Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 209/МА2024/00023

 

 

*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

 

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Байгалмаа даргалж, шүүгч Г.Мягмарсүрэн, Ерөнхий шүүгч Я.Туул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 135/ШШ2024/00210 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******, ******* нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлагатай,

Иргэний хэргийг хариуцагч *******ын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн, 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

Миний бие ******* овогт *******ийн ******* нь Ү******* дугаар үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө багийн харьяа тоот орон сууцыг 2012 оны 4 дүгээр сараас хойш өмчилж байгаа билээ. Намайг Украйн улсад түр сууж байгаад 2015 онд Монголдоо ирэхэд миний дүү ******* овогтой ******* нь эхнэр, хүүхдүүдтэйгээ миний өмчлөлийн байранд сууж байсан тул би 2 хүүхэдтэйгээ байр түрээслэн сууж 9 жил болж байна.

...Сүүлийн үед бүх юмны үнэ өсөөд бидний түрээслэн сууж байгаа байрны 1 сарын төлбөр 600,000 төгрөг болж өссөн тул өрх толгойлсон 2 хүүхэдтэй эмэгтэй надад амьдрахад маш хүнд болсныг учирлан байрандаа ормоор байна гэж удаа дараа дүү *******т хэлсэн боловч миний өмчлөлийн байрыг надад өгөлгүй өдий хүрлээ.

...Иймд *******, ******* нарын миний байрыг дээрэмдэн зарах гэж байгаа хууль бус үйлдлийг таслан зогсоож, хуулийн дагуу зохих арга хэмжээг авч, намайг өөрийн өмчлөлийн байрандаа амьдрах асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч нарын татгалзал, тайлбарын агуулга:

...Бидний хувьд Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө, 17 дугаар баг, 22 дугаар хороолол, тоотод амьдарч байгаад тухайн байрыг суллан, 2023 оны 10 дугаар сард Улаанбаатар Төмөр замын орон сууцны 1 дүгээр ангийн хөрөнгөд бүртгэлтэй технологийн байр болох Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр баг тоотод амьдарч байна. Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө, 17 дугаар баг, 22 дугаар хороолол тоот байрны үндсэн өмчлөгч болох миний төрсөн ах ******* овогтой т тухайн байрыг бид нүүсэн даруйдаа хүлээлгэн өгсөн. Тиймээс *******, ******* бид бол тухайн хэрэгт хариуцагч биш, хариуцагчаа зөв сонгоогүй байна гэж үзэж байгаа тул *******ын 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, бидний оролцоогүйгээр шүүх хурал хийж өгөхийг хүсье гэжээ.

3. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3-т тус тус заасныг баримтлан Дархан-Уул аймаг, Дархан сум, 17 дугаар баг, Өргөө баг, 21 дүгээр хороолол, 15 дугаар байр, тоотод байршилтай 28 м.кв талбайтай, Ү-******* улсын бүртгэлийн дугаартай, 2 өрөө орон сууцыг хариуцагч *******, ******* болон түүний гэр бүлийн хууль бус эзэмшлээс гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч *******аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, ******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгохоор шийдвэрлэжээ.

4. Хариуцагч *******аас давж заалдсан гомдолдоо:

            Миний бие тухайн шүүх хуралд орохдоо холбогдох нотлох баримт материалыг хангалтгүй гаргаж өгснөөс шүүхийн шийдвэр буруу гарсан гэж үзэж байна. Тухайн шүүх хурал дээр нэхэмжлэгч ******* нь Украйн улсад амьдарч байхад нь ах тухайн байрны гэрчилгээнд нэрийг нь оруулсан, хууль бус өмчлөгч гэдгээ хэлсэн. Мөн хууль ёсны өмчлөгч Г.ын албан ёсны зөвшөөрөлгүйгээр үл хөдлөхийн гэрчилгээнд нэрийг нь оруулсан байхад тухайн хүнд байрыг суллаж өгөх шийдвэр гаргасан нь буруу гэж үзэж байна. Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө, 17-р баг, 22-р хороолол 15-р байрны тоот байрны үндсэн өмчлөгч Г.т тухайн байрыг хүлээлгэн өгсөн болно. Миний бие эхнэр, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 4-р баг 10-р байрны тоотод амьдарч байгаа нь үнэн. Тиймээс тухайн шийдвэрийг дахин хянаж үнэн зөвийг тогтоож өгөхийг хүсье гэжээ.
            5. Нэхэмжлэгч *******аас давж заалдсан гомдолд ирүүлсэн хариу тайлбартаа:

...1992 онд манай том ах д Дархан хотын захиргаанаас Дархан сумын өргөө багийн 22 дугаар хорооллын тоот орон сууцыг олгосон байдаг. Ах 2012 онд тус байрнаас нүүж гарах үедээ надад “Би 9 дүүтэй, 3 эрэгтэй дүү маань эхнэр, хүүхэд, орон байртай болж тусдаа гаран ажил төрөл хийгээд амьдралаа залгуулаад явж байна. 4 эмэгтэй дүү маань нөхөр, хүүхэдтэй болж тусдаа гарлаа. Одоогоор Г. та хоёр орон байртай болоогүй тул миний байрыг дундаа өмчлөөд явж бай. Цаашдаа ах, эгч нарт нь орон байрны бэрхшээл гарсан тохиолдолд дундаа хэрэглээд яваарай. Тэгээд ч Г. сэтгэцийн өөрчлөлттэй болсон учраас энэ байрыг авахаараа зарж борлуулаад Солонгос явна ч гэх шиг бодлогогүй юм яриад явна. Г. юм сайн ойлгож, дүгнэх чадваргүй болсон учир хүнд луйвардуулж байраа алдах эрсдэлтэй тул чи хяналт тавиад энэ байрыг дундаа өмчлөөд яв. Бид нар шиг олуулаа улсад байр хэрэгтэй тул энэ байрыг зарж үрж болохгүй шүү” гээд бидэнд бэлэглэсэн юм.

            Иймээс *******, ******* нар энэ байрыг зарж борлуулах, мөнгөний барьцаанд тавих зэргээр өмчирхөж, эзэмшиж ашиглах эрх байхгүй. 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа ******* над дээр ирж уулзахдаа “хүүхдээ гадаад явуулах гээд мөнгөний хэрэгцээтэй болоод эхнэр *******ийн дүү Ю.Отгончимэгээс 50 сая төгрөг зээлээд маргаан бүхий орон сууцанд оруулчихсан” гэж ярьж байсан. Энэ тухайгаа анхан шатны шүүх хуралдаан дээр нотлон хэлж байсан атлаа шүүхийн шийдвэрийг өөрчлүүлэхийг санаархаад явж байгаад нь гутарч байна.

            Миний хувьд Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх шударга шийдвэрлэсэн гэж үзэж байгаа тул *******ын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэжээ

ХЯНАВАЛ:

6. Давж заалдах шатны шүүхээс хариуцагч  *******ын гаргасан давж заалдсан гомдлоор хэргийг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэлээ.

7. Анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй, Иргэний хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэж хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

            Хэргээс судлан үзэхэд:

8. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан Дархан-Уул аймаг, Дархан сум, 17 дугаар баг, Өргөө баг, 21 дүгээр хороолол, 15 дугаар байр, тоотод байршилтай 28 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг *******, ******* нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.

            9. Хариуцагч ******* нь “холбогдох нотлох баримт материалыг хангалтгүй гаргаж өгснөөс шүүхийн шийдвэр буруу гарсан гэж үзэж байна. ...тухайн шийдвэрийг дахин хянаж үнэн зөвийг тогтоож өгөхийг хүсье” гэж давж заалдсан гомдол гаргасан боловч түүний гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасны дагуу хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж буй үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх,  38 дугаар зүйлийн 38.7-т “нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгөх” үүрэгтэй бөгөөд хариуцагч нь хуульд заасан үүргээ биелүүлж холбогдох нотлох баримтыг гаргаж ирүүлээгүй байна.

10. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай 5 дугаар зүйлийн 5.1-т “иргэн, хуулийн этгээд ... эрхийг хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэ.”, Иргэний хуулийн 182.1-т “улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ.”, 183 дугаар зүйлийн 183.1-т “эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно гэжээ.

11. Зохигчийн маргаж буй Дархан-Уул аймаг, Дархан сум, 17 дугаар баг, Өргөө баг, 21 дүгээр хороолол, 15 дугаар байр, тоотод байршилтай 28 м.кв талбайтай, 2 өрөө байрны хууль ёсны өмчлөгч нь Еншэбу овогт *******ийн , ******* овогт *******ийн ******* нар болох нь хэрэгт авагдсан эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байна. /хх-ийн 4/

12. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-т “өмчлөгч нь ... өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй.” гэж хуульчилсны дагуу нэхэмжлэгч ******* нь өөрийн өмчлөлийн орон сууцыг хууль бусаар эзэмшиж буй хариуцагч *******, ******* нараас нэхэмжилж буй нь үндэслэлтэй байна.

Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******ын Дархан-Уул аймаг, Дархан сум, 17 дугаар баг, Өргөө баг, 21 дүгээр хороолол, 15 дугаар байр, тоотод байршилтай 28 м.кв талбайтай, орон сууцыг хариуцагч *******, ******* нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ  нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 135/ШШ2024/00210 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч *******аас давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 4.  Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд Шүүхийн тогтоол тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл  хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.     

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Х.БАЙГАЛМАА                                       

                                   ШҮҮГЧИД                                       Г.МЯГМАРСҮРЭН

                                                                                                 Я.ТУУЛ