Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 2019/ШЦТ/004

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч В.Дэлгэрмаа,

Нарийн бичгийн дарга Ж.Чимиддорж,

Шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1814005220342 тоот эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 26-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 1. Шүүгдэгч, Э.Б,

Холбогдсон хэргийн талаар

 Шүүгдэгч Э.Б нь 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Угалз 4 дүгээр багийн 8 дугаар гудамжны 42 тоот хашаанд Д.Тыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч Э.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр би он жавууд болох Амгаланбаатар, Одбаяр, Пүрэвбаатар, Батхүлэг нар болон тэдний найз охид нь гэх 2 охины хамт гэртээ архи уусан.Тэгээд орой манай аавын эгч Оюунцэцэг охин Ттайгаа хамт орж ирсэн. Оюунцэцэг эгч архи уулаа гээд загнасан. Тэгэхэд манай найзууд гараад явцгаасан ба гэрт Оюунцэцэг эгч Т бид 3 үлдсэн. Т түрүүлж гарсан байх би сайн санахгүй байгаа юм. Би тухайн үед нэлээн согтсон юм. Би тэгээд гэрээс гараад Тыг гартаа аргал бариад цохисон. Би түүнийг 2 удаа цохисон байх. Би тэгээд гэрээ онгорхой хаячхаад он жавуудынхаа араас явсан. Тэд нар хашаанд байхгүй байсан. Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна...Өөр ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 44-45/

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэв.

3. Хохирогч Д.Тын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Би 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр манай хажуу хашаанд байдаг айлд архидалт болоод хүмүүс шуугиад байсан. Тэгээд ээж бид 2 хамт 23 цагийн орчимд тэр айлд орсон. Уг тэр айлын эзэн Энхжаргал нь манай ээжийн төрсөн дүү нь байгаа юм. Тэгээд Энхжаргал ах байхгүй хүү Б нь л байсан. Ээж бид хоёрыг гэрт нь ороход 2 эмэгтэй бусад эрэгтэй хүмүүс байсан яг хэдэн хүн байсныг мэдэхгүй. Тэгээд ээж тэр хүмүүс “чимээгүй бай унтмаар байна яагаад ээж аавыгаа байхгүй архи уусан юм бэ” гэхэд ээжийн урдаас Б элдвээр хэлээд байсан. Тэнд байсан хүмүүс ээжийг ороход гүйгээд гараад явсан. Би ээжийг Бтой үлдээгээд гэрээс нь гараад зогсож байхад ээж Б нар гарч ирээд намайг Б 2 удаа миний толгой руу цохисон. Тэгээд би газар унасан. Тэгээд цагдаа дуудсан чинь Б зугтаад явсан... гэх мэдүүлэг / хх-ийн 05-06 /,

4. Гэрч Д.Оийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:                                                 

 …2018 оны 09-р сарын 12-ны өдрийн шөнө манай хажуу талын айл 23 цагийн үед шуугиад чимээ гараад байсан тэгээд би хажуу талын айл болох Энхжаргалын гэрт ороход хэдэн банди хоёр охин байсан намайг харахад тэд нар миний хажуугаар дайрангаа алдаад гарч явсан тэдний гэрт нь Б гэдэг банди ганцаараа үлдсэн би тэр бандид хандаж та нар чимээгүй бай бид нар амармаар байна хүүхдүүд уйлаад байна гэж хэлэхэд цагдаагаа дууд пизда минь гэж хэлсэн тэр үед би юу ч хэлээгүй байна гэж хэлсэн тэр бандийг бид нар Эрээнээ гэж дууддаг тэгээд өөр юм яриагүй гарч явсан тэр үед манай охин Тыг толгой орчимд цохисон байсан нэг удаа толгой орой орчимд Б цохиж байхыг би харсан надад манай охин хэлэхдээ хоёр удаа цохисон гэж хэлсэн.гэх мэдүүлэг /хх-ийн21-22/

5. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 09 дүгээр сарын 14-ны өдрийн 547 дугаартай шинжээчийн:1. Д.Тын биед тархи доргилт, зулай, дагзанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. гэх шинжээчийн гэх дүгнэлт /хх-ийн 32-33/ болон хавтаст хэргийн 48 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Д.Энхжаргалын урьд ял шийтгэгдэж байсан тухай ял шалгах хуудас, хавтаст хэргийн 46 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Э.Бийн багийн Засаг даргын тодорхойлолт, хавтаст хэргийн 47 дугаар хуудсанд авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа, хавтаст хэргийн 54-59 дүгээр хуудсанд авагдсан банкны тодорхойлолтууд, хавтаст хэргийн 11-15 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Э.Бийн эзэмшлийн гар утсыг битүүмжилсэн тэмдэглэл, хавтаст хэргийн 60-61 дүгээр хуудсанд авагдсан эвлэрлийн гэрээ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Улсын яллагчийн зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр тогтоол гаргаж , шүүгдэгч хохирогч нар эвлэрч шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан байна.

Шүүгдэгч Э.Б нь 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Угалз 4 дүгээр багийн 8 дугаар гудамжны 42 тоот хашаанд иргэн Д.Тыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч Д.Тын мэдүүлэг, гэрч Д.Оюунцэцэгийн мэдүүлэг болон шүүх эмнэлгийн шинжээч эмчийн 547 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 Иймд шүүхээс шүүгдэгч Э.Бийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул шүүгдэгч Э.Бид эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч Э.Бид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 Шүүгдэгч Э.Бийн эзэмшлийн самсунг-5 маркийн гар утсыг битүүмжилсэн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх гар утсыг эзэмшигч Э.Бид шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Э.Бид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Э.Бид нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржгон овогт Э.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Боржгон овогт Э.Бийг дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Э.Бид оногдуулсан дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялыг ялтан Э.Бийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш нэг сарын дотор төлөхөөр тогтоож хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Э.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Энэ хэргийн учир шүүгдэгч Э.Б нь бусдад төлөх төлбөргүй, уг хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.  

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт шүүгдэгч Э.Бийн эзэмшлийн гар утсыг битүүмжилсэн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Э.Бид буцаан олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Э.Бид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.  

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.                                               

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.Бид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ