| Шүүх | Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 131/2023/00957/И |
| Дугаар | 213/МА2024/00003 |
| Огноо | 2024-04-12 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 213/МА2024/00003
Ё.Даваадашийн нэхэмжлэлтэй
З.Одсүрэнд холбогдох иргэний хэргийн тухай
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ, шүүгч Т.Ганчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 131/ШШ2024/00046 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Ё.Даваадашийн нэхэмжлэлтэй хариуцагч З.Одсүрэнд холбогдох
Худалдах, худалдан авах гэрээний үүрэг 30,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хариуцагч З.Одсүрэнгийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн хэргийг 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Баярцэнгэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ё.Даваадаш, хариуцагч З.Одсүрэн шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Ариунболд нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ё.Даваадашийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
Миний бие нь Баянхонгор аймгийн Баруун бус худалдааны төвд лангуу түрээслэн 12 жил арилжаа хийж 1017 тоот лангууг түрээсэлдэг бөгөөд 2022 оны 07 дугаар сарын 1 ний үед өөрийн бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор 1030, 1031 тоот лангууг 30,000,000 төгрөгөөр ам хэлцэл хийж худалдах худалдан авахаар тохирч 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр З.Одсүрэнгийн ХААН банкин дахь 5225324413 тоот дансанд 30,000,000 төгрөгийг өөрийн 99447849 тоот гар утасны мобайл банкаар гүйлгээ хийж шилжүүлсэн...Би Одсүрэнг лангуугаа зарахдаа түрээслүүлэгчдээ мэдэгдсэн гэж ойлгож мөнгө шилжүүлсэн.
Уг лангууг худалдаж аваад нэг жил шахмын хугацаанд ашиглаад байж байтал 2023 оны 06 дугаар сарын 16-нд Баруун бус худалдааны төвийн захирал тухайн лангууг Одсүрэнд түрээслүүлж байсан түрээслүүлэгч байгууллагын төлөөлөгч Т.Бат-Очир нь Одсүрэнг түрээсийн зүйлийг худалдахыг хориглосон байхад худалдсан байна гээд 1030 ,1031 тоот лангууг суллаж өгөхийг мэдэгдсэн тул суллаж өгсөн... Ингээд одоо уг лангууг эзэмших боломжгүй болсон тул Одсүрэнгийн буруутай үйл ажиллагаанаас учирсан хохирлоо гаргуулахаар шаардаж байна... гэжээ.
2. Хариуцагч З.Одсүрэнгийн татгалзал, тайлбарын агуулга:
Ё.Даваадаш 2022 оны 6 дугаар сарын эхээр над руу утасдаж чи эгчдээ лангуугаа зарчих эгч нь авъя гэж хэд хэдэн удаа ярьсан. Дахин дахин ярьж 30,000,000 төгрөгөөр авъя гээд гуйж, хавар 4-н сард нэрээ шилжүүлэхээр болсон.
Бид харилцан тохиролцож, өгч авалцсан. Ингээд Ё.Даваадаш гэж хүн гутлын худалдаа эрхэлсэн... Хэрвээ миний 2 лангууг буцааж авч өгсөн тохиолдолд мөнгө төлнө буцааж өгөхгүй бол төлөх боломжгүй. Шуналтай хүмүүсийн золиос боллоо би, энэ хэргийг шударгаар шийдэж өгөхийг хүсэж байна...
Би худалдаа эрхэлдэг хүн байгаа юм, зун нь контейнер дээрээ наймаа хийдэг, өвөл нь баруун бүсийн лангуун дээрээ суудаг. Би 12 жил наймаа хийж амьдарч байна. 2022 оны 06 сард Даваадаш эгч залгаад лангуугаа зарчих гэж гуйсан. Сүүлд нь 45,000,000 төгрөгөөр зарна гэж хэлсэн. Гэтэл надаас гуйсаар байгаад 30,000,000 төгрөгөөр авахаар болсон. 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр намайг дуудаад лангуугаа суллаад өгчих гээд мөнгөө шилжүүлсэн... 2022 оны 10 дугаар сард түрээслэх эрхийг шилжүүлж өгнө үү гэсэн өргөдөл бичиж өгсөн. Тэгээд Бат-Очир дарга дээр орсон чинь хэний нэр дээр шилжүүлэхээ би мэднэ гээд намайг хөөж гаргасан.. Би гомдолтой байна гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч З.Одсүрэнгээс 30,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ё.Даваадашид олгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 307,950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 307,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагч З.Одсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1 ...Анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй. Учир нь Энэ хүн худалдан авсан өдрөөс эхэлж 1 жил үйл ажиллагаа явуулж орлого ашиг олсон.
Энэ нь миний төрийн банкнаас аваад төлдөг, өр зээлээр тодорхойлогдоно.
Үүнд: Сар бүрийн 2-нд зээл 396.000, 360.0*100%/45%=880.000, Бизнесийн зээл 1.455.000, 1.455.0*100%/70%=2.078.500, Байрны зээл 495.600, 495.600*100%/60%=825.000 /1, 2, 3/ 880+825.0+2.078.5=3.783.0, Лангууны түрээс 61.200*2=122.400, Контейнер түрээс 70.000*2=140.000, Юнивишн төлбөр 41.400, НДШ 74280, Гэрэл цаг зардал 100.000, Халаалтын 27305+35900, Кредит картын зээл 10.000.000 сард хүү 220.000, СӨХ өрх зардал 20+300=3200, бусад /хоол хүнс/-150.000 бүгд 5.264.250, сар бүр 5.200.000 төгрөгийг зээл төлж байсан. Энэ зээл өрийг лангууны орлого ашгаар төлж байв.
4.2. 200.000/26 хоног=200.000 /нэг өдрийн ашиг/, сард 200.000/26 хоног= 5.200.000*12 сар= 59.400.000 төгрөг олж байсан байна. /Даваадаш эгч олсон/, Даваадаш эгч арьсан гутал зардаг, банкны өр зээлгүй баян хүн 1 өдөрт 3 ш гутал зарсан гэж ашиг орлогыг нь тооцож үзье., 1 гутал худалдах үнэ 250.000 төгрөг * 3 гутал=750.000, 26 хоногт /1 сард/ 19.500.000 /19.5 сая/, 12 сард 234.000.000 орлого орж, 1 гутлаас 50.000 төгрөгийг ашиг олдог гэж тооцвол 1 өдөрт 3 хос гутал 150.000 төгрөг, 1 сард /26 хоног/ 3.900.000 төгрөг, 1 жилд /12 сар/ 49.800.00 төгрөгийн ашигтай ажилласан.
Лангуу худалдаж авсан үнэ 30.000.000 төгрөг, 16.800.000 төгрөгийн ашгийг давуулж олсон байна.
4.3. 2022 оны 6 дугаар сард лангуугаа зараач эгч нь авъя гэж санал тавьж 1 сар утсаар ярьж авсан. Өөрөө гуйж авсан нь хүлээн зөвшөөрч авсан гэдэг нь тодорхой байдаг шүү. Баруун бүсэд буцаан өгсөн гэдэг нь худлаа цааш нь дамжуулан худалдсан байх магадлалтай гэж хардаж байна. Намгүй, мөнгөгүй хүнийг компанийн захирал Бат-Очиртой үгсэн хуйвалдаж өрөнд оруулахаар шийджээ.
Энэ асуудлын үнэн зөвийг олж тооцооллоор олсон ашгийг нотолж шударгаар шийдэж өгөхийг хүсч байна.. гэжээ.
5. Нэхэмжлэгч Ё.Даваадашийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:
Би 2022 оны 07 дугаар сард 30 сая төгрөгийг З.Одсүрэнгийн дансанд хийсэн. Тэгээд амаар хэлэлцээд лангууг нь авсан. Энэ хүн миний өгсөн мөнгөөр хойд зах дээр 2 давхар барилга барьсан. Иймэрхүү юм яривал би энэ хүнд бэлэн өгсөн мөнгөнийхөө алданги тооцвол яадаг юм бэ гэж бодож байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэж хүсэж байна. Би бэлэн өгсөн мөнгөө л авах хүсэлтэй байна гэв.
6. Хариуцагч З.Одсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Баянхонгор аймгийн Баруун бүсийн худалдааны төвд 2010 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Анх түрээсийн гэрээ гэдгээрээ л цохолт хийсэн байсан бол ямар ч асуудалгүй байх байсан. Шилжүүлэхүй байгаа шалтгаан нь миний юмыг аваад 1 жил үйл ажиллагаа явуулсан би зээл авсан, мөнгөө төлдөг, өрхийн хэрэглээний зардал, тог усны мөнгө гээд лангуун дээрээсээ би 5,000,000 төгрөг төлдөг байсан. Би өөр төрлийн бизнес хийх гэж байгаа тул лангуу түрээслэх эрхийг Ё.Даваадашийн нэр дээр шилжүүлж өгнө үү гэсэн хүсэлт одоо ч гэсэн байгаа.
Лангуугаа буцаагаад авъя гэхэд би хэдэн гутлаа хаана тавих юм бэ гээд лангуу суллаж өгөөгүй. Ямар ч байсан асуудлаа шийдчих байх гээд харж байсан.
Миний лангууг жил ашиглаад тэр мөнгөө олсон шүү дээ. Тийм учраас би өгөхгүй байгаа юм, яагаад надаас тэр 2 лангууны 30 сая төгрөгийг бүгдийг нь буцааж авна гээд зогсож байгаа нь шударга биш байна.. гэв.
ХЯНАВАЛ:
7. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
8. Нэхэмжлэгч Ё.Даваадаш нь худалдах, худалдан авах гэрээний үүрэг буюу Баянхонгор аймгийн Баруун бүс худалдааны төвийн 1030,1031 тоот лангуунуудыг худалдан авсан үнэ 30,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан байх ба шаардлагын үндэслэлээ... 1030,1031 тоот лангуунуудын өмчлөгч болох Баруун бүс худалдааны төв нь түрээсийн зүйлийг хууль бусаар худалдан борлуулсан гэж лангуу эзэмших, түрээслэх эрхийг цуцалж, гэрээний зүйлийг хураан авсан тул хүчин төгөлдөр бус гэрээний үүрэг 30,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэж тодорхойлсон.
9. Хариуцагч З.Одсүрэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч “..худалдах, худалдан авах хэлцэл хүчин төгөлдөр хийгдсэн, лангуу эзэмших эрх нь өөрөөс шалтгаалахгүйгээр цуцлагдсан нь хэлцлээс татгалзах үндэслэл болохгүй тул хүлээн зөвшөөрөхгүй..” гэж мэтгэлцсэн.
10. Үйл баримтаар зохигчид нь Баруун бүс худалдааны төвд олон жил лангуу түрээслэн үйл ажиллагаа явуулж, түрээсийн гэрээг түрээслүүлэгч Баянхонгор трейд центр ХХК тай 2 жил тутам шинэчлэн байгуулж байсан.
Түрээслэгч Ё.Даваадаш нь бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор 2022 оны 07 дугаар сард түрээслэгч З.Одсүрэнгийн эзэмшлийн 1030, 1031 тоот лангуунуудыг 30,000,000 төгрөгөөр харилцан тохиролцож, худалдан авсан болох нь хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
11. Анхан шатны шүүх ... Иргэний хуулийн 243 дугаар зүйлд зааснаар Худалдах-худалдан авах гэрээний шинж нь ...худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх ...гэх шаардлагыг хангаагүй бөгөөд, тухайн 1030, 1031 тоот лангууны өмчлөгч биш байхдаа бусдад худалдахаар тохиролцож төлбөр авсан үйлдэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан ...хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан, хүчин төгөлдөр бус байх хэлцэл...гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон.
Маргааны үйл баримт, нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг эрх зүйн хувьд зөв тогтоож шийдвэрлэжээ.
12. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүргийг шаардах эрхийг хэрэгжүүлэх буюу хөрөнгөө буцаан шаардах тохиолдлыг хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл хожим үүрэг нь дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж тодорхойлсон.бөгөөд энэ тохиолдолд нэхэмжлэгч нь хүчин төгөлдөр бус хэлцлийн дагуу үүссэн үр дагаврыг арилгуулахаар шаардах, шилжүүлсэн хөрөнгөө буцаан гаргуулах, үнийг төлүүлэх эрхтэй юм.
Учир нь “… хожим үүрэг нь дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон…” гэдэг нь хөрөнгө олж авсан болон үүрэг гүйцэтгэгч этгээдүүдийн хооронд гэрээний болон хуульд заасан үүргийн харилцаа үүсээгүй байдаг тул энэ үндэслэлээр нэхэмжлэгч Ё.Даваадашийн шаардлагын үндэслэл нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүргийн шаардах эрхэд хамаарна.
13. Хууль тогтоогчоос үүрэг нь хожим дуусгавар болсон гэдгийг хүчин төгөлдөр бус болсон гэх ойлголтоор дэлгэрүүлж байгаа нь Талуудын хооронд гэрээ байгуулагдсан ч гэсэн тухайн гэрээ нь Иргэний хуулийн 56, 57 дугаар зүйлд зааснаар хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж буцаан шаардах боломжтой байдлаар илэрхийлэгдэж байна.
14. Иргэний хуулийн 318 дугаар зүйлд түрээсийн гэрээний харилцааг тодорхойлсон бөгөөд хуулийн 323.1-д Гэрээнд өөрөөр заагаагүй бол түрээслэгч түрээсэлсэн эд хөрөнгийг гагцхүү түрээслүүлэгчийн зөвшөөрөлтэйгөөр дамжуулан түрээсэлж болно… гэж түрээсийн зүйлийг түрээслэгч нь эзэмших, ашиглах хэмжээ хязгаарыг тодорхойлсноос өөрөөр гэрээний зүйлийг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр худалдан борлуулах, шилжүүлэх зэрэг захиран зарцуулах эрхийг олгоогүй болно.
15. Гэтэл хариуцагч З.Одсүрэн нь дээрх байдлыг мэдсээр байж түрээсийн зүйл болох худалдаа үйлчилгээний зориулалт бүхий талбайг бусдад худалдан борлуулсан нь Иргэний эрх зүйн хэм хэмжээнд ноцтой харшилсан, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан үйлдэл болжээ.
16. Иймд талуудын хооронд хийгдсэн худалдах, худалдан авах хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл буюу хүчин төгөлдөр бус байх хэлцэл хийгдсэн гэж үзнэ.
17. Улмаар Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй.., 56.6-д Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө…гэснийг үндэслэн хариуцагчийн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 30,000,000 төгрөгийг түүнээс гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан зохицуулалтын агуулга, шаардлагад нийцжээ.
18. Анхан шатны шүүх хэрэгт байгаа баримтыг хуульд заасны дагуу үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
19. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдол үндэслэлгүй гэж үзэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн тул хариуцагч З.Одсүрэнгийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1- т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 1 дугаар сарын 16-ний өдрийн 131/ШШ2024/00046 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч З.Одсүрэнгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус зааснаар хариуцагч З.Одсүрэнгийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,950 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасныг баримтлан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч талууд тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ
ШҮҮГЧИД Б.БОЛОР-ЭРДЭНЭ
Т.ГАНЧИМЭГ