Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 269

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,

Улсын Э.Энхбат

Шүүгдэгч А.Т, Е.М, тэдгээрийн өмгөөлөгч А.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт А Т, Б овогт Е М нарт холбогдох 1908000490145 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:   

Монгол Улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар:      

Шүүгдэгч А.Т, Е.М нар нь 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө 04 цагийн үед иргэн Б.Пын эрх чөлөөнд халдаж явуулахгүй байснаас шалтгаалж хохирогч Б.С-тай марган улмаар бүлэглэн зодож, Б.С-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:   

 

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлон баримтуудыг шинжлэн судлахад :  

Шүүгдэгч А.Т, Е.М нар нь 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө 04 цагийн үед иргэн Б.П-ын эрх чөлөөнд халдаж явуулахгүй байснаас шалтгаалж хохирогч Б.С-тай марган улмаар бүлэглэн зодож, Б.С-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:...

- хохирогч Б.С-ын:...2018 оны 12 дугаар сарын 24-ний шөнө 03 цагийн орчим найз П утсаар 1 дүгээр хорооллын 32 дугаар байрны автобусны буудал дээр хүрээд ирээч, хоёр залуу явуулахгүй байна гэхээр нь 32 дугаар байрны өргөтгөлд байрлах зоогийн газарт очсон. П нэг залуутай пиво уугаад П-ыг гаргахгүй хашаад суусан байхаар нь бос гэхэд босохгүй болохоор нь шилэн хүзүүнээс нь татаад босгосон. Нөгөө залуу “гараад ир” гэхээр нь гарахад араас нь хоёр залуу гарч ирээд намайг 32 дугаар байрны аркны болкон руу чирээд нэг залуу нь цээж рүү цохисон ба тонгойход нуруун дээр нэг нь цохиод унагаасан. Унаад нүүрээ хамгаалаад дарсан байхад тал талаас нүүрэн тус газар өшиглөөд байсан. Миний толгой хэсгийн баруун тал хагарсан, цээж хөндүүртэй нүүр хөхөрч хавдсан байсан...гомдол санал байхгүй, хохирлын 500.000 төгрөг хүлээж авсан...гэх мэдүүлэг /хх 13-15, 35/

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 583 дугаартай:... Б.С-ын биед 2 талын нүдний эргэн тойрон болон нүүрний хэсгээр их хэмжээний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, баруун нүдний ухайрхайн дотор хана эхлэгийн хөндий рүү цөмөрсөн хугарал, духанд шарх, зүүн чихний дэлбэнгийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагтийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /хх-30/

- гэрч Б.Пын:... 2018 оны 12 дугаар сарын 23-ны шөнө 02 цагийн орчим найзтай “Рич” нэртэй бааранд үйлчлүүлж байхад үл таних хоёр залуу хоргоогоод байхаар нь баарнаас гараад харих гэтэл манай найз охинтой нэг нь танилцсан хүргэж өгнө гээд явсан. Нэг залуу нь надтай үлдээд Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо 32-ийн автобусны буудал хүртэл дагаж явж байгаад “утсаар яриулаач гэхээр нь утас цэнэггүй байсан учраас “Зоогийн газар” гэсэн нэртэй пабд ороод байж байхад манай найзыг хүргэж өгсөн залуу ороод ирсэн. Би гарах гэхэд явуулахгүй хашиж суугаад байхаар нь С- руу хоёр хүн явуулахгүй байна гэж мессэж бичсэн. Тэгээд удалгүй С- ирж нэгэнтэй нь муудалцаад гараад явсан ба санаа зовоод араас нь гарахад дахиад хоёр залуу ирсэн байсан. Тэр гурав С-ыг баруун тийшээ арк руу аваад явсан ба надтай Соронзонболд гэх залуу үлдээд намайг чирээд байхаар нь орилтол яваад өгсөн...С- зодуулсан байдалтай байсан...гэх мэдүүлэг /хх-17-18, 28/

- гэрч М.Н:... Т бид хоёр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны 32-ийн автобусны буудлын ар талд байрлах Зоогийн газар нэртэй пабын үүдэнд Бороо цагдаагийн сонсогч хувцастай залуутай муудалцаад, С нэг охиныг хоргоосон байдалтай яриад зогсож байсан ба Бороо дээр очоод юу болсон талаар асуухад : дотор сууж байхад энэ сонсогч орж ирээд толгойн дагз руу цохихоор нь гарч ирээд маргаад байж байна гэсэн. Тэнд очоод Бороо тэр залуугийн гэдэс рүү өвдгөөрөө өвдөглөхөд унангуут нь Бороо дээрээс нь хэд хэдэн удаа өшиглөсөн. Т бас хажуунаас нь өшиглөөд байсан. Энэ үед сонсогч залуу доошоо хараад толгойгоо гараараа дараад хэвтсэн... гэх мэдүүлэг /хх-24-25/

- шүүгдэгч А.Т-гийн мөрдөн байцаалтад өгсөн...2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 02 цагийн үед Н бид хоёрыг гэрт ирэхэд М гэрт байхгүй байсан ба утас руу нь залгахад “Зоогийн газар” гэдэг газар байна хүрээд ир гэсэн. Н бид хоёрыг очиход 32 дугаар буудлын автобусны буудлын ард миний төрсөн ах Соронзонболд нэг охинтой юм яриад зогсож байсан. М хажууханд нь нэг сонсогч хувцастай залуутай юм яриад зогсож байсан. Очоод юу болсон талаар асуухад М зоогийн газар сууж байхад сонсогч залуу толгойны ар дагз руу гараараа алгадсан гэж хэлж байсан. М тэр залуутай маргалдаж байгаад гэдэс рүү нь өвдөглөхөд тэр залуу уначихсан. М бид хоёр хоёр талаас нь өшиглөсөн. Тэр залуугийн нүүрнээс нь цус гарчихсан байхаар нь босгочихоод байж байтал цагдаа ирсэн... гэх мэдүүлэг /хх-77-78/

- шүүгдэгч Е.М-гийн мөрдөн байцаалтад өгсөн... 2018 оны 12 дугаар сарын 24-ний 02 цагийн үед одоо хамт амьдарч байгаа хамаатны ах С Цамбагаравт байрлах “Рич” бааранд орсон. Бааранд ороод 2 охинтой танилцаад хамт 1 ширээнд суусан. Ширээнд суугаад хүний 2 шил пиво авч уусан. Тэгээд 4 цагийн үед гарахад 2 охин гэртээ харина гэсэн. Би нэг охиныг нь хүргэж өгөхөөр Цамбагараваас баруун тийш нэг байранд хүргэж өгсөн. Уг охиныг хүргэж өгчихөөд буцаж явж байтал Соронзонболд яриад 32-р байрны “Зоогийн газар” пабд ороод ир гэсэн. Соронзонболд нөгөө охин бид 3 сууж байхад сонсогч хувцастай залуу ирээд миний шилэн хүзүүнээс татаад босоод ир гэсэн. Гадаа Т, Н 2 ирсэн байсан. Би тэр сонсогч хувцастай залуугаас “яаж байгаан” гэж асуухад тэр залуу “яадгийн” гээд маргалдсан. Тэр залууг 32 дугаар байрны буланд авчираад Т цээж рүү нь цохисон, хавираад унагаасан. Унахаар нь би цээжинд нь 2-3 удаа өшиглөсөн. Т бас нүүр толгой руу нь өшиглөсөн...гэх мэдүүлэг /хх-79-81/ болон шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.  

 

Иймд шүүгдэгч А.Т, Е.М нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

Гэмт хэргийн шинж, хохирлын талаархи хууль зүйн дүгнэлт:        

Хэрэгт цугларсан нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан, тус хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, хангалттай гэж үнэлэв.

Нотлох баримын эх сурвалжууд хооронд зөрүүтэй, зөрчилтэй асуудал байхгүй, мөн хохирогч, гэрч нар худал мэдүүлэг өгсөн гэж үзэх үндэслэл, баримт тогтоогдоогүй байх тул тус хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзнэ.

Хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт шүүгдэгч нараас нийт 500.000 төгрөг хүлээн авсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй /х-86/ гэх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт:        

Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоо төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.     

Шүүгдэгч Е.М Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан  шатны шүүхийн 2018.09.28-ны өдрийн 68 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 252 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялыг эдэлж дууссан, харин  шүүгдэгч А.Т өмнө нь Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 281 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар ял оногдуулан нэмж нэгтгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан ял оногдуулж шийдвэрлэв.       

 Бусад асуудал:

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь нар цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.     

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:    

 

1. Шүүгдэгч А.Т, Е.М нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т, Е.М нарыг тус бүр 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар Дорнод аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 281 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтаас “Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А-ийн Тг хорих ял ононгдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж,” гэснийг хүчингүй болгож, шүүгдэгч А.Тд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.     

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6.8 дугаар зүйлийн 2,  6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч А.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцон нийт 50 хоног (1сар 20 хоног)-ийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 09 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялыг 10 сар 20 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.      

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Тгийн эдлэх 10 сар 20 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.    

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Е.М оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

7. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.   

 

8. Шүүгдэгч А.Тг цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн тоолсугай.          

 

9. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

            10. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

            11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч А.Тд авсан цагдан хорих, шүүгдэгч Е.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.        

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Г.ГАНБААТАР