| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2019/0001/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/001 |
| Огноо | 2018-12-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 2019/ШЦТ/001
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч В.Дэлгэрмаа,
Нарийн бичгийн дарга В.Ундрах-Оргил,
Шүүгдэгч Д.Т, түүний өмгөөлөгч Л.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Тт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1814006260356 тоот эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 20-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Монгол улсын иргэн, Д.Т,
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Д.Т нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар багийн нутаг 2-366-18 тоот хашааны үүдэнд гудамжинд 2018 оны 10 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө 01 цагийн орчимд иргэн А.Бийг хутга мэс хэрэглэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч Д.Тын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Би 2018 онь 10 дугаар сарын 28-ны орой гэртээ байж байсан чинь хашааны хаалга согтуу хүн нүдэх чимээ сонсогдсон Тухайн үед гэрт ээжийн ах Б манайд байсан ээж ажилдаа гараад ээлжтэй хонож байсан. Тэгээ би гарч очиход танихгүй эрэгтэй хүн согтуу хүн хаалга нүдээд оръё” гээд байсан Тэгээд би түүнтэй оруулахгүй гэж маргаад гэртээ буцаж орсон Тэгтэл нөгөө хүн дахиад хашааны хаалга нүдээд орилоод байхаар нь айл ах санаатай гэрт байсан жижиг тонгоргийг аваад гарсан. Хашааны хаалган дээр очоод хаалгаа онгойлгоод гарахад тэр хүн намайг барьж аваад бид 2 ноцолдоод би түүний мөр рүү нь 2 удаа хатгасан. Тэгээд би салаад гэр рүүгээ орсон. Нөгөө хүн дахин хаалга нүдээгүй Тухайн үед би халамцуу байсан бүр согтолттой бол биш өөрийгөө мэдрэх чадвартай байсан. Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна...Өөр ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 57-58/
Шүүгдэгч Д.Тын мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрчээр өгсөн мэдүүлэгтээ:
... Би 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гэртээ байж байсан чинь шөнө 23-00 цагийн орчимд манай хашааны хаалгыг хүн нүдсэн. Тухайн үед би архи уучихсан байсан. Тэгэхэд манай ээжийн ах Д.Б манайд байсан. Ээж ажил дээрээ ээлжтэй хонож байсан юм. Тэгээд би хашааны гадаа гарахад танихгүй согтуу хүн “наад хашаа руу чинь орно” гээд би оруулахгүй гээд маргасан.Тэгэхээр нь би буцаад гэртээ орсон. Тэгтэл ахиад хашааны хаалга нүдээд орж ирэх гээд байхаар нь би айлгаадахъя гээд гэрт байсан эвхдэг хутга аваад гарсан. Хашааны гадаа гарахад тэр ах намайг барьж авахаар нь мөр рүү нь хутгаараа 2 удаа хатгасан. Тэгээд би гэр рүүгээ гүйж орсон. Тэгж байтал цагдаа ирээд намайг бариад авч явсан. гэх мэдүүлэг /хх-ийн 35-36/
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Т мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэв.
3. Хохирогч А.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2018 оны 10 дугаар сарын 28-ны орой найз Бүрнээгийнд бид 2 хамт 2 шил 0,5 литрийн архи уусан. Тэгээд орой аажуухан 24 цаг болж байхад би гараад дүүгийнх рүүгээ явж байсан. Тэгтэл би дүү Мөнхсүлдийн хамар хашааны үүдэнд очиход нэг залуу гудамжинд гудамжны үзүүр хашааных нь үүдэнд таарсан. Тэгээд тэр залуу “тамхи байна уу” гэхээр нь би “байхгүй” гэтэл тэр залуу намайг барьж аваад зүүн гарын мөрний доод хэсэгт дүрсэн. Тэгээд өнхрөөд ойчсон чинь дахиад мөр рүү дүрсэн Тэгэхээр нь би “чи намайг аллаа ш дээ” гэтэл тэр залуу “чамайг алсан ч яадаг юм гэхээр нь би түлхээд цааш нь болонгуут нь босоод зугтааж дүүгийндээ орсон. Манай дүүгийнх нь хамар хашаанд нь байдаг юм. Намайг гэрт нь ороход манай дүү Мөнхсүлд эхнэр Батдуламтайгаа хамт байсан. Тэр 2 түргэн дуудаж эмнэлэгт үзүүлсэн... гэх мэдүүлэг / хх-ийн 22-24 /,
...Би тухайн үед нэлээн согтуу байсан ямар ч байсан дүүгийнхээ гудамжинд явж байсан нэг мэдэхэд намайг дүүгийн хажуу айлын залуу 2 удаа мөр хэсэгт хутгалсан. Би тэр залуугийн хашааны хаалгыг нь андуураад нүдэж байгаад тэр залуу гарч ирээд хутгалсан юм шиг байна лээ. Одоо миний мөр рүү үе үе хатгуулж байгаа гэхдээ өвчин нь гарах байх. Би гомдолгүй байна Миний эмчилгээний төлбөрийг төлсөн. Нэхэмжлэх зүйл байхгүй. Нэмж хэлэх зүйл байхгүй. Миний хэлсэн зүйл үнэн нэх мэдүүлэг /хх-ийн 25-26/
Хохирогч А.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрчээр өгсөн мэдүүлэгтээ:
...Би 2018 оны 10 дугаар сарын 28-нд орой гэртээ унтаж байхад манай ах Б гаднаас согтуу байдалтай “хүнд хутгалуулчихлаа” гэсээр орж ирсэн. Б ах “хашааны чинь үзүүрт байдаг айлын бандид хутгалуулчихлаа” гэсэн. А.Б ах манайх руу орж ирэх гэж байгаад айлын хаалга нүдээд хутгалуулсан бололтой юм яриад байсан. Би тэгээд эмнэлэг, цагдаад дуудаад цагдаа ирэхээр нь хамт хажуу айлын хашаанд орж гэрт нь ороход манай хажуу айлын залуу гэртээ согтуу байсан ба цагдаа тэр залууг аваад явсан. Би түүнээс яагаад хутгалсан талаар нь асуугаагүй. Тухайн үед “ах нь хутгалуулчихлаа үзүүрийн хашааны айлын хаалгыг андуурч цохиод тэр айлын залуу гарч ирээд хутгалчихлаа” гэж хэлж байсан. А.Б ах нэлээн согтуу байсан. Ах мөр орчимдоо хутгалуулсан байсан. гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/
4. Гэрч Г.Батдуламын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
…2018 оны 10 дугаар сарын 28-ны шөнө гэртээ унтаж байхад манай ах Б хашааны чинь үзүүрт байдаг айлын бандид хутгалуулчихлаа гээд орж ирэхээр нь эмнэлэг цагдаа дуудсан. Манай ах мөр орчимдоо хутгалуулсан байсан гэх мэдүүлэг /хх-ийн 29-30/
5. Гэрч Д.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Би яг он сарын сайн мэдэхгүй байна. 2018 оны 10 дугаар сарын 28, 29- ний орчимд байх орой унтах гэж байхад 22 цагийн орчимд манай дүүгийн хүүхэд Д.Т согтуу орж гараад байсан. Д.Т гэртээ ээж, дүүтэйгээ байдаг. Би дүүгийндээ тухайн үед байсан. Тэгээд би ч унтаад өгсөн ба нэг сэрэхэд гадаа хүн орилоод хаалга нүдээд согтуу хүн байх шиг байсан. Т тэгтэл гараад явчхаж байгаа бололтой байсан. Гадаа хэрэлдээч байгаа юм болов уу гэмээр дуугарсан. Тэгтэл Т ороод ирсэн ба гартаа хутга барьчихсан байсан. Тэр хутгыг нь би аваад тавьсан. Т “согтуу хүн байна” гэсэн. Юу болсон талаараа яриагүй өөрөө ч согтуу байхаар нь унтуулсан. Тэгтэл удалгүй цагдаа нар орж ирээд Тыг авч явсан. гэх мэдүүлэг /хх-ийн 31-32/
6. Гэрч Д.Нын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Тухайн хэрэг болдог өдөр нь би ажилтай гараанд гарч байсан ба гэртээ байгаагүй. Гэрт манай ах Б, хүү Т, бага насны хүүхэд 3 байсан. Маргааш нь 12 цагийн орчимд ажлаасаа буухад “Т цагдаад баригдсан байна” гэсэн. Мэсний хэрэгтэй гэхээр түргэн дээр очиж асуухад урд шөнө нь хүн хутгалуулж оёо тавиулаад явсан гэж байсан. тухайн үйл явдлыг дэргэд нь байгаагүй болохоор мэдэхгүй байна. Манай хүүхэд надад ярихдаа “хүн хаалга нүдээд байхаар нь гарсан чинь танихгүй хүн байсан ба наад айл руу чинь ороодохъё “ гэхээр нь “яах гэж байгаа юм” гэхэд намайг заамдаж аваад цохисон" тэгэхээр нь гүйж гэртээ ороод хаалгаа түгжсэн чинь дахиад хаалга нүдээд байхаар нь эргэж гарсан” гэсэн. Тэгж хэлэхээр нь “тэгээд чи яасан юм” гэхэд манай хүү дуугарахгүй байна лээ. Би тэгээд хутгалуулсан хүнийд очоод эмнэлэгт үзүүлсэн. Ээж аавтай нь уулзаж уучлалт гуйсан. Нөгөө залуу нь дуугардаггүй юм байна лээ. гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/
7. Гэрч Д.Батбилэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Д.Тэмүужинбаатар нь ээж дүүтэйгээ 3-уулаа амьдардаг юм. Гэрт нь бас Б гэж ээжийнх нь ах ьь хамт байдаг Д Тын хувьд иймээ тиймээ уурлаж байдаггүй Архи ер нь бол хэрэглэдэггүй. Эртэд л найз нөхөдтэйгээ хэрэглэсэн юм шиг байна лээ. Ер нь бол архи хэрэглэдэггүй юм Өмнө нь хэрэгт холбогдож байгаагүй “эрээсээ гардаггүй ажилдаа яваад 20 хоноод 10 хоног амардаг тэгэхдээ гэрээсээ гардаггүй. Ээжтэйгээ 2-уулаа ажилтай байдаг амьдрал ахуй нь дунд зэрэг л байдаг гэх мэдүүлэг /хх- ийн 39-40 /
8. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 11 дүгээр сарын 01-ны өдрийн 670 дугаартай шинжээчийн:
1. А.Бийн биед тархи доргилт, зүүн мөр, бугалгад шарх, цээж, зүүн бугалгад цус хуралт, зүүн хөмсөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх зүүн мөр, бугалганы шарх, цус хуралт гэмтэл нь ир үзүүр бүхий харин тархи доргилт, цээж, зүүн хөмсөгний зулгаралт, цус хуралт гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. шинжээчийн гэх дүгнэлт /хх-ийн 43-44/ болон хавтаст хэргийн 60 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Д.Тын урьд ял шийтгэгдэж байсан тухай ял шалгах хуудас, хавтаст хэргийн 59 дүгээр хуудсанд авагдсан шүүгдэгч Д.Тын багийн Засаг даргын тодорхойлолт, хавтаст хэргийн 10-14 дүгээр хуудсанд авагдсан эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, хавтаст хэргийн 15-19 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Д.Тын эзэмшлийн гар утсыг битүүмжилсэн тэмдэглэл, хавтаст хэргийн 73-74 дүгээр хуудсанд авагдсан эвлэрлийн гэрээ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Улсын яллагчийн зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр тогтоол гаргаж , шүүгдэгч хохирогч нар эвлэрч шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан байна.
Шүүгдэгч Д.Т нь 2018 оны 10 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар багийн 36.б.18 тоот хашааны үүдэнд иргэн А.Бийг хутга мэс хэрэглэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч А.Бийн мэдүүлэг, гэрч Д.Батдулам, Д.Н, Д.Б нарын мэдүүлэг болон шүүх эмнэлгийн шинжээч эмчийн 670 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүхээс шүүгдэгч Д.Тыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул шүүгдэгч Д.Тт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Харин шүүгдэгч Д.Тт зан байдлаа засах сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэх шаардлагагүй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч Д.Тт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Д.Тын эзэмшлийн S-2 маркийн гар утсыг битүүмжилсэн 2018 оны 12 дугаар сарын 12-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх гар утсыг эзэмшигч Д.Тт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Тт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Т нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Энэ хэрэгт шүүгдэгч Д.Тын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хүрэн бор эвхдэг хутгыг эд мөрийн баримтаар хураан авсан Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 12 дугаар сарын 12-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож, уг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Д.Тыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Боржигон овогт Д.Тт дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Д.Тт оногдуулсан дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялыг ялтан Д.Тыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш нэг сарын дотор төлөхөөр тогтоож хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Д.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Энэ хэргийн учир шүүгдэгч Д.Т нь бусдад төлөх төлбөргүй, уг хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт шүүгдэгч Д.Тын эзэмшлийн гар утсыг битүүмжилсэн 2018 оны 12 дугаар сарын 12-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Д.Тт буцаан олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хүрэн бор эвхдэг хутгыг эд мөрийн баримтаар хураасан Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 12 дугаар сарын 12-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож, уг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Д.Тт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Тт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ