| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 163/2019/0048/Э |
| Дугаар | 57 |
| Огноо | 2019-03-07 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Ц.Гэрэлбаатар |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 57
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,
Нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,
Улсын яллагч Ц.Гэрэлбаатар,
Шүүгдэгч Д.У нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Ц.Гэрэлбаатарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Д.У т холбогдох эрүүгийн 1915000000016 дугаартай, 163/2019/0048/Э индекстэй хэргийг 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1986 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Булган аймгийн Могод суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, малчин, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Булган аймгийн ... оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Ш овогт Д.У.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.У нь /яллах дүгнэлтээр/ 2018 оны 01 дүгээр сард Булган аймгийн ... иргэн Ш.М ын туслах малчнаар ажиллаж байхдаа түүнд итгэмжлэн хариуцуулсан адуунаас 6 тооны адууг завшиж, 3000000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.У өгсөн мэдүүлэгтээ: Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид учруулсан хохирлоо төлж барагдуулсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
1915000000016 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:
Хохирогч Ш.М ын өгсөн: “...Манай туслах малчин Д.У нь миний адуунаас 6 тооны адууг надад хэлэхгүйгээр зарж борлуулсан тухай манай сумын хэсгийн төлөөлөгч надад хэлсэн. Би энэ талаар сонсоод судлахад Д.У нь миний хүрэн азаргатай адуунаас “дугуй дотор хас тамгатай 6 тооны үрээг Баян-Агт . . . иргэн С.Б гэх хүнд зарсан байсан. Би Д.У ыг 2007 оны 08 сард Булган аймгийн Могод сумаас Баян-Агт суманд авчран малчнаа болгосон юм. Би адууныхаа яг нарийн тоог мэдэхгүй байна, ямарч байсан манай малчин Д.У ын ярьж байгаагаар 210 гэж хэлсэн. Харин миний тооцож үзсэнээр 220 орчим тооны адуу байх ёстой гэж бодож байна. Хохирлыг барагдуулчих юм бол гомдол санал байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх 06-07 тал/,
Гэрч С.Б ийн өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын дунд үеэр Баян-Агт сумын . . . гэх газар О ын өвөлжөөний хашаанд адуугаа хашиж байгаад "саран дээр хас тамгатай" хөх бор соёолон үрээ барьж өгч байсан ба би тухайн үрээг 500.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Мөн үүний дараа 2018 оны 01 дүгээр сарын дунд үеэр намайг гэртээ байж байхад Д.У нь хүрэн азаргатай их өтгөн буюу 40-өөс 50 орчим тооны нэг азарга адуу манай гадаа тууж авч ирээд манай малын хашаанд хашиж байгаад "бор саарал зүсмийн хавчиг морь, хүрэн зүсмийн морь, 2 тооны сувай гүү, нэг соёолон үрээ" нийт 6 тооны адуу барьж өгч надад зарсан. Тухайн адуу нь баруун талын гуян дээрээ "саран дээр хас тамга”-тай байсан. Д.У нь “би банкны зээлтэй” гээд надаас малын урьдчилгаа 1.500.000 төгрөг эхлээд авсан дараа нь би адууг нь Эрдэнэт хотын "Ж" мах импекст зарчхаад 1.800.000 мянган төгрөг өгсөн шиг санаж байна. Би Д.У ын адууны талаар мэдэхгүй ээ, Д.У нь М гэх хүний туслах малчин хийдэг юм. ... Тухайн үед Д.У нь “миний өөрийн адуу” гэж хэлээд надад зарсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 11 тал/,
Гэрч Т.С ын өгсөн: “...Тухайн үед буюу 2018 оны 01 дүгээр сард мөнгө их хэрэгтэй байсан ба банкны зээлээ төлөх шаардлагатай байсан юм. Тэгээд нөхөр Д.У нь сумын төв рүү тухайн үед яваад С.Б өөс адууны мөнгө авчихлаа гээд 1.500.00 төгрөг өгсөн бөгөөд банкны зээлд 2.250.000 төгрөг өгч зээлээ хаасан. Тэгээд хөдөө гэртээ очоод байж байтал Д.У нь С.Б д Ш.М ын адуунаас зарсан гэж хэлсэн. Д.У нь ямар зүстэй хэчнээн тооны адуу зарсан тухайгаа хэлээгүй. Мөн энэ талаар Ш.М ад хэлээгүй. ...” гэх мэдүүлэг /хх 12-13 тал/,
Эд зүйлийн үнэлгээний 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн шинжээчийн “...2 тооны хязаалан байдас 1.000.000 төгрөг, 4 тооны хязаалан үрээ 2.000.000 төгрөг, нийт 3.000.000 төгрөг ...” гэх дүгнэлт /хх 17 тал/,
Шүүгдэгч Д.У ын яллагдагчаар өгсөн: “...Би 2018 оны 01-р сарын сүүлчээр санагдаж байна Ш.М ахын хүрэн азаргатай адуу Баян-Агт сумын “Тагийн нуур”-ын урд бэлчиж байсан. Тэгээд би Ш.М ахын адууг орхиод Баян-Агт сумын төв рүү орж ирээд мотоциклдоо бензин аваад явж байгаад бензин колонк дээр адуу худалдаж авдаг ченж Б тэй тааралдсан. Тэгээд би тухайн үед “мөнгөний хэрэг гарлаа, надаас адуу худалдаж авах уу?” гэж Б өөс асуухад Б надад “адуу худалдаж авна” гэж хэлсэн. Тэгээд би мотоциклио сумын төвд орхичхоод Б ийн хар өнгийн жижиг суудлын машинтай “Тагийн нуур”-ны урд бэлчиж байсан Ш.М ахын адуун дээр очсон. Тэнд очоод Б-д Ш.М ын адуунуудыг харуулчихаад Б бид хоёр түүний машинтай нь гэр лүү нь явсан. Тэднийд очиход Б ийн дүү Маамуу тэдний гэрт байсан. Тэгээд би Маамууд Ш.М ахын адуунууд бэлчиж байгаа газрыг зааж өгсөн. Тухайн үед Б болон Маамуу нар зааж өгсөн адуунуудыг Ш.М ахын адуунууд гэдгийг мэдээгүй байсан. Тэгээд наашаа туугаад авчируулахаар болсон. Удаагүй Маамуу Ш.М ахын Хүрэн азаргатай 52 тооны адууг туугаад ирсэн. Ирсэн даруйд нь Б ийн малын хашаанд адуунуудыг шахаж байгаад бор үрээ, хээр үрээ, хүрэн зүсмийн хоёр тооны үрээ, хүрэн байдас, хээр байдас нийлсэн 6 тооны адууг барьж Б-д өгсөн. Ингээд удаагүй би Ш.М ахын үлдсэн азарга адууг туугаад гэр лүүгээ харьсан. Тухайн үед би Ш.М ын адуунаас нэг бүрийг нь 400000 төгрөгөөр бодож Б-д худалдсан. Тэр үедээ би Б өөс адуу худалдсан мөнгийг бэлнээр шууд аваагүй. Адуу худалдсан өдрөөс хойш нэг хоногийн дараа Б над руу залгаад наймааны мөнгө болох 2,400,000 төгрөгийг миний данс руу хийсэн болохыг хэлсэн. ...Би Ш.М ахтай аман гэрээгээр малыг нь малладаг юм. Би Ш.М ахаас сард 200000 төгрөгийн цалин авч малыг малладаг. Хавар ноос ноолуур болон төл төллөх цагаар нэмэгдэл цалин авч ажиллах аман гэрээтэйгээр ажилладаг. ...Би Б-д Ш.М ын 6 тооны адууг өөрийнхөө адуу гэж худлаа хэлж зарсан. Өөр ямар нэгэн байдлаар М ахын адуунаас хүнд зарж борлуулж байсан удаагүй. М ахын адуунаас Б-д зарсан талаар өөр хүнд хэлээгүй. Тухайн үед банкны зээлийн мөнгө нэхэгдээд, мөнгө олдохгүй байхаар нь М ахын адуунаас зарчихсан юм. Б өөс 6 адууны мөнгө болох 2.400.00 төгрөгнөөс 2.250.000 төгрөгийг банкны зээлэнд өгч үлдсэн мөнгөөр нь хүнс барааны зүйл аваад тэр үедээ дуусгасан. ...” гэх мэдүүлэг /хх 25-26 тал/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх 01/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 2/, иргэний үнэмлэхний хуулбар /хх 28/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 33/, хохирол төлбөр барагдуулсан баримт /хх 43/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Ш.М , гэрч С.Б , Т.С нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэмт хэргийн улмаас 3000000 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг шууд нотлох баримтуудаар шүүгдэгч Д.У нь 2018 оны 01 дүгээр сард Булган аймгийн Баян-Агт сумын Шарга багийн иргэн Ш.М ын туслах малчнаар ажиллаж байх хугацаандаа түүний адуунаас 6 тооны адууг өөрийн өмчийн адил захиран зарцуулсан үйлдлээрээ бусдын итгэмжлэн хариуцуулсан хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдож, тогтоогдсон байна.
Уг гэмт хэрэг гарсан цаг хугацаа, орон зай, учирсан хор уршгийн талаар өгсөн хохирогч, гэрч нарын мэдүүлэг зөрүүгүй, нотолгооны ач холбогдол бүхий шууд нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт хамаарал бүхий байна.
“Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завших” гэмт хэрэгт аж ахуй нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээд зохих зөвшөөрөл авалгүйгээр уг эд хөрөнгийг хууль бусаар эргэлтэд оруулах, өөртөө авч завших буюу өөрийн өмчийн адил захиран зарцуулсан идэвхтэй үйлдлийг ойлгох бөгөөд энэ шинжээрээ өмчлөх эрхийн бусад гэмт хэргээс ялгагдана.
Өөрөөр хэлбэл хохирогч Ш.М , шүүгдэгч Д.У нарын хооронд туслах малчны гэрээ байгуулагдаж, энэ гэрээний үндсэн дээр Д.У т малыг итгэмжлэн хариуцуулж өгсөн, шүүгдэгч Д.У нь түүний зөвшөөрөлгүйгээр 6 тооны адууг зарж банкны зээлээ төлсөн идэвхтэй үйлдэл нь бусдын итгэмжлэн хариуцуулсан хөрөнгийг завших гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Иймд шүүгдэгч Д.У ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзэв.
Шүүгдэгч Д.У нь өөрийн гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд адууг адуугаар нь өгч, 3000000 төгрөгийг төлсөнөөр хохирогч Ш.М шүүгдэгчтэй эвлэрч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байна.
Шүүгдэгч Д.У т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “... гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн ...” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Д.У ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, гэм хорыг арилгасан болон түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж үзэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Д.У нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт Д.У ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр, шүүгдэгч Д.У ыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Д.У т сануулсугай.
4.Энэ хэрэгт шүүгдэгч Д.У нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.У т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.У т авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД