Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 159/2016/0020/З |
Дугаар | 221/МА2019/0119 |
Огноо | 2019-02-27 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 221/МА2019/0119
2019 оны 02 сарын 27 өдөр |
Дугаар 221/МА2019/0119 |
Улаанбаатар хот |
Ш.Он нэхэмжлэлтэй
захиргааны хэргийг хянасан тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгч Ш.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.А, гуравдагч этгээд Д.А, гуравдагч этгээдийн өмгөөлөгч М.Г нарыг оролцуулан, Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 24 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.А давж заалдах гомдлоор, Ш.О нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгч Ш.О 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:
“Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум ..... дугаар баг ... дугаар ........айлын 1 дүгээр орц ........ тоот орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн өмчлөх эрхийн ........... дугаар гэрчилгээг хүчингүй болгуулах”-ыг хүсчээ.
Хоёр. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 24 дүгээр шийдвэрээр:
“Орон сууц хувьчлах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 14 дүгээр зүйлийн 14.1, 18 дугаар зүйлийн 18.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ш.О гаргасан “Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум ....... дугаар баг ..... дугаар ......... айлын 1 дүгээр орц ........ тоот, 29 м.кв орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн өмчлөх эрхийн ............ дугаар гэрчилгээг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Гурав. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.А дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2019 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
“..Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн шийдвэрлэж чадсангүй.
Учир нь Улсын бүртгэлийн хэлтэс Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т заасан “бүртгэл үнэн зөв байх” шаардлагыг зөрчиж бүрдүүлэх ёстой нотлох баримт бүрдээгүй, түүнчлэн мэдүүлэг гаргагч Ш.А хуульд зааснаар тухайн эд хөрөнгийг өмчилж авахдаа өөрөө байх бөгөөд, Ш.А мэдүүлгийг үнэн зөв мэдүүлж гарын үсэг зурснаар хүлээн авах журамтай.
Гэтэл Ш.А байхгүй байхад түүний өмнөөс эхнэр Д.А мэдүүлгийг бөглөж улмаар “Алтангэрэл” гэж гарын үсэг зурж өргөдөл бичсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байгаа нь эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн олон заалтыг зөрчиж бүртгэл хууль бус, шударга бус, үнэн зөв явагдаагүйн нотолгоо болж байгаа билээ.
Улсын бүртгэл хууль бус болсон гэдэг нь гуравдагч этгээд Д.А “...би түүнийг байхгүйд өмнөөс нь гарын үсэг зурж мэдүүлэг бичсэн нь үнэн” гэх тайлбар, 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн шинжээчийн “...улсын бүртгэлийн мэдүүлэг, улсын бүртгэлийн албанд гаргасан өргөдөл зэрэгт “А” гэж бичсэн бичиглэл нь Ш.А бичгийн хэвтэй тохирч байна” гэсэн 61 дүгээр дүгнэлт юм.
Энэ бичгийн нотлох баримт нь уг эд хөрөнгийн өмчлөгч нь өөрөө очоогүй түүний өмнөөс хэн нэг нь гарын үсэг зураад мэдүүлэг бөглөөд өгч байхад түүнийг хүлээн авч улсын бүртгэлд бүртгэн улсын бүртгэлийн гэрчилгээ олгож байгаа энэ үйлдэл нь улсын бүртгэгчид байж болохгүй ноцтой алдаа бөгөөд хууль бусаар бүртгэл явуулж бичиж өгсөн улсын бүртгэлийн гэрчилгээ хууль бус болох нь тогтоогдож байхад нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь буруу болох нь дээрх баримтуудаар нотлогдож байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6-д зааснаар мэдүүлэгт хавсаргавал зохих бичгийг хавсаргаагүй бол мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах ёстой байтал мэдүүлэгч буюу өмчлөгч өөрөө байхгүй, Д.А итгэмжлэл олгогдоогүй байхад Д.А мэдүүлэг бичүүлж өргөдөл, мэдүүлгийг хүлээн авсан нь буруу.
Учир нь бүртгэлийн хэлтсийн архивт хадгалагдаж байгаа Ш.А эд хөрөнгө бүртгүүлэх хувийн хэрэгт Орон сууцны товчооноос олгосон орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ байхгүй, аймгийн орон сууц хувьчлах товчоонд гаргасан өргөдөл болон хувьчлалын тогтоол зэрэг чухал нотлох баримт бүрдэж ирээгүй, байхгүй байхад бүртгэл явагдсан нь буруу болсон.
Энэ үйлдэл хууль зөрчигдөж хийгдсэн, бүртгэл буруу явагдсаныг тогтоож, хууль бус үндэслэлээр олгосон эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй.
Иймд Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 24 дүгээр шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, ...... дугаар багт орших ........ 60 айлын ............ тоот орон сууцыг 2007 оны 7 дугаар сарын 26-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн ............. дугаарт бүртгэж, Ш.А, Д.А, А.Б, А.Ш нарын 4 иргэнд өмчлөх эрхийн ....... тоот гэрчилгээ олгогдсон боловч хэрэгт маргаан бүхий захиргааны акт болох энэхүү гэрчилгээ авагдаагүй, шүүхээс удаа дараа шаардсан ч хавтаст хэргийн 3, 17 дугаар талд буй тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны ......., ........8 дугаар албан бичгүүдэд дурдсанаар бүртгэлийн хувийн хэрэгт гэрчилгээний хуулбар хадгалагдаж үлдээгүй, талуудын зүгээс ч энэ талаар маргаагүй тул дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Ш.О тухайд “…өөрийн ээж Р.Л 2003 онд нас барах хүртлээ эзэмшиж байсан дээрх орон сууцыг өв залгамжлалын хүрээнд өмчлөх эрхтэй…” гэж маргадаг, мөн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ энэ талаар “…Төмөр замаас ээжид маань амьдарч байсан 29 м.кв орон сууцыг нь өмч болгон өгсөн, тухайн үед ах дүү бид нар энэ орон сууцыг цаашид эзэмших, өмчлөх, гал голомтоо авч явах хүн нь намайг гэж ярилцаж тохиролцсон…” гэж тайлбарлах боловч Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 001/ХТ2018/00683 дугаар тогтоолоор “...Р.Л нь маргаан бүхий орон сууцыг УБТЗ нийгэмлэгээс олгосон орон сууц эзэмших эрхийн бичгээр эзэмшиж байсан боловч түүнийг 2003 онд нас барсны дараа хүү Ш.А болон тэдний гэр бүлд хувьчилсан, тэдгээр нь улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөгч болжээ. …нэхэмжлэгч нь орон сууцны хамтран өмчлөгч болохоо нотолж чадаагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй…” гэсэн үндэслэлээр Ш.О гаргасан “Өв залгамжлагчаар тогтоолгох, Р.Л 2 өрөө орон сууцны эзэмшигч мөн болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
Өөрөөр хэлбэл хуулийн хүчин төгөлдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 593 дугаар шийдвэр болон Улсын Дээд шүүхийн дээрх тогтоолоор Ш.О Р.Л хууль ёсны өв залгамжлагч гэдгийг огт үгүйсгээгүй, гагцхүү энэхүү эрхийн хүрээнд одоогийн маргаан бүхий бүртгэлийн зүйл болох орон сууцыг хамтран өмчлөх эрхгүй болох талаар эцэслэн дүгнэсэн, иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 дэх хэсэгт “…шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан тул Ш.О дээрх орон сууцны бүртгэлтэй маргах буюу шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзнэ.
Хэдийгээр Улсын Дээд шүүхийн тогтоолын нэг үндэслэл болсон Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 31 дүгээр шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 79 дүгээр магадлалаар хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан байдаг ч энэ нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр дүгнэсэн үйл баримтыг үгүйсгэх, цаашлаад түүнийг дахин нотлох үр дагаврыг бий болгохгүй бөгөөд хэрэгт авагдсан бусад баримтаар Ш.О хувьд орон сууцны бүртгэлтэй маргах эрхгүй гэдэг нь хангалттай тогтоогдоно.
Тухайлбал нэхэмжлэгчийн ээж Р.Л 2003 онд нас барах хүртлээ уг орон сууцыг анх эрхийн бичиг, гэрээний дагуу 1999 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн эзэмшиж байснаас бус өмчилж аваагүй, хүү Ш.А тухайд ч мөн адил 2004 оны 3 дугаар сарын 1-ний өдөр олгосон эрхийн бичгээр эзэмшиж байгаад Засгийн газрын 2003 оны 82 дугаар тогтоол, Сэлэнгэ аймгийн Орон сууц хувьчлах товчооны 2006 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 3 дугаар тогтоолын хүрээнд хувьчлан авч, улмаар 2007 оны 7 дугаар сарын 26-ны өдөр эхнэр Д.А, төрсөн хүүхдүүд болох А.Б, А.Ш нарын хамт өмчилж авснаас үзэхэд орон сууцыг өмчлөх эрх Р.Л бус Ш.А анх үүссэн байна.
Харин гуравдагч этгээд Ш.Алтангэрэлийн шүүхэд гаргасан “...намайг энэ байрны өмчлөгчөөс хасаад миний эгч Ш.О хамтран өмчлөгчөөр бүртгэхэд татгалзах зүйл байхгүй” гэсэн тайлбартай холбогдуулж дүгнэхэд, хамтран өмчлөгчийн хувьд Ш.А орон сууцны өөрт ногдох хэсгээс татгалзах, эсхүл энэ эрхээ бусдад, тухайлбал нэхэмжлэгч Ш.О шилжүүлэх хүсэлтийг холбогдох байгууллагад гаргаж шийдвэрлүүлэх эрхийг энэхүү магадлал хязгаарлахгүй болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.3-т заасныг үндэслэн
ТОГТООХ нь:
1.Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 24 дүгээр шийдвэрийг хүчингүй болгон, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг баримтлан Ш.О нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, “тус аймгийн Сүхбаатар сум .....дугаар баг, .......... дугаар ......... айлын 1 дүгээр орц .........тоот орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн өмчлөх эрхийн ........... дугаар гэрчилгээг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.А гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН