Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 41

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                         Хэргийн индекс: 114/2017/0024/3/

 Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунчимэг даргалж тус шүүхийн шүүх  хуралдааны  танхимд  хийсэн   хуралдаанаар

Нэхэмжлэгч:  Ц.Болортуяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболд

 Хариуцагч: Дархан-Уул аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “Дархан-Уул аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/49 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, Захиргаа, хяналтын хэлтсийн даргын албан тушаалд Ц.Болортуяаг томилоогүй хууль бус эс үйлдэхүйг тогтоож, тус албан тушаалд Ц.Болортуяаг томилохыг хариуцагчид даалгах, ажилгүй байх хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай” шаардлага бүхий  захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч           Б.Содболд                       

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:             Т.Цэрэндагва

Гуравдагч этгээд:                                                     Б.Цэвээндорж               

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга:              Б.Саранчимэг  нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ, 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, өөрчилсөн шаардлагаа тодруулахдаа болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага анх ажилдээ эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх шаардлагыг 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр шүүхэд гаргасан. Энэ шаардлагаа өөрчилж тодруулсан. 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр, 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр тодруулсан. Өөрчилсөн шаардлагаа  тодруулж  хэлэхэд  Дархан-Уул  аймгийн  Хөдөлмөр,  халамжийн  үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/49 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, Захиргаа, хяналтын хэлтсийн даргын албан тушаалд Ц.Болортуяаг томилоогүй хууль бус эс үйлдэхүйг тогтоож, тус албан тушаалд Ц.Болортуяаг томилохыг хариуцагчид даалгах, ажилгүй байх хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх шаардлага гаргаж байна. Ц.Болортуяа 2002 оноос хойш төрийн албанд ажилласан. 2013 оноос тухайн үеийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэст орж ажиллаад 2013 оноос хойш Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн Захиргаа хяналтын албаны дарга гэсэн албан тушаалд хууль ёсны дагуу томилогдож ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаанд 2016 оны сонгуулиар засгийн газар солигдож үүнтэй холбогдоод бүтэц орон тоо нь өөрчлөгдсөн. Засгийн газрын 09 дүгээр тогтоолоор тухайн аймаг орон нутагт байгаа хэлтэс болон газрын нэр болон чиг үүрэг өөрчлөгдөж Хөдөлмөр халамж үйчилгээний хэлтсийг хөдөлмөрийн хэлтэстэй нэгтгэж Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болсонтой холбогдуулаад 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Энхболд Б/49  дүгээр тушаал гарган Ц.Болортуяаг ажлаас чөлөөлсөн. Энэ тушаалын гол үндэслэл Төрийн албан хаагчийн хөдөлмөрлөх харилцаатай холбоотой Төрийн албаны тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуулийг барьж гарсан. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6 Төрийн албаны тухай хуулиар зохицуулагдаагүйг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна гэсэн заалтын дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийг тус тус барин Ц.Болортуяаг ажлаас нь чөлөөлсөн. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дүгээр заалт төрийн албан хаагчийн баталгаа гэсэн заалт байгаа. Гэтэл Б/49 дүгээр тушаалд төрийн албан хаагчийг ажлаас нь чөлөөлж байгаа бол чөлөөлөх үндэслэлийг Төрийн албаны тухай хуульд тодорхой зохицуулж өгсөн. Гэтэл тушаалыг гаргахдаа чөлөөлөх үндэслэлийг бариагүй мөртлөө төрийн албан хаагчийн баталгаа гэснийг бариад ажлаас нь чөлөөлсөн байгаа нь хууль хэрэглээний хувьд ч тэр утга агуулгын хувьд ч зөрүүтэй байгаа нь харагдаж байна.  Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 барьсан нь чөлөөлөх үндэслэл болох уу, хоёрдугаарт 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасан урьдчилсан нөхцөл бүрдсэн үү гэдгийг анхаарах нь зүйтэй. Хариуцагч талын бичгээр гаргасан тайлбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага өөрчилсөнтэй холбогдуулаад хоёр удаа тайлбар өгсөн. Энэ тайлбарууд дээр Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-г тодорхой тайлбарлаагүй. Ц.Болортуяаг төрийн албан хаагчийн шалгалт өгсөн эсэх талаар тайлбар өгсөн. Шүүх хуралдаан нэхэмжлэлийн шаардлага буюу хүчингүй болгуулах гэж байгаа тушаалын хууль зүйн үндэслэлийн талаар яригдах учраас шүүхэд бичгээр гаргасан тайлбар нь үндэслэлгүй. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дүгээр заалт нь төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно, нэг ёсондоо төрийн албан хаагч тухайн ажиллаж байсан байгууллага өөрчлөн байгуулагдсан, татан буугдсан тохиолдолд төрийн хаагчийн зүгээс эдлэх  баталгааг зааж өгсөн заалт. Энэ заалтаар Ц.Болортуяаг ажлаас чөлөөлөх биш харин ч энэ заалтаар Ц.Болортуяаг ажлаар хангах, шаардлагатай гэж үзвэл тэтгэмж, тэтгэвэрийг нь олгох. Ийм заалтыг барьж ажлаас чөлөөлсөн Төрийн албан хаагчийг ажлаас халах, ажлаас чөлөөлөх үндэслэл нь Төрийн албаны тухай хуулийн 23-26 дугаар зүйлд зохицуулж өгсөн. Төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгаар албан тушаал бууруулах, төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх гэсэн 23 дугаар зүйлийг барих ёстой байсан. 24 дүгээр зүйлд төрийн албан хаагч төрийн албанаас чөлөөлөгдөх үндэслэл бүрдсэн тохиолдолд чөлөөлөх заалт байгаа. Дарга өөрөө тушаал гаргаж байгаа учраас захиргааны санаачилгаар ажлаас нь чөлөөлж байна гэж үзэх учраас  хэрвээ чөлөөлье гэсэн бол 27 биш 23 дугаар зүйлийн хоёр үндэслэлийн аль нэгийг барихаас биш 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалтаар ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй. Албан байгууллага өөрчлөн байгуулагдсан учраас орон тоо нь хасагдсан гэж яриад байгаа. Ямар тохиолдолд хасагдсан гэдгийг тодруулах шаардлагатай байсан. Ц.Болортуяагийн эрхэлж байсан албан тушаал захиргаа хяналтын албаны дарга гэж байсан. 2016 оны Засгийн газрын 09 дүгээр тогтоолоор өөрчлөгдөж захиргаа хяналтын хэлтэс болсон. Алба гэдэг нь хэлтэсээр өөрчлөгдөөд Захиргаа хяналтын алба байсан чиг үүрэг нь хяналтын хэлтэс болсноор хоёр хуваагдаж нэг хэсэг нь дэд дарга руу нөгөө хэсэг нь хяналтын хэлтсийн даргад хувиарлагдаж үлдсэн. Цаад чиг үүрэг нь өөрчлөгдөөгүй байгаа нь энэ орон тоо хасагдсан гэж үзэх үндэслэлгүй. Энэ талаар 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 08 дугаар Улсын дээд шүүхийн төрийн албаны тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарласан тогтоолд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дүгээр заалтыг ямар тохиолдолд хасагдсан гэдгийг нарийвчлаад тайлбарласантай нийцэхгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 юм шиг байгаа юм. 41.1.1 гэдэг нь техникийн алдаа гэж үзэж байна. Ц.Болортуяа төрийн захиргааны албан хаагч. Төрийн захиргааны албан хаагчийг ажлаас халах үндэслэл нь Төрийн албаны тухай хуулиар тодорхойлогдоно. Энэ дээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийг барьсан нь нэгдүгээрт шаардлагагүй, хоёрдугаарт ингэж барих үндэслэл бүрдэхгүй гэж үзэж байна. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3. Хөдөлмөр халамжийн газар гэж нэгтгэж, бүтэц орон тоонд өөрчлөлт ороод байгаа нь 27 дугаар зүйлийн 27.2.3-н нөхцөл байдал бүрдчихээд байна. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна гэж заасан. Хөдөлмөр халамжийн үйлчилээний газар болгосон нь нэгтгэх гэсэн ойлголтонд орно. Хэрвээ хасагдсан, цөөрсөн гэж үзэх юм бол 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан арга хэмжээний аль нэгийг авах ёстой байсан. Ц.Болортуяагийн хувьд нэр нь өөрчлөгдөж хоёр хуваагдсан ч гэсэн чиг үүрэг нь хэвээрээ учраас үүнийг хасагдсан гэж үзэх үндэслэлгүй. Мөн орон тоо нь цөөрсөн гэж үзэх боломжтой. Үргэлжлүүлэн ажиллах үүрэг нь 27 дугаар зүйлийн 27.2.3-аар байгаа. Энэ үүргээ хэрэгжүүлээгүй. Шүүхэд гаргасан тайлбар болон, гуравдагч этгээдийн тайлбарыг харахад Ц.Болортуяа нь төрийн албаны шалгалт өгсөн эсэх нь тодорхойгүй тийм учраас хувийн хэрэг дэх материалыг харгалзан үзэж энэ шийдвэрийг гаргасан гэж тайлбар гаргаж байна. Гуравдагч этгээд нь Ц.Болортуяагийн хангагдахгүй байгаа шаардлагыг хангаж байна уу гэвэл гуравдагч этгээд Б.Цэвээндорж нь төрийн албаны шалгалт ч өгөөгүй. Төрийн албаны нөөцөд ч байхгүй хүнийг тавьсан. Нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байгаа тайлбар нь өөрөө хуулийнхаа заалттай зөрчилдөөд байна. Хяналтын алба хэлтэс болж өөрчлөгдсөн тохиолдолд Ц.Болортуяаг үргэлжлүүлэн ажиллуулах үүрэг нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-аар байхад С.Энхболд дарга энэ үүргээ хэрэгжүүлээгүй учраас эс үйлдэхүй гэж үзэж байна. Нэгэнт хуульд заасан эс үйлдэхүй тогтоогдож байгаа учраас тухайн албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага ургаж гарч байгаа. Ц.Болортуяагийн хувьд үргэлжлүүлэн ажиллах боломжтой байсан. 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс өнөөдрийг хүртэл ажилгүй байгаа учраас ажиллаж байх ёстой гэдэг нь хуулиар тогтоогдож байгаа учраас ажилгүй байх хугацааны цалин, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлага нь үндсэн шаардлагаас ургаж гарч байна. Гуравдагч этгээдээр оролцож байгаа Б.Цэвээндорж нь 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б/40 дүгээр тушаалаар томилогдсон. 11 хоногийн дараа 10 дугаар сарын 21-ний өдөр Ц.Болортуяаг ажлаас чөлөөлсөн. Энэ нь логикийн хувьд алдаатай, цаг хугацааны хувьд алдаатай нь харагдаж байна. Ц.Болортуяаг ажиллаж байхад түр орлон гүйцэтгэгчийг урьдчилаад томилж байгаа нь ашиг сонирхолын болон хууль хэрэглээний зөрчил гаргасан тодорхой харагдаж байна. Ц.Болортуягаас илүү Б.Цэвээндорж нь шаардлага хангаж байна гэж үзсэн бол эсрэгээрээ 10 дугаар сарын 10-ны өдөр Ц.Болортуяаг халж, 10 дугаар сарын 21-ний өдөр Б.Цэвээндоржийг томилох байсан. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

            Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Монгол Улсын Хөдөлмөрийн яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамууд /хуучин нэрээр/ татан буугдаж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам байгуулагдаж, аймгуудад Монгол улсын Засгийн газрын 2016 оны 09 дүгээр тогтоолын дагуу нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс, Хөдөлмөрийн хэлтсүүд бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөд орж Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болгон үйл ажиллагаа явуулж байна. Дээрх тогтоолын дагуу Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын даргын 2016 оны Б/21 дүгээр тушаалуудаар байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг өөрчилж Дархан-Уул аймгийн Хөдөлмөрийн хэлтэст, Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсүүдийн 79 албан хаагчдаас 44 албан хаагчийн орон тоо болгож баталсан. Нэхэмжлэгч Ц.Болортуяа нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн захиргааны хяналтын хэлтсийн даргаар 2013 оноос 2016 онд тушаал гарах хүртэл ажилласан. 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн тушаалаар нэхэмжлэгчийн эрхэлж байсан албан тушаал хасагдсан гэсэн үндэслэлээр албан тушаалаас чөлөөлсөн. Чөлөөлөх асуудал нь тухайн үеийн хүний нөөцийн эрхэлж байсан ажилтнуудыг оролцуулан тухайн албан тушаал дээр томилогдох албан тушаалтнуудыг сонгон шалгаруулах ажиллагааг явуулсан. Шинээр батлагдсан захиргаа хяналтын хэлтсийн даргыг удирдлагуудын түвшинд Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газар болон аймгийн Засаг дарга, аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргатай зөвшилцсөний үндсэн дээр томилохоор болсон. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасны дагуу албан тушаалын орон тоо хасагдсан учраас сонгон шалгаруулалт байхгүй. Ц.Болортуяаг ажлаас чөлөөлөхийн өмнө ерөнхий газрын даргын чиглэлийг удирдлага болгон  шалгуурыг шалгаж үзэж томилсон. Тухайн үед шалгаж байхад энэ албан тушаал дээр төрийн албаны шалгалт өгөөгүй. Мөн төрийн албаны шалгалт өгсөн талаар баримт байгаагүй сүүлд авагдсан нотлох баримтаар албаны даргын орон тоон дээр шалгалт өгч байгаагүй. Захиргаа хяналтын хэлтсийн албаны даргад томилогдоход ч гэсэн ажлын байрны тодорхойлолт дээр заагдсан ерөнхий болон тусгай шаардлагыг хангах уу үгүй гэдэг дээр хэрэгт авагдсан баримтаар тодорхойгүй. Хуульд зааснаар ерөнхий газар болон Засаг дарга, иргэдийн төлөөлөгчдийн даргатай зөвшилцөх ёстой. Энэ ажиллагаа хийгдээгүй шууд томилуулъя гэж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурьдагдаж байгаа ерөнхий газрын бүтэц чиг үүрэг нь хэвээрээ, албан тушаалын нэр нь өөрчлөгдсөн гэдэг нь үндэслэлгүй. Албан тушаал хасагдсан. Чиг үүрэг нь байхгүй ажлын байр нь хасагдсан юм. Эс үйлдэхүй байгаа учраас Захиргаа хяналтын хэлтсийн даргад томилуулъя гэж байгаа. Эс үйлдэхүй гэдэг нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т тодорхой байгаа. Хэрэгт авагдсан нотлох баримтаар Ц.Болортуяа Б/49 дүгээр тушаалыг зөвшөөрөхгүй. Энэ ажилдаа оръё, эсвэл өөр ажлын байраар хангуулъя гэсэн байр сууриа ямар нэгэн байдлаар илэрхийлсэн зүйл байхгүй байна. Тэрийг үндэслэж байна. Энэ хүсэлтийг чинь хүлээж авахгүй, эсвэл энэ хүсэлтийг нь шийдвэрлэхгүй байх ийм хуульд заасан нөхцөл бүрдсэн байж эс үйлдэхүй хууль бусад тооцох ийм хууль зүйн үндэслэлтэй байна. Хэрэгт авагдсан байдлаар хариуцагчийн зүгээс хууль бус эс үйлдэхүй гаргасан гэдэг нь тогтоогдохгүй байна. Тиймээс эс үйлдэхүй хууль бусад тооцож ажилд томилохыг даалгах шаардлага үндэслэлгүй байна. Төрийн албан хаагч учраас төрийн  албаны тухай хуулийг барих ёстой байтал Хөдөлмөрийн тухай хуулийг барьсан нь буруу гэж байна. Төрийн албаны тухай хууль дээр ч байгаа. Төрийн албаны тухай хуулиар нарийвчлан зохицуулаагүй асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулийг барьж болно гэсэн заалт байгаа. Түүний дагуу төрийн албанаас чөлөөлөж байгаа асуудлыг биш цалин, ажлаас чөлөөлөгдсөний тэтгэмж, ээлжийн амралт гэх зэрэг асуудалтай холбоотойгоор Хөдөлмөрийн тухай хуулийг барьсан юм. Техникийн шинжтэй алдаанууд байгаа гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн гэснээ 41 дүгээр зүйлийн гээд орхичихсон. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйл энэ нь ямарч хамааралгүй заалт эд нар техникийн алдаа байсан гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар чөлөөлөгдөх гурван үндэслэл байдаг. Энэ гурван үндэслэл маргаж байгаа тохиолдолд байхгүй үүсээгүй. 27 дугаар зүйлийн 27.2.4-т хариуцагч болон нэхэмжлэгчээс шалтгаалахгүйгээр байгууллагад бүтцийн өөрчлөлт орж татан буугдан өөрчлөгдөхөд албан тушаал хасагдсан бол ингэнэ гэж төрийн албаны тухай хуульд заасан. 24 дүгээр зүйлд заасан чөлөөлөгдөх үндэслэл байхгүй учраас энэ хуулийн заалтыг барих хууль зүйн үндэслэлгүй юм. Энэ бүх тохиолдолд бүгдийг хэрэглэнэ гэсэн үг биш. 27.2.4 дугаар зүйлд зааснаар аль боломжтойг нь хуульчилсан юм. Ц.Болортуяагийн хувьд албан тушаал хасагдан чиг үүрэг нь хувиарлагдсан учраас дээрх боломжийг хэрэглэх боломжгүй. Чиг үүрэг нь байгаа гэхдээ томилуулахыг хүсээд байгаа албан тушаалд чиг үүрэг нь шилжээгүй. Хоёр, гурван албан тушаал хуваагдаад түрүүн дурьдсан хоёр албан тушаалд хувиарлагдаж үндсэн чиг үүрэг нь тэр хоёр албан тушаалд томилогдчихоод байгаа юм яагаад заавал захиргаа хяналтын хэлтсийн албан тушаалд томилуулах гээд байгаа юм бэ. Гол чиг үүрэг нь дэд даргын үүрэг рүү шилжсэн ч байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шардлагын хүрээнд хэргийг шийдэх учраас хуулийн дагуу хянах байх. Гуравдагч этгээд түр орлон гүйцэтгэгч учраас маргах шаардлага байхгүй гэв.

            Гуравдагч этгээд Б.Цэвээндорж шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Миний бие Батсуурийн Цэвээндорж нь Дархан-Уул аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын захиргаа, хяналтын хэлтсийн даргын түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байгаа бөгөөд хуучнаар Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн захиргаа, хяналтын албаны даргад томилогдоогүй болно. Мөн миний албан тушаалд хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтний үүргийг гол болгон  ажиллаж байгаа учир дээрх Ц.Болортуяа даргын нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ  нь:

          Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудыг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн  шаардлагыг бүхэлд нь хангаж   шийдвэрлэлээ. Үүнд:

 

            1.Нэхэмжлэлийн “Дархан-Уул аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр  орлон гүйцэтгэгч С.Энхболдын 2016 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн Б/49 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Захиргаа, хяналтын хэлтсийн даргын албан тушаалд Ц.Болортуяаг томилоогүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Захиргаа, хяналтын хэлтсийн даргын албан тушаалд томилохыг даалгах” шаардлагын тухайд:

 

            Хариуцагч Дархан-Уул аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Энхболд нь 2016 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн Б/49 дүгээр тушаалаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэг, 27 дугаар зүйлийн 27.2.4, Хөдөлмөрийн  тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 41.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйл, 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэг, Засгийн газрын 2016 оны 09 дүгээр тогтоол, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын даргын 2016 оны Б/21 дүгээр тушаалыг тус тус үндэслэн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн Захиргаа, хяналтын хэлтсийн дарга Ц.Болортуяаг 2016 оны 10 дугаар сарын 24-ны өдрөөр тасалбар болгон ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ.

 

              Нэхэмжлэгч дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д заасан  гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий Захиргааны байгууллага болох Монгол улсын Төрийн албаны зөвлөл, Дархан-Уул аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд хандсан байх ба нэхэмжлэгчид Төрийн албаны зөвлөл 2016 оны 12 дугаар сарын 14 өдрийн 1398 тоот албан бичгээр, Дархан-Уул аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 16 тоот албан бичгээр хариуг тус тус ирүүлсэн нь урьдчилан  шийдвэрлэх ажиллагаа хангагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

            Дархан-Уул аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Б/59 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал түүний хавсралтаар Захиргаа, хяналтын албаны дарга Ц.Болортуяаг Дархан-Уул аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын мэдэлд шилжүүлэхдээ Монгол Улсын Засгийн газрын  2016 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 9 дүгээр тогтоолыг үндэслэжээ.

 

             Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/21 тоот “Аймаг, нийслэл, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн бүтэц орон тоо батлах” тухай тушаал түүний хавсралтаар Дархан-Уул аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтэц орон тоог батлахдаа “Захиргаа, хяналтын хэлтсийн дарга / хүний нөөц, дотоод ажил хариуцна/ ” 1 /нэг/ байхаар шийдвэрлэжээ.  Хэрэгт авагдсан Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн Захиргаа, хяналтын албаны дарга, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Захиргаа, хяналтын хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтоос үзэхэд нэхэмжлэгчийн  Захиргаа, хяналтын албаны даргын албан тушаал нь Захиргаа, хяналтын хэлтсийн дарга болж нэр өөрчлөгдсөн боловч хэрэгжүүлэх чиг үүрэг нь өөрчлөгдөөгүй, хасагдсан ч өмнөх агуулга нь хэвээр байгаа болох нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын даргын 2016 оны Б/21 дүгээр тушаал, Дархан-Уул аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Энхболдын 2016 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн “Ц.Болортуяаг ажлаас чөлөөлөх тухай” Б/49, 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “Б.Цэвээндоржийг түр орлон гүйцэтгэгчээр ажилд томилох тухай” Б/40 дүгээр тушаалуудаар нотлогдож байна.

 

           Хариуцагч нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан /нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх/, эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байр/-ны тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах... гэж заасны дагуу  нэхэмжлэгчийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргалгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээдээр татагдсан Б.Цэвээндоржийг 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Захиргаа, хяналтын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон нь дээрх хуулийн заалттай нийцээгүй байхаас гадна нэхэмжлэгч Ц.Болортуяаг уг албан тушаалд томилохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг зөрчжээ.

 

            Мөн Захиргаа, хяналтын албаны даргын орон тоо бүтцийн өөрчлөлтөд орсон гэх үндэслэлээр  нэхэмжлэгч Ц.Болортуяаг 2016 оны 10 дүгээр сарын 21-ны өдрийн Б/49 дүгээр тушаалаар ажлаас чөлөөлөхдөө Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дах заалтыг баримтлаагүй,  27.2.4 ”...орон тоо нь хасагдсан ...”, 23 дугаар зүйлийн 23.1-д заасан “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр захиргааны санаачилгаар албан тушаал бууруулж болно” гэх хуулийн заалтуудыг баримталсан нь буруу байна.

 

         Нэхэмжлэгч  “төрийн захиргааны албан хаагч” болох нь хэрэгт авагдсан Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтын хуудас, Монгол Улсын төрийн Захиргааны албан хаагчийн 2006 оны 11 дүгээр сарын 01 өдөр өргөсөн тангараг, Дархан-Уул аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2006 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн 07 дугаар “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтанд оруулах саналын тухай” тогтоол, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 47 дугаар ”нэр дэвшүүлэх тухай” тогтоол, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн даргын 2013 оны 03 дугаар сарын 01-ны өдрийн  “Д.Пагмажавыг ажлаас чөлөөлж, Ц.Болортуяаг ажилд томилох тухай” б/12 дугаар тушаал, 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Б/55 дугаар “Ц.Болортуяаг албаны даргад томилох тухай “ тушаал, Авлигатай тэмцэх газрын 2013 оны 05 дугаар сарын 21-ны өдрийн 05/4059 тоот албан бичиг, ажлын байрны тодорхойлолт, 2014, 2015 оны үр дүнгийн гэрээ, үр дүнгийн гэрээний биелэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байхад Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д заасан ”Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна” гэх хуулийн заалтыг  буруу тайлбарлан Төрийн жинхэнэ албан хаагчийн хөдөлмөрийн харилцааг зохицуулаагүй   Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1,43 дугаар зүйлийн 43.1, 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсгийг  үндэслэсэн нь буруу байна.

 

         Хариуцагч нь Захиргаа, хяналтын албаны даргын орон тоо бүтцийн өөрчлөлтөнд орсон гэх үндэслэлээр  нэхэмжлэгч Ц.Болортуяаг 2016 оны 10 дүгээр сарын 21-ны өдрийн Б/49 дүгээр тушаалаар ажлаас чөлөөлөх шийдвэр гаргахаасаа өмнө Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 ”Захиргааны акт...батлан  гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 26.2 ”Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ”,  27 дугаар зүйл “Сонсох ажиллагааг явуулах” хуулийн заалтуудыг зөрчжээ.

 

         Хариуцагчийн  “нэхэмжлэгчийн эрхэлж байсан албан тушаал хасагдсан,чөлөөлөх асуудал нь тухайн үеийн хүний нөөцийн эрхэлж байсан ажилтнуудыг оролцуулан тухайн албан тушаал дээр томилогдох албан тушаалтнуудыг сонгон шалгаруулах ажиллагааг явуулсан. Шинээр батлагдсан Захиргаа, хяналтын хэлтсийн даргыг удирдлагуудын түвшинд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар болон аймгийн Засаг дарга, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргатай зөвшилцсөний үндсэн дээр томилохоор болсон” гэх тайлбар нь үндэслэлгүй бөгөөд  хэрэгт авагдсан Хөдөлмөр, хамламжийн үйлчилгээний газрын 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн хурлын тэмдэглэл, нэхэмжлэгчийн тайлбар болон бусад нотлох баримтаар нотлогдоогүй болно.

         

         Иймд дээрх үндэслэлүүдээр  хариуцагч нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасныг зөрчсөн байх тул “Дархан-Уул аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр  орлон гүйцэтгэгч С.Энхболдын 2016 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн Б/49 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Захиргаа, хяналтын хэлтсийн даргын албан тушаалд Ц.Болортуяаг томилоогүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Захиргаа, хяналтын хэлтсийн даргын албан тушаалд томилохыг даалгах”  хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

          2.Нэхэмжлэлийн “ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхийг даалгах” шаардлагын тухайд: 

 

          Нэхэмжлэгч Ц.Болортуяаг ажлаас чөлөөлсөн тушаал нь хууль бус болох нь тогтоогдож байх тул Төрийн албаны тухай хуулийн  11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг хөдөлмөрийн хуулиар зохицуулна”,  Хөдөлмөрийн  тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1”... ажилтныг ажил албан тушаалд эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй  тэнцэх олговор...” гэж заасан болон  Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралт “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-д заасны дагуу нэхэмжлэгч Ц.Болортуяад ажилгүй байсан хугацааны нөхөн олговорыг 2016 оны 10 дугаар сарын 24-нөөс эхлэн шүүхийн шийдвэр гарсан өдрөөр тооцож нөхөн олговорт 5.814.201 / таван сая найман зуун арван дөрвөн мянга хоёр зуун нэг/ төгрөгийг Дархан-Уул аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас гаргуулж нэхэмжлэгчид олгож, уг олговороос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон суутгахыг Дархан-Уул аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт тус тус даалгаж шийвэрлэх нь зүйтэй байна.

                    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.4, 106.3.12 дахь заасныг  тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 27 дугаар зүйл Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 11 дүгээр зүйлийн 11.6, 23 дугаар зүйлийн 23.4, Хөдөлмөрийн  тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Болортуяагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дархан-Уул аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр  орлон гүйцэтгэгч С.Энхболдын 2016 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн Б/49 дүгээр тушаалыг хүчингүй болгож, мөн Захиргаа, хяналтын хэлтсийн даргын албан тушаалд Ц.Болортуяаг томилоогүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Захиргаа, хяналтын хэлтсийн даргын албан тушаалд томилохыг, ажилгүй байсан хугацааны олговор 5.814.201/ таван сая найман зуун арван дөрвөн мянга хоёр зуун нэг/төгрөгийг Дархан-Уул аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас гаргуулж нэхэмжлэгчид олгож, уг олговороос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон суутгахыг Дархан-Уул аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт тус тус даалгасугай.   

 

            2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дархан-Уул аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.  

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчид 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНЧИМЭГ