Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 1458

 

 

ХХ-ийн нэхэмжлэлтэй иргэний

 хэргийн тухай

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Дамдин-Од нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар, 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2016/00164 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч ХХ-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ХХХХ

Хариуцагч ХХХХХ-д тус тус холбогдох,

Ажилласан хугацааны цалин 1.375.143 төгрөг, нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж авч чадаагүйгээс учирсан хохирол 369.999 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгч ХХ-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дамдин-Одын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч ХХ, түүний өмгөөлөгч ХХХХ, хариуцагч ХХХХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХХ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

Нэхэмжлэгч ХХ анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2010 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс Сэтгүүл зүйн багшаар ХХХХ-д ажилд орсон. 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ХХХХ-ын дэргэдэх “ХХХХХ” коллеж буюу одоогийн ХХХХХ-д хөдөлмөрийн гэрээгээр сэтгүүл зүйн багш, сургалтын албаны даргаар ажиллаж эхэлсэн. “ХХХХХ” дээд сургууль нь 2016 оны 01 дүгээр сараас эхлэн цалингаа өгөөгүй тул 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр өөрийн хүсэлтээр хөдөлмөрийн гэрээгээ цуцалж, ажлаасаа чөлөөлөгдсөн. “ХХХХХ” дээд сургуулийн захирал Х нь 2016 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш багш, ажилчдынхаа цалинг олгоогүй, нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй учир Нийгмийн даатгалын сангаас олгодог ажилгүйдлийн тэтгэмжийг авч чадсангүй. Миний ажиллаж байсан “ХХХХХ” дээд сургуулийн Удирдах зөвлөлийн гишүүдийн 60 хувь нь ХХХХ-ын төлөөлөл байдаг учир үйл ажиллагааны чиглэлийг үндсэндээ хүрээлэнгээс өгдөг утгаараа цалин олгохгүй байгаа асуудал ч бас хамааралтай. Иймд ХХХХ болон “ХХХХХ” дээд сургуулиас 2016 оны 01 дүгээр сарын цалин 433.500 төгрөг, 02 дугаар сарын цалин 533.500 төгрөг, 03 дугаар сарын цалин 408.143 төгрөг, нийт 1.375.143 төгрөгийг, нийгмийн даатгалын сангаас авч чадаагүй ажилгүйдлийн тэтгэмж 390 000 төгрөг, бүгд 1.765.143 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг ХХХХХ-д даалгаж өгнө үү...” гэжээ.

Хариуцагч ХХХХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Хөдөлмөрийн гэрээгээр ажил олгогч нь “ХХХХХ” дээд сургууль байх ёстой. Хөдөлмөрийн тухай хуулиар ажил олгогчийн үүргээ гүйцэтгээгүйгээс авч чадаагүй цалин, тэтгэмжийн 50 хувийг манай байгууллагаас нэхэмжлэх эрхгүй юм. ХХХХ болон “ХХХХХ” дээд сургууль нь хамтран ажиллах гэрээний үндсэн дээр хамтарч ажилладаг тус тусдаа хуулийн этгээд юм. “ХХХХХ” дээд сургуулийн төлөөлөн удирдах зөвлөлд ХХХХ-ын зургаанн гишүүн ордог нь үнэн ч тусдаа байгууллага учир манайх хариуцах үндэслэлгүй. Иймд ХХХХ-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 128 дугаар зүйлийн 128.1.11-д заасныг баримтлан “ХХХХХ” дээд сургуулиас 687.571,5 төгрөгийг гаргуулж ХХд олгож, ХХ-ийн нэхэмжлэлийн шаардлагаас ажилгүйдлийн тэтгэмжтэй холбоотой 390.000 төгрөгийн болон ХХХХ-аас цалинд 687 571,5 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар ХХ-ийн 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг зохих журам, хувь хэмжээгээр төлж, дэвтэрт бичилт хийхийг ХХХХХ-д даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгч ХХ-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48 700 төгрөгөөс 43 192 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос илүү төлөгдсөн 5 508 төгрөгийг, хариуцагч “ХХХХХ” дээд сургуулиас 21.052 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ХХд олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч ХХ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би анхнаасаа ХХХХ-д багшаар ажилд орсон. “ХХХХХ” дээд сургууль нь “Хэвлэлийн хүрээлэн дээд сургуулийн дэргэд байгуулагдсан, Удирдах зөвлөлд нь төрийн бус байгууллагын зургаан гишүүн орж ажилладаг. Иймд ХХХХ нь миний цалингийн тал хувийг хариуцаж төлөх ёстой гэж үзэж байна. Би нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч ХХ-ийн өмгөөлөгч ХХХХ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх  ХХХХ нь ХХтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэж дүгнээд нэхэмжлэлийн 50 хувь буюу 687.571,5 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй. Иймд ХХХХ-аас ажилласан хугацааны цалингийн 50 хувь болох 687.571,5 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч ХХХХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХХ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч ХХ нь хариуцагч ХХХХ, ХХХХХ-д холбогдуулан ажилласан хугацааны цалин 1.375.143 төгрөг, ажилгүйдлийн тэтгэмж авч чадаагүйгээс учирсан хохирол 369.999 төгрөг, нийт 1.745.142 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч ХХХХ нь эс зөвшөөрч маргасан бол хариуцагч “ХХХХХ” дээд сургууль тайлбар гаргаагүй байна.

ХХ нь 2012 оноос ХХХХХ-д ажиллаж, 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 01 тоот гэрээний дагуу 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс тус сургуулийн сургалтын албаны дарга, сэтгүүл зүйн багшаар ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн талаарх үйл баримтыг шүүх зөв тогтоожээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга нь хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргээ гүйцэтгэсэн тул цалин хөлс авахыг шаардсан байх тул хариуцах эрх бүхий этгээдээс цалин хөлсийг бүхэлд нь олгож шийдвэрлэх байтал шүүх хариуцагч тус бүрт хариуцуулахаар дүгнэснийг буруу гэж үзнэ. Иймд “ХХХХХ” сургуулиас тус сургуулийн нягтлан бодогчийн ирүүлсэн тодорхойлолтыг үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2016 оны 1,2,3 дугаар сарын олгогдоогүй цалин хөлсөд 1.375.143 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүх “ХХХХХ” дээд сургуулийн гүйцэтгэх захирал ажилтай Хд 2016 онб 05 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан ба тэрээр нэхэмжлэлд тайлбар гаргаж өгөөгүй байна. 

Тэрээр тус сургуулийн захирлын албан тушаалаас чөлөөлөгдсөн тухай баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул түүнийг хариуцагч “ХХХХХ” дээд сургуулийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд гэж үзнэ. Иймд хариуцагчид нэхэмжлэл гардуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоход эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарласан, шүүх хуралдааны товыг мэдэгдсэн тул анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохих журмын дагуу явуулсан байна.

 

Нэхэмжлэгч нь ажилгүйдлийн тэтгэмж авч чадаагүй байдалд хариуцагч буруутай гэх тайлбараа нотлоогүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Хариуцагч ХХХХ нь “ХХХХХ” дээд сургуулийн үүсгэн байгуулагч боловч тус тусдаа бие даасан хуулийн этгээд болох нь хэрэгт авагдсан улсын бүртгэлийн гэрчилгээнүүдээр тогтоогдож байна. Түүнчлэн ХХХХ, “ХХХХХ” дээд сургуулийн Хамтран ажиллах гэрээний 2.2.1 дэх заалтад “...аль аль нь санхүүгийн хувьд бие даасан хуулийн этгээдийн хувьд санхүүгийн үйл ажиллагаагаа нягтлан бодох бүртгэлийн хууль, татварын багц хууль болон холбогдох бусад хууль дүрмийн хүрээнд бие биенээсээ хараат бус байдлаар явуулна. Татвар, даатгал, шимтгэлийн асуудлаар нэг нь нөгөө байгууллагын өмнөөс хариуцлага хүлээхгүй...” гэж тохиролцжээ. Иймд анхан шатны шүүх  ХХХХ нь нэхэмжлэгч ХХтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, цалин олгох үүрэг хүлээгээгүй гэж зөв дүгнэж, түүнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Хариуцагч “ХХХХХ” дээд сургуулийн гүйцэтгэгх захирал Х хуульд заасан хугацаанд нэхэмжлэлд тайлбар гаргах, нотлох баримт гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй, түүнд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул шүүх түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт нийцсэн байна.

 

Иймд нэхэмжлэгч ХХ-ийн гаргасан давж заалдах гомдлоос ажилгүй байсан хугацааны цалинг бүрэн гаргуулах хүсэлтийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж давж заалдах шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2016/00164 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “…”ХХХХХ”-иас 687.571,5 төгрөгийг…” гэснийг “…”ХХХХХ”-иас 1.375.143 төгрөгийг (Нэг сая гурван зуун далан таван мянга нэгзуун дөчин гурван)…” гэж, “...Хэвлэлийн хүрээлэн  ТББ-аас цалинд 687.571,5 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай...” гэснийг “…ХХХ-д холбогдох ХХ-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай...” гэж, тогтоох хэсгийн 3 дахь заалтад “…21.052 төгрөг…” гэснийг “…36.952 төгрөг…” гэж өөрчлөлт  оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч ХХ-ийн төлсөн 21.052 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Э.ЗОЛЗАЯА

                                                ШҮҮГЧИД                                   Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                                                    Д.ДАМДИН-ОД