Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дулмаагийн Оюундарь |
Хэргийн индекс | 135/2015/00730/И |
Дугаар | 992 |
Огноо | 2016-06-30 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 992
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:135/2015/00730/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарьдаргалж,
Нэхэмжлэгч: ДарханУул аймаг, Дархан сум, 1** дугаар баг, **-р байрны 1-** тоотод оршин суух, Б*** овгийн Н***ийн *** /РД: ИЗ***, Утас: 9904****/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: * Даргын Тамгын газрын даргад холбогдох
*** аймгийн ****-ын даргын 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Б/*** тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажигүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийг даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.О****, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Г***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:
Нацагдорж овогтой О*** миний бие анх 2005 онд *** ****-т Засаг даргын нарийн бичгийн даргаар томилогдсон. 2006 онд аймгийн ****-ын ТЗУХ-ийн сумдын болон дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр шилжин ажиллаж байгаад 2007 оноос аймгийн архивын тсгийн архивчаар томилогдоод 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Б/*** тоот тушаалаар ажлаас үндэслэлгүй халагдсан. Аймгийн архивын тасгийн архивчаар 10 жил ажиллах хугацаанд төрд чин үнэнчээр хоёргүй биеэр зүтгэж тогтвортой, үр бүтээлтэй ажиллаж ирсэн. Хүн ардаас сонсоход намайг УИХ-ын гишүүн Д.Х***гийн хүн гэж улс төрийг төрийн албатай хутгаж, улс төрийн шалтгаанаас болж ажлаас Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан үндэслэлээр халсанд маш их гомдолтой байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 2005 оноос *** ****-т Аймгийн Засаг даргын нарийн бичгээр ажилд орон, 2007 оноос архивын тасагт архивчаар ажиллаж эхэлсэн. 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Б*** тоот тушаалаар би ажилгүй болсон. Би ажиллаж байсан хугацаандаа, үр бүтээлтэй сайн ажиллаж байсан. Гэтэл намайг УИХ-ын гишүүн Хаянхярваатай холбож ажилаас халсан гэж үзэж байгаа тул энэхүү нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Энэхүү Б*** дугаартай ажилаас чөлөөлөх тухай тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д заасан үндэслэлээр 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр бүтцийн өөрчлөлт хийж миний ажиллаж байсан албан тушаалыг байхгүй болгож, намайг ажилаас чөлөөлөх тухай тушаал гаргасан. Ийм тушаал гарсан талаар надад 30 хоногийн дотор мэдэгдэх ёстой байтал надад ажилаас чөлөөлөх тухай тушаал гарсан талаар мэдэгдээгүй, хамт олны хурлаар авч хэлэлцээгүй. Одоо архивы гэдэг орон тоо нь байхгүй болсон байгаа. Сан хөмрөгийн эрхлэгч, архивын тасгийн дарга гэсэн орон тоо үлдсэн.
Нийгмийн хөгжлийн хэлтэст мэргэжилтний орон тоо нэмэгдсэн. Тэр орон тоон дээр ажиллуулж болох байсан боловч намайг авч ажиллуулаагүй шууд ажлаас халсан. Ажлаас чөлөөлөх тушаалаа надад 1 сарын өмнө мэдэгдээгүй гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Г*** нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
*** даргын Тамгын газрын даргын Б*** дугаартай тушаалаар Н.О****ийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д зааснаар ажлаас нь чөлөөлсөн байгаа. О*** нь ажлаас үндэслэлгүй халагдсан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 45 дугаар зүйлд зааснаар ажил олгогчийн санаачлагаар ажлаас чөлөөлөгдөж байгаа бол 30 хоногийн өмнө энэ талаар ажлаач чөлөлөөгдөж байгаа этгээдэд мэдэгдэх ёстой байсан. Гэтэл энэ ажиллагаа явагдаагүй байгаа. Хэрэв О***т 30 хоногийн өмнө ажлаас нь чөлөөлөх тухай мэдэгдсэн бол О*** нь өөр ажил хайх, өөрт тохирох ямар нэгэн ажил албан тушаалд томилуулах талаар хүсэлт гаргаж, ирээдүйн амьдралаа зохицуулах боломж олгох байсан. Архивын тухай хуулиар архивч нь заавал гэж байх ёстой бөгөөд тус хуулийн 9.2.4-т зааснаар архивч нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан баталгаагаар хангагдна гэж заасан байдаг. Төрийн албаны тухай хуулийн 27.2.4т зааснаар орон тоо нь хасагдсан тохиолдолд өөр ажилд шилжиж ажиллах боломжоор хангах, 6 сарын хугацаанд цалинтай сургалтанд хамрагдуулж тохирох албан тушаалд ажиллуулна гэсэн зарчмыг алдагдуулсан. О***ийг өөр ажил албан тушаалд шилжүүлж ажиллуулах боломж байсан боловч энэ боломжийг ашиглаагүй. Орон тоо хөгжлийн бодлогын хэлтэст шинээр орон тоо гарсан боловч тэр орон тоонд нь Б.А*** гэдэг хүн Б** дугаартай тушаалаар ажилд 2016 05 дугаар сард орсон. Нийгмийн хөгжлийн хэлтэст бас орон тоо сул байсан боловч 2016 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Б.Э*** гэдэг хүнийг ажилд авсан байдаг. Эдгээр тохиолдлуудад Н.О****ийг шилжүүлж ажиллуулах боломжтой байсан боловч энэ боломжийг ашиглаагүй гэж үзэж байна. Хэрэв орон тоо хасч байгаа бол судалгаа хийх ёстой боловч энэ талаар ямар нэгэн судалгаа хийлгүйгээр орон тоог хассан захирамж гаргаад энэ захирамжийн дагуу О***ийг ажлаас нь чөлөөлсөн байдаг. Гэвч архивч гэдэг орон тоо нь аймгийн засаг даргын тамгын газарт заавал байх ёстой албан тушаал юм. Архивчийн орон тоог тогтоохдоо Үндэсний архивын ерөнхий газартай зөвшилцөж тогтоох ёстой байтал энэ хуулийн заалтыг зөрчиж орон тоог хассан байна. Архивч гэдэг орон тоо нь хүнд нөхцөлд ордог юм. Дархан-Уул аймгийн Засаг дарга нь Хууль зүйн яамны сайдтай хамтран ажиллах гэрээ байгуулсан байдаг бөгөөд үүндээ архивчийн орон тоог нэмэгдүүлэх талаар тохирсон байдаг боловч энэ ажлыг үгүйсгэсэн тушаалыг гаргасан байна. Архивын тасгийн дарга нь ажлын ачаалал ихтэй байгаа тул орон тоог нэмэгдүүлж өгөн үү гэсэн хүсэлт Аймгийн засаг даргад өгсөн боловч энэ талаар хариу өгөөгүй байгаа. 2016 оны 05 дугаар сараас 06 дугаар сарын хооронд Үндэсний архивын ерөнхий газраас * даргын тамгын газарт шалгалт хийсэн бөгөөд илэрсэн зөрчлийн талаар дүгнэлтдээ заахдаа архивчийн орон тоог хассан байгаа нь архивын тасгийн хүн хүч хүрэлцэхгүй байна, ажил үүргээ зохих ёсоор биелүүлэхэд саад болох үндэстэй байна гээд тус дүгнэлтийн 5.2-т орон тоог төсвийн хүрээнд нэмэгдүүлж, архивч гэдэг орон тоог бий болгох шаардлагатай гэсэн байгааг Архивын тасгийн дарга нь хүлээн авсан байгаа. 2008 оны Засгийн газрын тогтоолоор **дугаартай тогтоолоор Аймгийн Засаг даргын тамгын газрын орон тоог 41 хүртэл орон тоотой байна гэж заасан байгаа гэтэл Аймгийн Засаг даргын тамгын газар нь 40 орон тоотой байгаа. 1 орон тоо сул байна гэж үзэж байна, үүндээ О***ийн архивч гэсэн орон тоог нэмэгдүүлэх боломжтой гэв.
Хариуцагч *** даргын Тамгын газрын дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэгт Аймаг, нийслэл, сум, дүүргийн Тамгын газрын дарга тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн Засгийн газраас тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан Тамгын газрын орон тоо, цалингийн санг тогтоож, ажилтнуудыг томилж чөлөөлнө , засгийн Газрын 2008 оны **дугаар тогтоолд * даргын тамгын газар 41 хүртэл орон тоотой байхаар тогтоосныг үндэслэн аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн Б/*** дугаар тушаалаар аймгийн Засаг даргын Тамгын газар болон, Нийлтэг үйлчилгээний газрын бүтэц орон тоог шинэчлэн баталсан.
Шинээр батлагдсан бүтэц орон тоогоор аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн Архивын тасгийн архивчийн орон тоог аймгийн Төрийн архивын сан хөмрөгийн эрхлэгч, архивч гэсэн орон тоотойгоор баталсан болно.
Үүний дагуу аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 04 дүгэээр сарын 13-ний өдрийн Б/*** дугаар тушаалаар Архивын тасгийн архивчийн орон тоог цөөрүүлсэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан,эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогч цуцлана, 42 дугаар зүйлийн 42.1-д Ажил олгогч нь энэ хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно.гэж хуулинд заасны дагуу Н.О****тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж ээлжийн амралтын болон 3 сарын үндсэн цалин 1 376 279 /нэг сая гурван зуун далан зургаан мянга хоёр зуун далан есөн / төгрөгийг тэтгэмж болгон олгосон.
Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Төсвийн тухай хууль, Монгол Улсын засгын газрын 2008 оны **дугаар тогтоол, аймгийн Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн ******* дүгээр захирамжийг үндэслэн Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Б/*** дугаар тушаал гарган Засаг даргын Тамгын газар бүтэц орон тоог шинэчлэн баталж хуулинд заасны дагуу Н.О****т зохих тэтгэмжийг олгосон тул Н.О****ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э*** нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
*** даргын Тамгын газрын даргын А91 дүгээр захирамжаар Архивын тасгийн бүтэц орон тоог баталсан байгаа. Энэ захирамжийн дагуу Архивын тасагт дарга, санхөмрөгийн эрхлэгч архивч гэсэн 2 орон тоог үлдээж, архивчийн орон тоог хассан байсан. Энэхүү захирамжийг үндэслэн 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Б*** дугаартай ажлаас чөлөөлөх тушаал гарсан. Энэ тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1, 42.1.1 дэх заалтуудыг тус тус баримтлан Н.О****ийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Архивч гэдэг албан тушаал байхгүй болсон бөгөөд энэ орон тоо нь санхөмрөгийн эрхлэгч гэдэгтэй нэгтгэсэн. Н.О****ийн хөдөлмөрийн гэрээг цуцалж, гэрээг цуцалсан тэр ажил хүлээлцэх комисс байгуулагдан ажлыг нь хүлээж авсан. Хөдөлмөрийн гэрээг цуцалсантай холбогдуулан Хөдөлмөрийн тухай хуулинд зааснаар 3 сарын цалинтай тэнцэх хэмжээнийн нөхөн олговорыг О***т олгосон. Энэ шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хуулийг тайлбарласан Улсын дээд шүүхийн тайлбартай нийцэж байгаа. Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг О***т хэзээ мэдэгдсэн талаар надад мэдэх зүйл байхгүй байна. Урьдчилж тушаалыг мэдэгдсэн талаар нотлох баримт, бичиг байхгүй байгаа. Бүтэц орон тооны талаар аппаратын хурлаар хэлэлцэгдэх ёстой, гэхдээ энэ талаар аппаратын хурлаар хэлэлцээгүй гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.О**** нь *** ****азарт холбогдуулан ДУ аймгийн ****-ын даргын 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Б/*** тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажигүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийг даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг дараахь байдлаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Н.О**** нь Аймгийн ****-ын 2007 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 03 дугаар тушаалаар аймгийн ****-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн сумдын болон дотоод ажил хариуцсан мэргэжилтэн Н.О****ийг 2007 оны 01 сарын 08-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлж хэлтсийн архивын тасгийн архивчаар мөн өдрөөс эхлэн томилон ажиллуулж байсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар байнгын ажлын байранд ажиллаж байсан ажилтан гэдгийг нотолж байна.
Хариуцагч ажил олгогч *** ****азрын дарга Ц.С*** нь ... Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэгт Аймаг, нийслэл, сум, дүүргийн Тамгын газрын дарга тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн Засгийн газраас тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан Тамгын газрын орон тоо, цалингийн санг тогтоож, ажилтнуудыг томилж чөлөөлнө, засгийн Газрын 2008 оны **дугаар тогтоолд * даргын тамгын газар 41 хүртэл орон тоотой байхаар тогтоосныг үндэслэн аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн Б/*** дугаар тушаалаар аймгийн Засаг даргын Тамгын газар болон, Нийтлэг үйлчилгээний газрын бүтэц орон тоог шинэчлэн баталсан.
Шинээр батлагдсан бүтэц орон тоогоор аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн Архивын тасгийн архивчийн орон тоог аймгийн Төрийн архивын сан хөмрөгийн эрхлэгч, архивч гэсэн орон тоотойгоор баталсны үндсэн дээр ажлаас чөлөөлсөн гэж тайлбарлаж байгаа болно.
Аймгийн засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 12-ний өдрийн ******* захирамжийн 1 дүгээр хавсралтын 4.1-д заасанчлан Архивын тасаг 2 ажилтнаас бүрдэхээр заагдсан байна.
Түүнчлэн Аймгийн төрийн архивын тасгийн ажлын нөхцөл байдлын тухай *** даргын Тамгын газрын Архивын тасгийн дарга Н.Мөнхбаяр нь *** даргын Тамгын газрын Дарга Ц.С***т гаргасан 2016 оны 4 дүгээр сарын 25-ний 13 тоот хүсэлтэндээ Архивын Ерөнхий газраас 2003 онд баталсан Төрийн архивын ажлын үндсэн зааврын 9.5.4-д зааснаар архивын орон тооны дагуу төрийн архивын тасаг нь үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэх, үйл ажиллагаагаа хэвийн явуулахын тулд архивын тасгийн дарга, эрдэм шинжилгээний ажилтан, арга зүйч, зааварлагч, сан хөмрөгийн эрхлэгч, архивч, техникч, сэлбэн засагч зэрэг нийт 8 орон тоотой байхаар заасан байдаг. Мөн Архивын Ерөнхий газрын даргын 2015 оны А/131 дүгээр тушаалаар батлагдсан Архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтны хөдөлмөрийн үлгэрчилсэн норм, нормативт зааснаас 3-4 дахин ажлын ачаалалтай ажиллаж байна хэмээн дурджээ.
Тодорхой орон тооны албан тушаалын ажлын ачааллыг үзэхэд энэ нь нэг орон тооны ачааллыг бүрдүүлэх бололцоогүй бол уг орон тоог хасаж болох юм. Гэхдээ энэ үед ачаалал нь нэг орон тоонд хүрэхгүй буй тэр ажил үүргийг өөр ойролцоо албан тушаалын ажил үүрэгтэй нэгтгэж болно. Архивчийн ажлыг өөр албан тушаалын ажилтай нэгтгэн ажиллуулахаар ******* дугаартай захирамжаар баталсан байгаа ба энэхүү тохиолдолд архивчийн ажлын ачаалал нь бага бус хэтэрсэн байгаа нь харагдаж байна.
Хариуцагч нь ажилтны орон тоог цөөрүүлсэн гэх үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-г баримтлан ажлаас чөлөөлжээ.
Ажилтны тоог цөөрүүлэх гэдэг нь ижил албан тушаалын хэд хэдэн орон тоо зэрэгцэн байгаа тохиолдолд тэдгээрийн хооронд ажлын ачааллыг нь нягтруулах зорилгоор тэдгээрээс тодорхой тооныхыг хасах явдал юм. Энэ үед ажиллаж байгаа ажилтнуудаас аль чадвартай, мэргэжилдээ илүү сайныг нь үлдээх зарчмыг баримтална. Ингэхдээ аттесчиллын дүнг харгалзаж болно. Мөн тодорхой аж ахуйн нэгж, байгууллага дээр ажиллаж буй нийт ажилтны тоог цөөрүүлэх хэлбэр байна. Энэ үед уг орон тооны хэрэгцээ болон ажлын ачааллыг үндэс болгох юм.
Энэхүү хэргийн хувьд ажилтны орон тоог цөөрүүлсэн гэх үндэслэл таарахгүй байгааг дурдах нь зүйтэй байна.
Түүнчлэн ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах гэж байгаа тухайгаа ажилтанд нэг сарын өмнө бичгээр мэдэгдэх үүрэгтэй. Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох гэж байгаа тухайгаа ажилтанд уг хугацааны өмнө урьдчилан мэдүүлснээ бичгийн хэлбэрээр (тухайлбал мэдэгдэх хуудас өгөх, гарын үсэг зуруулах зэргээр ) баталгаажуулсан байвал зохино гэж УДШ-ийн 259 дугаар тогтоолын 22-т тайлбарласан байна.
Иймд ДУ аймгийн ****-ын даргын 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Б/*** тоот тушаалыг хүчингүй болгож Н.О****ийг *** ****-ын Хууль зүйн хэлтсийн харьяа Архивын тасгийн архивчийн ажилтны албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 30 хүртэлхи хугацааны цалинг*** ****-аас гаргуулан олгож, олговол зохих цалингаас эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын санд нэг удаа шимтгэлийг тооцон авч төвлөрүүлэн, бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныгудирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Н.О****ийг *** ****-ын Хууль зүйн хэлтсийн харьяа Архивын тасгийн архивчийн ажилтны албан тушаалд эгүүлэн томилсугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан хугацаа буюу 2016 оны 4-р сарын 13-наас 2016 оны 06 дугаар сарын 30-ныг хүртэлхи хугацааны цалин 1,932,447 төгрөгийг * даргын тамгын газраас гаргуулж ажилтан нэхэмжлэгч Н.О****т олгосугай.
3.Хөдөлмөрийн тухай хууулийн 46 дугаар зүйлийн 46.1-д заанаар ажлаас халагдсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тухайн даатгуулагчийн халагдахын өмнө авч байсан хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогын дунджаас ажил олгогчийн төлбөл зохих хувиар бодож даатгуулагчийн ажилдаа эргэж орсоноос хойш хуульд заасан хугацаанд нэг удаа даатгалын зохих санд төвлөрүүлж, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилтыг хийх учрыг хариуцагч * даргын тамгын газарт даалгасугай.
4.Нэхэмжлэгч Н.О**** нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагч * даргын тамгын газраас тэмдэгийн хураамж 45,869.15 төгрөг гаргуулан төрийн сангийн орлого болгосугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийнтөлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ