх хуралдаан дээр хурал даргалагч нэхэмжлэгчийн итгэмжилсэн төлөөлөгчөөс “Үр дүнгийн талаар мэдсэн гэдгийг нотлох баримт байна уу” гэж асуухад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Энэ талаар үйлдсэн акт байгаа хэрэгт авагдаагүй” хэмээн хариулсан байна. Ш.Чимгээгийн тайлбарын эх сурвалж уг акт болох байтал түүнийг орхигдуулснаар гэрчийн тайлбар эргэлзээгүй, үнэн зөв нотлох баримт болж чадаагүй юм. 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн анхан шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжилсэн төлөөлөгч “Ажил гүйцэтгэсэн тайлан бол төрийн нууц. Тиймээс бид түүнтэй танилцах эрхгүй. Шаардлагатай бол шүүгчийн захирамжаар хэрэгт хавсаргаж болно" хэмээн тайлбарласан нь гэрч Ш.Чимгээгийн мэдүүлэгтэй илэрхий зөрчилдсөн. Ийнхүү нэхэмжлэгчийн хүсэлттэй гэрчийн мэдүүлэг, нэхэмжлэгчийн итгэмжилсэн төлөөлөгчийн тайлбартай илэрхий зөрүүтэй байхад хаана ямар ажил хашдаг нь тодорхойгүй Ш.Чимгээ гэгчийн мэдүүлгийг эргэлзээгүй үнэн зөв нотлох баримт хэмээн үнэлэх боломжгүй юм. Түүнээс гадна Ш.Чимгээ 2017 оны 06 дугаар сарын 05-ны хуралдаан дээр мэдүүлэг өгсөн үйл явдал бол шүүхэд шинээр нотлох баримт гарган өгч байгаагийн нэг хэлбэр юм. Ш.Чимгээг шүүхэд ирүүлж мэдүүлэг авахдаа хуралдаанаас өмнө биш харин хуралдаан дээр ирүүлсэн нь ИХШХШТХ-ийн 38.7 дахь заалтыг зөрчсөн. Өөрөөр хэлбэл нотлох баримт гаргаж өгөх журам зөрчсөн. Энэ журмыг зөрчсөн тул ИХШХШТХ-ийн 38.5-д “Нотлох баримтыг гаргаж өгөх журмыг зөрчсөн бол нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэс болохгүй” гэсэн хуулийн шаардлагаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй юм.

          5. Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийг нэхэмжлэгчид ашигтайгаар сонголт хийн буруу тайлбарласан тухай. Давж заалдах шатны шүүх магадлалдаа Иргэний хуулийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан болон ажил гүйцэтгэгч нь төлөгдөөгүй ажлын хөлсийг шаардах эрхтэй болохыг үнэн зөв дүгнэсэн байна ... хэмээн дурьдаж анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвтгөсөн байна. Гэрээ байгуулагдсан л бол ажил гүйцэтгэсэн эсэхийг үл харгалзан ажлын хөлсийг төлөх үүрэгтэй хэмээн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн ба ийнхүү буруу тайлбарласныхаа улмаас ажлын үр дүнгийн талаарх нотлох баримтыг шаардаагүй байна. Иргэний хуулийн 343.2 дахь заалтыг анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэхээс татгалзаж гэрээний үүргийг дүгнэхдээ гэрээний гол заалтыг орхигдуулан дүгнэснээр шүүхийн шийдвэр магадлал хууль ёсны байх шаардлагад нийцээгүй байна. Мөн давж заалдах шатны шүүх ажил гүйцэтгэх гэрээг үнэлэхдээ гэрээний заалтуудаас нэхэмжлэгчид ашигтай хувилбарыг сонгон авч дүгнэсэн нь хэргийг шийдвэрлэхдээ хэт 1 талыг барьсан хэмээн үзэхэд хүргэсэн. Тухайлбал, давж заалдах шатны шүүхийн магадлалд “Захиалагч ажлын хөлсийг төлснөөр технологийн туршилт шинжилгээний ажлын үр дүнгийн тайланг хүлээн авах боломжтой болох нь тогтоогдсон байх тул “ажлын үр дүнг хүлээлгэн өгснөө нэхэмжлэгч нотлоогүй” гэх хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдсан гомдол үндэслэлгүй гэжээ. Ажил гүйцэтгэх гэрээний 3.2-т “Ажлын үнэ 29.000.000 төгрөгийг 3 хувааж шилжүүлнэ. Ажил эхлэхээс өмнө урьдчилгаа 15 хувийг, ажлын 50 хувийг хийгдсэний дараа 55 хувийг, шинжилгээний ажлын үр дүнг захиалагч байгууллага хүлээн авсаны дараа үлдэгдэл 30 хувийг шилжүүлнэ” гэсэн байхад төлбөрөө бүрэн төлсөний дараа ажлын үр дүнг хүлээлгэн өгнө хэмээн эсрэгээр нь тайлбарлаж шийдвэрийнхээ үндэслэл болгосныг хэт 1 талыг барьсан шийдвэр хэмээн үзэж байгаа болно. Нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ шаардлагад “85 хувь болох 25.245.000 төгрөгийг шинжилгээний ажлын үр дүнг хүлээн авснаар төлөх ёстой байтал өнөөдрийг хүртэл төлөөгүй байна гэж бичсэн нь гэрээний 3.2 дахь заалттай нийцэж, ажлын үр дүн хүлээн авсаны дараа үлдэгдэл 85 хувийн төлбөрийг төлөх үүрэгтэй болох нь тодорхой байхад үүнийг гуйвуулж “Төлбөрийг бүрэн төлсний дараа ажлын үр дүнг хүлээлгэн өгнө” хэмээн дүгнэсэн нь 2 шатны шүүхийн шийдвэр “Үндэслэл бүхий” байх шаардлагад нийцээгүй болно. Нэхэмжлэгч тал ажлынхаа үр дүнгийн тайланг шүүхэд нотлох баримтаар өгч, ажил үүргээ 100 хувь чанартай хийснээ нотолж, шүүх уг нотлох баримтуудыг үнэлж ажлаа гүйцэтгэсэн, гүйцэтгээгүйг тодорхойлж ажлын хөлсийг нэхэмжлэх эрхтэй, эрхгүйг тогтоох ёстой байсан. Өнөөдөр ажлын үр дүн байгаа эсэхийг нотлоогүй учир ажлын үр дүн бий болсон эсэхийг хариуцагч тал бас шүүх мэдээгүй, мэдэх бололцоогүй байгаа юм. Нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ шаардлагыг нотлохгүй, тэр ч бүү хэл улсын нууц хэмээн нотлохоос илэрхий татгалзсан байр суурьтай байхад анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн өмнөөс “Нотлогдсон” хэмээн эсрэг байр суурь илэрхийлж байна.

           6. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 244, 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 1708 дугаар магадлалууд зөрчилдөн гарсан тухай. Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 244 дугаар магадлалд “Иргэний хуулийн 343.2 дахь хэсэгт зааснаас үзвэл зохигчдын хооронд байгуулсан гэрээний дагуу захиалагч буюу хариуцагч “Б”ХХК-д технологи шинжилгээний ажлын үр дүнг танилцуулсан, энэ тухай тайланг хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдсон эсэх зэрэг нөхцөл байдлын талаар дүгнэснээр хуулийн заалтыг зөв тайлбарлан хэрэглэх боломжтой болно” хэмээн зааж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож буцаасан. 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр анхан шатны шүүх хэргийг дахин хэлэлцэж шийдвэр гаргахдаа өмнөхийн нэгэн адил “Хуулийн заалтыг зөв тайлбарлан хэрэглэх боломжгүй" байдлыг хэвээр нь үргэлжлүүлж хэргийг шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр давж заалдах шатны шүүхээр хэрэг хэлэлцэх үед хэрэгт байсан баримтууд нэмэгдсэн, хасагдсан зүйлгүй хэвээр хадгалагдсан байдалтай дахин давж заалдах шатны шүүхэд хянагдсан. Гэтэл давж заалдах шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 244 дугаар магадлалын заалтыг үл харгалзан анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталсан. Ингэснээр Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 244 дүгээр магадлал, 2017 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 718 дугаар магадлал хоорондоо зөрчилдөж ИХШХШТХ-ийн 11-р зүйлд заасан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг заавал биелүүлэх зарчим алдагдсан. Дээр дурьдсанаар ижил хүчин чадал бүхий эрх зүйн акт зөрчилдсөн байх тохиолдолд түрүүлж гарсан актыг баримтлах журамтай. Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 244 дүгээр магадлалын заалтыг зөрчин хэргийг 2 дахь удаагаа хэлэлцэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн болон мөн 2 дахь удаагаа авч хэлэлцсэн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хянуулахаар тус шүүхэд хандаж байгаа болно. Нэхэмжлэх гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан, нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ шаардлагыг нотлоогүй, нотлохоос илэрхий татгалзсан зэрэг үндэслэлийг харгалзан үзэж анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэнэ үү гэжээ.

ХЯНАВАЛ:

       Нэхэмжлэгч “Г”ТӨҮГ нь хариуцагч “Б”ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 25.245.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна. 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаяр хяналтын шатны шүүхэд “...анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн агуулга бүхий гомдол гаргасан боловч хариуцагчийн хүсэлтээр зохигчид 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр эвлэрч, гэрээ байгуулсан байна. 

          Нэхэмжлэгч “Г”ТӨҮГ-ын захирал Ө.Оюунбаатар нэхэмжлэгчийг төлөөлж, хариуцагч “Б”ХХК-ийн захирал Д.Батбаяр хариуцагчийг төлөөлж дээрх эвлэрлийн гэрээнд гарын үсэг зурсан байх тул уг “Эвлэрлийн гэрээ”-г эрх бүхий этгээдүүд байгуулсан гэж үзлээ.  

          Энэхүү эвлэрлийн гэрээгээр нэхэмжлэгч “Г”ТӨҮГ нь нэхэмжлэлийн шаардлага болох 25.245.000 төгрөгийг 12.622.500 төгрөг болгон багасгасныг хариуцагч “Б”ХХК хүлээн зөвшөөрч, 12.622.500 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт төлж барагдуулан ажлын гүйцэтгэлийг хүлээж авахаар харилцан тохиролцсон бөгөөд 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хариуцагч “Б”ХХК дээрх төлбөрийг улсын тэмдэгтийн хураамж 102.082 төгрөгийн хамт бүрэн төлж, ажлын гүйцэтгэлийг хүлээж авсан болохоо илэрхийлсэн баримтыг шүүхэд ирүүлжээ.

         Зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд эвлэрэх эрхтэй бөгөөд  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4-т “хяналтын журмаар гомдол гаргасны дараа зохигч эвлэрсэн, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг зөвшөөрсөн бол анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй” гэж заажээ.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4, 176 дугаар зүйлийн 176.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

         1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2017/01934 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 1708 дугаар магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч “Г”ТӨҮГ нь нэхэмжлэлийн шаардлагаа 12.622.500 төгрөг болгон багасгасныг хариуцагч “Б”ХХК хүлээн зөвшөөрч, төлж барагдуулан ажлын гүйцэтгэлийг хүлээн авч зохигчид эвлэрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

         2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 206.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                   Д.ЦОЛМОН