Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 270

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,

Улсын яллагч Б.Дэлгэрмаа,

Хохирогч О.Б,

Шүүгдэгч Д.Э, түүний өмгөөлөгч Л.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар: Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дах заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овогт Д.Э-д холбогдох 1803009430475 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Д.Э нь 2018 оны 11 дүгээр сарын 07-ны 20 цаг 50 минутын үед Hyundai Avante маркийн 44-55 улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1-д заасан “...жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигчид зам тавьж өгнө...” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний гарцаар зөм хөндлөн гарч явсан зорчигч О.Б-ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч Д.Э нь 2018 оны 11 дүгээр сарын 07-ны 20 цаг 50 минутын үед Hyundai Avante маркийн 44-55 улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1-д заасан “...жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигчид зам тавьж өгнө...” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний гарцаар зөм хөндлөн гарч явсан зорчигч О.Бийг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:... 

- мөрдөгчөөс 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зураг, хэмжилтийн бүдүүвч /хх-5-12/,

- хохирогч О.Бийн:... Баянхошууны буудал дээр буугаад, зүүнээс баруун тийш явган хүний гарцаар, зөвшөөрсөн ногоон гэрлээр ганцаараа гарч байтал гэнэт л машин ороод ирээд мөргөсөн, нэг хэсэг ухаан самуурсан, анх би явган хүний гарцаар гарч ирж байхад ерөөсөө машин харагдаагүй, гэнэт л орж ирээд мөргөсөн. Тэгээд гэмтлийн эмнэлэгт 4 хоног хэвтсэн, тэрнээс хойш гэртээ эмчлүүлсэн. Тухайн үед тэнд олон хүмүүс байсан. Ослыг ямар хүн харсныг мэдэхгүй байна. Би ганцаараа гарцаар гарч байсан. Би гомдолтой байна, эрүүл мэндээрээ 100% хохирч байна, би ерөөсөө өвчин тусч үзээгүй. Намайг осолд орсноос хойш манай нөхөр асарч байгаа, нөхрийнхөө өдрийн цалин хөлсийг нэхэмжилнэ... гэх мэдүүлэг /хх-23-24/

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 13419 дугаартай:... О.Бийн биед аарцаг ясны Мальген хэлбэрийн хугарал, духны баруун хэсэг, баруун хөмсөг, зүүн тохойд шарх, дух, хөмсөг, баруун нүдний дээд доод зовхи, баруун шилбэ, зүүн өвдөг, шилбэнд цус хуралт, духны баруун хэсэг, баруун бугуй, сарвуу, зүүн гарын 4, 5-р хуруу, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.15-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой... гэх дүгнэлт /хх-50/

- “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 342 дугаартай:...  Уг автотээврийн хэрэглсийг тоног төхөөрөмж дээр хэмжилт хийж шалгахад урд болон хойд 2 дугуйнуудын тоормосны хүчний зөрүү, баруун зүүн гар талын их гэрлийн тусгалын чадал хол дээрээ, дугуйн хээний гүний хэмжээ зэрэг нь стандартын шаардлага хангаж байна. Баруун болон зүүн гар талын их гэрлийн тусгал ойр дээрээ тохиргоо алдагдаагүй, тусгал хэвийн байна. Урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ, зогсоолын тоормосны ажиллагаа хэвийн байна. Нэг тэнхлэг дээрх дугуйнуудын марк, хэмжээс, хээ ижил байна. Автотээврийн хэрэгслийг өргүүр дээр Stenhoj Микро-20/26 хийн шингэн, тосон хосолмол шахуургатай өргөгч /домкрат/ ашиглан хийхэд: хөдөлгүүр, хурдны хайрцаг, хүч дамжуулах анги, жолооны механизм, явах эд анги, хөдөлгүүр, хурдны хайрцаг бэхэлгээ хэвийн, жолооны удирдлагын дамжуулга, татуурга, өвдгөн тулгуурууд холхио ороогүй, бэхэлгээ нь хэвийн байв. Автомашин нь ерөнхий байдал, иж бүрдлийн хувьд: Урд салхины шил баруун гар талдаа цацарч хагарсан, баруун гар талын гэрлийн бүрхүүл шил хагарсан, урд буфер баруун зүүн гар талын доод хэсэгт хагарсан, хойд буфер баруун гар талдаа хагарч, скочдсон, урд 2 оврын гэрлийн цэнхэр өнгөтэй, ухрах арааны зүүн гар талын гэрлийн ламп асахгүй зэрэг гэмтэлтэй байна. Урд салхины шил баруун гар талдаа цацарч хагарсан, баруун гар талын их гэрлийн бүрхүүл хагарсан, урд буфер баруун зүүн гар талын доод хэсэгт хагарсан, хойд буфер баруун гар талдаа хагарч, скочдсон, урд 2 оврын гэрлийн цэнхэр өнгөтэй, ухрах арааны зүүн гар талын гэрлийн ламп асахгүй зэрэг гэмтэлтэй байна. Урд салхины шил баруун гар талдаа цацарч хагарсан, баруун гар талын их гэрлийн бүрхүүл шил хагарсан зэрэг гэмтлүүд нь тухайн ослын үед үүссэн шинэ гэмтэл байна. Урд буфер баруун зүүн гар талын доод хэсэгт хагарсан, хойд буфер баруун гар талдаа хагарч, скочдсон, урд 2 оврын гэрлийн цэнхэр өнгөтэй, ухрах арааны зүүн гар талын гэрлийн лапм асахгүй зэрэг гэтлүүд нь тухайн зам тээврийн осолд нөлөөлөхгүй. Урд салхины шил баруун гар талдаа цацарч хагарсан, баруун гар талын их гэрлийн бүрхүүл шил хагарсан зэрэг гэмтлүүд нь тухайн ослын үед үүссэн гэмтэл байна. Урд буфер баруун зүүн гар талын доод хэсэгт хагарсан, хойд буфер баруун гар талдаа хагарч скочдсон, урд 2 оврын гэрлийн цэнхэр өнгөтэй, ухрах арааны зүүн гар талын гэрлийн ламп асахгүй зэрэг гэмтлүүд нь тухайн зам тээврийн осолд нөлөөлөхгүй. Уг автотээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгын ABS бүхий тоормосны системтэй. Урд ба хойд 2 дугуйн тоормосны хүчний зөрүү стандартын шаардлага хангасан, мөн тоормосны системийн битүүмж алдагдаагүй, ABS систем хэвийн ажиллагаатай байна...гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-61-66/

- 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн мөрдөгчийн 259 дугаартай:...  “Тоуоta Corolla fiader” маркийн 40-33 улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Д.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1 Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна....гэх магадлагаа /хх-70/,

- шүүгдэгч Д.Эын гэрчээр өгсөн:...Би тухайн үед Эх нялхасын урд талруу байх төв ганданд орой 19 цагт хичээлд суугаад 20 цаг 20  минутанд хичээлд сууж гарч ирээд, хичээл шууд тараад өөрийн Тоёота пилтер маркийн 40-33 УНН улсын дугаартай автомашинаар гэррүүгээ явж байсан. Тухайн үед Баянхошууны замаар 50 орчим км цагийн хурдтай явж байгаад, Баянхошууны тойрог дээр ирээд, гэрлэн дохио дээр зогсоод, ногоон гэрэл асахад нь баруун тийш эргээд ортол явган хүний гарцаар ногоон гэрлээрээ гарч байсан хүнийг санаандгүй машинаараа мөргөсөн. Гэхдээ зорчих хэсгийн 1-р эгнээнд баахан машинууд эгнээд зогсож байсан тул зогсож байсан 2 суудлын автомашины голоос тэр хүн гараад ирсэн. Миний хувьд уулзвараар удаан эргээд орсон. Осол болсны дараа өөрийн утаснаас 102, 103-т залгаж ослын талаар мэдэгдсэн, удаагүй 103 машин ирж эмч тэр хүнийг үзээд гэмтлийн эмнэлэг аваад явсан. Түүний дараа цагдаа нар ирж хэргийн газар үзлэг хийсэн. ...Миний өөрийн автомашин. ..уг машин эвдрэлгүй байсан. ...тухайн үед замын хөдөлгөөн сийрэг, зам эвдрэлгүй, үзэгдэх орчин муу, өөдөөс ирж байсан автомашины гэрэл гялбаад урдах зам муу харагдаж байсан. Цас ороогүй, зам хальтиргаагүй байсан учраас өөрийн утаснаас 102, 103-т залгаж ослын талаар мэдэгдсэн...гэх мэдүүлэг /хх-47/,

- шүүгдэгч Д.Эын: ... тухайн үед би Баянхошууны замаар 50 орчим км цагийн хурдтай явж байгаад, Баянхошууны тойрог дээр ирээд гэрлэн дохио дээр зогссон, ногоон гэрэл асахад нь баруун тийш эргээд ортол явган хүний гарцаар ногоон гэрлээрээ гарч байсан хүнийг санаандгүй машины урд хэсгээрээ мөргөсөн. Тэр үед зорчих хэсгийн 1-р эгнээнд машинууд цуваад зогсож байсан. Тэнд зогсож байсан 2 суудлын автомашины голоос хүн гараад ирсэн, миний хувьд уулзвараар эргэж орж таараад тэр хүнийг мөргөсөн. Би тэр хүнийг анх ойролцоогоор 2 машины голоос гарч ирэхэд ойролцоогоор 2 машины голоос гарч ирэхэд ойролцоогоор 1-ээс 2 метрийн зайд харсан. Би ганцаараа, тэр хүн бас явган гарцаар ганцаараа гарч байсан, тэр хавьд хүмүүс явж байсан, яг харсан хүн байгаа эсэхийг мэдэхгүй байна. Тухайн үед замын хөдөлгөөн сийрэг, зам эвдрэлгүй, үзэгдэх орчин муу, өөдөөс ирж байсан автомашины гэрэл гялбаад урдах зам муу харагдаж байсан, цас ороогүй, зам халтиргаагүй байсан...гэх мэдүүлэг /хх-82/

- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:... хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.   

 

Иймд шүүгдэгч Д.Э-ыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас О.Бийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

            Гэмт хэргийн шинж, хохирлын талаарх хууль зүйн дүгнэлт:       

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг нотолсон баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан байх ба нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй тул хэргийн зүйлчлэл зөв болно.    

Хохирогч О.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт нийт 17.687.211 төгрөг /хх-26-34, 125-148/ нэхэмжилжээ.  

Үүнээс эмнэлэгт эмчлүүлсэн төлбөр, эм тариа, бинзен, MRA зураг авахуулсан, томографи зураг авахуулахад гарсан нийт 1.729.537 төгрөгт холбогдох нотлох баримт /х-26-29/, шүүхийн шатанд 181.674 төгрөгийн эм тарианы зардал /хх-125/ мөн хохирогч нь хөдөлмөрийн чадвар алдалт 69 хувиар 6 сараар тогтоосон байх тул түүний цалин хөлсний тухайд 2018 оны 11 сар 926.000 төгрөг, 2018 оны 12 сар 923.000 төгрөг, 2019 оны 01 сар 926.000 төгрөг, 2019 оны 02 сар 786.065 төгрөг, 2019 оны 03 сар 578.582 төгрөг, 2019 оны 04 сар 584.582 төгрөг, 2019 оны 05 сар 587.582 төгрөг, 2019 оны 06 сар 578.582 төгрөг, 2019 оны 07 сар 572.582 төгрөг, 2019 оны 08 сар 584.582 төгрөг нийт 7.050.557 төгрөг, нийт 8.961.768 төгрөгийн хохирлыг хангаж шийдвэрлэсэн ба шүүгдэгч нь уг хохирлыг төлж барагдуулсан /шүүхийн хэлэлцүүлэгт/ байна.      

Харин хохирогч нь өөрийг нь асрах хугацаанд нөхрийхөө олох байсан орлогыг 4 сараар тооцон нийт 12.000.000 төгрөг нэхэмжилсэн байх боловч орлого, цалин хөлсөд хамаарах үндэслэл бүхий нотлох баримтгүй байх тул хангах боломжгүй, харин хохирогч гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэх бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.         

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт:        

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч иргэнд учруулсан хохирлоо төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.     

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүнчлэн хохирогчоос шүүгдэгчид заавал хорих ял оногдуулахыг хүсэхгүй тухай санал зэргийг харгалзан нэмэгдэл ял хэрэглэн, хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.      

Бусад асуудал:

Шүүгдэгч Д.Эд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ял оногдуулсан тул түүний В ангиллын 425296 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх, 01822958 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй.  

 

Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:   

 

1. Шүүгдэгч Д.Эыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Д.Эыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д зааснаар хохирогчоос гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нэхэмжлэл гаргасан тохиолдолд гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, мөн оршин суух газар, ажлаа өөрчилвөл хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг шүүгдэгчид тус тус хүлээлгэсүгэй. 

 

4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгчид мэдэгдсүгэй. 

 

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, уг хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.  

 

6. Шүүгдэгч Д.Эын В ангиллын 425296 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх, 01822958 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.   

 

7. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

            8. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай. 

 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол  шүүгдэгч Д.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.        

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Г.ГАНБААТАР