Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 000038

 

                                С.Баярбатад захиргааны шийтгэл

                                      ногдуулсан зөрчлийн тухай

                                         

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Уранчимэг, С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй, Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 47 дугаар шийтгэвэртэй, С.Баярбатад холбогдох захиргааны шийтгэл ногдуулсан материалыг, зөрчил гаргагч С.Баярбатын давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1980 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, газар зохион байгуулагч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 охины хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын гол багийн Баянтал 4-7 тоотод оршин суух, ПА80111614 регистрийн дугаартай, Далам овогт Сүхээгийн Баярбат.

 

Орхон аймаг дахь Цагдаагийн газраас:

 

С.Баярбат нь архидан согтуурч, удаа дараа эрүүлжүүлэгдсэн зөрчил гаргасан байх тул хуулийн дагуу арга хэмжээ авахуулахаар материалыг хүргүүлэв гэжээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 47 дугаар шийтгэврээр:

 

Захиргааны хариуцлагын тухай хуулийн 22 дугаар зүйлд зааснаар С.Баярбатад 14 /арван дөрөв/ хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл ногдуулж, энэ материалд хураагдаж ирсэн эд зүйлгүй болохыг дурьдаж, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэврийн нэг хувийг зөрчил гаргагч С.Баярбатад гардуулж, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1-д зааснаар зөрчил гаргагч шийтгэврийг эс зөвшөөрвөл 10 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй гэж шийдвэрлэжээ.

 

Зөрчил гаргагч С.Баярбат давж заалдах гомдолдоо:

 

Миний бие Сүхээ овогтой Баярбат би 2017 оны 02 дугаар сарын 16-нд удаа дараа эрүүлжүүлэгдсэн гэж шүүхээс 14 хоног баривчлагдах шийтгэл авсан. Би эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. Хувиараа гагнуур хийдэг. Архи ууж баривчлагдсандаа маш их харамсаж байна. Цагаан сараар ээж минь шинэ байшинтай болсон гэж ах, дүү, үр хүүхдүүдээ цай уулгах гэж байгаа юм. Энэ байшин миний бие болон төрсөн 3 дүүгийн хамт нийлж барьж өгсөн.

 

Иймд ээжийн минь энэ өчүүхэн баяр баясгаланг харгалзан үзэж шүүхээс гаргасан шийдвэрийг эргэн харж гүн туслалцаа үзүүлнэ үү гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

С.Баярбат нь архидан согтуурч удаа дараа эрүүлжүүлэгдсэн болох нь захиргааны зөрчлийн тухай тэмдэглэл, зөрчил гаргагч С.Баярбатын тайлбар, 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр, 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр, 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрүүдэд эрүүлжүүлэгдэж байсан талаарх лавлагаа зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Анхан шатны шүүхийн С.Баярбатад ногдуулсан шийтгэл нь түүний гаргасан зөрчил болон хувийн байдалд тохирсон байх тул зөрчил гаргагч С.Баярбатын “...цагаан сараар ээж минь шинэ байшинтай болсны цайллага хийх гэж байгаа тул шүүхээс гаргасан шийдвэрийг эргэн харж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Иймд шийтгэврийг хэвээр үлдээж, зөрчил гаргагчийн гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

           Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 31 дүгээр зүйлийн 31.3.2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 47 дугаар шийтгэврийг хэвээр үлдээж, зөрчил гаргагч С.Баярбатын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Магадлалын хувийг Орхон аймгийн Цагдаагийн газрын эрүүлжүүлэх, баривчлах байранд хүргүүлсүгэй.

 

3. Магадлал эцсийн шийдвэр бөгөөд гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     З.ХОСБАЯР

 

 

ШҮҮГЧИД                                                                             С.УРАНЧИМЭГ

 

 

                                                                                                        С.ЦЭЦЭГМАА