Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 209/МА2024/00028

 

*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

 

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Байгалмаа даргалж, шүүгч Р.Үүрийнтуяа, Ерөнхий шүүгч Я.Туул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны  02 дугаар сарын 27-ны өдрийн дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “5,500,000 төгрөг гаргуулах”  тухай нэхэмжлэлийн шаардлагатай,

Иргэний хэргийг хариуцагч *******гийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн, 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хариуцагч ******* нь над руу утсаар залгаж “Сэлэнгэ аймгийн Сант суманд төсөл дээр туслан гүйцэтгэгчээр ажиллаж байна, би чам руу мөнгө шилжүүлье, чи Дарханаас цемент ачуулаад өгөөч, ингэхдээ өөрөөсөө нэхэмжлэл бичээд явуулчих, тэгэхгүй бол тухайн зарж байгаа газрууд нь цемент байна, байхгүй гээд олон дахин нэхэмжлэл явуулахад төвөгтэй болчихдог юм” гэж гуйсныг би зөвшөөрч, “*******” ХХК-ийн данснаас 19 сая төгрөг шилжүүлсэн.

Тухайн өдрөө мөнгө шилжиж орж ирсэн даруйдаа ******* нь над руу эргэж утсаар залгаад “Дарханаас цемент авахаа больсон, наад мөнгөө над руу шилжүүлчих” гээд дансны дугаар өгсний дагуу би *******гийн ХААН банкны ******* тоот данс руу мөнгийг буцаагаад шилжүүлсэн. Гэтэл “*******” ХХК-аас дээрх цементийн мөнгийг ******* миний дансанд шилжүүлсэн боловч намайг “19 сая төгрөгийн 50 тонн цементээс 9,500,000 төгрөгийн цемент дутуу нийлүүлсэн” гэх үндэслэлээр 9,500,000 төгрөгийн нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн ******* дугаартай шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаар магадлалаар намайг “үндэслэлгүй хөрөнгөжсөн” гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснээр миний бие цемент нийлүүлэх үйл ажиллагаанд оролцоогүй, уг мөнгийг авч хувьдаа огт хэрэглээгүй атлаа өр төлбөрт орж хохирч байгаад гомдолтой байна.

Дээрх хэргийг шүүхээр хянан шийдвэрлэгдэж байх хугацаанд буюу 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр ******* нь “4 сая төгрөг олсон, энэ мөнгийг төлчихье” гэж хэлсэн. Нэгэнт “*******” ХХК нь надаас 9,500,000 төгрөгийг нэхэмжилж, анхан шатны шүүх ч мөн намайг төл гэсэн шийдвэр гаргасан тул би өөрийн ХААН банкны ******* тоот данснаас 4 сая төгрөгийг “*******” ХХК-нд шилжүүлж өгсөн.

Хариуцагч үлдэгдэл 5,500,000 төгрөгийг удахгүй төлж дуусгана гэх боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байх тул шүүхээр шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

******* миний бие “*******” ХХК-тай 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс Сэлэнгэ аймгийн Сант сумын Ивэн голын услалтын систем байгуулах төслийн ажлыг гүйцэтгэхэд туслан гүйцэтгэгчээр ажилласан. Уг ажлыг гүйцэтгэж дуусахад 50 тонн цемент хэрэгтэй байна гэж тус компанийн ерөнхий инженер ******* хэлсэн. Тухайн үед надад “цемент ховордсон байсан бөгөөд Дарханаас цемент авахаар боллоо, найдвартай хүн хэрэгтэй байна. Чи яваад ирэх үү” гэхээр нь би явж амжихгүй гэхэд “чамд Дарханд таньдаг найдвартай хүн байна уу, тэгвэл аваад ачуулчихмаар байна” гэхээр нь миний багийн найз байгаа гээд *******ын хажууд *******тэй ярьсан. Ингээд "Бридж констрашн”ХХК-ийн ерөнхий инженер ******* болон ******* хоёрын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж би ойлгож явсаар ирсэн.

Удаагүй ******* ирээд “Дарханаас авахаа болилоо, Хөтөлөөс цемент хямдхан авахаар боллоо, тэр мөнгийг чи данс руугаа шилжүүлээд ав” гэхээр нь багийн найз ******* рүү яриад “чамаас цемент авахаа больсон байна, чи мөнгөө миний данс руу шилжүүлчих” гээд өөрийн Хаан банкны ******* тоот дансанд шилжүүлж авсан бөгөөд “*******”ХХК-ын ерөнхий инженер ******* нь намайг “өөр данс руу хийчих” гээд өөрийнх нь охин болох Б.Батчимэгийн Хаан банкны тоот данс руу хоёр удаагийн гүйлгээгээр нийт 9.500.000 төгрөгийг шилжүүлсэн. Нэхэмжлэгч нийт 50 тонн цемент нийлүүлэх ёстой байснаас 25 тонн цемент нийлүүлсэн бөгөөд 9.500.000 төгрөг болсон. Үлдсэн 25 тонн цементийн 9.500.000 төгрөгийг “*******”ХХК-ийн ерөнхий инженер ******* өөрийн охины дансаар авч миний найз Б.Баттөр бид хоёрын хооронд шүүхийн маргаан үүсгээд байна. Дээрх мөнгөнөөс 2023 оны 06 дугаар сарын 02-нд ******* миний данс руу 4.000.000 төгрөгийг хийсэн. Би тухайн мөнгийг *******ийн Хаан банкны ******* тоот данс руу буцаан шилжүүлсэн бөгөөд энэхүү мөнгийг ******* "*******” ХХК-руу буцаан шилжүүлсэн болно.

Үлдэгдэл 5.500.000 төгрөгийг ******* нь “*******” ХХК-д өөрөө эргүүлж төлнө гэж надад хэлсэн боловч энэхүү амлалтаа үл биелүүлсэн байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

3. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч *******гаас 5,500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 102,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 102,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

4. Хариуцагч ******* давж заалдсан гомдолдоо:

...Анхан шатны шүүхээс *******ийн нэхэмжлэлтэй *******д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг талуудын шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, бусад баримтуудтай нэг бүрчлэн харьцуулан үзэж нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй байх талаас нь үнэлээгүй, нотлох баримтыг буруу дутуу үнэлснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг ханаагүй байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгч ******* болон хариуцагч *******гийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар нэхэмжлэгч ******* нь “*******”ХХК-иас 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр орж ирсэн 19.000.000 төгрөгөөс 18.810.000 төгрөгийг тэр даруй хариуцагч *******гийн дансанд шилжүүлсэн болох нь тогтоогдож байна”... гэх дүгнэлт хийсэн нь шүүгч тухайн хэрэг маргааны талаар нэг мөр ойлголтгүй, хэргийн материалтай бүрэн дүүрэн танилцаагүй, хэргийн үйл баримт, хууль хэрэглээний талаар илтэд алдаатай дүгнэлт хийсэн байна. Миний бие Баттөрөөс мөнгө шилжүүлэн авсан тал дээр маргаагүй боловч тухайн мөнгийг орж ирсэн даруйд “*******” ХХК-ийн ерөнхий инженер *******ын охины Хаан банкны тоот данс руу хоёр удаагийн гүйлгээгээр 19.000.000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Энэ талаарх баримт буюу миний депозит дансны хуулгыг анхан шатны шүүх анхаарч үзээгүй.

Тодруулбал цементний 19,000,000 төгрөгийг би өөрийн дансаараа нэхэмжлэгч *******өөс буцаан авч, “*******” ХХК-ийн ерөнхий инженер *******ын охины данс руу шилжүүлсэн бөгөөд миний хувьд тухайн мөнгийг өөрөө ашиглаагүй мөртлөө өрөнд орж байгаадаа маш гомдолтой байна.

Иймд эрхэм шүүх бүрэлдэхүүнийг уг хэрэг маргааныг зөвхөн гомдлын хүрээнд бус нэг бүрчлэн судлан үзэж Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 27-ний өдрийн дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

             5. Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.

ХЯНАВАЛ:

6. Давж заалдах шатны шүүхээс хариуцагч *******гийн гаргасан давж заалдсан гомдлоор хэргийг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэв.

7. Анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй, Иргэний хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

8. Нэхэмжлэгч ******* нь үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж 5,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч ******* эс зөвшөөрч, “...тухайн мөнгийг “*******” ХХК-ийн ерөнхий инженер *******ын охины данс руу шилжүүлсэн, миний хувьд тухайн мөнгийг өөрөө ашиглаагүй мөртлөө өрөнд орж байгаадаа маш гомдолтой байна” гэж маргажээ.

Хэргээс судлан үзэхэд:

9. 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр “*******” ХХК-иас нэхэмжлэгч *******ийн эзэмшлийн ХААН банкны ******* тоот дансанд 9,000,000 төгрөгийг “цементийн урьдчилгаа”, 10,000,000 төгрөгийг “цементийн үлдэгдэл төлбөр” гэсэн утгатайгаар тус тус шилжүүлсэн.

Нэхэмжлэгч ******* нь Тухайн цаг үед буюу 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр  “цемент авахаа больсон, мөнгөө буцаагаад шилжүүл гэж ******* хэлсэн учир 18,810,000 төгрөгийг хариуцагч *******гийн эзэмшлийн ХААН банкны ******* тоот дансанд “зарлага” гэсэн утгатайгаар  шилжүүлсэн”, шүүхийн шийдвэрийн дагуу 5,500,000 төгрөгийг “*******” ХХК-нд төлөх болсон учир *******гаас 5,500,000 төгрөг нэхэмжилнэ гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байна.. /х.х-6, 43/

Харин хариуцагч ******* нь “*******” ХХК-ийн ерөнхий инженер ын хэлсний дагуу түүний охины данс руу шилжүүлсэн, миний хувьд тухайн мөнгийг өөрөө ашиглаагүй гэж маргажээ./ х.х-43/

10. Нэхэмжлэгч ******* нь *******” ХХК-иас өөрийн данс руу шилжүүлж авсан 19,000,000 төгрөгийн зарим хэсэг буюу 18,810,000 төгрөгийг *******гийн эзэмшлийн ХААН банкны ******* тоот дансанд шилжүүлэхдээ “*******” ХХК-ийн зөвшөөрлийг аваагүй бөгөөд Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 13/ШШ2023/00534 тоот шийдвэрээр  нэхэмжлэгч *******өөс 9,500,000 төгрөг гаргуулж, “*******” ХХК-нд олгохоор шийдвэрлэж, уг шийдвэрт давж заалдах шатны шүүх хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн ба анхан шатны  шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна. / х.х-8-17/

11. Хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******ийн шилжүүлсэн 18,810,000 төгрөгөөс  2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 18,700,000 төгрөгийг ХААН банкны тоот дансанд “зарлага” гэсэн утгатайгаар,  2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр тоот данснаас “цементийн буцаалт, Батчимэг” гэсэн утгатай шилжүүлсэн 4,000,000 төгрөгийг нэхэмжлэгч *******ийн эзэмшлийн ХААН банкны ******* тоот дансанд “Сурантуяа, цементийн буцаалт” гэсэн утгатайгаар тус тус  шилжүүлжээ.

Нэхэмжлэгч ******* нь тоот дансанд “******* шийдвэр” гэсэн утгатай шилжүүлсэн болох нь  ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдож байх бөгөөд энэхүү тоот данс нь “*******” ХХК-ийн данс гэж ойлгогдож байна. / х.х-7, 42/ .

12. Талуудын хооронд гэрээний харилцаа үүсээгүй бөгөөд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д “бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй: 492.1.1.хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” гэж хуульчилсны дагуу хариуцагчаас 5,500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэлээ.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны  02 дугаар сарын 27-ны өдрийн дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд Шүүхийн тогтоол тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл  хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.     

 

  

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Х.БАЙГАЛМАА                                                  

                                   ШҮҮГЧИД                                       Р.ҮҮРИЙНТУЯА

          

                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Я.ТУУЛ