| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 163/2019/0069/Э |
| Дугаар | 64 |
| Огноо | 2019-03-21 |
| Зүйл хэсэг | 27.10.1., 27.11.1., |
| Улсын яллагч | Ц.Гэрэлбаатар |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 64
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,
нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,
улсын яллагч Ц.Гэрэлбаатар,
шүүгдэгч Ц.Б , түүний өмгөөлөгч М.Найдан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Ц.Гэрэлбаатарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Ц.Б д холбогдох 163/2019/0069/Э индекстэй, 1815003100034 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1974 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Архангай аймгийн Хайрхан суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин мэргэжилтэй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Архангай . . . оршин суух, урьд ял шийтгэлгүй, М овогт Ц.Б.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Б нь 2018 оны 09 сарын 21-ний өдөр Булган . . . газарт **-** УНӨ улсын дугаартай "KIA FAMAX" маркийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүйгээр жолоодон замын хөдөпөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1-А, 3.5-А,Б,В заалтуудыг зөрчин иргэн Ж.Х г мөргөж түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, улмаар хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б өгсөн мэдүүлэгтээ: Өмнө өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, маргах зүйлгүй. Хохирогчид 1800000 төгрөг төлсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлж эвлэрлийн гэрээ байгуулсан гэв.
1815003100034 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
Хохирогч Ж.Х гийн өгсөн: “...2018 оны 09 дүгээр сарын 21-ний өглөө үүрийн 05 цагийн үед хувинтай шээсээ асгахаар гэрээсээ гараад бие засах газар луу явсан. Тэгээд хар зам хөндлөн гарах үед нэг юманд цохигдоод газар унасан, унах үедээ ухаан алдсан байсан. Тэгээд нэг мэдэхэд манай хүргэн Хуягаа, Цэгмид хоёр намайг өргөөд гэрт оруулж өгч байсныг санаж байна. ...” гэх мэдүүлэг /хх 18 тал/,
“...Ослын улмаас зүүн хөл бүрэн эдгэрээгүй, хавантай гишгэж болохгүй, өвдөж байгаа. Мөн толгой өглөө, оройдоо өвдөөд байгаа. Би хоёр удаа эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Эхний удаад Улаанбаатар хотод гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгүүлсэн. Хоёр дахь удаад Дашинчилэн сумын Эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлсэн. Ослоос хойш байнга гэрээр болон эмнэлгээр эмчилгээ хийлгэсэн. ... Цаашид эмчилгээ хийлгэх зардлыг гаргаж өгч байвал өөр нэмж гаргах санал, гомдол байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх 19-20 тал/,
Гэрч Д.О ийн өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 21-ний өглөө 05 цаг өнгөрч байхад бие засахаар явж байтал ертөнцийн зүгээр зүүн талын байшингийн наад талын гэрийн орчмоос эрэгтэй хүн хувинтай юм гартаа барьчихсан зам руу явж байсан. Тэр үед баруун талаас их хурдтай гэрэл гарч ирээд яах ийхийн зуургүй нөгөө хүнийг мөргөчихсөн. Тэгэхээр нь би сандраад гүйж очиход зам дээр Х гэдэг хөгшин зүүн талаараа доошоо харчихсан, нүүр нь цус болсон байдалтай хэвтэж байсан. Би босгох гэтэл дийлэхгүй болохоор нь “Х ахыг хүн дайрчихлаа, машин дайрчихлаа” гээд хашгирсан ба Х гийн эхнэр Дашдулам гарч ирээд араас нь хүргэн Ганхуяг, охин Мандах нар гарч ирээд авч орсон. Тэгээд би өөрийн нөхөр П ийн хамт өөрсдийн **-** БУА улсын дугаартай тээврийн хэрэгслээр араас нь хөөсөн боловч бараа сураг байгаагүй. Тэгээд замд таарсан Приүс машины жолоочоос асуухад “Дашинчилэн орж явна” гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх 21-22 тал/,
Гэрч Ш.П ийн өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 21-ний өглөө үүрээр эхнэр О “Х ах дайруулчихлаа” гээд муухай орилохоор нь босож очоод эхнэрийг авч өөрийн эзэмшлийн **-** БУА дугаартай тээврийн хэрэгслээр шууд тэр машины араас явсан боловч бараа сураг байгаагүй. Тэгээд баруун өөдөөс ирж явсан цагаан өнгийн Приүс-20 маркийн машинаас асуухад “цагаан өнгийн ачаатай Маяти машин харагдав уу” гэхэд тухайн тээврийн хэрэгслийг “Дашинчилэн орж явна” гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг хх 23 тал/,
Гэрч О.Б ын өгсөн: “...Өчигдөр буюу 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 19 цагийн орчимд Архангай аймгийн Хайрхан сум дахь гэрээсээ **-** УНӨ улсын дугаартай “KIA PAMAX” маркийн тээврийн хэрэгслээр 6 тооны адуу ачаад Улаанбаатар хот руу борлуулахаар нутгийн Б гэх хүнтэй хамт явсан. Би Архангай аймгийн Хайрхан сумаас засмал зам хүртэл 120-130 километр барьж байгаад ядраад, нойр хүрээд байхаар нь "ах та барид явах уу?" гэхэд Б "тэгье" гээд тээврийн хэрэгслийн жолоог 04 цагийн орчимд шилжүүлсэн. Би жолоогоо шилжүүлээд Гурванбулаг сумын ойролцоогоос унтсан байх. Тэгээд хэсэг унтаж байгаад Булган аймгийн Дашинчилэн өнгөрөөд сэрсэн. Тэгээд явж байтал Баяннуур сумын орчимд цагдаа зогсоогоод “хүн амьтан шүргэчихсан байна” гэж хэлээд бичиг баримт хураагаад явсан ба мөргүүлсэн гэх хүн нь Дашинчилэнгийн эмнэлэгт байна гэж сонсоод араас нь очсон. ...Би унтчихсан байсан, надад энэ талаар ямар нэгэн зүйл яриагүй. Намайг Дашинчилэн дээр ирэхэд ч юм яриагүй. Цагдаагийн алба хаагчид зогсоож шалгаад асуухаар нь би Б аас "та хүн амьтан шүргэчихсэн юм уу?, замд чинь хүн амьтан байсан юм уу?" гэхэд Б "үгүй, хүн амьтан шүргээгүй, замд хүн таараагүй” гээд байсан. Тэгээд би машинаас бууж харахад зөв талын хойд талын “карлон” хагарсан байсан. Тэгээд л мэдсэн. ...” гэх мэдүүлэг /хх 24-25 тал/,
Шинжээч Б.Ө ын өгсөн: “...2019 оны 01-р сарын 29-ний өдрийн мөрдөгчийн шинжээч томилсон тогтоолын дагуу би шинжээчид тавьсан асуултын дагуу дүгнэлтийг гаргасан. Уг шинжээч томилсон тогтоолд зам тээврийн осол гарах болсон шалтгаан нөхцлийг тогтоох талаар асуултыг тавиагүй байсан. Уг хэрэгт зам тээврийн осол гарах болсон шалтгаан нь явган зорчигч Ж.Х нь үзэгдэх хүрээнд явган хүний гарц гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харж зам хөндлөн гараагүйн улмаас мөн жолооч Ц.Б нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.1 /тухайн ангилалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй/, жолооч аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч зогсоох арга хэмжээ аваагүй улмаас уг зам тээврийн осол гарсан байна. ...Уг зам тээрийн осол явган зорчигч Ж.Х , жолооч Ц.Б нарын буруутай үйлдлээс болж гарсан. ...” гэх мэдүүлэг /хх 41 тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 11565 дугаартай:
1.Ж.Х гийн биед зүүн шаант, тахилзуур ясны далд хугарал, духанд шарх, баруун дээд, доод зовхи, хацар, шуу, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах учир гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх 32/,
Булган аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 3 дугаартай:
1.Жолооч Ц.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох “В” ангилалын 1130632 тоот эрхийн үнэмлэх хүчинтэй байна.
2.Жолооч Ц.Б нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. Явган зорчигч Ж.Х нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна.
Жолооч Ц.Б нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.1 дэх заалт Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримттай байна: а/ тухайн ангилалын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл /жолоодлогын дадлага хийж яваа суралцагчд хамаарахгүй/, /**-** УНӨ улсын дугаартай "KIA FAMAX" маркийн тээврийн хэрэгслийг “С” ангилалаар жолоодно, мөн 3.5 дахь заалт “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ:
а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх,
б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт /иргэний үнэмлэх, жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт/, тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх,
в/ тухайн ослын талаар Цагдаагийн байгууллага /ажилтан/-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээг авах” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.
Явган зорчигч Ж.Х нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6 дахь хэсэгт заасан “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс хашилтгүй хэсгээр ойртон ирж яваа тээрийн хэрэгслийг өнгөрүүлэн эгч хөндлөн гарна” гэсэн заалтыг зөрчсөн байна.
3. Осол гарах үеийн тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй байна. гэх дүгнэлт /хх 36 тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 4/, хэргийн газарт болон зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, схем зураг /хх 5-9/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 10-13/, жолоочийн согтуурал шалгасан тэмдэглэл /хх 14/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх 33-34, 38-39/, шинжээчийн өгсөн мэдүүлэг танилцуулсан тэмдэглэл /хх 42-43/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх 47-49/, иргэний үнэмлэхний хуулбар /хх 58/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 59/, тээврийн хэрэгслийн эзэмшигчийн лавлагаа /хх 60/, жолооны үнэмлэх болон тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх 61/, хохирол төлбөрийн асуудлаар байгуулсан эвлэрлийн гэрээ /хх 62/, хохирол төлсөн баримт /64-67/, хавтаст хэргийн материал танилцуулсан баримт /68-69/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон хөнгөрүүлэх талын дээрхи нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Б нь 2018 оны 09 сарын 21-ний өдөр "С" ангилалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр **-** УНӨ улсын дугаартай "KIA FAMAX" маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 2-р багийн нутаг "Номын булаг" гэх газарт зам хөндлөн гарч явсан явган зорчигч Ж.Х г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан, осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж уг осол, хэргийн талаар зохих байгууллагад мэдэгдэлгүйгээр хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан хэргийн үйл баримт нотлогдож тогтоогдсон байна.
Хэрэг гарсан цаг хугацаа, орон зай, шалтгаан нөхцөл, учирсан хор уршгийн талаар хохирогч Ж.Х , гэрч Д.О , Ш.П , О.Б нарын өөр хоорондоо зөрүүгүй өгсөн мэдүүлгүүд, хэргийн болон зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч Ж.Х гийн биед зүүн шаант, тахилзуур ясны далд хугарал, духанд шарх, баруун дээд, доод зовхи, хацар, шуу, зүүн шилбэнд цус хуралт бүхий хүндэвтэр гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 11565 дугаартай, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1-А, 3.5-А,Б,В заалтуудыг зөрчсөний улмаас уг осол гарсан болохыг тогтоосон Булган аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 3 дугаартай дүгнэлт зэрэг нотолгооны ач холбогдол бүхий шууд болон шууд бус нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт хамаарал бүхий байх тул түүнийг үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Шүүгдэгч Ц.Б ы хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлж гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөны дүрэм зөрчсөн үйлдэл, хохирогч Ж.Х гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан хор уршиг хоёрын хоорондох шууд шалтгаант холбоо нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлж гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулж байх бөгөөд уг гэмт хэргийг үйлдчихээд осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж уг осол, хэргийн талаар зохих байгууллагад мэдэгдээгүй орхиж явсан үйлдэл нь хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан хэргийн шинжийг мөн агуулж байна.
Иймд шүүгдэгч Ц.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.Б нь мөрдөн шалгах ажиллагааны шатнаас эхлэн өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар маргаагүй, хохирогч Ж.Х гийн эмчилгээтэй холбоотой гарсан бодит хохирлыг төлж, цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлж /хх-62-67тал/ хохирогчтой эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Шүүгдэгч Ц.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ц.Б д холбогдох эрүүгийн хэрэг нь хөнгөн ангилалын гэмт хэрэгт хамаарч байгаа, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн болон төлөхөө илэрхийлсэн зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хорих ялыг хөнгөрүүлэн тэнсэж, шүүгдэгч Ц.Б д шүүхээс тэнссэн хугацаанд хууль зөрчдөг зан үйлээ засах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгуулийн ял оногдуулж, ялыг тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Монгол овогт Ц.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүйгээр авто тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Ц.Б ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, авсан албадлагын арга хэмжээ, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох торгуулийн ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Ц.Б д шүүхээс тэнссэн хугацаанд шүүгдэгч зан үйлээ засах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх тухай хүсэлт гаргах эрхтэйг дурьдаж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.Б д сануулсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
7. Энэ хэрэгт шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй бөгөөд хохирогч нь цаашид гарах хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД