| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төртогтохын Энхмандах |
| Хэргийн индекс | 165/2019/0033/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/32 |
| Огноо | 2019-04-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Нэргүй |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 2019/ШЦТ/32
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,
нарийн бичгийн дарга П.Рэнцэндорж,
улсын яллагч Э.Нэргүй,
шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч Г.Энхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овгийн Б-н Д-д холбогдох эрүүгийн 1917000130021 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 193.. оны 08 дугаар сарын 22-нд Улаанбаатар хот Эх нялхас эмнэлэгт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Илчит тэрэгний техникч мэргэжилтэй, ......... ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын дугаар баг дугаар байрны тоот газар оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй гэх Б овгийн Б-н Д /РД:ЕЙ /
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Б.Д нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3-р баг, 8 дугаар байрны 35 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хөгжлийн бэрхшээлтэй эхнэр А.Д-г 2018 оны 07 дугаар сарын 29-30-ны өдрийн орчим нүүрэн тус газар нь гараараа цохиж, 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр цээж хэсэгт хуванцар саваар цохих, зүүн гуян тус газар өшиглөж, 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр дэгээдэн унагаж, хоолой боох зэргээр байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,
Мөн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Сүмбэр сумын 3 дугаар баг, 8 дугаар байрны 35 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хөгжлийн бэрхшээлтэй эхнэр А.Д-г зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ. Шүүгдэгч Б.Д нь 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 8 дугаар байрны 35 тоот гэртээ хохирогч А.Д-г зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
1.1. Шүүгдэгч Б.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
2018 оны 07 дугаар сарын 29, 30-нд болсон зүйлүүд нь 2017 оны 04 дүгээр сард болсон зүйл. 2017 оны 04 дүгээр сард намайг хардаад байхаар нь би алгадсан. Алгадахад нүдний шилнийх нь тогтоогч нь нүд рүү нь ороод нүд нь хөхөрсөн. 2018 оны 07 дугаар сарын 29-нд би даргынхаа гэрт засвар хийж байсан. 03 дугаар сарын 01-нд манай дарга байр аваад тэрийг нь би засалцаж байсан. 07 дугаар сарын 30-нд би ээлжийн ажилтай байсан. 2017 оны 04 дүгээр сараас хойш Д-д ямар нэгэн байдлаар гар хүрээгүй. Би 2017 оны 04 дүгээр сард баривчлагдаж байсан. Баривчлагдсанаасаа хойш гар хүрээгүй. Д намайг сэтгэл зүйн асар их дарамтад оруулж байсан. Чи намайг нэг цохичихооч эсвэл зайл гээд хэлчихээч тэгвэл би чамайг цагдаад өгнө гэж дарамталж байсан. Зайл гээд хэлчихээч гэхээр нь чи өөрөө мэдэхгүй юу гэсэн чинь хувцсаа аваад машиндаа хийчхээд 30 минутын дараа энэ намайг зайл гээд хөөгөөд байна гээд цагдаа дагуулаад ороод ирсэн. Тэгэхээр нь би энэ намайг зайл нь гээд хэлчих гэхээр нь өөрөө мэдэхгүй юу гэсэн чинь таныг дагуулаад ороод ирлээ гээд би цагдаад хэлсэн. Тэгсэн чинь цагдаа ямар нэгэн зодож цохисон зүйл байхгүй юм байна гээд яваад өгсөн. Тухайн үед 2, 3 удаа цагдаа ирж байсан боловч ямар нэгэн зодсон зүйл байхгүй юм байна гээд явж байсан. Сүүлд Д гаднаас орж ирээд танай өвөө чинь архичин, эмээ чинь сохор би чамайг гал голомтоор чинь самарна гэсэн. Манай өвөө, эмээгийн тухай хаанаас сонссон юм мэдэхгүй. Би тухайн үед хаалгаа нээж өгчихөөд орон дээр сууж байсан чинь чи яагаад хаалгаа нээхгүй байгаа юм бэ хэнтэй байсан гэхээр нь би ганцаараа унтчихсан байна гэсэн чинь л гал голомтоор чинь самарна гэж хэлээд юм барьж ирээд одоо би чамайг ална гээд цохих гэхээр нь хоёр гарыг нь барьсан. Тэгээд хөлөөрөө өшиглөх гэхээр нь хоёр гарыг нь тавьсан чинь бөгсөөрөө унасан. Тэгсэн чинь чи миний биед хүрсэн болохоор цагдаа дуудаж өгнө гэхээр нь би чиний биед хүрээгүй шүү дээ гэсэн чинь чи намайг дэгээдэх гэсэн гээд хаалгаараа гараад гадаа байсан гурван охиноос утас байна уу гэж асуусан. Нөгөө гурван охин утас байхгүй гэсэн чинь эргээд ороод ирсэн. Тэгэхээр нь би чамд ингэж дарамтлуулж чадахгүй гээд би өөрийнхөө утсыг өгөөд цагдаа дуудуулсан. Цагдаа ирэх хооронд чамайг би цагдаад өгч шоронд хийлгэнэ гэж хэлсэн. Тухайн үед би зодож цохисон зүйл байхгүй. 2018 оны 12 дугаар сарын 18-ны үйлдэл нь болохоор мөнгөнөөс болж маргалдсан. Чи 27 нас хүрчихээд мөнгөө зөв зарцуулж чадахгүй байхдаа яадаг юм бэ гэж хэлснээс болоод хэрүүл болсон. Тухайн үед намайг “чи намайг зайл гээд хэлчихээч би чамайг цагдаад өгнө” гэхээр нь “чи өдий 27, 28 нас хүрчихээд надаар үг заалгуулаад байхдаа яадаг юм бэ” гэсэн. Тэгээд удаагүй цагдаа орж ирээд юу болсон гэхээр нь би тухайн үед болсон зүйлийн талаар ярьсан. Цагдаа ороод ирэхээр Д ярьж байсан зүйлээсээ шал өөр зүйл ярьж намайг гүтгэдэг. Тогоо угаагаагүй гэдэг нь бол 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр болсон зүйл. Д-ний ээж нь манай хүүхдийг шээс гэж хэлээд гэрээс юмаа аваад зайл гэхээр нь энэ манай аав ээж хоёрын авч өгсөн байр учраас би энэ гэрээс зайлахгүй гэсэн. Тэгсэн танай аав, ээж хоёр чинь халтар мөнгө олдог биз дээ гэхээр нь би яахаараа халтар мөнгө олдог юм бэ гэхэд би энэ шээсийг чинь тэжээнэ чинь чи зайл гэсэн. Тэр өглөө би 09 цагт ажлаасаа бууж ирсэн. Тэгээд тогоо бохир байхаар нь нөгөө өрөөнд ороод сууж байсан чинь Дөлгөөн плиткний товчлуурыг дарахаар нь унтраачихлаа гэж бодоод жоохон зуур нүдээ амраагаад босоод ирсэн чинь тогоо нь түлэгдээд байхад хүүхдээ усанд оруулаад л байж байсан. Тэгэхээр нь чи яаж байгаа юм бэ гэсэн чинь уурлаад гараад явсан. Тухайн үед чи яаж байгаа юм бэ л гэж хэлсэн. Өмнө нь над руу хутга барьж дайрахаар нь гарыг нь зүсчих байх гээд хутгыг нь авч зүрхлээгүй. Дараа нь гэдсэндээ сэрээ зоохоор нь чи яаж байгаа юм бэ болохгүй шүү дээ хүүхдээ алчихвал яах юм бэ гэхэд чи оройтож ирлээ гэсэн. Миний ажлыг ерөөсөө ойлгодоггүй. Аль болох над руу л дайрч давшлахыг боддог. Сүүлдээ эм бэлдэж тавьчихаад миний нүдэн дээр уугаад араас нь крантны ус уухаар нь чи ингэж болохгүй шүү дээ гэхээр миний бие өвдөөд байна гэсэн. Бие өвдлөө гээд эмийг ингэж олноор нь ууж болохгүй гэхэд би аав дээрээ очмоор байна гэсэн. Тухайн үед аав нь нас барсан байсан. Би амиа хорлочих вий гэж айгаад 2, 3 удаа хутга цонхоороо гаргаж шидэж байсан гэв.
1.2. Шүүгдэгч Б.Д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 19 цагийн үед гэрийн хаалга нүдээд байхаар нь тайлж өгсөн. Тухайн үед би өглөө ажиллаасаа бууж ирээд унтаад өгсөн байсан. Манай эхнэр Д хүүхдийнхээ хамт байсан. Д чи хэнтэйгээ байгаа юм бэ, юу хийгээд байгаа юм бэ, чамайг цагдаад өгнө чи намайг дандаа дарамталдаг гээд над руу дайрсан. Би хаалга онгойлгож өгчихөөд том өрөөнийхөө буйдан дээр сууж байсан чинь Д намайг цохих гээд өөрийнхөө гарт таарсан сандал болон гарт таарсан зүйлээрээ цохих гээд дайрсан. Би өөрийгөө хамгаалаад 2 гарыг нь бариад авсан. Тэгтэл Д хоёр гараа надаас татаж авах гээд арагш чангаасан. Д-ний гар миний гараас мултраад арагшаа болохдоо миний хөлөнд тээгэлдээд бөгсөөрөө гэрийн газар шил хивсэн дээр унасан. Д босч ирээд чи намайг зодлоо, би чамайг зодсон гээд цагдаад өгнө гээд орилоод байсан. Чи намайг яагаад зүгээр байхад цагдаад өгдөг юм бэ гэсэн чинь чи намайг сая түлхэж унагаасан биз дээ гээд байсан. Би чамайг газар түлхэж унагаагүй, чи өөрөө унасан биз дээ гэж хэлсэн. Тухайн үед би Д-г газар унагаая гэсэн санаа бодол байхгүй байсан. Д өөрөө гараа тавиулах гэж байгаад миний хөлөнд тээгэлдээд арагшаа унасан юм. Д би утсаар ярина гээд орц руу гарсан. Орцонд 3 эмэгтэй хүүхэд байсан. Тэр 3 охин нэгж байхгүй гээд утсаа өгөөгүй. Би Д-нд хандаад чи миний утсаар цагдаа дууд гээд өгсөн. Д миний утсаар цагдаа дуудсан. Д эргэж орж ирээд хаалганы хажууд суучихаар нь чи бос гээд өргөсөн чинь Д энэ намайг унагаасан. Одоо зодох гэж байна гээд худлаа хэлээд орилоод байсан. Нөгөө охин нь харин танайд түжигнээд байна ороод байж байна гэсэн. Тэгээд цагдаагийн хүмүүс ирээд Д бид хоёрыг цагдаа дээр авчирсан... гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 дүгээр хуудас/
1.3. Хохирогч А.Д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Манай нөхөр Д 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр ажиллаасаа бууж ирээд гадаа машин халаагаад зогсож байсан. Би тухайн үед нөхрийгөө ажилтай байгаа юм байх гэж бодоод ажил руугаа шууд явсан. Тэгээд орой хүүхэд авах цаг болоод нөхөр лүүгээ залгасан чинь утсаа авахгүй байсан. Тэгээд орой 18 цагийн үед манай нөхрийн ажлын газраас нь залгаад Д-г хуралд суу гэлүү нэг юманд суу гэж хэлсэн. Тэгээд Д-н утас руу залгасан утсаа авахгүй байсан. Тэгээд ажлын газрынх нь хүн Асралт руу залгаад Д-г асуусан чинь Сайншанд руу ажлаар явсан гэж хэлсэн. Хэн явуулсан юм гэсэн чинь зааварлагч явуулсан гэж хэлсэн. Тэгээд зааварлагч Г руу залгаад та манай нөхрийг Сайншанд руу явуулсан юм уу гэсэн чинь үгүй ээ би явуулаагүй, би Д-тай утсаар ярья гэсэн. Тэгээд байж байтал Д над руу залгаад чи муу яах гээд зааварлагч руу залгаад байгаа юм бэ, чамайг ална шүү гэсэн. ТБ центрт байна гэхээр нь би очоод машинаа авъя гэсэн чинь яах гээд байгаа юм бэ гээд утсаа салгаад дахиж аваагүй. Тэгээд тэр шөнөдөө гэртээ ирж хоноогүй. Маргааш орой 20 цагийн үед Доржням гэртээ ирсэн. Тухайн үед би хүүтэйгээ хамт том өрөөндөө буйдан дээр унтаж байсан. Тэгтэл Д чи нөгөө өрөөндөө орж унт, би наана чинь унтана гээд хашгираад байсан. Тэгтэл Д-н ээж нь над руу залгаад наад нэг юм чинь ирсэн юм уу гэхээр нь ирсэн гэсэн. Ээж нь намайг Д маргааш ажилтай юм уу гэхээр нь би мэдэхгүй гэсэн чинь намайг хажуудах хүнээ мэдэхгүй тэнэг юм уу, эргүү юм уу гээд загнаад байсан. Тухайн үед Д 00-н өрөөнд орсон байсан. Д 00-н өрөөнөөс гарч ирээд ээжтэйгээ утсаар яриад энэ нэг юм чинь зааварлагч руу залгаад тэнэгтээд эргүүтээд байна гэж хэлж байсан. Өөрийгөө хаашаа яваад ирсэн талаар ээждээ болон надад хэлээгүй. Тухайн үед миний уур хүрээд Д руу хашгираад баахан загнасан. Тэгээд сална, барина дээрээ тулаад баахан маргалдсан. Тэгээд сүүлдээ гайгүй болцгоосон. Тусдаа амьдрахаар болсон. Тэгээд би Улаанбаатар хот руу өөрийнхөө машиныг нэр дээрээ шилжүүлэхээр явсан. Тэгээд 2019 оны 01 дүгээр сарын 15-ны орой хүүхдээ цэцэрлэгээс аваад ажил дээрээ байж байгаад гэртээ ирээд түлхүүрээр хаалгаа нээх гэсэн хаалгаа дотор талаасаа түгжсэн байсан. Тэгэхээр нь хаалгаа нүдсэн чинь тайлахгүй байсан. Тэгээд 10-15 минут хаалгаа нүдсэн. Мөн Д-н утас руу залгасан. Тэгээд Д нилээн байж байгаад хаалгаа нээсэн. Би Д-д чи яахаараа хаалгаа тайлдаггүй юм бэ гээд уурласан. Тэгсэн Д чамайг гуйж байлгаагүй шүү, чи зайлаарай гээд хөөсөн. Тэгээд бид хоёр маргалдсан. Манай хүүхэд хажууд уйлаад байсан. Тэгээд том өрөөнд байж байтал Д ээж рүүгээ залгаад энэ нэг юм ирээд лай болоод байхын гай чинь гэж хэлсэн. Тэгсэн ээж нь утасны цаанаас наад нэг юмтайгаа юугаа хийгээд хэрэлдээд байгаа юм бэ, наадахаа хөөгөөд гарга гэж хэлж байгаа нь сонсогдож байсан. Тэгэхээр нь би гомдоод нөхрийгөө цохих гэсэн өөрийгөө хамгаалаад миний гарыг бариад авсан. Тэгээд намайг хөлөөрөө дэгээдээд газар унагаад хөлөн дээр гишгээд байсан. Тэгээд босоод ирсэн чинь миний хоолойг хувцасны захаар боогоод чи манайхаас зайл гээд хаалгаар түлхээд гаргасан. Тэгтэл орцонд 3 эмэгтэй хүүхэд байж таараад намайг дагаад буцаад гэрт орсон. Тэр эмэгтэй хүүхдийн нэг нь та одоо энэ эгчийг дандаа дээрэлхэж байх юм аа, та 1-р байранд байхдаа хүртэл дэрэлхээд байдаг байсан биздээ гээд байсан. Би тэр 3 эмэгтэй хүүхдийг танихгүй юм байна лээ. Урьд нь нэг охиныг зүс харж байсан юм байна лээ. Тухайн үед миний утаснаас Д өөрийнхөө сим картыг салгаад авсан байсан юм. Тэгтэл тэнд байсан хүүхдүүдийн нэг нь Д-д хандаад та утсаа өгөөд цагдаа дуудуулаач гэсэн. Тэгээд Д-н утсыг аваад цагдаа дуудсан. Цагдаа удаагүй орж ирээд Д бид хоёрыг цагдаа дээр авчирсан.
..Тухайн үед Д намайг буйдан ру түлхсэн. Буйдан дээр бөгсөөрөө суугаад арагшаа биеэрээ хүчтэй цохигдсон. Мөн намайг дэгээдээд газар шалан дээр бөгсөөр унагаасан. Би бөгсөөрөө шалан дээр хүчтэй унасан. Мөн миний хувцасны захаар боогоод намайг хаалгаар түлхээд гаргасан. Өөрөөр намайг цохиж зодсон зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/
Д намайг албаар дэгээдэж унагаасан. Би хөлд нь тээгэлдэж унаагүй.
...Гомдолтой байна. Нэхэмжлэх зүйл гэвэл цаашид толгойны томографикийн зураг авахуулмаар байна. Толгой байнга өвдөж байна. Д-р эмчилгээнд цаашид гарах зардлыг гаргуулах хүсэлтэй байна. Надад эмчилгээний баримт байхгүй. Эмчилгээнд хэдэн төгрөг гарахыг мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/
1.4. Гэрч Д.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
Д манай үеэл дүү Д-ний нөхөр байгаа юм. Д-г зодсон асуудлаар шалгагдаж байгаа гэж мэдсэн. Д нь Д-ийг урд нь 2018 оны 07 дугаар сард зодоод нүдийг нь хөхрүүлж байсан. Мөн урьд нь Д-нийг зодоод цагдаад баривчлагдаж байсан. 2018 оны 12 дугаар сард тогоо угаасангүй гэсэн шалтгаанаар зодож байсан гэсэн. Тэгээд сая хамгийн сүүлд 1-р сард зодсон асуудлаараа шалгагдаж байгаа гэж мэдсэн. Д надтай арай ойр дотно болохоор надад юм аа нуухгүй ярьдаг. Ер нь бол Д-г олон удаа дээрэлхэж байсан. Тэр болгонд хөндлөнгөөс нь оролцоод байдаггүй. Д Д-г нилээн олон удаа уучилсан. 2018 оны 07 дугаар сар, 2018 оны 12 дугаар сард болсон асуудлаа нуугаад хэлээгүй, дараа нь надад хэлсэн. Энэ асуудлаараа цагдаад ханд гэсэн чинь байнга хандаад байх хэцүү байна гэж хэлж байсан. Д муудалцахаараа Д-нийг гэрээсээ хөөгөөд явуулчихдаг. Бид нарын харж байгаагаар өмгөөлөх хүнгүй гээд дээрэлхээд байдаг юм шиг байна лээ... гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/
1.5. Гэрч Д.Д мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
Энэ хүмүүс өөрсдөө амьдралаа сонгосон. Тийм учраас надад хэлэх үг алга, би мэдүүлэг өгөхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/
1.6. Гэрч Д.Н мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
Би цаг хугацааг нь сайн мэдэхгүй байна. Д надад хэлэхдээ Д зодож цохихдоо дандаа толгой нүүр лүү цохидог гэсэн. Нэг удаа 2018 оны 07 дугаар сард санагдаж байна. Д-ний нэг нүд нь хөхөрсөн байсан. Би яасан талаар нь асуухад Д цохисон гэж байсан. Би цагдаад ханд гэхээр өгцөн гэдэг байсан. Д надаас нуугаад байдаг юм байна лээ. Би Улаанбаатар хотод ажил хийдэг болохоор Чойрт ирэн очин байдаг. Мөн 2016 онд санагдаж байна. Д над руу утсаар яриад ээж намайг Д зодоод байна гэхээр нь гэрт очсон. Д, Д нар хоорондоо хэрэлдсэн байж байсан. Д намайг алгадаад гэрээсээ түлхээд гаргаж байсан. Би их огцом ууртай хүн байна гэж бодож байна. Намайг алгадаж байгаа юм чинь миний охиныг зодох нь ойлгомжтой гэж бодож байна. Тухайн үед би цагдаад хандаагүй. Д-н ээжийг дуудаж уулзаад тухайн үед учраа ололцсон. Би хүүхдүүдийн амьдралд оролцоод яахав гэж бодоод Д-г өөрөө амьдралаа шийд гэж хэлдэг. Д надаас нуугаад нарийн зүйлээ хэлдэггүй. Би ээжээс л энэ талаар сонсдог. Сая ирээд Д-с яасан талаар асуухад Д намайг зодсон, цагдаад өгсөн байгаа гэж хэлж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/
1.7. Гэрч Д.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
Д миний зээ охин байгаа юм. Д Д-д зодуулсан гээд манайхаар зөндөө ирж байсан. Хэзээ зодож байсан цаг хугацааг нь мэдэхгүй байна. Д ямар ч байсан Д-г зодоод гэрээсээ хөөгөөд байдаг гэсэн. Цаг хугацааг нь мэдэхгүй байна. Би өндөр настай хүн учраас буруу зүйл ярьчихна. Одоо мэдүүлэг хэлж өгөхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/
1.8. Гэрч А.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
Би өдрийг нь санахгүй байна. 2018 оны 12 дугаар сард, 2019 оны 01 дүгээр сард дуудлаганд очиж байсан. Д-н эхнэр нь Д-г хэрүүл маргаан хийгээд гэж хэлдэг. 2018 оны 12 дугаар сард дуудлага өгөхөд нь очиход зодож цохисон зүйл байхгүй, намайг гэрээсээ хөөгөөд байна гэж хэлж байсан. Хувцас өгөхгүй байна гэж хэлж байсан. Эхнэрээс нь зодож цохисон зүйл байна уу гэхэд байхгүй гэж байсан. Д тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Тухайн үед цагдаа дээр авчираагүй. 2019 оны 01 дүгээр сард дуудлагад очиход Д-н эхнэр нь энэ намайг зодсон гэж хэлсэн тул хоёуланг нь хамт цагдаа дээр авчираад д/ч Майнбаярт хүлээлгэн өгч байсан.
...Эхнэрийг нь харахад ил харагдах шарх гэмтэл байхгүй байсан. Эхнэр нь нэг хөл муутай юм байна лээ... гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/
1.9. Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 36 дугаартай дүгнэлтэд:
- А.Д-ний биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.
- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
- Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дүгнэлт гаргасан Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Сэргэлэн гэжээ. /хх-ийн 33 дугаар хуудас/
1.10. Шинжээч эмч Б.Сэргэлэн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Бөгсөөрөө унах үед бүх биед жигд доргилт үүсч байгаа учраас тархи доргилт гэмтэл учрах боломжтой... гэх мэдүүлэг /хх-ийн 36 дугаар хуудас/ зэрэг болно.
Говьсүмбэр аймгийн прокурорын газраас шүүгдэгч Боржигин овгийн Б-н Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэрэг нь гэмт хэргийн шинжгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүхээс дүгнэв. Учир нь:
Хохирогч А.Д нь мөрдөн байцаалтын шатанд “...Тухайн үед тогоо угаасангүй гээд миний цээж рүү ундааны хуванцар саваар 1 удаа цохиод хөлөөрөө миний зүүн гуяруу өшиглөсөн. Мөн миний зүүн хөл дээр хөлөөрөө өшиглөсөн. Тухайн үед надад гэмтэл учраагүй. Тухайн үед би юм аа аваад явах гэсэн чинь Д чи өөрөө ганцаараа зайл, хүүхэд үлдээ гэсэн. Тухайн үед би цагдаад хэлээд хүүхдийнхээ юмыг авсан. Би цагдаад хэлэхдээ Д намайг гэрээсээ хөөсөн, би юм аа аваад явах гэсэн миний юмыг өгөхгүй байна гэж хэлсэн.” /хх-ийн 21-22 дугаар хуудас/ гэж мэдүүлдэг боловч тухайн үед дуудлагаар очсон цагдаа болох гэрч А.Эрдэнэхүү мөрдөн байцаалтын шатанд “...2018 оны 12 дугаар сард дуудлага өгөхөд нь очиход зодож цохисон зүйл байхгүй, намайг гэрээсээ хөөгөөд байна гэж хэлж байсан. Хувцас өгөхгүй байна гэж хэлж байсан. Эхнэрээс нь зодож цохисон зүйл байна уу гэхэд байхгүй гэж байсан...” гэх мэдүүлгээр үгүйсгэгдэж байна.
Харин гэрч Д.Э-н мөрдөн байцаалтын шатанд “...2018 оны 12 дугаар сард тогоо угаасангүй гэсэн шалтгаанаар зодож байсан гэсэн...” /хх-ийн 24 дүгээр хуудас/ гэж мэдүүлдэг боловч Д.Э нь уг үйл явдлыг харсан гэрч биш байх тул нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй болно.
Шүүгдэгч Б.Д нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3-р баг, 8 дугаар байрны 35 тоот гэртээ эхнэр А.Д-г 2018 оны 07 дугаар сарын 29-30-ны өдрийн орчим нүүрэн тус газар нь гараараа цохисон үйлдэлд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулан шийдвэрлүүлэх боломжтой байсан байна.
Шүүгдэгч Б.Д-н холбогдсон хэргээс “Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3-р баг, 8 дугаар байрны 35 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хөгжлийн бэрхшээлтэй эхнэр А.Д-г 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр цээж хэсэгт хуванцар саваар цохих, зүүн гуян тус газар өшиглөсөн” гэх үйлдэл нь хавтаст хэрэг цугларсан нотлох баримт болон анхан шатны шүүх хуралдаанаар нотлогдон тогтоогдохгүй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “байнга” гэх шинжийг алдаж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн зарчмыг баримтлан Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй байна.
Мөн гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл ямар тохиолдолд гэмт хэрэг болох талаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан” ...үйлдэл нь байнгын шинжтэй байхаар хуульчилсан бөгөөд дээрх үйлдлийн улмаас ямар нэг хохирол, гэмтэл учирсан байхыг шаардаагүй.
Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэмт хэргийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэдгээр хүндрүүлэн зүйлчлэхдээ уг гэмт хэргийг байнгын шинжтэй үйлдлээр учруулсан нөхцөл байдлыг хамруулан ойлгох нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч Б.Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
ХОЁР. Шүүгдэгч Б.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
2.1. Гэрч Д.Н мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
Би бодож байна. Хүний амьдрал юм чинь нэг удаа энэ хүүхдийг хөнгөн талаас нь шийдэж өгөөч гэж хэлмээр байна. Хүүхэд өнчрөөд үлдэнэ гэж бодож байна. Гол нь хүүхдийг нь бодож байна... гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/
2.2. Гэрч Д.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
Д-г эхнэрээ зодож байсан талаар мэдэхгүй. Д-н хувьд их дөлгөөхөн ааш зантай. Би хамт 5 жил ажиллах хугацаандаа Д-г эхнэрээ зодсон гэж нэг ч удаа сонсож байгаагүй. Хүнтэй зодолдож маргалдаж байхыг нь харж байгаагүй. Энэ талаар надад мэдэх зүйл байхгүй. Эхнэр нь надтай мэнд устай л явж байдаг. Д-н талаар надад юм хэлдэггүй.
...Д-н хувьд их тайван зантай, хүний үг даах чадвартай. Д-г хаяа ажлын шаардлагаар загнаж байдаг. Дараа нь бодож санах зүйл байхгүй инээгээд л явж байдаг. Өөрийнхөө хариуцсан ажлыг сайн хийдэг. Өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь хийдэг. Миний нүдэнд архи уусан харагдаж байгаагүй. Ажлын хүнд нөхцөлд ажилладаг. Хүнд нөхцөлд ажиллаа гээд шантарч няцдаггүй ажил хэрэгч залуу байгаа юм. Миний хувьд муу хэлээд өөлөөд байх зүйл байхгүй. Миний бодлоор Д-н эхнэр нь манай ажлын онцлогийг ойлгохгүй байдаг юм шиг байна лээ... гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/
2.3. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 69 дүгээр хуудас/
2.4. УБТЗ-н Сайншанд татах хэсгийн харьяа Чойр дахь солилцох тасгийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн тодорхойлолт /хх-ийн 71 дүгээр хуудас/
2.5. Шүүгдэгч Б.Д-н хувийн байдлыг тодорхойлсон баримтууд, /хх-ийн 73-77 дугаар хуудас/
2.6. Говьсүмбэр аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 21 дугаартай шийтгэвэр, /хх-ийн 79 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Б.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Иймд шүүгдэгч Б.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-д оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Шүүгдэгч Б.Д нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болно.
Хохирогч А.Д нь цаашид гарах эмчилгээний зардлаа шүүгдэгч Б.Д-с Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б овгийн Б-н Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгосугай.
2. Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Боржигин овгийн Б-н Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
3. Шүүгдэгч Боржигин овгийн Б-н Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
4. Шүүгдэгч Б.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-д оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
6. Шүүгдэгч Б.Д нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
7. Шүүгдэгч Б.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Хохирогч А.Д нь цаашид гарах эмчилгээний зардлаа шүүгдэгч Б.Д-с Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
9. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭНХМАНДАХ