| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 163/2019/0067/Э |
| Дугаар | 65 |
| Огноо | 2019-03-25 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Ц.Гэрэлбаатар |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 65
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,
Нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,
Улсын яллагч Ц.Гэрэлбаатар,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Даваасүрэн,
Шүүгдэгч С.Ч , Х.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Ц.Гэрэлбаатарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Ч , Х.Т нарт холбогдох 163/2019/0067/Э индекстэй, 1915000000028 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1974 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Булган аймгийн . . . оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Ц овогт Х.Т.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1973 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Булган аймгийн . . . оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Ж овогт С.Ч.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Ч , Х.Т нар нь /яллах дүгнэлтээр/ бүлэглэж, 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Булган аймгийн Бугат сумын 4 дүгээр багийн нутаг “О” гэх газраас Б.Т , Ж.М нарын 3 тооны ямааг хулгайлж, 250000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Ч өгсөн мэдүүлэгтээ: Өмнө нь өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй. Гэм буруугийн талаар маргахгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Т өгсөн мэдүүлэгтээ: Өмнө нь өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй. Гэм буруугийн талаар маргахгүй гэв.
19150000000028 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
Хохирогч Б.Т ы өгсөн: “...Манай хонь, ямаа 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Бугат сумын 2 дугаар багийн нутаг “О” гэх нэртэй газраас баруун урд зүгт Зүүн түрүүний гол руу чигтээ бэлчиж байсан юм. Манай малнаас улаан халзан охин ямаа, халтар зүсмийн эр ямаа, нийт 2 ямаа дутсан. Энэ талаар өнөөдөр хонь, ямаагаа бүртгэж байж мэдсэн. Алдсан ямаагаа цагдаагийн байгууллагаар олуулж, бүрэн бүтэн хүлээж авсан тул одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 17 тал/,
Хохирогч Ж.М ын өгсөн: “...Манай хонь, ямаа ихэнх нь хоёр чих нь урдаас ухмал имтэй, манай хонь ямаанд айлын тавьмал болон өөр айлын ганц нэг өөр имтэй /тэмдэгтэй/ ямаа байдаг. ...Манай хонь, ямаа Т ы хонь, ямаатай нийлж явдаг ба 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр яг хаашаа бэлчсэн талаар хэлж мэдэхгүй байна. Малнаас минь хар зүсмийн, буруу талынх нь чих хулгар, охин ямаа дутсан. Энэ талаар 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хонь, ямаагаа бүртгэж байгаад мэдсэн. ...Алдсан ямаагаа цагдаагийн байгууллагаар олуулж, бүрэн бүтэн хүлээж авсан тул одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 21 тал/,
Гэрч Ч.Э гийн өгсөн: “...2019 оны 01 сарын 31-ний орой 18 цаг 30 минутанд ажлаасаа гэртээ орж ирээд байж байхад гаднаас Т орж ирээд “эгээ танай байшинд чинь гурван ямаа хийчээд маргааш авъя” гэхээр нь би зөвшөөрч амбаараа онгойлгож өгөхөд цагаан өнгийн жижиг машинаас 4 хөлийг нь боочихсон хар зүстэй, эвэртэй гурван ямааг Т өргөж оруулсан юм. Тэгээд би амбаараа түгжээд гэртээ орох гэж байтал хар өнгөтэй машинтай цагдаа нар ирсэн. Т уг гурван тооны ямааг хэний ямаа байсан талаар надад юм хэлээгүй. Тэр талаар би мөн асуугаагүй. Надад хэлэхдээ “маргааш авъя” гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 24 тал/,
Гэрч С.Б ы өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 31-ний орой 18 цаг 30 минутын үед манай ээж ажлаа тарж ирсэн. Харин үүнээс 5-10 минутын дараахан гаднаас Т ах орж ирээд “хашааны хаалгаа онгойлгочих, амбаарт чинь гурван ямаа үлдээчихээд маргааш өглөө авъя” гэж хэлсэн. Тэгээд ээж амбаарын түлхүүр авч гараад амбаар онгойлгож өгсөн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 26 тал/,
Гэрч Б.У ийн өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 13 цагийн үед намайг хонинд явж байхад улаан өнгийн даюун маркийн мотоцикльтой хар куртик өмссөн, ард нь нэг өндөр нуруутай хүн сууж байсан. Тэгээд тэр ард нь сууж явсан хүн манай хониноос 1-ийг бариад авч явахыг завдсан ба би таараад холоос хашгирахад манай хонийг тавиад өөрсдөө зугтсан. Манай хонь Булган аймгийн Бугат сумын 4 дүгээр багийн нутагт бэлчиж байсан юм. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 28 тал/,
Гэрч Г.Б ын өгсөн: “...Би Т ын холбогдсон хэргийн талаар нарийн сайн мэдэхгүй. Ямаа хулгайлсан талаар сонссон. Энэ хэргээс болоод миний машиныг түр саатуулсан. Надад **-** БУЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл байдаг. Миний дүү Т нь 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр “цагаан сар болох гээд гэрийн хүнсний зүйл машинаар зөөгөөд хэд хоног ашиглаад буцаагаад өгье” гэж хэлээд миний машиныг аваад явсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 29 тал/,
Эд хөрөнгийн үнэлгээний “Тольдох оюуны өгөөж” ХХК-ний шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн “...Улаан зүсмийн нас гүйцсэн эм ямаа 1, үнэ 75000 төгрөг, Цагаан халтар зүсмийн эр ямаа 1, үнэ 100000 төгрөг, Цагаан халтар зүсмийн эм ямаа 1, үнэ 750000 төгрөг, нийт 250000 төгрөг ...” гэх үнэлгээ тогтоосон дүгнэлт /хх-ийн 35 тал/,
Шүүгдэгч Х.Т яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “... 2019 оны 01-р сарын 31-ний өглөө 10 цаг өнгөрч байхад би нагац ах Б ын машинтай төрсөн дүү Б ы гэрт цагаан сарын гурил, хүнсний зүйлс авчирч өгчихөөд буцаад Булган сум руу явж байгаад Зоон давааны постны наана зам дээр Ч ыг мотоцикльтой явж байхад нь тааралдсан. Тэгээд бид хоёр тээврийн хэрэгслүүдээ зогсоож замын хажууд уулзсан. Бид хоёр уулзаад хэсэг зуур мэнд мэдэж ойр зуурын зүйлс ярилцаж байгаад Ч надад хандаж “хөөе тэнд От хэсэг эзэнгүй ямаа бэлчээрлэж байна, хоёулаа очоод нэг нэг ямаа авчих уу?” гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би “за тэгье” гээд бид хоёр Ч ын мотоциклийг замын хажууд орхиод О лүү миний унаж явсан машинтай явсан. Тэгээд От очиход ойролцоогоор 100 гаран тооны ямаа бэлчиж байхаар нь бид хоёр машинаар тойрч эргүүлж байгаад 3 тооны ямаа барьж аваад машиныхаа ард багажинд хийж ачсан. Тэгээд бид хоёр шууд эргээд нөгөө зам дээр орхисон мотоцикль дээрээ очоод тэнд Ч ыг мотоцикль дээр нь орхиод би Булган сум руу орж ирсэн. Тэгээд би Ч ын гар утас руу залгаж яриад зүүн түрүүнд уулзахаар болоод салгасан. Тэгээд бид хоёр орой 18 цагийн үед Зүүн түрүүний барилгын хороонд уулзсан. Уулзаад бид хоёр хулгайлсан ямаагаа хааш нь нуух талаар ярилцаад холын хамаатан С гийнд аваачиж хонуулъя гэж ярилцсан. Тэгээд бид хоёрыг С ахынд очиход С ахын эхнэр Э эгч гэртээ байж байсан. Тэгээд бид хоёр Э эгчид “бид хоёр хүнээс гурван ямаа худалдаж авлаа танай амбаарт хонуулаад маргааш авна” гэж хэлээд амбаарыг онгойлгуулаад гурван ямаагаа машины багажнаас гаргаж тэдний амбаарт хийж байсан чинь цагдаа нар хүрч ирээд Ч бид хоёрыг барьж авсан. ...Цагаан сар болох гээд манай гэрт мах шөлний юмгүй болчихоор нь би Ч тай хамт хулгай хийсэн. ...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 тал/,
Шүүгдэгч С.Ч яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 01-р сарын 31-ний өглөө 09 өнгөрч байхад “О” гэх газарт манай хадмынд амарч байсан миний хүү Төрболд хуруугаа сүхэнд авчихлаа гэж надад эхнэр маань хэлсэн. Тэгээд хадмын гэрт очиж хүүдээ эм аваачиж өгчихөөд буцаад явж байгаад “Зоон даваа”-ны постны наахан талд Т ыг суудлын машинтай явж байхад нь тааралдсан. Тэгэхэд ойролцоогоор өглөөний 10 цаг өнгөрч байсан байх гэж бодож байна, бид хоёр уулзаад мэнд мэдэлцээд хэсэг ярьж зогсож байгаад би давааны өвөр лүү харсан чинь хэсэг ямаа эзэнгүй бэлчиж байхаар нь би Т ад “манайх махгүй болчихсон, тэнд О т хэсэг эзэнгүй хонь ямаа байх шиг байна, хоёулаа тэндээс нэг нэг ямаа авчих уу” гэж Т аас асуухад Т надад “за тэгье” гээд бид хоёр О лүү явахаар болсон. Тэгээд би өөрийнхөө мотоциклийг замын хажууд орхиод Т ын машинд суугаад явсан. Бид хоёрыг О т очиход ойролцоогоор 100 гаран тооны хонь, ямаа хариулгагүй байхаар нь машинаараа хөөж 3 тооны ямаа барьж аваад Т ын машины хойд багаж руу хийсэн. ...Тэгээд намайг гэртээ байж байхад Т над руу гар утсаар залгаад намайг “зүүн түрүүний барилгачдын хороонд хүрээд ирээрэй” гэсэн. Тэгээд би 18 цагийн үед Зүүн түрүүний барилгачдын хороонд Т тай уулзсан. Уулзахаар очиход Т хулгайлсан гурван тооны ямаагаа машиныхаа багажнаас гаргаагүй явж байсан. Бид хоёр уулзаад гурван ямаагаа яах талаар ярилцаад Т “нагац ах С гийндаа аваачиж нэг хонуулъя” гээд хөдөлсөн. ...Тэгээд Т гэрт байсан эгчид “хүнээс гурван ямаа авлаа танай амбаарт хийгээд хонуулаад маргааш авна” гэж хэлсэн. Тэгээд нөгөө эгч нь зөвшөөрч ямаануудыг айлын амбаар луу хийж байсан чинь цагдаа нар хүрч ирээд Т бид хоёрыг барьсан. ...Би эхэлж Т ад ямааг авах талаар хэлсэн. Тэгээд Т надтай хамт ямаа хулгайлахыг зөвшөөрсөн юм. ...Манай гэрийнхэн хоол хийх махгүй болчихоор нь хулгай хийчихсэн юм. ...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 тал/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол /хх 1-2/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 3/, ямаанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-9/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 10-12/, мал хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 13/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх 39-40/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол танилцуулсан тэмдэглэл /хх 46-47/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх 56, 61/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 57, 62/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх 63 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах болон хөнгөрүүлэх талын дээрхи нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.Ч , Х.Т нар нь бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Булган аймгийн Бугат сумын 4 дүгээр багийн нутаг “О” гэх газар өвөлжиж байсан Б.Т , Ж.М нарын 3 тооны ямааг бэлчээрээс нь хулгайлсан үйлдлээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдож тогтоогдсон байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хэргийн газарт болон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, алдагдсан гэх ямаанд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэмт хэргийн улмаас 250000 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч нарын гэм буруу нотлогдож байх бөгөөд хохирогч, гэрч нарын мэдүүлэг зөрүүгүй, нотолгооны ач холбогдол бүхий шууд болон шууд бус нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамаарал бүхий байна.
“Мал хулгайлах” гэмт хэрэгт бусдын малыг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүй нууц, далд аргаар, хууль бусаар олж авсан үйлдлийг ойлгох бөгөөд халдлагын зүйл нь мал /хонь, ямаа, үхэр, адуу, тэмээ/ байдгаараа хулгайн бусад гэмт хэргээс ялгагдана.
Шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь өмчлөх эрхийн эсрэг мал хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулж байх учир шүүгдэгч С.Ч , Х.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нар нь өөрсдийн гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг төлж барагдуулсан, хохирогч Б.Т , Ж.М нар нь алдсан ямаагаа биет байдлаар хүлээн авч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байна.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн ...” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн ...” гэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдсон болно.
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж гэм хорыг арилгасан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хувийн байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг баримтлан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж үзэв.
Энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, иргэний бичиг баримтгүй болно.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ц овогт Х.Т , Ж овогт С.Ч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч С.Ч , Х.Т нарыг тус тус 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, мөн зүйлийн 4-т зааснаар шүүхээс тэнссэн хугацаанд шүүгдэгч С.Ч , Х.Т нарыг зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх арга хэмжээ авч, хүлээлгэсэн үүргийг зөрчсөн тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулсугай.
4. Энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Ч , Х.Т нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.Ч , Х.Т нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД