Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 209/МА2024/00024

 

*******ын

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Байгалмаа даргалж, шүүгч Г.Мягмарсүрэн, Ерөнхий шүүгч Я.Туул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны  02 дугаар сарын 01-ний өдрийн 135/ШШ2024/00158 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Төрийн албан хаагч *******ыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх хууль бус шийдвэр гаргасан албан тушаалтан *******гээс шүүхийн шийдвэрийн дагуу төрийн сангаас олгосон 21,479,943.96 төгрөгийг гаргуулж, улсын төсөвт оруулах”  тухай нэхэмжлэлийн шаардлагатай,

Иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн, 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

*******-ийн харьяа Дархан-Уул аймаг дахь Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн *******ийн сургуулийн захирал ажилтай ******* нь 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн ******* дугаар тушаалаар тус сургуулийн ахлах нягтлан бодогч *******ыг Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан. ******* нь уг шийдвэрийг эс зөвшөөрч Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 1023 дугаар шийдвэрээр ... ажилгүй байсан хугацааны дундаж цалин, хөлстэй тэнцэх олговор болох цалинд 16,657,785.33 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******ад олгож, 4,524,696 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгож, ...эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийн Нийгмийн даатгалын санд зохих ёсоор шимтгэлийг төвлөрүүлэхийг *******-ийн харьяа Дархан-Уул аймаг дахь Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн *******ийн сургуульд даалгаж, ... шийдвэрлэжээ.

Уг шийдвэрийг нэхэмжлэгч ******* эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдлын дагуу хэргийг Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж, хариуцагч *******-ийн харьяа Дархан-Уул аймаг дахь Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн *******ийн сургуулиас ажилгүй байсан хугацааны дундаж цалин, хөдөлмөрийн гэрээний дагуу нэмэгдэл нийт 19,482.481.59 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******ад олгож, улсын тэмдэгтийн хураамжид 255,362 төгрөг гаргуулж Төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэсэн.

Шүүхийн дээрх шийдвэрт заасныг үндэслэн *******ын ажилгүй байсан хугацааны цалин болох 19,482,481.59 төгрөгөөс 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 3,333,680 төгрөгөөр, 70,200 төгрөгөөр, 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 4,909,353.34 төгрөгөөр, 10,600,000 төгрөгөөр, 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 1,066,710.62 төгрөг, 1,500,000 төгрөгөөр тус тус *******ад нийт 21,479,943.96 төгрөгийг Төрийн сангаар дамжуулан түүний данс руу шилжүүлснээр шүүхийн шийдвэр биелэгдсэн байна.

Дархан-Уул аймаг дахь Төрийн Аудитын газраас прокурорт гаргасан хүсэлтэд “...Шүүхийн шийдвэрээр *******-ийн харьяа Дархан-Уул аймаг дахь Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн *******ийн сургуулиас ажилгүй байсан хугацааны дундаж цалин 16,657,785.33 төгрөг, хөдөлмөрийн гэрээний дагуу нэмэгдэл цалин 2,824,696 3 төгрөг нийт 19.482,481.59 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******ад олгож, мөн улсын тэмдэгтийн хураамжид 255.362 төгрөг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэсэн.

Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт “Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Монгол улсын Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5- д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ" гэж заасан бөгөөд албан тушаалтны хууль бус шийдвэрийн улмаас төрийн сангаас гаргасан мөнгийг нэхэмжилж, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд прокурорт оролцож гэм буруутай этгээдээс гаргуулах талаар шүүхэд нэхэмжлэл гарган, хуульд заасан чиг үүргийнхээ дагуу туслалцаа үзүүлнэ үү. ’’ гэжээ.

Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно”, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт “Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно” гэж тус тус зааснаар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, төрийн байгууллагын хүсэлтээр Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож нэхэмжлэл гаргах нь хууль тогтоомжийн шаардлагад нийцнэ.

Дээрх хууль тогтоомжид зааснаар ******* нь хууль бус шийдвэр гаргасны улмаас төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхээр байх тул гэм хорын хохирол гаргуулахаар прокурорын нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Хариуцагч ******* миний бие *******ын “21,479,943.96 төгрөгийг гаргуулж, улсын төсөвт оруулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Дархан-Уул аймгийн Прокурорын газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Дархан-Уул аймаг дахь Төрийн Аудитын газрын хүсэлтийг үндэслэн Захиргааны Ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-т “Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай этгээдээр буцааж төлүүлнэ.” гэж зааснаар тодорхойлжээ.

Миний бие *******-ийн харьяа Дархан-Уул аймаг дахь Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн *******ийн сургуулийн захирлаар ажиллаж байх хугацаандаа өөрт олгогдсон эрх хэмжээний хүрээнд холбогдох баримтад үндэслэн ахлах нягтлан бодогч *******ыг ажлаас чөлөөлсөн. ******* нь энэ талаар шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлсэн. Уг иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолоор *******ын нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэн болохоос намайг гэм буруутай этгээд гэдгийг тогтоосон гэж үзэхгүй байна.

Мөн *******-ийн данснаас *******ад ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг олгосон нь төрд учирсан хохирол биш, *******-д учирсан хохирол юм. Энэ нь Төрийн аудитын газар, Прокурорын газрын хэн алиных нь нэхэмжлэх асуудал биш гэж үзэж байна.

Захиргааны байгууллага гэж Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т зааснаар нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг нийтийн эрх зүйн этгээдийг ойлгоно. *******ад олговор олгосон байгууллага болох ******* нь захиргааны байгууллага биш тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч *******гээс 21,409,743.96 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулж, 70,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.14-т тус тус заасны дагуу Дархан-Уул аймгийн Прокурорын газар нь хариуцагч *******д холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-т заасныг тус тус баримтлан хариуцагч *******гээс 264,998 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдсан гомдолдоо:

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.02.01-ний өдрийн 135/ШШ2024/00158 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

Шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь хэсгийн 5-т “...*******-ийн харьяа Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн *******ийн сургуулийн 2021, 2022 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын тайлангаар албан тушаалтны хууль бус шийдвэрийн улмаас төрийн сангаас *******ад олгосон мөнгийг нэхэмжилсэн” гэх ба хэрэгт нотлох баримтаар авагдсан “*******- ийн харьяа Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн *******ийн сургуулийн 2021, 2022 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын тайлан”-д “Албан тушаалтны хууль бус шийдвэрийн улмаас төрийн сангаас *******ад олгосон” гэх дүгнэлт байхгүй атал шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг зөрчсөн.

Мөн “Хариуцагч ******* нь *******-ийн харьяа Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн *******ийн сургуулийн захирлаар ажиллаж байхдаа 2019.12.02-ны өдрийн ******* дугаар тушаалаар ахлах нягтлан бодогч *******ыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн үйл баримтыг шүүх 2020.05.01-ний өдөр тогтоосон” гэж дүгнэсэн атлаа тухайн үйл баримт нь Төрийн албаны тухай хуулийн 50.1-т заасныг 2022.07.05-ны өдрийн Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар “Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учирсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ” гэж өөрчилсөн хуулийн үйлчилж эхэлсэн цаг хугацаанд хамаарч байх түл нэхэмжлэл үндэслэлтэй гэж дүгнэсэн нь хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөх хугацааг буруу дүгнэсэн гэж үзэж байна.

...Шүүхээс *******-ийн харьяа Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн *******ийн сургуулийг захиргааны байгууллага эсэх талаар дүгнэлт хийхдээ шүүхийн шийдвэрийн 11-д “Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-д “Үйлчилгээг нь нийтээс заавал хэрэглэдэг төрийн ба холимог өмчийн сургууль, эмнэлэг, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, тээвэр эрчим хүчний зэрэг байгууллагын захиргааг захиргааны байгууллага гэж” тайлбарлажээ. Тухайн байгууллагыг “нийтээс заавал” хэрэглэдэг сургууль гэж үзэж байгаа нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. “Үйлчилгээг нийтээс заавал” хэрэглэдэг төрийн ба холимог өмчийн сургууль гэж Боловсролын ерөнхий хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.5-т “ерөнхий боловсролыг заавал эзэмших” гэж заажээ. Харин *******-ийн харьяа Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн *******ийн сургуулийн үйлчилгээг нийтээс заавал хэрэглэхээр хуульчлаагүй нь тухайн байгууллагыг захиргааны байгууллага биш болохыг нотолж байна. Гэтэл төрийн захиргааны байгууллагад хамаарах заалт буюу Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийг баримтлан *******ад олгосон олговрыг төрд учирсан хохирол гэж үзэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

Шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсгийн 11-т “Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т боловсрол шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, урлаг, спорт зэрэг төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаалыг төрийн үйлчилгээний албан тушаал гэж тус тус зааснаар *******-ийн харьяа Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн *******ийн сургуулийн захирал нь төрийн үйлчилгээний албан тушаалтны ангилалд хамаарч байна” гэжээ. *******-ийн харьяа Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн *******ийн сургуулийн санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын тайлан, дүгнэлт ХХ-91 дүгээр хуудас дээр “...Тус байгууллага нь 100 хувь өөрийн орлогоос санхүүждэг тул төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн хөтөлбөр арга хэмжээ байхгүй болно” гэж тусгасан бөгөөд шүүхээс уг нотлох баримтыг үнэлээгүй, няцаасан үгүйсгэсэн байдлаар ямар нэг үнэлэлт дүгнэлт өгөөгүй хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана” гэснийг зөрчсөн гэж үзэж байна.

Мөн Шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь хэсгийн 11-т “Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т “...Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн тухай хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно” гэж дүгнэсэн атлаа хариуцагч ******* нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа эрх зүйн хувьд алдаатай шийдвэр гаргаж байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан талаар огт дүгнэлт хийгээгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтыг үндэслээгүй нь хуульд нийцээгүй гэж үзэж байна.

Анхан шатны шүүхээс Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д заасныг удирдлага болгон нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн ба дээрх зохицуулалтыг хэрэглэхийн тулд дараах урьдчилсан нөхцөл хангагдсан байхыг шаардана. Үүнд: гэм хор учирсан байх, тухайн гэм хорыг захиргааны байгууллага арилгасан байх, улмаар захиргааны байгууллагад хохирол учирсан байх, тухайн гэм хорыг учруулсан этгээдийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй гэм буруу зэрэг тогтоогдсон байх ёстой. Гэтэл дээрх урьдчилсан нөхцөлүүдээс “Захиргааны байгууллага бусдын учруулсан гэм хорыг арилгаж, улмаар захиргааны байгууллагад хохирол учирсан” гэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлд хавсарган ирүүлсэн банкны шилжүүлгийн баримтаар *******-ийн ХААН банк дахь 5046186687 тоот данснаас *******ад олговор олгосон бөгөөд төрийн сангаас хохирол төлбөр төлөгдөөгүй. *******ад олгосон олговрыг прокурор төрд учирсан хохирол гэж тодорхойлохдоо *******-ийн аль төсвийн, ямар зардлаас гарсан болох, тус байгууллагын төсөвт дээрх үнийн дүнгээр авлага үүсгэсэн эсэхийг тодорхойлох баримтыг шүүхэд гаргаж ирүүлээгүй.

Хариуцагч ******* нь гүйцэтгэж байсан ажил үүргийн хувьд ямар үндэслэлээр, ямар хэмжээгээр хариуцлага хүлээх талаар ажил олгогчтой хэрхэн тохиролцсон нь тодорхойгүй, *******ыг ажлаас чөлөөлсөнд тэрээр гэм буруутай болох нь үндэслэл бүхий баримтаар тогтоогдоогүй байхад энэ талаар огт дүгнэлт хийлгүй нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсгийн зохицуулалт нь гэм буруутай этгээдийн өмнөөс хохирлыг хариуцан арилгасан тухайн байгууллагад хамаарах учир нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Прокурорын газар нь уг заалтыг үндэслэн хариуцагчаас шаардах эрхгүй гэж үзэж байна.

Шүүхийн шийдвэр хоёрдмол агуулгагүй, тодорхой байх ёстой. Анхан шатны шүүхийн шийдвэрийн “ТОГТООХ нь хэсгийн 1-т “...хариуцагч *******гээс 21,409,743.96 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулж” шийдвэрлэсэн нь шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлага, зорилгыг тодруулаагүй, нэхэмжлэгч төр эсвэл хуулийн этгээдийг төлөөлөн нэхэмжлэл гаргасан эсэх нь тодорхойгүй байхад хэргийг шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлээгүй, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, Захиргааны Ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх дахь заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

             5. Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.

ХЯНАВАЛ:

6. Давж заалдах шатны шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн гаргасан давж заалдсан гомдлоор хэргийг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэв.

7. Анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй, Захиргааны ерөнхий хуулийн болон Иргэний хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

Хэргээс судлан үзэхэд:

8. Дархан-Уул аймгийн Төрийн аудитын газраас 2023 он 08 дугаар сарын 29-ний өдөр 245 дугаартай албан бичгээр Дархан-Уул аймгийн Прокурорын газарт хандаж, буруутай этгээдээс 21,479,943.96 төгрөг гаргуулж, улсын төсөвт оруулах нэхэмжлэлийг шүүхэд төлөөлөн гаргахыг хүссэн байна. / 2 х.х-5-6/

*******ын 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 1/1386 дугаартай албан бичгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар ахлах прокурор *******ыг томилж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийг эдлэх итгэмжлэл олгосон бөгөөд Дархан-Уул аймгийн Төрийн аудитын газраас ирүүлсэн хүсэлтийг 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 12 дугаартай прокурорын тогтоолоор хүлээн авч, нэхэмжлэгчийг төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор томилогдсон ахлах прокурор ******* өөрт олгогдсон эрхийн хүрээнд 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ. / 1 х.х-1-7/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т “прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно.” гэж заасан тул прокуророос Төрийн аудитын газраас ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч, шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд нийцсэн гэж үзнэ.

9. Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-т “...үйлчилгээг нь нийтээс заавал хэрэглэдэг төрийн ба холимог өмчийн сургууль, эмнэлэг, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, тээвэр, эрчим хүчний зэрэг байгууллагын захиргааг захиргааны байгууллага” гэж ойлгоно,

 Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т “боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, урлаг, спорт зэрэг төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаалыг төрийн үйлчилгээний албан тушаал” гэж тус тус зааснаар *******-ийн харьяа Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн *******ийн сургууль нь захиргааны байгууллагад, сургуулийн захирал нь төрийн үйлчилгээний албан тушаалтны ангилалд тус тус хамаарч байна.

10. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.2.4-т заасны дагуу төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээр өмчийн оролцоотой аж ахуйн нэгж нь санхүүгийн тайлагналын олон улсын стандартыг дагаж мөрдөх үүрэгтэй бөгөөд Аудитын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1-т заасны дагуу санхүүгийн тайлагналын олон улсын стандартыг дагаж мөрддөг аж ахуйн нэгж, байгууллага нь санхүүгийн тайландаа заавал аудит хийлгэх ёстой.

Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.49-т заасны дагуу төсвийн хөрөнгийг зүй зохистой, үр ашигтай зарцуулах, эрсдэлийн удирдлагаар хангахад чиглэсэн төсвийн дотоод хяналтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх "дотоод аудит” ажиллах ба мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т  заасны дагуу төсвийн ерөнхийлөн захирагч бүр хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, төсвийн хөрөнгө, өр, төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт, шалгалт хийх, үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангахад чиглэсэн дотоод аудитын албыг байгуулж, дотоод аудитор ажиллуулах журамтай.

Гэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.2-т “...гэм буруутай этгээдээр хохирлыг төлүүлэх үүргийг тухайн захиргааны байгууллагын дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж хариуцна”, 103 дугаар зүйлийн 103.3-т “...дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж байхгүй бол гэм буруутай этгээдээр хохирлыг төлүүлэх үүргийг төрийн аудитын байгууллага хариуцна” гэж тус тус заасан тул төрийн аудитын байгууллагын хүсэлтийн дагуу прокурор нэхэмжлэл гаргасан нь хууль зөрчөөгүй байна.

11. Хариуцагч ******* нь Хөдөө аж ахуйн их сургуулийн харьяа Дархан-Уул аймаг дахь Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн *******ийн сургуулийн захирлаар ажиллаж байхдаа 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн ******* дүгээр тушаалаар тус сургуулийн ахлах нягтлан бодогч *******ыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн бөгөөд уг шийдвэрийг ******* нь эс зөвшөөрч Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсанаар тус шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 255 дугаар шийдвэрээр *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, *******ын гаргасан гомдлын дагуу хэргийг хянасан Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 50 дугаартай магадлалаар шийдвэрт өөрчлөлт оруулж, *******ыг Хөдөө аж ахуйн их сургуулийн харьяа Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн Агроэкологи, бизнесийн ахлах нягтлангийн ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин, хөлстэй тэнцэх олговорт хариуцагчаас 3,333,680 төгрөг гаргуулж олгохоор шийдвэрлэсэн.

Улмаар Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 001/ХТ2021/00586 дугаартай тогтоолоор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 50 дугаартай магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн ба шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ. / 1 х.х-202-220/

12. Шүүхийн шийдвэр гарч, хүчин төгөлдөр болсон байхад хариуцагч Хөдөө аж ахуйн их сургуулийн харьяа Дархан-Уул аймаг дахь Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн *******ийн сургууль нь *******ыг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилохгүйгээр тодорхой хугацаа өнгөрсний улмаас тус ажилгүй байсан хугацааны дундаж цалин, хөлстэй тэнцэх олговроо гаргуулахаар ******* нь шүүхэд нэхэмжлэл гаргаж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 1023 дугаартай шийдвэрээр Хөдөө аж ахуйн их сургуулийн харьяа Дархан-Уул аймаг дахь Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн *******ийн сургуулиас ажилгүй байсан хугацааны дундаж цалин, хөлстэй тэнцэх олговорт 16,657,785.33 төгрөг гаргуулж *******ад олгож, 4,524,696 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, *******ын гаргасан гомдлын дагуу хэргийг хянасан Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 209/МА2022/00007 дугаартай магадлалаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Хөдөө аж ахуйн их сургуулийн харьяа Дархан-Уул аймаг дахь Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн *******ийн сургуулиас ажилгүй байсан хугацааны дундаж цалин, хөлстэй тэнцэх олговорт 19,482,481.59 төгрөг гаргуулж,  *******ад олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. / 1 х.х-153-162/

13. Хариуцагч ******* нь Хөдөө аж ахуйн их сургуулийн харьяа Дархан-Уул аймаг дахь Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн *******ийн сургуулийн захирлаар ажиллаж байхдаа 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн ******* дүгээр тушаалаар тус сургуулийн ахлах нягтлан бодогч *******ыг үүрэгт ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчсөн болохыг тогтоож, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон ба энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар нэгэнт тогтоогдсон үйл баримт байх тул “...*******ыг ажлаас чөлөөлсөнд хариуцагч ******* нь гэм буруутай болох нь үндэслэл бүхий баримтаар тогтоогдоогүй” гэж маргаж буй хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй.

Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-т “иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай этгээдээр буцааж төлүүлнэ.”, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-т “...гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй.” гэж тус тус заасан хуульчилсан бөгөөд хариуцагч ******* нь төрийн өмчийн оролцоотой сургуулийн захирлын хувьд Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т заасны дагуу  төрийн үйлчилгээний албан хаагч учир сургуулийн захирлаар ажиллаж байх хугацаандаа аливаа шийдвэр гаргахдаа хууль дээдлэн, сахин биелүүлэх үүрэгтэй бөгөөд тэрээр өөрийн гаргасан хууль бус шийдвэрийн үр дагаварыг хариуцан арилгах үүрэгтэй этгээд мөн байна.

14. Маргааны хамаарах цаг хугацаанд 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/ үйлчилж байсан бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д “төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ.” гэж заасан зохицуулалт үйлчилж байсан.

Хуулийн уг заалтад 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулж, “иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ.” гэж өөрчилжээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 4-т заасны дагуу төрийн өмчийн оролцоотой сургалтын байгууллага нь төрийн байгууллагад хамаарах ба Хөдөө аж ахуйн их сургуулийн харьяа Дархан-Уул аймаг дахь Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн *******ийн сургууль нь Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 293 дугаар тогтоолын дагуу байгуулагдсан төрийн байгууллага мөн тул маргааны хамаарах цаг хугацаанд Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлд орсон өөрчлөлт үйлчилж байсан эсэхээс үл хамаарч, хариуцагч ******* нь өөрийн гаргасан хууль бус шийдвэрийн үр дагаварыг хариуцан арилгах үүрэгтэй этгээд мөн учир Дархан-Уул аймгийн Прокурорын газрын гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

15. Хөдөө аж ахуйн их сургуулийн харьяа Дархан-Уул аймаг дахь Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн *******ийн сургууль нь *******ын ажилгүй байсан хугацааны дундаж цалин, хөлстэй тэнцэх олговорт Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 50 дугаартай магадлалын дагуу 3,333,680 төгрөг,

мөн Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 209/МА2022/00007 дугаартай магадлалын дагуу 19,482,481.59 төгрөг, нийт 22,816,161.59 төгрөг төлөх ёстой бөгөөд Төрийн аудитын байгууллагын хүсэлтийн дагуу нэхэмжлэл гаргасан Прокурорын байгууллага нэхэмжлэлийн шаардлагаа 21,479,943.96 төгрөг гэж тодорхойлсон тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн нь зөв байна.

16. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхээр Хөдөө аж ахуйн их сургуулийн харьяа Дархан-Уул аймаг дахь Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн *******ийн сургууль нь 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 16571693 дугаартай төлбөрийн хүсэлтээр 3,333,680 төгрөгийг, 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 13544630 дугаартай төлбөрийн хүсэлтээр 4,909,353.34 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 14069452 дугаартай төлбөрийн хүсэлтээр 10,600,000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 2332245 дугаартай төлбөрийн хүсэлтээр 1,500,000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 2724004 дугаартай төлбөрийн хүсэлтээр 1,066,710.62 төгрөгийг тус тус шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх журмаар шилжүүлж, нийт 21,409,743.96 төгрөгийг *******ад олгосон байх тул нотлох баримтаар нотлогдоогүй 70,200 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна./ 1 х.х-163-167/

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ  нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 135/ШШ2024/00158 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 264,998 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 4.  Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд Шүүхийн тогтоол тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл  хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.     

   

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Х.БАЙГАЛМАА                                            

                                       ШҮҮГЧ                                         Г.МЯГМАРСҮРЭН

     

                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Я.ТУУЛ