| Шүүх | Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбаатар Мягмарсүрэн |
| Хэргийн индекс | 135/2023/01987/и |
| Дугаар | 209/МА2024/00026 |
| Огноо | 2024-04-09 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 209/МА2024/00026
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж, шүүгч Х.Байгалмаа, шүүгч Г.Мягмарсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 135/ШШ2024/00226 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч "*******" ТӨХК-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “Ажилд эгүүлэн тогтоолгох, урьд авч байсан цалинтай тэнцэх олговорт 4,799,229 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, удаан жил ажилласан хугацааны нэмэгдэл 5,980,000 төгрөг гаргуулах” тухай,
Иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Мягмарсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, өмгөөлөгч *******, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Билгүүн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Миний бие ******* нь ажлаас үндэслэлгүй халагдсан талаар нэхэмжлэл гаргаж, Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.01.19-ний өдрийн 135/ШШ2023/00110 дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.03.14-ний өдрийн 209/МА2023/00025 дугаар магадлалаар намайг “*******” ТӨХК-ийн Хөтөлийн шуурхай хэсгийн сахиулын ажилд эгүүлэн тогтоолгосон.
Гэтэл хариуцагч “*******” ТӨХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй явсаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Б/82 дугаар “Ажилд томилох тухай” тушаал гаргасан. Уг тушаалын дагуу 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ажил хүлээлцэхээр очиход сахиулын ажлын хамтаар миний албан тушаалын тодорхойлолтод заагаагүй тогооч, уурын зуухны галчийн ажлыг хамт хүлээж авахыг шаардсан. Би тогоочийг давхар хийж болно, уурын зуух бол ажиллагаа ихтэй, байнга галлах шаардлагатай. Давхар хийх боломжгүй байгаагаа хэлэхэд “Хий л гэвэл хэдэн ч ажил хийх ёстой, үгүй бол явж бай” гэсэн.
Улмаар хариуцагч “*******" ТӨХК-иас 2023 оны 19 дүгээр сарын 18-ны өдөр Б/85 "Ажлаас чөлөөлөх тухай” тушаал гаргаж, мэдэгдлийн хамт шуудангаар явуулсныг би 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч мэдлээ.
Уг тушаалд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20.1.10 “Эрх хэмжээнийхээ асуудлаар хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийг биелүүлэхийн тулд тэдгээрт нийцүүлэн тухайн үйлдвэрийн газрын хэмжээнд дагаж мөрдөх, тушаал, заавар гаргах”, Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4 “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан, мөн хуулийн 80.1.5-д "Ажил олгогчийн мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, эсхүл захиран зарцуулах эрх бүхий ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон” гэсэн үндэслэлээр намайг ажлаас чөлөөлсөн байна.
Миний бие ямар нэгэн зөрчил гаргаагүй атал ийнхүү хууль бусаар ажлаас чөлөөлж, удаа дараа чирэгдүүлж байгаад гомдолтой байна.
Иймд “*******” ТӨХК-ийн Хөтөлийн шуурхай хэсгийн сахиулын ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг гаргаж байна. Ажлаас хууль бусаар чөлөөлөгдсөнтэй холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт өмнөх шүүхийн шийдвэр гарснаас хойш буюу 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс хойш хариуцагч "*******” ТӨХК-ийн шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ажил томилох тухай хэлбэрийн төдий тушаал гаргасан. Улмаар буцаагаад 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдрөө тасалбар болгон хууль бусаар ажлаас чөлөөлсөн.
Иймд өмнөх шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй хугацаа буюу 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл 275 хоногт ногдох 4,216,575 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Б/85 “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал гарснаас хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацааны буюу 38 хоногт ногдох 582,654 төгрөг, нийт 4,799,229 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.
Уг үнийн дүнгээс холбогдох хуульд заасан эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлагыг гаргаж байна гэжээ.
Нэхэмжлэгч нэмэгдүүлсэн шаардлагадаа :
...Нэхэмжлэгч *******ын Хөтөлийн шуурхай хэсгийн сахиулаар ажиллаж байх үеийн сарын үндсэн цалин 460,000 төгрөг бөгөөд 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл /4 жил 4 сар/ хугацаанд олгоогүй удаан жилийн нэмэгдлийг сарын үндсэн цалингийн 25 хуваарь бодож нийт 5,980,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.
2. Хариуцагч байгууллагын татгалзал, нэмэгдүүлсэн шаардлагын тайлбарын агуулга:
*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:
1. Ажилд эгүүлэн тогтоолгох 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Б/82 тоот дугаартай “Ажилд томилох тухай” тушаал гаргасан. Уг тушаалын дагуу 2023 оны 10 дугаар сарын 02-нд ажил хүлээлцэхээр очиход сахиулын ажлын хамтаар миний албан тушаалын тодорхойлолтод заагаагүй тогооч, уурын зуухны галчийн ажлыг хамт хүлээж авахыг шаардсан гэжээ.
Гэтэл Гүйцэтгэх захирлын түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Б/82 тоот дугаартай “Ажилд томилох тухай” тушаалыг биелүүлэхээр мөн өдрийн А/36 тоот тушаалаар томилогдсон ажлын хэсэг 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 10 цагаас 14 цаг 00 минут хүртэл Сэлэнгэ Аймгийн Сайхан сум “*******” ТӨХК-ийн “Хөтөл шуурхай хэсэг”-ийн байранд ажил хүлээлцэхээр ажилласан боловч нэхэмжлэгч ******* ажил хүлээлцэхээр огт ирээгүй, холбогдох гэсэн боловч гар утсаа авахгүй байсан. Уг ажлын хэсэг Дархан-Уул дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Хорих-445 дугаар нээлттэй хорих ангийн шийдвэр гүйцэтгэгч, ахмад Б.Энхмаатай утсаар холбогдож, хариуцагч ******* шүүхийн шийдвэр биелүүлэхгүй байгаа талаар мэдэгдсэн. Энэ нь таймстэйп аплекэйшнээр авсан фото зураг, ажил хүлээлцэх ажлын хэсгийн протоколоор батлагдана. Гэсэн хэдий ч бид шүүхийн шийдвэрийг биелүүлж, *******т “Ажилд томилох тухай”, “Ажлын хэсэг байгуулах тухай” тушаал “Албан ажилдаа ирэх мэдэгдэл” зэргийг “Монгол Шуудан” ХК-аар хүргүүлсэн. *******ыг ажилд томилох тушаал гарсан тул түүний нэрийг цаг ашиглалтын бүртгэлд байршуулж ажилласан цагийг бүртгэж эхэлсэн. Гэтэл ******* хариуцсан ажилдаа огт ирээгүй. Өөрөөр хэлбэл шүүхэд илт худал нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж үзэж байна.
2. Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 4,799,229 төгрөг гаргуулах...., гэжээ.
Манай компани нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон 5,707,367 төгрөгийг 2023 оны 10 дугаар сарын 16-нд төлж бүрэн барагдуулсан. Одоо ямар цалинтай тэнцэх олговор нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ******* ажилдаа огт ирээгүй болно.
3. Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх.... 2023 онд ******* манай компанид огт ажиллаагүй учир цалин бодогдоогүй. Иймд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлөх боломжгүй юм. гэжээ.
Хариуцагч байгууллага нэмэгдүүлсэн шаардлагын хариу тайлбартаа:
..."*******" ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 2 тоот хурлын тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан Хөдөлмөрийн дотоод журмын 7.1.10-т “Тэтгэвэрт гарсан өндөр настан цаашид эрүүл мэндийн байдал хэвийн ажил олгогчтой тохиролцсоны үндсэн дээр ажил эрхэлж буй тохиолдолд хоол унааны нэмэгдлээс бусад нэмэгдэл олгохгүй” гэж заасан. Нэхэмжлэгч ******* нь "*******" ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 121 дугаар тушаалаар Өндөр насны тэтгэвэрт гарахаар болсон тул 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Иймд дээрх журмын дагуу тэтгэмж олгох боломжгүй байна гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1-д тус тус зааснаар "*******" ТӨХК-иас 4,216,666 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож, "*******" ТӨХК-ийн захирлын 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/85 дугаартай тушаалыг хүчингүйд тооцож, *******ыг тус компанийн Хөтөлийн шуурхай хэсгийн сахиулын ажилд эгүүлэн тогтоолгох, хариуцагчаас 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр буюу ажлаас чөлөөлөх тухай тушаал гарснаас хойш шүүхэд нэхэмжлэл гаргах буюу 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл хугацааны 38 хоногт ногдох дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт нийт 582,654 төгрөгийг гаргуулах, дээрх хугацааны эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******ын 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр буюу ажилд эгүүлэн томилсон шүүхийн шийдвэр гарснаас ажилд томилсон буюу 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх цалинтай тэнцэх олговор 4,216,666 төгрөгөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлд нөхөн төлөлт хийх, баталгаажуулахыг "*******" ТӨХК-д даалгаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар нэхэмжлэгч *******ын удаан жил ажилласан нэмэгдэл 5,980,000 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 91,738 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож, хариуцагч ******* ТӨХК-иас 82,416.6 төгрөг гаргуулж улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
...Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан боловч хуульд заасан аргаар бэхжүүлээгүй, нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг үнэлж, баримтаар нотлогдоогүй үйл баримтад дүгнэлт хийж, Хөдөлмөрийн тухай хуульд заасныг буруу тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн үндэслэлгүй шийдвэрийн улмаас нэхэмжлэгч *******ын Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдаж, Хөдөлмөрийн хуулиар баталгаажсан үндсэн эрх болох хөдөлмөрлөх эрх ноцтой зөрчигдөөд байна.
Иймд шүүхийн шийдвэрийн “Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 582,654 төгрөг гаргуулах, мөн хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн хэсэгт дараах үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Үүнд:
1. Нотлох баримтын шаардлага хангахгүй баримтыг үнэлж баримтаар тогтоогдоогүй үйл баримтад дүгнэлт хийсэн.
Анхан шатны шүүхээс “...Ажлын хэсэг 2023.10.02-ны өдрийн 11:20 цагт ажлыг хүлээлцүүлэхээр Хөтөлийн шуурхай хэсэгт очиж ажилласан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн очоогүй, ажлаа аваагүй, ажилд томилсон тушаалыг мэдсээр байж очиж ажлаа аваагүй нь хэрэгт авагдсан гэрэл зураг, шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр нотлогдон тогтоогдож байна” гэж дүгнэсэн.
Үндэслэл болгосон гэрэл зураг /XX-60/ гэх баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй, хуульд заасан аргаар бэхжүүлээгүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /XX-75, 76/ нь тухайн цаг хугацаанд үйлдэгдээгүй, дамжмал нотлох баримт бөгөөд ажлын цаг ашиглалтын бүртгэл /ХХ-52/-д 2023.10.02- 2023.10.13 хүртэл буюу 12 хоног “Т” гэсэн тэмдэглэл үйлдэж, ажлаас чөлөөлсөн тушаалд “ажлын 14 хоног тасралтгүй ажил тасалсан гэсэн зөрүүтэй баримтыг үнэлсэн нь үндэслэлгүй юм.
Мөн “2023.10.02-ны өдрийн 11:20 цагт ажлыг хүлээлцүүлэхээр Хөтөлийн шуурхай хэсэгт очиж ажилласан", “...Ажилд томилсон тушаалыг мэдсээр байж очиж ажлаа аваагүй” гэж нотлох баримтаар тогтоогдоогүй үйл баримтад дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэрийн үндэслэл бүхий байх шаардлага нийцээгүй. Ажилд томилсон тушаалыг нэхэмжлэгчид танилцуулаагүй ямар үндэслэлээр, ямар зөрчил гаргасан гэж үзэж хөдөлмөрийн гэрээг цуцлах болсныг мэдэгдээгүй байхад ямар ч баримтаар нотлогдоогүй үйл баримтын талаар ийнхүү дүгнэсэн нь хууль ёсны байх шаардлагад нийцээгүй гэж үзэж байна.
Шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь хэсгийн 13-т “...Тушаалын үндэслэл болсон Хөдөлмөрийн дотоод журмын 12.7.2 дахь хэсэг гэснийг хариуцагч талаас тодруулахад “*******” ТӨХК-ийн дотоод журмын заалт бөгөөд энэхүү журмын 12.7.2-т заасан ...зөрчлийг ноцтой зөрчилд тооцдог гэж тайлбарладаг” гэсэн байх ба нэхэмжлэгч *******ыг ажлаас чөлөөлсөн тушаалд тухайн журмын заалтыг огт үндэслэл болгоогүй билээ.
2. Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.
Ажил олгогч “*******” ТӨХК нь 2023.10.18-ны өдрийн Б/85 “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20.1.10 болон Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4 “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан, мөн хуулийн 80.1.5 "Ажил олгогчийн мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, эсхүл захиран зарцуулах эрх бүхий ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон” гэж заасныг үндэслэл болгон *******ыг ажлаас чөлөөлсөн.
Монгол Улсын Дээд шүүхийн “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 2006 оны 33 дугаар тогтоолын 15.4.2-т “ноцтой зөрчил” гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байна гэж ойлговол зохино. Гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байна.
“Ажил олгогчийн итгэлийг алдсан ажилтны гаргасан буруутай үйлдэл, эс үйлдэхүй” нь хууль, санхүүгийн болон хяналтын зэрэг эрх бүхий байгууллагын шалгалт, мөн ажил олгогчийн дотоодын хяналт шалгалтаар тогтоогдсон байвал зохино.” гэж тус тус тайлбарласан.
Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан тохиолдолд ажил олгогч тал гаргасан эрх зүйн актынхаа бодит болон хууль зүйн үндэслэлийг шүүхэд нотлох үүрэгтэй. Гэтэл хариуцагч “*******” ТӨХК нь *******ыг ажлаас чөлөөлсөн Б/85 тоот тушаалын дээрх үндэслэлийг нотолж чадаагүй. Түүнчлэн ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэл болгосон хуулийн зохицуулалт нь ажилтныг ажлаас чөлөөлсөн үндэслэлтэй тохирч байх нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэх бөгөөд ажлаас чөлөөлөх тухай Б/85 дугаар тушаалын үндэслэл болгосон заалтууд нь нэхэмжлэгч *******ыг ажлаас нь чөлөөлсөн үйл баримттай тохирохгүй, тушаалд Хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээг огт баримтлаагүй байх тул хууль зүйн үндэслэлгүй тушаал юм.
Энэ талаар анхан шатны шүүхээс “...*******ыг ажлаас чөлөөлсөн тушаалд дээрх хуульд заасан хоёр нөхцөл /Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4, 80.1.5/ бүрдсэн талаар дурдсан байна. Харин хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн гэж тайлбарладаг боловч тус тушаалд хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээний холбогдох заалтыг үндэслээгүй байна.” гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэгч *******ын гаргасан зөрчил нь Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх /ноцтой зөрчил/ зохицуулалтад заасантай нийцэж байна гэж дүгнэн Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлд заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагад нийцээгүй гэж үзэж байна.
Иймд Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 135/ШШ2024/00226 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, *******ыг “*******” ТӨХК-ийн Хөтөлийн шуурхай хэсгийн сахиулын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 582,654 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
2.Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй байх бөгөөд шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байна.
3.Нэхэмжлэгч ******* нь "*******" ТӨХК-д холбогдуулан 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр буюу ажилд томилсон шүүхийн шийдвэр гарснаас урьд эрхэлж байсан ажилд томилсон буюу 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх цалинтай тэнцэх хэмжээний олговор 4,216,666 төгрөг, сахиулын ажилд эгүүлэн тогтоолгох, урьд авч байсан цалинтай тэнцэх хэмжээний олговор 582,654 төгрөг тус тус гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
4.Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа удаан жил ажилласан хугацааны нэмэгдэл 5,980,000 төгрөгийг гаргуулахаар нэмэгдүүлсэн.
5.Хариуцагч "*******" ТӨХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.
6.Анхан шатны шүүх нэхэмжлэгч *******ын 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр буюу ажилд томилсон шүүхийн шийдвэр гарсны дагуу ажилд томилсон буюу 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх цалинтай тэнцэх хэмжээний олговор 4,216,666 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөлт хийж баталгаажуулахыг "*******" ТӨХК-д даалгаж,
-сахиулын ажилд эгүүлэн тогтоолгох, урьд авч байсан цалинтай тэнцэх хэмжээний олговор 582,654 төгрөг тус тус гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
-удаан жил ажилласан хугацааны нэмэгдэл 5,980,000 төгрөгийг гаргуулах тухай нэмэгдүүлсэн шаардлагыг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэжээ.
7.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* дээрх шийдвэрийг эс зөвшөөрч “анхан шатны шүүх нотлох баримтын шаардлага хангахгүй баримтыг үнэлж баримтаар тогтоогдоогүй үйл баримтад дүгнэлт хийсэн, Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй тул шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.
Хэргээс судлан үзэхэд:
8.2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр буюу урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилсон шүүхийн шийдвэр гарсны дагуу өмнө эрхэлж байсан ажилд томилсон буюу 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх цалинтай тэнцэх хэмжээний олговор 4,216,666 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
8а.Хэрэгт авагдсан Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 135/ШШ2023/00110 дугаартай шийдвэрээр "*******" ТӨХКомпанийн захирлын 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 39 дугаартай тушаалыг хүчингүйд тооцож, *******ыг тус компанийн Хөтөлийн шуурхай хэсгийн сахиулын ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт нийт 5,765,328 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож,
дээрх олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлд нөхөн төлөлт хийх, баталгаажуулахыг "*******" ТӨХКомпанид даалгаж шийдвэрлэжээ. /хх-ийн 3-13/
Дээрх шийдвэр нь давж заалдах болон хяналтын шатны журмаар хянагдаж, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байх ба энэ талаар талууд маргаагүй байна. /хх-ийн 14-23/
8б.Хариуцагч байгууллага шүүхийн шийдвэрийг биелүүлж, ******* ТӨХК-ийн захирлын 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн Б/82 дугаартай “ажилд томилох тухай” тушаалаар нэхэмжлэгч *******ыг 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн Хөтөлийн шуурхай хэсгийн сахиулын ажилд томилжээ. /хх-ийн24/
Нэхэмжлэгч ******* нь ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахаар нэхэмжилсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэж заасантай нийцсэн,
ажилгүй байсан хугацааны цалинг нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтыг үндэслэн тооцож 4,216,666 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
9.Сахиулын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 582,654 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
9а.Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2-т “хүнийг урьд нь эрхэлж байсан ажлын байранд эгүүлэн тогтоох тухай хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс, сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо, эсхүл шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон” гэж, 61.2-т “энэ хуулийн 61.1.2, 61.1.3-т заасан үндэслэлээр урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон бол ажилтантай өмнө үүсгэсэн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа бүхэлдээ сэргээгдэнэ…” гэж заасан.
Нэхэмжлэгч ******* нь урьд нь эрхэлж байсан ажлын байранд эгүүлэн тогтоох шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон үндэслэлээр хариуцагч байгууллагын даргын 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн Б/82 дугаар тушаалаар ажилдаа эгүүлэн томилогдсон байх бөгөөд энэ нь дээрх зохицуулалтын дагуу өмнө үүссэн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа бүхэлдээ сэргээгдсэн гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл ажилтан, ажил олгогч нарын хооронд 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний харилцаа сэргээгдсэн байна.
9.б.Гэтэл "*******" ТӨХК-ийн захирлын 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/85 дугаартай “ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар нэхэмжлэгч *******ыг “ажил тасалсан” гэх үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 80.1.5-д тус тус заасныг баримтлан Хөтөлийн шуурхай хэсгийн сахиулын ажлаас чөлөөлжээ. /хх-ийн 26/
9.в.Нэхэмжлэгч ******* нь ...”Би ажил томилох тухай шийдвэр гарсны дараа байгууллага дээр очиж уулзсан. Намайг сахиул, тогооч, галчийн ажил хийхийг шаардсан. Би тогооч, сахиулын ажлаа хийнэ, уурын зуух галлах ажил хийхгүй гэдэг хүсэлтээ бичээд хүний нөөцийн ажилтанд өгөөд явсан тул ажил хүлээлцэхэд очоогүй. Ажилд томилох тушаалыг албан ёсоор хүлээлгэж өгөөгүй тул ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулна” гэж,
Хариуцагч буюу ажил олгогч "*******" ТӨХК нь нэхэмжлэгч *******ыг ажилдаа ирээгүй 14 хоног болсон тул хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн хуульд заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэсэн агуулга бүхий тайлбар гаргаж тус тус мэтгэлцсэн.
10."*******" ТӨХКомпанийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/36 дугаартай “Ажлын хэсэг байгуулах тухай” тушаалаар батлагдсан ажлын хэсэг 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 11 цаг 20 минутад ажлыг хүлээлцүүлэхээр Хөтөлийн шуурхай хэсэгт очиж ажилласан боловч нэхэмжлэгч ******* нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн очоогүй, ажилд томилсон тушаалыг мэдсээр байж очиж ажлаа аваагүй, ажлаа тасалсан болох нь хэрэгт авагдсан 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгч Б.Энхмаагийн тэмдэглэл, ажлын цаг ашиглалтын 2023 оны 10 дугаар сарын бүртгэлээр нотлогдон тогтоогдсон байна. /хх-ийн 25, 52, 75, 76/
Тухайлбал, хэргийн 61-69 дүгээр талд ажилтан ажил олгогч нарын хооронд 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ, "*******" ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 2 дугаар хурлын тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан "*******" ТӨХК-ийн хөдөлмөрийн дотоод журам нотлох баримтаар авагджээ.
Хөдөлмөрийн гэрээний 7.2.3-т хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчлийг нэрлэн заасан байх бөгөөд “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 ба түүнээс дээш өдрийн хугацаагаар ажил тасалсан...” бол гэж,
Хөдөлмөрийн дотоод журмын 12.7.2-т “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 ба түүнээс дээш өдрийн хугацаагаар ажил тасалсан...бол” байгууллагын хэмжээнд “ноцтой зөрчил”-д тооцохоор тус тус заасан.
12.Ажил олгогч ажлаас чөлөөлөх тухай тушаалд хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмын дээрх заалтуудыг баримтлаагүй боловч ажилтан ******* нь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан нь баримтаар тогтоогдсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан нь үндэслэлтэй гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр зөв байна.
13.Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т заасны дагуу ажил олгогч нь хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авах үүрэгтэй.
Хариуцагч байгууллага нь хуулийн дагуу 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 158 дугаар албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн байх бөгөөд энэ талаар талууд маргахгүй байх тул хуулийн энэ зохицуулалтыг ажил олгогч хэрэгжүүлсэн гэж үзнэ. /хх-ийн 27/
14.Удаан жил ажилласан хугацааны нэмэгдэл 5,980,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
14а. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т “Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй” гэж заасан.
14б.Нэхэмжлэгч ******* нь удаан жил ажилласан нэмэгдэл 5,980,000 төгрөг гаргуулахтай холбоотой хөдөлмөрийн эрхийн маргааныг эхлээд маргаан таслах комисст, "*******" ТӨХК хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй бол Дархан-Уул аймгийн Дархан сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаж шийдвэрлүүлсний дараа шүүхэд хандах эрхтэй гэж үзэж нэмэгдүүлсэн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасан шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.
15.Харин анхан шатны шүүх дээрх үндэслэлээр нэмэгдүүлсэн шаардлагад холбогдох хэргийг буюу удаан жил ажилласан хугацааны нэмэгдэл 5,980,000 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосон атлаа нэхэмжлэгчээс уг 5,980,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 110,630 төгрөг төлснийг буцаан гаргуулж шийдвэрлээгүй орхигдуулсан байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар дээрх улсын тэмдэгтийн хураамжийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
16.Мөн Хөдөлмөрийн харилцаанаас үүссэн маргаан нь гомдлоор авч хэлэлцэх хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарах бөгөөд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул давж заалдах гомдол гаргахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 18,130 төгрөгийг буцаан гаргуулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1.Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 135/ШШ2024/00226 дугаар шийдвэрийг ТОГТООХ хэсгийн 4 дэх заалтын
“Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 91,738 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож, хариуцагч "*******" ТӨХК-иас 82,416.6 төгрөг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай” гэснийг
“Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 202,368 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож, хариуцагч "*******" ТӨХК-иас 82,416.6 төгрөг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 18,130 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан гаргуулахыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ
ШҮҮГЧИД Х.БАЙГАЛМАА
Г.МЯГМАРСҮРЭН