Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 209/МА2024/00025

 

 *******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

 

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж, шүүгч Х.Байгалмаа, шүүгч Г.Мягмарсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 2 дугаар сарын2-ны өдрийн 135/ШШ2024/00161 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******, ******* нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх, үл хөдлөх эд хөрөнгийг албадан буулгуулах” тухай,

Иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2023 оны3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Мягмарсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахимаар/, өмгөөлөгч ******* /цахимаар/, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч ******* /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

... Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багт байрлалтай газарт 2006 онд Саруул худалдааны төвийг миний аавын төрсөн дүү *******ын ******* бариулсан юм. Энэ Саруул худалдааны төвийг барьсан газрыг миний төрсөн эцэг *******ын нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын газрын албанаас өөрийнхөө нэр дээр 2004 онд 534 м.кв газрыг эзэмшихээр авсан. Энэ он жилүүдэд би гэр бүлийнхээ хамт Солонгос улсад ажиллаж амьдарч байсан тул авсан газартаа үйл ажиллагаа явуулах байр сууц барих боломжгүй байсан. Энэ үед аавын төрсөн дүү *******ын ******* энэ газарт чинь барилга барья гэж гуйж аав өөрийн төрсөн дүүдээ үгүй гэж хэлж чадаагүй *******т хоёр давхар байшин барих зориулалттайгаар нэг давхар байшин барихыг зөвшөөрч Солонгос улсаас хүүхдүүд ирээд дээр нь хоёр давхар болгож өргөтгөл хийнэ гэж тохиролцож нэг давхар үйлчилгээний байр барьсан юм. Би Солонгос улсаас ирээд *******ийн бариулсан нэг давхар байрны дээр хоёр давхар болгож өргөтгөл хийлгэх болсон чинь барилгын мэргэжлийн хүмүүс ирж үзээд дээш нь өргөтгөл хийх боломжгүй давхар байрны шаардлага стандарт хангахгүй байна гэсэн. Иймд бид байраа дээш нь давхарлах боломжгүй тул *******ийг аавын нэр дээр байгаа газрыг чөлөөлж өгөх тухай шаардлага тавьсан. Шаардлага тавихдаа "таны барьсан байшин дээш нь хоёр давхар өргөтгөл хийх шаардлага хангахгүй тул та байшингаа буулга тэгээд шинээр хоёр давхар байр барьж үйлчилгээний төв ажиллуулъя, та нэг давхартаа үйл ажиллагаа явуулдгаараа явуул, бид хоёр давхартаа үйл ажиллагаа явуулъя” гэсэн шаардлага тавьсан боловч хүлээн зөвшөөрөөгүй. Миний аав ******* овогтой нь газар эзэмших эрхээ ******* миний нэр дээр шилжүүлсэн. Газар эзэмших гэрчилгээ бичиж өгөхгүй захирамж нь гарсан байна. Газрын гэрчилгээ бичиж өгөхгүй байгаа шалтгаан нь ******* нь эзэмших ёстой газраас илүү газар эзэмшиж хашаа барьсан. Энэ газраа чөлөөлж өгөхийг Газрын алба шаардсан боловч мөн газрыг чөлөөлж өгөхгүй байгаа. ******* нь одоо худалдааны төвын байрандаа үйл ажиллагаа явуулж байгаа. Бид удаа дараа тус газрыг чөлөөлөх талаар хэлсэн боловч одоог хүртэл уг газрыг чөлөөлөхгүй байгаа тул *******ээс газрыг чөлөөлүүлж өгнө үү.

Мөн нэхэмжлэгчээс газар чөлөөлүүлэх үндсэн шаардлагаа нэмэгдүүлж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг, тоот хаягт байрлах худалдаа үйлчилгээний зориулалттай 533м2 газар дээр газар эзэмшигчийн зөвшөөрөлгүй барьсан нэг давхар объектыг буулгуулна.

Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь 2 өмчлөгчтэй тул хамтран хариуцагчаар *******г оролцуулан *******ийн газрыг чөлөөлүүлэх, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг, Минжинхангай , тоотод үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү- дугаартай 257,3 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг албадан буулгуулах гэж өөрчилж байна гэжээ.

2. Хариуцагч *******ийн татгалзал, тайлбарын агуулга:

            ...2005 онд хураагдсан байсан энэ газрыг анх сонсоод ах д очиж хэлсэн. Энд газар хураагдсан байна яах уу гэж хэлсэн. ...би бүх бичиг баримт, техникийн нөхцөлүүдийг нь бүгдийг нь авч өгөөд 240 м2 газар өгсөн. Тэр нь юм баригдахгүй явж байгаад хөрөнгө оруулалтыг нь ах гийнх гаргана гээд би бол мэргэжлийн хүн учраас бригадтайгаа нийлээд хоёулаа үйл ажиллагаа явуулдаг нэг ёсондоо барааны зах шиг газар барихаар төлөвлөж өгсөн юм. Нэг жигүүрийг нь би ажилчдынхаа хөлсөнд аваад нөгөө хоёр жигүүрийг та нар ажиллуул гээд бид хоёр ярилцаж тохироод газраа хөөцөлдөж аваад хийсэн чинь том охин нь Япон улсаас хөрөнгө олж ирнэ гэсэн ч хөрөнгө олж ирээгүй учраас 2008 онд тус газар хураагдах болоод газрын албанд дуудагдсан юм. Үйл ажиллагаа явуулахгүй бол төвийн газруудыг хураана гэж хэлэнгүүт нь тэр хоёр гэрчилгээгээ барьж ирээд төвийн газар хураагдах гэж байна юм барь гэсэн. 5 сард зээл аваад л барилгаа барих ажлаа хийсэн. Хашаа бариад суурь хийгээд эхэлсэн. Тэр таван зуун хэдэн метр квадрат гэдэг чинь биш 293 м2-ийг 2013 оноос 2014 онд би өөрөө хөөцөлдөж байгаад бохирын цооног, ахуйн хэрэглээний юмыг янзлахын тулд өөрөө Нямдаваа дарга дээр орж хөөцөлдөж авсан. Уранбилэгийг байвал би төвийн холболтод оруулчихвал манай энэ талын жигүүрт 6 м2 - 144 м2 талбай илүү сул байгаа юм. Тэрийгээ би бас зохицуулаад яг барилгатайгаа тулгаад өгчихье гээд байхад өөрсдөө юу ч ярихгүй байгаа. Үгүй бол 300 м2-ийг нь ав, үгүй бол барилгаа оролцуулахгүйгээр сул байгаа газрыг та нарт өгье, та нар тэр хэмжээнийхээ юмыг хий, нэг их том барилга барьж чадахгүй. Зохих ёсны үйл ажиллагаа явуулах газрыг би хажуудаа гаргаад өгье гэхэд өөрсдөө ярилцахгүй байгаад байгаа юм. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

3. Хариуцагч *******гийн татгалзал, тайлбарын агуулга:

Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг Минжинхангай , тоотод үйлчилгээний зориулалттай үл хөдөлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү- дугаартай 257,3мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг албадан буулгуулах нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байгаа ба аливаа маргаан байхгүй тул өөрт ногдох хэсгийг буулгахад татгалзах зүйлгүй гэжээ.

4. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3-т  зааснаар *******ийн нэхэмжлэлтэй *******, ******* нарт холбогдох Сэлэнгэ аймаг, Мандал сум, 7 дугаар баг, тоот байршилтай 4303007591 нэгж талбарын дугаартай, 533 м.кв талбайтай,00738327 дугаартай газрын гэрчилгээтэй, худалдаа, үйлчилгээний зориулалттай газрыг *******, ******* нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, Сэлэнгэ аймаг, Мандал сум, 7 дугаар баг, Минжинхангай , тоотод үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, 257.3 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг албадан буулгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч *******гийн зүгээс өөрт ногдох хэсгийг нураахыг зөвшөөрсөн, хариуцагч *******ийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байдлаар хариу тайлбар өгсөн. *******гийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа боловч өөрт ногдох хэсгээ тодорхойлох боломжгүй нөхцөл байдал үүссэн тул тэрээр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхэд *******т холбогдуулан 2015 оны7 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 баг, Минжинхангай , тоотод үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү- дугаартай 257.3 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өөрт ногдох хэсгийг бодитоор эзэмшиж байгаагүй, хариуцагч нь эзэмших боломжоор хангаагүй тул *******ийн хууль бус өмчлөлөөс өөрт ногдох хэсгийг чөлөөлүүлэх, ******* нь тухайн объектод бусдад 5 өрөө түрээслүүлдэг, сарын дундаж түрээсийн орлого 2015-2023 оны хооронд дунджаар 150.000 төгрөг байсан гэж үзэж байгаа ба 2015 оны8 дугаар сараас 2023 оны9 дүгээр сарыг дуустал 8 жил 1 сарын хугацаанд нийт 72.750.000 төгрөг олсон тул дундын өмчлөлийн зүйлийг ашигласнаас олсон үр шим буюу бусдад түрээслүүлсний ашиг болох 36,375,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.

Хариуцагч ******* дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өөрт ногдох хэсгийг тодорхойлсноор нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарын дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжтой байхын сацуу дээрх иргэний хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэнээр шүүхийн шийдвэр бодитоор биелэгдэх боломжтой болох тул Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д “зохигчийн маргаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаарх өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа" гэж заасны дагуу өөр шүүхэд иргэний хэрэг хянан шийдвэрлэгдэж байх тул мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т “Энэ хуулийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш, 65.1.1. 65.1.3-65.1.8. 65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тухай шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэж заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгуулахаар хүсэлт гаргасан боловч шүүхээс 2024 оны2 дугаар сарын2-ны өдрийн 135/ШШ2024/00161 дүгээр шийдвэр гаргасан нь үндэслэлгүй юм. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн шийдвэрлэсэн эсэхээс шалтгаалж дээрх иргэний хэргийн маргаан шийдвэрлэгдэх ба Г.гийн тухайд маргаан бүхий объектын өөрт ногдох хэсгийг албадан буулгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хэсгийг шийдвэрлэх боломжтой юм.

Анхан шатны шүүхийн дүгнэлтэд “...******* нь өөрт оногдох хэсгийг албадан буулгахад надад татгалзах зүйл байхгүй гэх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар өгсөн боловч тухайн барилгын аль хэсгийг өмчилдөг эсэх, түүнтэй холбоотой баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй” талаар дурдсан боловч *******гийн хувьд барилгын аль хэсгийг өмчлөх эрхтэй эсэхээ тогтоолгохоор Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасантай хамааралтайгаар нэхэмжлэгч талаас гаргасан хэргийг хэрэгсэхгүй болгох тухай хүсэлтийг шүүх үндэслэл бүхий байдлаар шийдвэрлээгүй нь шүүхийн шийдвэрт нөлөөлөх хэмжээний үр дагаврыг үүсгэсэн.

Нөгөөтэйгүүр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талд шүүх эрх, үүрэг, нөлөөллийн мэдүүлгийг танилцуулаагүй, хэрэгт авагдсан баримтуудыг бүрэн танилцуулж талуудыг мэтгэлцэх боломжоор хангаж шүүх хуралдааныг явуулаагүй, иргэний хэргийг шийдвэрлэсэн нь процессын хувьд ноцтой алдаа гаргасан гэж үзэж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын гаргасан давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч ******* нь 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр С.Сувдаад өөрийгөө төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох итгэмжлэл олгосон. /1 дүгээр хх-ийн 6/

Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сувдаад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх үүрэг тайлбарлаж, нөлөөллийн мэдүүлэг болон хэргийн материалтай танилцуулах ажиллагааг явуулсан. /1 дүгээр хх-ийн 10-12, 42/

            3. Нэхэмжлэгч ******* нь 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Р.Оюунцэцэгт 1 жилийн хугацаатай, 2021 оны2 дугаар сарын1-ний өдөр Г.Баасансүрэнд 3 жилийн хугацаатай  итгэмжлэл тус тус олгосон. /1 дүгээр хх-ийн 6, 135, 168-169, /

            4. Нэхэмжлэгч ******* нь хууль зүйн туслалцаа авч эрх ашгаа хамгаалуулахаар өмгөөлөгч *******ыг сонгон авах хүсэлт гаргаж, ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчөөр оролцсон байна. /1 дүгээр хх-ийн 167/

            Өмгөөлөгч ******* нь 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон байх боловч нэхэмжлэгчийг бүрэн төлөөлөн оролцох итгэмжлэл олгогдсон эсэх нь тодорхойгүй байна. 

            5. 2 дугаар хавтаст хэргийн  49-51 дугаар талд авагдсан зохигчдод эрх үүрэг тайлбарлах, нөлөөллийн мэдүүлэг танилцуулах баримтад нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын нэрийг бичсэн боловч гарын үсэг зуруулаагүй, “цахимаар оролцов” гэж,  196 дугаар талд авагдсан хэргийн материалтай танилцуулах тухай баримтад “утсаар мэдэгдэв” гэх зэрэг тэмдэглэл үйлдэгдсэн байна.

            6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-д нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг үүсгэсэн шүүгч “зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид шаардлага ба татгалзлаа үндэслэж буй нотлох баримтаа өөрөө гаргаж нотлох үүрэгтэйг танилцуулж, эдлэх эрхийг нь тайлбарлан өгөх ажиллагааг явуулна” гэж заасан.

Дээрх хуулийн зохицуулалтаар хэргийн оролцогчдыг эрх, үүргээ хэрэгжүүлж мэтгэлцэх боломжоор хангахын тулд хуульд заасан зайлшгүй хийгдэх ажиллагааны нэг болох хэргийн оролцогчдод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүрэг, үр дагаврыг тайлбарлан таниулах нь шүүхийн үүрэг байна.

Гэтэл  шүүх хэргийг хүлээн авч /2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр/ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 2 жил шахам хугацаанд явуулсан атлаа нэхэмжлэгч талд эрх үүрэг тайлбарлан таниулж, нөлөөллийн мэдүүлэг болон хэргийн материалтай танилцуулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйл, мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-д заасныг зөрчсөн гэж үзнэ.

7. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгчийн 2022 оны1 дүгээр сарын 24-ний өдрийн 12 дугаартай захирамжаар *******ийн нэхэмжлэлтэй, *******т холбогдох иргэний хэргийг Дархан-Уул аймаг дахь сум дундын  иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж, тус шүүхийн шүүгч т хэрэг хуваарилагдсан байна. /2 дугаар хх-ийн 63-66/

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т “Энэ хуулийн 3.1-д заасны дагуу гаргасан нэхэмжлэл, хүсэлт, гомдлыг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөлгөөнөөс урьдчилан тогтоосон журмын дагуу шүүгчид хуваарилна. Шүүгчдийн зөвлөгөөний тогтоолыг үндэслэн тухайн шатны шүүхийн Ерөнхий шүүгч, танхимын тэргүүн хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг захирамж гарган томилно” гэж,

89 дүгээр зүйлийн 89.1-т “шүүх хуралдааныг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөлгөөнөөс томилогдсон шүүгч даргална.”гэж,

Шүүхийн тухай хуулийн  17 дугаар зүйлийн 17.1.3-т “ерөнхий шүүгч нь хуульд өөрөөр заагаагүй бол шүүх хуралдаан даргалагч болон шүүх бүрэлдэхүүнийг томилсон шийдвэрийг албажуулах ... бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэж тус тус хуульчилсан.

Шүүгч, шүүх хуралдаан даргалагчаар шүүгч ийг томилсон шийдвэрийг албажуулсан ерөнхий шүүгчийн захирамж гаргаагүй, энэ талаар  Иргэн-2014 системд нэвтэрч, тухайн хэргийн мэдээллээс үзэхэд тус хэргийг хянан шийдвэрлэх шүүгчээр шүүгч томилогдож, шүүгч, шүүх хуралдаан даргалагчаар шүүгч ийг томилсон шийдвэрийг албажуулсан талаар мэдээлэл авагдаагүй байна.

Дээрх хуульд зааснаар ...хэргийг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнийг Ерөнхий шүүгчийн захирамжаар баталгаажуулж, тухайн шүүх бүрэлдэхүүн хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх үүрэгтэй бөгөөд хуульд заасан журмын дагуу томилогдоогүй шүүх бүрэлдэхүүнийг “хууль бус” гэж үзэх ба “шүүх хэргийг хууль бус бүрэлдэхүүнээр хянан шийдвэрлэсэн” нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд тооцогдоно.

Иймд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, дээрх алдааг давж заалдах шатны шүүх зөвтгөж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 9. Давж заалдсан гомдолд дурдсанаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож байгаа тул нэхэмжлэгчийн давж заалдсан гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 140,400 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ  нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 2 дугаар сарын2-ны өдрийн 135/ШШ2024/00161 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 140,400 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

   4. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.  

 

        ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Я.ТУУЛ                                                          

                                            ШҮҮГЧИД                                     Х.БАЙГАЛМАА        

                                                                                                         Г.МЯГМАРСҮРЭН