| Шүүх | Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 131/2024/00086/И |
| Дугаар | 213/МА2024/00001 |
| Огноо | 2024-04-12 |
| Маргааны төрөл | Согтууруулах мансууруулах, |
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 213/МА2024/00001
Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын хүсэлттэй
иргэний хэргийн тухай
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Ч.Баярцэнгэл, Т.Ганчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 131/ШШ2024/00101 дүгээр шийдвэртэй,
Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын хүсэлттэй
Гүнд овгийн Цэнд-Аюушийн Мөнхнаст /РД: ВЮ87042951/ -ыг архины албадан эмчилгээнд хамруулахыг хүссэн иргэний хэргийг гуравдагч этгээд Ц.Мөнхнастын давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн хэргийг 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч байгууллагын төлөөлөгч Э.Оюунболд, гуравдагч этгээд Ц.Мөнхнаст, түүний өмгөөлөгч Б.Бурмаа шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Бүжинлхам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь;
Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын анхан шатны шүүхэд гаргасан хүсэлт болон хүсэлт гаргагч байгууллагын төлөөлөгч Э.Оюунболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Тус газраас Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5- 6-30 тоотод оршин суух Цэнд-Аюушийн Мөнхнаст нь согтууруулах ундаа байнга хэтрүүлэн хэрэглэж, зөрчлийн улмаас удаа дараа албадан саатуулагдсан байх тул Согтуурах, мансуурах донтой хүний захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар архины албадан эмчилгээнд хамруулж өгнө үү...гэх хүсэлт,
...Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5, 6 дугаар багийн хэсгийн төлөөлөгчөөр 2022 оны 12 дугаар сарын ажиллаж байна. Түүнээс хойш Ц.Мөнхнаст нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн эхнэрийн хамт хэрэглэдэг. Эдгээр хүмүүсийн ухамсаргүй үйлдлээс болж үр хүүхдүүд нь байнгын гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байна. Жаргалтай амьдрал төвд хоёулаа албадан эмчилгээнд явж байсан хэдий ч үр дагавар үүсээгүй. Архийг хэсэг хугацаанд хэрэглэхгүй байсан хэдий ч архийг давтамжтайгаар хэтрүүлэн хэрэглэж эхэлсэн. Мөн хүнд худлаа ярьж, залилж хуурдаг. Хэрвээ архинаас татгалзаж чадахгүй бол албадан эмчилгээнд явуулах талаар хэлсэн. 2024 он гарахад мөн адил архийг хэрэглэсээр байна. Иймд албадан эмчилгээнд хамруулах хүсэлт гаргасан гэжээ.
Гуравдагч этгээд Ц.Мөнхнаст нь анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би архины албадан эмчилгээнд явахыг хүсэхгүй байна. Хэрвээ би архины эмчилгээнд явчих юм бол манай гэр өр зээл ихтэй. Одоо удахгүй цагаан сар өнгөрөөгөөд би ажил хийхээр явна. Би архийг байнгын давтамжтайгаар хэрэглэхгүй байгаа. Манай бага хүүхдийн бие өвдөөд байгаа. Эхнэр маань ганцаараа ажил хийж байгаа эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж албадан эмчилгээнд битгий явуулаач гэжээ.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт:
Согтуурах, мансуурах, донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Гүнд овгийн Цэнд-Аюушийн Мөнхнаст /РД: ВЮ87042951/-ийг албадан эмчилгээнд явуулж,
Согтуурах, мансуурах, донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6 дахь хэсэгт зааснаар Ц.Мөнхнастыг албадан эмчлэх эмнэлэгт хүргэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хариуцуулж,
Гуравдагч этгээд Ц.Мөнхнастын албадан эмчилгээний эхлэх хугацааг түүнийг тус эмнэлэгт хүлээн авсан өдрөөс эхлэн тооцох бөгөөд эмчилгээний нийт хугацааг Согтуурах, мансуурах, донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасан хугацаа, журмыг баримтлан хэрэгжүүлэхийг тайлбарлаж,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, шийдвэрлэжээ.
Гуравдагч этгээд Ц.Мөнхнаст тус шүүхэд гаргасан гомдолдоо:
... Цэнд-Аюуш овогтой Мөнхнаст миний бие нь эхнэр н.Номиндарь мөн 3 охины хамт ам бүл 5-уулаа бага охин Итгэлт маань 3 настай балчир байгаа тул архинаас гаргах албадан эмчилгээнд явуулах нөхцөлийг манай гэр бүл аав, ээж, ах дүү нарын зүгээс дэмжихгүй байна.
Ц.Мөнхнаст миний бие нь эрүүл мэндийн нөхцөл муу элэгний хатуурал, нойр булчирхайн өрөвсөл, арьсны нисероз, даралт өндөр байнга эм уудаг, архаг нойргүйдэл зэрэг өвчний улмаас албадан эмчилгээнд явахаас татгалзаж байна. Мөн эхнэр бид хоёр ХААН банк, Хас банканд дараалсан зээлүүд төлдөг мөн гурван охины маань амьдрал хичээл, сургуулийн хэрэглээ өндөр зэрэг асуудал ихтэй байна.
Одоогоор эхнэр ганцаараа ажил хийдэг, эрүүл мэндийн хувьд нуруу мурийсан, байнгын өвчин намдаах эм уудаг, ажлын ачаалал даах чадваргүй болсон тул миний бие 3 сард Шинэжинст явж ажил хийх болсон тул эхнэрээ эмчлүүлж, гурван охиноо харж хамгаалж сайн хань, сайн эцэг байх үүргээ гүйцэтгэхэд минь тус болооч.Иймээс миний бие архинаас гаргах төв рүү явбал 3 охиныг маань хичээл сургуульд нь зөөж, харж хамгаалж хүн байхгүй болно. Мөн миний бие нь Энэтхэг улсын архины дуршил бууруулах /Alkoabuz diz/ эмийг уугаад 7 хонож байна.
Мөн эхнэрийн маань төрсөн эгч Нандинцэцэг манай амьдралд байнга оролцон удаа дараалан цагдаад өгч эрүүлжүүлэх мөн торгуулийн арга хэмжээ авхуулдаг. Иймд эхнэр маань төрсөн эгчдээ ч гомдолтой гэх, 3 охины маань ирээдүй, сургуулийн сурагчдын хүүхдүүдэд маань гаргах хандлага зэрэгт санаа нь зовж сэтгэл санааны тогтворгүй байдалд байна.
Иймд Ц.Мөнхнаст миний бие нь дахин архи согтууруулах зүйл хэрэглэх, гэр бүлийн хүүхдийн эрх зөрчигдөх зэрэг хэрэг гаргасан тохиолдолд хуулийн дагуу хариуцлага хүлээх болно.
Иймээс миний хүсэлтийг хүлээн авч Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн дугаар 131/ШШ2024/00101 архинаас гаргах албадан эмчилгээнд явуулахгүй байх асуудлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дүгээр зүйлийн 116.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд тус иргэний хэргийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.Мөнхнастын гаргасан гомдлын үндэслэлд хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг мөн шүүхэд буцааж шийдвэрлэв.
Учир нь:
Баянхонгор аймгийн Цагдаагийн газраас гуравдагч этгээд Ц.Мөнхнастыг архины албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлтийг анхан шатны шүүхэд гаргажээ.
Анхан шатны шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэхдээ “... гуравдагч этгээд Ц.Мөнхнаст нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, удаа дараа эрүүлжүүлэгдсэн, архинд донтох өвчтэй нь Баянхонгор аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн эмч нарын зөвлөгөөний дүгнэлтээр нотлогдсон, архийг их хэмжээгээр байнга хэтрүүлэн хэрэглэдэг,нийтийн ёс суртахууны хэм хэмжээ, захиргааны журмыг байнга зөрчдөг ...” гэх үндэслэлийг нотолсон нотлох баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй байна.
Өөрөөр хэлбэл Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлүүлэх асуудлыг анхан шатны шүүх хянан шийдвэрлэхдээ гуравдагч этгээд нь өвчтэй, албадан эмчлэх зайлшгүй шаардлагатайг нотлон тогтоодог болохынхоо хувьд эрх зүйн ач холбогдол бүхий үйл баримтыг буюу хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмыг баримталдаг онцлогтой бөгөөд албадан эмчилгээнд хамруулбал зохих хүний талаарх бүрэн мэдээллийг өгөх нотлох баримтыг хүсэлт гаргагч Цагдаагийн байгууллага түүний төлөөлөгч бүрдүүлж өгөх үүрэгтэй.
Гэтэл хавтаст хэргийн 146 дугаар талд авагдсан Эрүүл мэндийн сайдын 2020 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн А/59 дугаар тушаалын хоёрдугаар хавсралт буюу согтуурах, мансуурах донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлтийн загварын Эрүүл мэндийн байгууллага бөглөх гэх хэсэгт сэтгэц- донтолтын эмчийн үзлэг хийгдээгүй, дүгнэлт гаргаагүй, төрөлжсөн мэргэшлийн эмчийн үзлэг гэх хэсэгт хавдрын эмч үзээгүй орхигдсон, эрүүл мэндийн байдал, архины албадан эмчилгээ хийлгэхэд харшлах өвчин байгаа эсэх тодорхой бус зэргээр Согтуурах мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.-д “Согтуурах, мансуурах донтой эсэхийг тодорхойлох эрүүл мэндийн дүгнэлт гаргахдаа төрөлжсөн мэргэжлийн эмчийн үзлэг, шинжилгээ хийж, онош, хүндрэл... нөлөөг дүгнэлтэд тусгана” гэж заасантай нийцээгүй гэж үзнэ.
Мөн түүнчлэн Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэг нь гуравдагч этгээд Ц.Мөнхнасанг архаг архисах хам шинж зан төрөхийн өөрчлөлттэй гэх дүгнэлтийг гаргахдаа Архины хамаарлын шалтгаант сэтгэцийн зан үйлийн эмгэгийн оношилгоо, эмчилгээ MNS 5396-1:2004 стандартад заасан шинжилгээнүүдээс гадна сүрьеэгийн шинжилгээ /уушгины флюр зураг/, ЭХО-сонографийн шинжилгээ /дотрын цуллаг эрхтнийг шинжлэх/, цус ба шээсний ерөнхий, биохимийн шинжилгээ /элэгний үйл ажиллагааг тодорхойлох/ болон бусад шинжилгээг холбогдох газруудаар хийлгэж, дүнг дүгнэлтэд хавсаргалгүйгээр “үгүй” гэж бичжээ.
Согтуурах мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 4.1-д зааснаар хүсэлтийг хүлээн авсан даруй 5.1-д заасан ажиллагааг явуулж, Ц.Мөнхнастыг архи согтууруулах ундаа тогтмол хэрэглэж, архинд донтох өвчтэй эсэхийг тогтоолгоно. Гэтэл 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр гуравдагч этгээдийг архины албадан эмчилгээнд хамруулах хүсэлтийг хүлээн авсан атлаа хуульд заасан ажиллагааг явуулаагүй, 2023 оны эмнэлгийн дүгнэлтийг үндэслэн шүүхэд хүсэлтээ гаргасныг шүүх анхааралгүйгээр Ц.Мөнхнастыг архины албадан эмчилгээнд хамруулахаар шийдвэрлэснийг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, цагдаагийн байгууллагаас хуульд заасан ажиллагааг гүйцэтгээгүй байхад хэргийг хянан шийдвэрлэжээ.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Харин дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр хүчингүй болсон тул “... ар гэрийн амьдрал болон хувийн байдлыг харгалзан албадан эмчилгээнд хамруулахгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгуулах...” агуулгаар бичсэн гуравдагч этгээдийн гомдлыг хэлэлцээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянхонгор аймаг дах Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 131/ШШ2024/00101 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид Ц.Мөнхнастаас төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасныг баримтлан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч талууд тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД Ч.БАЯРЦЭНГЭЛ
Т.ГАНЧИМЭГ