Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 69

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,

нарийн бичгийн дарга Б.Энхзул,

улсын яллагч М.Сайнзаяа,

шүүгдэгч Б.Б , Ж.Б  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Сайнзаяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С  овогт Ж.Б , А овогт Б.Б  нарт холбогдох эрүүгийн 1915000980054 дугаартай, 163/2019/0075/Э индекстэй хэргийг 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Булган . . . оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, С  овогт Ж.Б.

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, аав, ээж, эгч, дүүгийн хамт Булган аймгийн . . . оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, А овогт Б.Б.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.Б , Б.Б  нар нь бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө Булган аймгийн . . . байрлах Х.Г-ын хашаанаас Хятад улсад үйлдвэрлэсэн “Honey” маркийн мотоцикль хулгайлж, 1500000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Б ын өгсөн:  Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мотоциклийн дугуй болон гинжийг тавьж хүлээлгэн өгсөн гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б ийн өгсөн: Гэм буруугийн талаар маргахгүй. Хохирлыг төлсөн, хохирогч санал, гомдолгүй гэсэн гэх мэдүүлэг,

1915000980054 дугаартай эрүүгийн хэргээс хэрэг бүртгэлтийн шатанд:

Хохирогч Х.Г-ын өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө би төвийн гэртээ 02 цаг хүртэл юм оёж байгаад унтсан. Манай мотоциклийн хойд дугуй хагарчихсан байсан болохоор засуулах гээд портер машин дээр ачиж явж дугуйг нь засуулчихаад байшингийнхаа цонхны доор тавьсан. Өглөө босоход мотоцикль байхгүй ба түрээд явсан байсан. Тэгээд мөрөөр нь явахад гудамжинд аваачиж хаяад, тоночихсон байсан. Уг мотоциклийг аваад жил гаран болж байна. Хойд талын эд анги бүгд байхгүй болсон байсан. ...Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...”  гэх мэдүүлэг /хх 13-15 тал/,

Гэрч Г.Г ын өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 22 цагийн орчим Б , Ч , Б  нар адуу малд явж байгаа бинзен хийх гэж орж ирсэн гээд манайд ирсэн. Манайд хоол унд идчихээд би нэг 2.5 литр боргио пиво гаргаж өгсөн юм. Тэрийг уучихаад 23 цаг өнгөрч байхад манайхаас “явлаа” гээд гарсан. Тэгээд эргэж орж ирээд “мотоциклийн дугуй хагарчихсан байна, нөхөөс цавуу байна уу” гэж орж ирсэн. Манайд нөхөөс цавуу байхгүй байсан учир би “байхгүй” гэхэд тэр гурав гарч явсан, буцаж орж ирээгүй. Тэр гурвыг айлын мотоцикль хулгайлсан талаар сонсоогүй, мэдээгүй. ...” гэх мэдүүлэг /хх 17 тал/,

Гэрч Г.Ч гийн өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Б , Б  бид гурав 20 цаг өнгөрч байхад хөдөөнөөс  сумын төв рүү миний мотоцикльтой орж ирсэн юм. Дэлгүүр орчихоод манай найз Г ынд очсон. Тэнд ганц нэг пиво уучихаад гарах гэсэн чинь  миний мотоциклийн дугуй нь хагарчихсан байсан. Тэгээд би “дугуйгаа нөхүүлээд ирье” гээд явсан чинь дугуй засвар хаачихсан байхаар нь эргээд иртэл мотоциклийн дугуй авчирсан байсан. Тэгсэн уг авчирсан дугуй нь таарахгүй байсан ба тэр дугуйг гудамжны үзүүрт байсан мотоцикль дээр аваачиж орхиод явсан. Би авчирсан мотоциклийн талаар мэдэхгүй. ...”  гэх мэдүүлэг /хх 18 тал/,

Шүүгдэгч Б.Б  яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 22 цагийн үед би найз Б ын хамтаар сумын төврүү мотоцикльтой ороод дэлгүүрээс "Боргио" нэртэй 2,5 л хоёр ширхэг пиво аваад буцах гэж байгаад Б  бид 2 ярилцаад сумын төвд байдаг найз Г ын гэрт нь очоод ууя гээд найз Г ын гэрт очоод гэрийн хашааны гадаа нь мотоциклио орхичихоод найз Г ын гэрт орсон. Тэднийд ороход Г  гэртээ байсан ба Б  бид 2 дэлгүүрээс авсан пивоо гаргаж Г ын хамт уусан. Харин Г  бид 2-т “Соёрхол” нэртэй 0,5 л  нэг шил архи гаргаж өгөхөөр нь бид 3 тэр архийг хувааж ууж дуусаад найз Г ын гэрээс хөдөө гэрлүүгээ харихаар Б ын хамт гараад мотоциклио асаах гэтэл мотоциклийн хойд дугуй хагарчихсан байсан. Тэгээд бид яаж хөдөө явах талаар ярилцаад байж байтал найз Г ын хажуу айлын гэрийн гадаа нь нэг мотоцикль байхаар нь бид хоёр хашааруу нь ороод мотоциклийг түрээд хашаанаас гаргаад хойд дугуйг нь тайлаад өөрийн унаж явсан мотоклийнхоо хагарчихсан хойд дугуйныхаа оронд хийх гэсэн чинь таарахгүй болохоор нь мотоциклийг тэнд орхичихоод хагарсан дугуйтайгаа Б  бид 2 хөдөө явсан. ...” гэх мэдүүлэг /хх 32 тал/,

Шүүгдэгч Ж.Б  яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 22 цагийн үед би найз Б ийн хамтаар сумын төв рүү мотоцикльтой бинзен авах гээд ороод ШТС-аас бинзенээ авчихаад дэлгүүр ороод "Боргио" нэртэй 2,5 л хоёр ширхэг пиво аваад буцах гэж байж байгаад Б  бид сумын төвд байдаг найз Г ын гэрт нь очиж ууя гэж ярилцаад найз Г ын гэрт Б ийн хамтаар очсон. Г ын гэрийн хашааны гадаа нь мотоциклоо орхиод найз Г ын гэрт ортол Г  гэртээ байсан тэгээд Б  Г  бид гурав авчирсан пивоо хамт уусан. Харин Г  бид хоёрт “Соёрхол” нэртэй 0,5 л нэг шил архи гаргаж өгсөн ба тэр архийг нь хувааж уучихаад найз Г ын гэрээс хөдөө гэрлүүгээ харихаар Б ийн хамт гараад мотоциклоо асаагаад явах гэтэл мотоциклийн хойд дугуй хагарчихсан байсан. Тэгээд бид хоёр яаж хөдөө явах талаар ярилцаад байж байтал найз Г ын хажуу талын хамар хашааны айлын гэрийн гадаа нь нэг мотоцикль байхаар нь бид хоёр хашааруу нь ороод мотоциклийг түрээд хашаанаас гаргаад хойд дугуйг нь тайлаад өөрийн унаж явсан мотоциклийнхоо хагарчихсан хойд дугуйны оронд хийх гэсэн чинь таарахгүй болохоор нь мотоциклийг нь дугуйтай тэнд нь орхичихоод хагарсан дугуйтайгаа Б ийн хамтаар хөдөө гэрлүүгээ явсан.. ...” гэх мэдүүлэг /хх 33 тал/,

Хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээний “Б” ХХК-ний шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 2019/7-0060 тоот:

“... “Honey” нэртэй мотоциклийн хохирлыг хэмжээг 1500000 төгрөг гэж дүгнэж байна. ...” гэх дүгнэлт /хх-ийн 22-25 тал/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх 1-4 тал/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 9 тал/, хэргийн газарт үзлэг нөхөн хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 10-11 тал/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх 26-28/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа /хх 36-40 тал/, хавтаст хэргийн материал танилцуулсан баримт /хх 42-44 тал/ зэрэг талуудын хүсэлтээр яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

      Дээрхи нотлох баримтуудаар 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө Булган аймгийн Хишиг-Өндөр сумын “Д”-ийн хороонд байрлах Х.Г-ын хашаанд байшингийн цонхон дор тавьсан Хятад улсад үйлдвэрлэсэн “Honey” маркийн мотоциклийг шөнийн цагаар түрж гарган хэрэгцээтэй эд зүйлийг авч гудамжинд орхисон шүүгдэгч Ж.Б , Б.Б  нарын гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон байна.

       “Хулгайлах” гэмт хэрэгт бусдын хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүй нууц, далд аргаар, хууль бусаар олж авсан үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч нарын өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйн тулд шөнийн цагаар, асаахгүйгээр мотоциклийг түрж гаргаж байгаа зэрэг үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан өмчлөх эрхийн эсрэг хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Шүүгдэгч Ж.Б , Б.Б   нарын гэм буруугаа хүлээсэн мэдүүлгийн эх сурвалж нь гэмт хэрэг гарсан цаг хугацаа, орон зай, учирсан хор уршгийн талаар өгсөн хохирогч Х.Г , гэрч Г.Г , Г.Ч  нарын өгсөн мэдүүлэг, 1500000 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдож байх бөгөөд нотолгооны ач холбогдол бүхий дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу авч цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамаарал бүхий байна.

       Иймд шүүгдэгч Ж.Б , Б.Б   нарыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ж.Б , Б.Б  нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох мотоциклийг биет байдлаар хүлээлгэн өгсөн, хохирогч Х.Г  шүүгдэгч нартай эвлэрч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байна.

Шүүгдэгч Ж.Б , Б.Б  нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “... гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн ...” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ж.Б , Б.Б  нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, гэм хорыг арилгасан болон тэдний хувийн байдлуудыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Ж.Б , Б.Б  нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:  

1. Шүүгдэгч С  овогт Ж.Б , А овогт Б.Б  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б , Б.Б  нарыг тус тус 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ж.Б , Б.Б  нарт тус тус оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Засаг даргын тамгын газрын харъяанд хийлгэж, ялыг биелүүлээгүй бол уг ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Ж.Б , Б.Б  нарт сануулсугай.

4.Энэ хэрэгт шүүгдэгч Ж.Б , Б.Б  нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй бөгөөд эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Б , Б.Б  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга  хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ж.Б , Б.Б  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.ЦЭРЭНХАНД