Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2016/0115

 

Д.Баянтөгсийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, П.Соёл-Эрдэнэ, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин, нэхэмжлэгч Д.Баянтөгс, өмгөөлөгч Ж.Мөнхнасан, Г.Нацагдорж, хариуцагч иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Насанбуян, өмгөөлөгч Л.Батцэцэг нарыг оролцуулан хийж, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 29 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 36 дугаар магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор Д.Баянтөгсийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Засаг дарга, тус аймгийн Цогт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Д.Баянтөгс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн Б/84 дугаар аймгийн Засаг даргын захирамжаар Цогт сумын Засаг даргаар томилогдож ажиллах хугацаандаа ажилдаа хариуцлага алдаж, ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй. Гэвч Цогт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 65 дугаар тогтоолыг үндэслэн 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Б/26 дугаар Засаг даргын захирамжаар ажлаас хууль бусаар чөлөөлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2014 онд аймгийн Засаг даргатай үр дүнгийн гэрээ байгуулж хангалттай гэсэн үнэлгээтэй дүгнүүлж байсан. Иймд Д.Баянтөгс намайг хууль бусаар ажлаас чөлөөлсөн Говь-Алтай аймгийн Цогт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 13 дугаар хуралдааны “Засаг даргыг огцруулах тухай”’ 65 дугаар тогтоол, Говь-Алтай аймгийн Засаг даргын 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Б/26 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгож тус аймгийн Цогт сумын Засаг даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Говь-Алтай аймгийн Цогт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Насанбуян шүүхэд гаргасан тайлбартаа: Сумын Засаг дарга Д.Баянтөгс нь өөрийн нөхөр С.Чулуунбаатарыг Засаг даргын Тамгын Газрын жолоочоор ажилд авахгүй бол чамайг ажлаас хална гэж Засаг даргын Тамгын Газрын дарга Б.Баярбаатарт зүй бусаар нөлөөлж, шийдвэр гаргуулсныг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд Засаг даргын тамгын газрын 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 02/85 тоотоор мэдэгдсэн.

Мөн 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдөр болсон багийн баяр наадамд түрүүлсэн бөхөд түүний эцэгтэй үгсэн хуйвалдаж сумын цол олгосон. Өөрийн худ сумын Засаг даргын орлогч Ц.Баатарыг төрийн захиргааны албан тушаалаас тэтгэвэрт гаргаж, төрийн албан хаагчид олгодог тэтгэмж авахуулахын тулд Дотоод ажил шийдвэрийн биелэлт хариуцсан түшмэлээр ажиллуулсан. Өөрийн худ Засаг даргын орлогч Ц.Баатар, ня-бо Л.Оюунзул нартай хуйвалдаж сумын 90-н жилийн ойн хандиваас 7,500,000 төгрөгийг төрсөн дүү Мөнхбатын эхнэр Нямсүрэнгийн дансанд ойн киноны мөнгө нэрээр зориулалт бусаар шилжүүлсэн. Сумын халуун ус засварлахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу тендер зарлаж гүйцэтгэгчээ шалгаруулаагүй зэрэг албан үүргээ хангалтгүй биелүүлсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ. 

Хариуцагч Говь-Алтай аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Баасандаш шүүхэд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1 дэх заалтын дагуу 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 38, 40 дүгээр Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор хуралдаанд бэлтгэх ажлын хэсэг, хуралдаанаар хэлэлцэх ажлын төлөвлөгөөг баталж, хуралдаанаар хэлэлцэх асуудлыг Тэргүүлэгчдийн хурлаар урьдчилан хэлэлцсэн байх хуулийн шаардлага хангасан. Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас аймгийн Засаг даргад санал ирүүлсэн, аймгийн Засаг дарга ирүүлсэн санал, хурлын саналыг ханган шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 29 дүгээр шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6, 32.2, 32.3, 29 дүгээр зүйлийн 29.2-т заасныг баримтлан Говь-Алтай аймгийн Цогт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 13 дугаар хуралдааны “Засаг даргыг огцруулах тухай”’ 65 дугаар тогтоол, Говь-Алтай аймгийн Засаг даргын 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Б/26 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгож тус аймгийн Цогт сумын Засаг даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах тухай Д.Баянтөгсийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд 2016 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 36 дугаар магадлалаар: Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 29 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүх нь хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлаж үзэлгүйгээр хэт нэг талыг барьж үндэслэлгүйгээр шийдвэрлэсэн гэж үзэж байна. Цогт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 65 дугаар тогтоол нь нэхэмжлэгч Д.Баянтөгсийн хувийн эрхэнд халдсан, мөрдөн шалгасан, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3, 32.6, 32.7-д заасанд нийцээгүй.

Д.Баянтөгсийг зөрчил гаргасан, хууль зөрчсөн гэж үзэж байгаа бол хурал бүрэн эрхийнхээ хүрээнд асуулга тавьж үндэслэл бүхий хариулт авах, буруу зөвийг хэлэлцэж шийдвэрлэх боломжтой байсан. Гэтэл шууд улс төржиж нэг намын үзэл бодлоор нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхэнд халдаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа Д.Баянтөгсийг ажлаас нь халах болсон үндэслэлүүдээр цагдаад өгч эрүүгийн хэрэг үүсгэж шалгуулсан боловч хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Мөн хавтаст хэргийн 24 дүгээр хуудсанд байгаа баримтад хурлын төлөөлөгч нар “гарын үсэг зураагүй, хуурамчаар нөхөж хийсэн байна” гэж ярьж байгаа тул үүнийг тогтоох шаардлагатай байна. Д.Баянтөгсийг буруутгаад байгаа үндэслэлүүд нь бүгд хийсэн эзэнтэй. 7 сая 500 мянган төгрөг шилжүүлсэн баримтад Д.Баянтөгс гарын үсэг зураагүй. Мөн хуурамч захирамж гаргасан гэх боловч үүнийг хүчингүй болгосон эрх зүйн акт байхгүй. Мөн сумын Засаг дарга бөхөд сумын цол олгох бүрэн эрхтэй тул ямар нэгэн хууль зөрчөөгүй. Түүнчлэн С.Чулуунбаатарыг тамгын газарт жолоочоор ажилд авсанд Д.Баянтөгс нөлөөлсөн гэх зүйл огт байхгүй. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.  

ХЯНАВАЛ: 

Анхан болон давж заалдах шатны шүүхээс хуулийг зөв тайлбарлан хэрэглэж,  нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Д.Баянтөгсөөс Говь-Алтай аймгийн Цогт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 65 дугаар тогтоол, аймгийн Засаг даргад холбогдуулан 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн б/26 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Д.Баянтөгс нь Говь-Алтай аймгийн Цогт сумын Засаг даргаар ажиллаж байсан бөгөөд түүнийг Засаг даргын албан тушаалаас огцруулсан үйл баримттай холбогдуулан “хууль зөрчөөгүй, ажилдаа хариуцлагагүй хандаж байгаагүй” гэж маргаж байна.

Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.12-т зааснаар сумын Засаг даргын албан тушаал нь улс төрийн албан тушаалд хамаардаг бөгөөд мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т “улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг хуулиар тогтоох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдөнө” гэж зааснаас үзэхэд улс төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг төрийн бусад захиргааны, тусгай, үйлчилгээний албан тушаалаас тусад нь зааглан үзэж, хуулиар нарийвчлан зохицуулахаар заасан байх тул нэхэмжлэгчийг албан тушаалаас огцруулах асуудал нь улс төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг нарийвчлан зохицуулсан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар зохицуулагдах харилцаа юм.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6 дахь хэсэгт зааснаар Хурлын төлөөлөгчдийн олонхийн саналаар сумын Засаг даргыг огцруулах эсэхийг шийдвэрлэхээр зохицуулжээ.  

Хууль тогтоогчоос ийнхүү зохицуулахдаа иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд ямар тохиолдолд Засаг даргыг огцруулах эрхтэй болохыг нэрлэн зааж хязгаарлаагүй, зөвхөн Засаг даргад итгэл хүлээлгэх эсэхээ өөрсдөө шийдэх эрхийг иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нээлттэй үлдээж, хуулийг баталсан байна. 

Иймээс нэхэмжлэгчийн “хууль зөрчөөгүй” гэх тайлбар нь маргааны үйл баримтад шууд хамааралгүй, сонгогддог болон сонгуулийн үр дүнд томилогддог төрийн улс төрийн албан хаагчийн хөдөлмөрлөх эрхэд хамааралтай учир  нэхэмжлэгчийг огцруулах үндэслэл болон хууль зөрчсөн эсэхийг шүүхээс шалгах, түүнд эрх зүйн дүгнэлт хийх хууль зүйн боломжгүй.

Харин захиргааны шүүхээс сумын Засаг даргыг огцруулах тогтоол, захирамж гаргах ажиллагаа хуулийн дагуу явагдсан эсэх буюу Хурлын төлөөлөгч нарын олонх хуралд оролцсон эсэх, олонхийн саналаар шийдсэн эсэх, хурлын бэлтгэл хангах ажиллагаа журмын дагуу явагдсан эсэхийг хянах эрхтэй байна.

Цогт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэр бүхий 7 төлөөлөгчөөс Сумын Засаг даргад итгэл хүлээлгэх эсэхийг хэлэлцүүлэх талаар 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Хурлын даргад өргөн мэдүүлсэн, уг асуудлыг хэлэлцэх асуудлын дараалалд оруулж, олонхийн саналаар сумын Засаг даргыг огцруулах болсон нь хэрэгт авагдсан Төлөөлөгчдийн урилга тараасан зар, 2015 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн Хэлэлцэх асуудлын төлөвлөгөө, хуралдааны тэмдэглэл, гэрчийн мэдүүлэг зэрэг баримтаар тогтоогдсон, энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүх зөв дүгнэлт хийжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “хэрэгт хамааралтай нотлох баримтыг нотариатын үйл ажиллагаа явуулах эрхгүй этгээд баталсан” гэх гомдол хууль зүйн үндэслэлгүй бөгөөд нотариатын баталсан баримт дээрх мэдээлэл хуурамч, бодит байдалд нийцээгүй гэдэг нь хэрэгт авагдсан үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрчийн мэдүүлгээр тогтоогдохгүй байна.

“Холбогдох тооцоо судалгаа хавсаргаагүй” гэх гомдлын тухайд Засаг даргыг огцруулах тухай асуудал нь иргэдийн Хурлын Төлөөлөгчдийн эрх хэмжээний асуудал бөгөөд энэхүү эрхийн хүрээнд Иргэдийн хурлаас тооцоо судалгаа заавал хийсэн байхыг шүүхээс шаардах боломжгүй юм. Өөрөөр хэлбэл хурлаар хэлэлцэх асуудал нэг хоногийн өмнө хурлын төлөөлөгч нарт тараагдсан, Хурлын төлөөлөгч нар мэдээлэл авах эрхээр хангагдсан, шийдвэр гаргахад шаардлагатай тооцоо, судалгаа байгаа талаар Засаг даргыг огцруулах шийдвэр гаргах эрх бүхий этгээдээс маргаагүй тул дээрх гомдол үндэслэлгүй.

Нэхэмжлэгчийн “Хурлын тэмдэглэлийг нөхөж бичсэн, хурал албан ёсоор хаагаагүй, гар өргөж батлаагүй” гэх тайлбарын тухайд Иргэдийн хурлаас Засаг даргад итгэл хүлээлгээгүй, олонхийн саналаар огцруулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, нэхэмжлэгч талаас олонхийн санал авсан үйл баримтыг няцаагаагүй тул дээрх тайлбар нь хэргийн шийдэлд шууд нөлөөлөхөөргүй, ач холбогдолгүй байна.

Дээрх үндэслэлүүдээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.  

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 29 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 36 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                                М.БАТСУУРЬ

 ШҮҮГЧ                                                                                         П.СОЁЛ-ЭРДЭНЭ