| Шүүх | Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 131/2023/00954/И |
| Дугаар | 213/МА2024/00002 |
| Огноо | 2024-04-12 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 213/МА2024/00002
С.Мөнхбатын нэхэмжлэлтэй
С.Энх-Амгаланд холбогдох иргэний хэргийн тухай
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Ч.Баярцэнгэл, Т.Ганчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 131/ШШ2024/00092 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч С.Мөнхбатын нэхэмжлэлтэй хариуцагч С.Энх-Амгаланд холбогдох
Хохирлын 14,900,000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг нэхэмжлэгч С.Мөнхбат, хариуцагч С.Энх-Амгалан нарын гаргасан давж заалдах гомдлуудаар хэргийг 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Мөнхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Р.Бадамсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч С.Мөнхбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Наранчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Манайх 2019 онд төв рүү орж ирэхдээ С.Энх-Амгаланд малаа үлдээсэн. Тэр малыг тоолж хүлээлгэж өгөөгүй гэсэн С.Энх-Амгалангийн тайлбар байдаг. С.Энх-Амгалангийнх голын дэргэд байдаг. Тэгээд эдний мал гол руу гүйж орж ирэхэд манайх өөрийн малаа тоолж амжилгүй нийлүүлчихсэн. Харин С.Мөнхбат бид хоёр хонио тоолчихсон байсан. С.Энх-Амгалангийн эхнэр манайд малаа нийлүүлчих гэж хэлсний үндсэн дээр манайх малаа тэдний малд нийлүүлсэн. Манайх 150 гаруй бог, 80 гаруй хониноос 11 хонь дутаад, ямаанаас 10 дутсан. Би малаа маллаж байхдаа содон шинж тэмдэгтэй бог малаа бүртгэдэг байсан. Тэгсэн манай нөхөр тийм шинж тэмдэгтэй мал алга байна гээд зүсийг нь хэлээд үгүйлээд байсан. Манайх С.Энх-Амгалангаас малаа ялгаж авсан чинь мал дутсан. Манай хоёр хурга эдний малын эмээр тэмдэглэгдсэн байж байгаад эм хонио олж ирээд хургыг нь авъя гэдгээ хэлсэн. Би С.Энх-Амгалангийн эхнэрт нь нөхрийгөө уурлаж байгаа талаар хэлсэн. С.Энх-Амгалангийн аав ээжийн зүгээс малыг төлж өгнө гэдгийг ярьж хэлсэн. Мөн 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн тамга, тэмдэггүй тогтоолыг гарын үсэг зурж хүлээж аваагүй. Галуут сумын байцаагч тэр өдөр надаас мэдүүлэг авч байхад энэ тогтоол гарсан.
Иймд 10 эр ямааны 5 жилийн ноолуур 30 кг ноолуур байна. 1 кг үнэ 100,000 төгрөг, 5 жилийн хугацаанд 3,000,000 төгрөг, 1 эр ямаа 200,000 төгрөг, 10 эр ямаа 2,000,000 төгрөг нийт 10 эр ямаа 30 кг ноолуур 5,000,000 төгрөг, 11 эм хонь 5 жилийн төл 55 хонь нийт 66 хонь нэхэмжилж байна. Мөнгөн дүнд шилжүүлэхэд 9,900,000 төгрөг, Иймд 10 эр ямаа, 11 эм хонь үр төл, ноолуур дүн нийт 14,900,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч С.Энх-Амгалан шүүхэд гаргасан хариу гаргасан тайлбартаа:
С.Мөнхбат 2018 онд манайд бог малаа тавьсан. Малаа тавихдаа малаа тоолж хүлээлгэж өгөөгүй. Тэрээр малд нийлүүлчхээд манайд ирсэн. 2019 оны хавар эхнэр С.Наранчимэг нь манайд ирж малаа төлүүлсэн. Тэгээд 6 сард явахдаа мал дутлаа гэдэг зүйл яриагүй. Харин зун нийлүүлье гэсэн. Тэгэхээр нь авахгүй гэсэн. Миний бие 2019 онд хэрэгт холбогдоод тэгсэн чинь ямаа, хонь дутлаа өргөдөл өгнө гэсэн. Тэгэхээр нь өг гэсэн. Миний өмгөөлөгч дээр орж төлүүлээд өгчих мөнгө өгье гэж хэлсэн байсан. Миний бие энэ хүнд гомдолтой байна. 5 жил гүтгэн, гүжирдэж олон нийтийн хэрэгслээр удаа, дараа гутаан доромжилж байна.
Иймд Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. С.Мөнхбат гэх хүнийг малыг тоолж аваагүй. Намайг гэртээ байхгүй үед манай малд өөрсдийн малаа нийлүүлчхээд явчихсан байсан. Би малыг нь өвөл маллаж, онд оруулаад өгсөн. Надад ямар нэгэн хөлс өгөөгүй. Би 5 сар малыг нь малласан гэжээ.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч С.Энх-Амгалангаас 3,650,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Мөнхбатад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11,250,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Энх-Амгалангаас 73,350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Мөнхбатад олгож, шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч С.Мөнхбат тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
Нэхэмжлэгч иргэн С.Мөнхбат би Баянхонгор аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр дугаар 131/ШШ2024/00092 бүрэлдэхүүнтэй болсон шийдвэртэй танилцлаа. Тус хурлаар нэхэмжлэгч миний шаардлагаас 11.250.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосонд үүнийг эс зөвшөөрч дээд шатны шүүхэд хуулийн хугацаанд гомдол гаргаж байна. Тус хурал нь хариуцагч С.Энх-Амгалангаас миний 10 тооны эр ямаа 11 тооны эм хонийг хуулийн дагуу шийдэж гаргаж өгсөн байна.
Энэ бол хариуцагчийн надад учруулсан үндсэн хохирол. Энэ хохирлыг С.Энх-Амгалан надад учруулаад 5 жил болж байна. Энэ хооронд надад учирсан гэм хорын хохирол болох ямааны ноолуур эм хонины төлийг хариуцагч надад төлөх хуультай. Харин энэ хуралд нэхэмжлэгч би болон хууль ёсны итгэмжлэгч С.Наранчимэг бид хоёр 11.250.000 төгрөгийн нотлох баримтыг гаргаж өгөх үүргээн биелүүлээгүйн учир шүүх бүрэлдэхүүн хэрэгсэхгүй болгосон нь хуулийн дагуу шийдвэр байна. Нэхэмжлэгч би итгэмжлэгчээрээ дамжуулан давж заалдах шатны шүүхэд 11.250.000 төгрөгийн нотлох баримтуудыг гарган өгөх учир хэлэлцэж өгнө үү.
Жич дурдахад: энэ нэхэмжлэлд хариуцагчаас 5 жилийн турш хэргийн араас явсан зардалд нэг ч төгрөг нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй. Зөвхөн надад учруулсан 21 тооны бог малын үр төл, ашиг шим ноос, ноолуурыг нэхэмжилсэн гэжээ.
Хариуцагч С.Энх-Амгалан тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
Миний бие Сэр-од овогтой Энх-Амгалан нь 2018 оны 10 дугаар сард С.Мөнхбат нь манайх дээр хонь малаа тавьсан. Харин С.Мөнхбат нь иргэний шүүхэд хандаж 10 хонь, 10 ямаа дутсан мөн түүний төлүүдийг тооцож төлбөрийг барагдуулж өгнө үү гэсэн гомдол гаргасан байсан. Иргэний шүүх 10 хонь, 10 ямааны мөнгийг одоогийн ханшаар бодож 3.650.000 төгрөг төлөх шүүхийн шийдвэр гарсан. Тухайн үед С.Мөнхбат нь хонь, ямаагаа манайх дээр тавихдаа тоолж өгөөгүй. Эхнэр бид хоёр тоолж аваагүй. Харсан үзсэн хүн, гэрч байхгүй. Нэхэмжилсэн 3.650.000 төгрөгийг төлөх 2024 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 92 дугаартай тогтоолын шийдвэрийг баримт байхгүй байхад шийдвэрлэсэн асуудлыг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдлуудад дурдсан үндэслэлүүдээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь:
1. Нэхэмжлэгч С.Мөнхбат хариуцагч С.Энх-Амгаланд холбогдуулан 10 эр ямааны 5 жилийн хугацаанд авах байсан ноолуур 30 кг килограмм буюу 5,000,000 төгрөг, 11 эм хонины 5 жилийн төл 66 хонь буюу 9,900,000 төгрөг, нийт 14,900,000 төгрөг буюу үр шим болон үр төлийн хохирлыг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүхэд гаргасан байна./ Давах гомдолдоо ч бичжээ/
2. Хариуцагч С.Энх-Амгалан “...би С.Мөнхбат гэх хүний малыг тоолж аваагүй, намайг гэртээ байхгүй үед манай малд өөрсдийн малаа нийлүүлчхээд явчихсан байсан. Надад ямар нэгэн хөлс өгөөгүй, би 5 сар малыг нь маллаж онд оруулсан. Манайд малаа нийлүүлж тавихдаа тоолж хүлээлгэж өгөөгүй тул хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргажээ.
3. Хавтаст хэргийн 4 дүгээр талд Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 1/878 дугаар “гомдолд хариу өгөх тухай” хариу мэдэгдэх хуудас буюу албан тоотод “... 2018 оны намар С.Энх-Амгаланд 150 гаруй тооны бог мал маллуулахаар хүлээлгэж өгч, 2019 оны 6 дугаар сард 120 гаруй бог мал буцааж авсан, тухайн үед С.Энх-Амгалантай бичгээр гэрээ байгуулаагүй, мал хүлээлгэн өгсөн хүлээн авсан талаар ямар нэгэн баримт үйлдээгүй, С.Энх-Амгалан 10 ямаа, 11 эм хонь нийт 21 тооны бог малыг буцааж өгөөгүй нөхцөл байдлууд тогтоогдсон байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 хэсгийн 1.5-д заасан, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал үүссэн байх бөгөөд хэрэг бүртгэлтийг хааж шийдвэрлэсэн прокурорын шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг мэдэгдье” гэжээ.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.-т “Хэрэв эрүүгийн хэрэгтэй хамт шийдвэрлээгүй бол уг нэхэмжлэлийг хуульд заасан журам, харьяаллын дагуу гаргана.” гэж заажээ.
5. Нэхэмжлэлийн шаардлагыг иргэний журмаар шийдвэрлүүлэхээр шүүхийн цагаатгах болон шийтгэх тогтоолд заасан, эсхүл нэхэмжлэлийн шаардлагыг эрүүгийн хэрэгт гаргах боломжгүй байсан бол эрүүгийн хэргийн улмаас учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс шаардах эрх тухайн этгээдийн гэм буруу шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсоноор үүсдэг буюу Монгол Улсын Үндсэн хуульд “гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” гэсэн зарчимд нийцдэг болно.
6. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тухайн гэмт хэргийг үйлдсэн этгээд шүүхийн шийдвэрээр гэм буруутай болох нь тогтоогдсон тохиолдолд гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, гэм хорыг арилгах үүрэгтэй харин гэм буруутай болохыг нь шүүхийн шийдвэрээр тогтоогоогүй тохиолдолд өөрт учирсан хохирлын талаар нэхэмжлэлээ иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргахдаа нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг нотлох, нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх үүргийг хүлээнэ.
7. Анхан шатны шүүх нь нэхэмжлэгч С.Мөнхбатын нэхэмжлэлийн дагуу иргэний хэрэг үүсгэхдээ нэхэмжлэлийн үндэслэлийг анхаараагүй болох нь иргэний хэрэг үүсгэсэн захирамжид 14,900,000 төгрөгийг гаргуулахаар бичигдсэн байдлаар илэрхийлэгдэх бөгөөд хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэхдээ Прокурорын мэдэгдэх хуудсыг үндэслэн 10 ямаа, 11 эм хонь нийт 21 тооны бог малын хохирлоор шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй болжээ.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч С.Мөнхбат нь хариуцагч С.Энх-Амгаланд холбогдуулан 10 эр ямааны 5 жилийн хугацаанд авах байсан ноолуур 30 кг килограмм буюу 5,000,000 төгрөг, 11 эм хонины 5 жилийн төл 66 хонь буюу 9,900,000 төгрөг, нийт 14,900,000 төгрөгийн ашиг шим гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг анхан шатны шүүхэд гаргасан байхад анхан шатны шүүх Прокурорын мэдэгдэх хуудаст бичигдсэн 10 ямаа,11 эм хонь нийт 21 тооны бог малын хохирлоор хэргийг шийдвэрлэсэн нь нэхэмжлэлийн шаардлагад нийцээгүй, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон Прокурорын мэдэгдэх хуудас нь нэхэмжлэлийн шаардлагыг нотлох, нотлох баримт болохгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч С.Энх-Амгаланд холбогдуулан гаргасан нэхэмжлэгч С.Мөнхбатын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Хэргийн баримт, зохигчдын тайлбараар зохигчдын хооронд мал хүлээлгэн өгсөн, хүлээн авсан болоод малын ашиг, шимийн талаарх хариуцагчийн гэм буруутайг тогтоосон нотлох баримт хэрэгт авагдаагүйгээс гадна анхан шатны шүүх нь нэхэмжлэгч С.Мөнхбатад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчийн эрх үүрэг, 38 дугаар зүйлд заасан нотлох баримт гаргах ба цуглуулах, бүрдүүлэх үүргийг бүрэн танилцуулж улмаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргийг хүлээлгэсэн №-5 баримттай 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр, нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Наранчимэгт 2024 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр, тус тус танилцуулж тэдгээр нь гарын үсгээ тус тус зурсан, анхан шатны шүүх хэргийг 2024 оны 2 дугаар сарын 01-ний өдөр шийдвэрлэсэн зэрэг байдлыг цаг хугацааны хувьд авч үзэхэд нэхэмжлэгч С.Мөнхбат нь 52 хоногийн хугацаанд дээрх үүргээ биелүүлээгүйд анхан шатны шүүхийг буруутгах боломжгүй юм.
Харин нэхэмжлэгч С.Мөнхбат нь хохирлын талаарх нэхэмжлэлээ анхан шатны шүүхэд дахин гаргах эрх нь нээлттэй үлдэх болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 131/ШШ2024/00092 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хохирлын 14,900,000 төгрөгийг хариуцагч С.Энх-Амгалангаас гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч С.Мөнхбатын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1,60 дугаар зүйлийн 60.1, 59 дүгээр зүйлийн 59.3-т тус тус зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгч С.Мөнхбатын 194950 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч С.Энх-Амгалангийн 73350 төгрөгийг төвлөрсөн төсвийн данснаас гаргуулж, шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасныг баримтлан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч талууд тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД Ч.БАЯРЦЭНГЭЛ
Т.ГАНЧИМЭГ