| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 171/2018/0121/Э |
| Дугаар | 63 |
| Огноо | 2019-03-21 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Ц.Идэрмөнх |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 63
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,
Нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,
Улсын яллагч Ц.Идэрмөнх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Алтан-Уяа,
Шүүгдэгч Л.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Орхон аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Л.М д холбогдох 171/2018/0120/Э индекстэй, эрүүгийн 201714000254 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1976 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Сэлэнгэ аймгийн . . . оршин суух хаягтай, урьд Сэлэнгэ аймаг дахь сум дундын шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 74 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заасныг журамлан эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа Орхон аймаг дахь 437 дугаар нээлттэй хорих ангид ял эдэлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Л.М.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Л.М нь 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Орхон ... оршин суух Ц.М ийн гэрийн цүүг эвдлэн нэвтэрч 39 инчийн хэмжээ “Sharp” загварын зурагтыг хулгайлж 612.412 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.М ын өгсөн: Би нилээн хугацаанд цагдан хоригдсон. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй байж чадна. Хохирлыг төлсөн, иргэний нэхэмжлэгчийн 80000 төгрөгийг төлөхөө илэрхийлж байна гэх мэдүүлэг,
201714000254 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:
Хохирогч Ц.М ийн өгсөн: “...Би 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өглөө 08 цаг өнгөрч байхад гэрээсээ гарахдаа гэрийнхээ хаалгыг даруулга төмөрөөр нь дараад хятад улсад үйлдвэрлэсэн, цагаан өнгийн төмөр цоожоор цоожлоод гарсан. Орой 19 цагийн үед нөхрийн хамтаар гэртээ ирэхэд манай гэрийн хаалганы цоожтой цүүг мулт татаж, хаалганы довжооны урд тавиад ороод гэрийн хойморт байсан 39 инчийн дөрвөлжин суурьтай зурагтыг удирдлагын хамт хулгайд алдагдсан байсан. Манайх уг зурагтыг 2014 оны 7 дугаар сарын 23-нм өдөр “NEXT” дэлгүүрээс 699.900 төгрөгөөр худалдаж авсан. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 18-19 тал/,
Иргэний нэхэмжлэгч Ц.Г ийн өгсөн “...2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Мэнд-Амар худалдааны төвийн зурагт засварын газарт байж байхад гаднаас том зурагт тэвэрчихсэн 50 гаран насны хүн орж ирээд “эмчилгээнд явах гээд мөнгө хэрэгтэй болчихоод байна 80.000 төгрөгөөр зарна” гэсэн. Тэгээд би уг хүний зургийг нь аваад 39 инчийн зурагтыг 80.000 төгрөгөөр тухайн үед худалдаж авсан. …” гэх мэдүүлэг /1хх-ийн 25 тал/
Гэрч Б.В ийн өгсөн: “...Би 2017 оны 04 дүгээр 28-ны өдрийн 06 цаг 30 минутын үед гэрээс гарсан. ...Ингээд орой 19 цагийн үед эхнэрийн хамт гэртээ ирэхэд гэрийн хаалганы цүүг мулт татаж, гэрийн үүдний урд талд тавиад гэрт орж гэрийн хоймор хэсэгт байсан 39 инчийн хар өнгийн хуванцар гадартай, нимгэн ирмэгтэй дөрвөлжин суурьтай “Sharp” маркийн зурагт алга болсон байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 26 тал/,
Гэрч Т.А ын өгсөн: “...Увс аймгийн аялгатай ярьдаг залуу орж ирээд мотоциклийн хөгжим засуулах гээд сууж байхад 39 инчийн Sharp маркын хар өнгийн гадартай зурагтыг хар царайтай, оодгор бор дээлтэй хүн ил бариад явж байсан. Уг зурагтыг зарна гэж байсан. Манай өрөөнд хөгжим засуулж байсан залуу “хэдээр өгөх юм” гэхэд 80.000 төгрөг гэж хэлсэн чинь “би авья” гээд зурагтыг асааж үзсэн чинь асаж байсан. Удирдлага нь агаарын сувгийн удирдлага байсан. Би тэр залууд “удирдлага нь биш байна” гэхэд зурагт зарж байгаа залуу “мөн” гээд зүтгээд байсан. Би тухайн үед худалдан авч байсан залууд нь “чи сайн үзэж аваарай” гэж хэлсэн. ...Зурагт худалдаж авсан залуу нь нөгөө хүний бичиг баримтыг гар утсан дээр зургийг нь дараад байх шиг байсан. Би зурагт худалдаж авсан залуугийн зургийг гар утас дээрээ дарсан. ...Би зургийг цагдаа нарт өгсөн. Би тэр зурагт худалдаж авсан залууд “чи хулгай хийж авсан зурагт авах гээд юм биш үү?” гэж хэлсэн. Зурагт худалдаж байгаа хүнээс “хулгай хийж авсан зурагт юм уу?” гэхэд “үгүй” гээд сандраад байсан. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 28/,
Эд хөрөнгийн үнэлгээний “Т” ХХК-ны 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 17/43 дугаартай шинжээчийн “...зах зээлийн судалгааг Орхон аймгийн цахилгаан барааны дэлгүүрүүдийн ханшийн судалгаагаар харьцуулан тооцоолж 612412 /зургаан зуун арван хоёр мянга дөрвөн зуун арван хоёр/ төгрөг гэж дүгнэж байна . ...” гэх дүгнэлт /1хх-ийн 30-34 тал/,
Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн 52/17 дугаартай:
1. Л.М нь сэтгэцийн хувьд Оюун ухааны хөнгөн хэлбэрийн хомсдол, зан төрх үйлийн эмгэг өөрчлөлттэй, хулгайлахын дон өвчтэй болно.
2. Л.М төрөлхийн оюун ухааны хөнгөн хэлбэрийн хомсдол өвчтэй, бага наснаас эхэлсэн. Зан төрхийн үйлийн эмгэг өөрчлөлттэй. Худлаа ярих, хулгай хийх, дээрэм хийх, сэлгүүцэх донтой, хүний үгэнд оромтгой, үнэнч, хүний юу хий гэснийг хийнэ, даган дууриах дуртай. Хийж байгаа үйлдлээ ухамсарлан ойлгох, мэдэх чадвартай. Хулгай хийх дон хэзээд дахина. Төрөлхийн учир хэзээч бүрэн эдгэрэх боломжгүй.
3. Л.М нь хөнгөн хэлбэрийн хомсдол, зан төрх үйлийн эмгэг өөрчлөлттэй, хулгайлахын дон өвчтэй учир түүнд албадан эмчилгээ хийлгэх шаардлагагүй болно.
4. Л.М нь болж өнгөрсөн үйл явдлын тухай үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. Болж өнгөрсөн үйл явдлыг санах чадвартай бөгөөд өөрийн өгч буй мэдүүлгийнхээ мөн чанарыг ухамсарлан ойлгож, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай.
5. Л.М нь оюун ухааны хөнгөн хэлбэрийн хомсдол, зан төрх үйлийн эмгэг өөрчлөлттэй, хулгайлахын дон өвчтэй боловч ухамсарын хувьд үйлдсэн хэргээ хариуцах чадвартай болно. ...” гэх дүгнэлт /1хх-ийн 96-97 тал/,
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шүүх сэтгэц, эмгэг судлалын шинжээчийн:
1. Л.М нь F 70.1 буюу Оюуны хөнгөн хомсдол, шинж тэмдгийн уналт, таталт сэтгэцийн эмгэгтэй байна.
2. Л.М ын дээрхи эмгэг нь төрөлхийн сэтгэцийн эмгэг болно.
3. Л.М нь хэрэг хариуцах чадвартай байна. ...” гэх 306 тоот дүгнэлт /2хх-ийн 101-105 тал/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /1хх 1/, ялын тооцооны хуудас /1хх- 209/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 10-12/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх 22/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /1хх- 35-36, 43-44, 47-48, 205-206, 2хх-106-107/, шүүх сэтгэц, гэм судлалын магадлагаа /1хх 46/, шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /1хх-ийн 52-58, 61-63 тал/, урьд ял эдэлж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 64 тал/, иргэний үнэмлэхний лавлагаа /1хх-ийн 66 тал/, алдагдсан гэх зурагтны гэрэл зураг /1хх-ийн 81 тал/, хавтаст хэргийн материал танилцуулсан баримт /1хх 82-83, 221-223, 230-232, 2хх-110-111/, шийтгэх тогтоолын хуулбарууд /1хх-ийн 104-111/, хавтаст хэргийн материал танилцуулсан баримт /1хх-ийн 116-117, 221-223/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах болон хөнгөрүүлэх талын дээрхи нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Л.М нь 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Орхон . . . оршин суух Ц.М ийн гэрийн цүүг эвдлэн хууль бусаар нэвтэрч 39 инчийн хэмжээтэй “Sharp” маркын зурагтыг авч захиран зарцуулсан “хулгайлах” гэмт хэргийн хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт, алдагдсан гэх зурагтад үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, гэмт хэргийн улмаас 612412 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон, шүүгдэгч Л.М нь гэм буруугийн талаар маргаагүй байх бөгөөд хохирогч, гэрч нарын мэдүүлэг зөрүүгүй, нотолгооны ач холбогдол бүхий шууд болон шууд бус нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамаарал бүхий байна.
Хулгайлах гэмт хэрэгт бусдын хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүй нууц, далд аргаар, хууль бусаар олж авсан үйлдлийг ойлгох бөгөөд халдлагын зүйлээрээ мал хулгайлах гэмт хэргээс яллгагдах ба уг гэмт хэрэг нь 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр гарсан бөгөөд бусдын орон байранд нэвтэрч үйлдсэн шинжээр нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.
Өөрөөр хэлбэл 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн хулгайлах гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэл өмнөх хуульд зааснаас хүндэрсэн, энэ хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ.
Иймд шүүгдэгч Л.М ыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар орон байранд нэвтэрч бусдын эд зүйлийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Л.М нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол буюу 612412 төгрөгийн үнэлгээ бүхий зурагтыг хохирогчид биет байдлаар /хх-22тал/ хүлээлгэн өгч, иргэний нэхэмжлэгч Ц.Г тод 80000 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн байна.
Шүүгдэгч Л.М д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, шүүгдэгчийн бие, эрүүл мэндийн байдал зэрэг хувийн байдлыг харгалзан хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.
Шүүх шүүгдэгч Л.М ын 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр иргэн Ц.М ийн гэрээс 39 инчийн “Sharp” маркын зурагт хулгайлж 612412 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь шүүхээр ял шийтгүүлсэний дараа илэрсэн боловч энэ гэмт хэргийг өмнөх ял шийтгүүлсэн хэрэгтэй нэгтгэн шалгахад гэмт хэргийн зүйлчлэл өөрчлөгдөхгүй бөгөөд шүүгдэгч Л.М д хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмын дагуу нэгтгэж шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Л.М ын энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ял дээр 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 74 дугаартай шийтгэх тогтоолоор /хх-1-104-106 тал/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан нэг жилийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг тогтоож, түүний эдлэх ялд нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа Орхон аймаг дахь 437 дугаар нээлттэй хорих ангид 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 21-ны өдрийн байдлаар эдэлсэн /хх-1-209тал/ 10 сар, 16 хоногийн ял болон түүний 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр /хх-1-195, 243, хх-2-01, 26-28, 42, 75, 115тал/ хүртэл цагдан хоригдсон 212 хоног буюу нийт 1 жил, 5 сар, 18 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Л.М ыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар орон байранд нэвтэрч бусдын эд зүйлийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1-д заасныг журамлан тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Б.М ыг эд хөрөнгө хураахгүйгээр 1 /нэг/ жил, 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмыг баримтлан шүүгдэгч Б.М д 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1-д заасныг журамлан тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан нэг жил, дөрвөн сарын хугацаагаар хорих ял дээр Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 74 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан нэг жилийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 /хоёр/ жил, 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М д оногдуулсан хоёр жил, дөрвөн сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М ын Орхон аймаг дахь 437 дугаар нээлттэй хорих ангид эдэлсэн 10 /арав/ сар, 16 /арван зургаа/ хоногийн ял болон түний энэ хэрэгт цагдан хоригдсон 212 /хоёр зуун арван хоёр/ хоног буюу нийт 1 /нэг/ жил, 5 /тав/ сар, 18 /арван найм/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М аас 80000 наян мянга/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Ц.Г олгосугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол саналгүй гэснийг тус тус дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шүүгдэгч Л.М д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн Булган аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харъяа Цагдан хорих байранд цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн тоолсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Л.М д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД