Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2024/00623

 

 

 

2024 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2024/00623

 

  С ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч С.Энхбаяр, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 сарын 26-ны өдрийн 182/ШШ2024/00445 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Т-д холбогдох, гэм хорын хохиролд 14,013,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ц.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Г.Т нь 2023 оны 07 сарын 22-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэж байхдаа зам тээврийн осол гаргасан. Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн газрын 2023 оны 07 сарын 22-ны өдрийн зам тээврийн осол тогтоосон актын дагуу компанийн эзэмшлийн **-** У** тээврийн хэрэгслийг жолоодож байхдаа **-** У** тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гаргасан. 2023 оны 07 сарын 24-ний өдрийн И ХХК-ийн хохирлын үнэлгээгээр 20,139,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон. М-тай байгуулсан жолоочийн хариуцлагын албан журмын гэрээний дагуу учирсан хохирлоос 7,760,000 төгрөгийг хохирогчид олгохоор болсон. Г.Т нь 2023 оны 07 сарын 20-ны өдөр ажилд орсон бөгөөд ажил олгогчтой Туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулж, эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээхээр харилцан тохиролцсон. Ажилтантай байгуулсан ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу автомашин барьж байгаад осол гаргасан тохиолдолд тухайн ажилтан бүрэн хариуцах үүрэгтэй. Зам тээврийн ослоос хойш ажилтан Г.Т ажилдаа ирээгүй, ажлаа хаяж явсан. М-тай байгуулсан жолоочийн хариуцлагын албан журмын гэрээний дагуу учирсан хохирлоос 6,984,007 төгрөгийг нөхөн төлсөн тул зам тээврийн осолтой холбоотой **-** У** дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч И ХХК нь учирсан хохирлын зөрүү төлбөр 13,155,000 төгрөг, үнэлгээний хөлс 858,000 төгрөг, нийт 14,013,007 төгрөгийг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т заасны дагуу ажилтны ажиллаж байсан С ХК-аас нэхэмжилж, талууд тохиролцон Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д заасны дагуу 14,013,000 төгрөгийг нөхөн төлсөн. Иймд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасны дагуу учирсан хохирол 14,013,000 төгрөгийг гаргуулна гэжээ.

2.   Хариуцагч хариу тайлбартаа: Г.Т миний бие С ХК-д 2023 оны 07 сарын 20-ны өдөр жолоочийн ажилд орсон бөгөөд туршилтын хугацаагаар ажиллаж байсан. Үүнээс 2 хоногийн дараа буюу 07 сарын 22-ны өдөр борлуулагч жолооч Н.Н, М.У нарын хамт **-** У** дугаартай автомашинд зорчигчийн хэсэгт сууж түгээлтэнд гарсан. Миний хувьд туршилтын хугацаанд дагалдах байдлаар ажиллаж байсан тул тээврийн хэрэгслийг надад хэн ч хүлээлгэн өгөөгүй. Тэгээд Хан-Уул дүүргийн 115-р сургуулийн өмнө бараагаа буулгачихаад машиндаа суух гэтэл борлуулагч Б.У надад хандан чи барьчих гэж хэлсэн. Би уг машины жолооны хүрдэн дээр Зайсан стар хотхон орох гээд өгсүүр хэсэгт ирэхэд өөдөөс машин ирж байсан, хүлээх гээд өөдөө хэсэгт очиж зогсох гэтэл тоормос нь барихгүй байсан. Би 2-3 удаа гачаалдаад зогсохгүй байсан бөгөөд 3 дахь удаагаа гачаалдаад зогсолгүй ухраад арын машиныг мөргөсөн. Осол болсны дараа 2023 оны 07 сарын 24-ний өдөр С ХК-ийн бааз дээр баазын дарга, механик гэх залууд энэ машин чинь тоормос барьдаггүй, зогсохгүй эвдрэлтэй талаар хэлэхэд баазын хашаанд **-** У** улсын дугаартай машиныг механик өөрөө барьж үзээд тоормос гишгэхэд зогсохгүй байсан бөгөөд 2-3 удаа тоормос гишгэж байж зогссон. Тээврийн хэрэгсэл эвдрэлтэй, тоормос бүрэн ажиллахгүй байгаа талаар механик залуу баазын даргад хэлтэл баазын дарга нь уг машиныг оруулж ирээд зас гэж хэлээд засуулсан. Миний жолоодож явсан тээврийн хэрэгсэл тээвэрт гарахдаа бүрэн бус байсан бөгөөд тоормос нь бүрэн ажиллахгүй байсны улмаас тухайн зам тээврийн осол гарсан гэж үзэж байна. Хариуцагч яагаад хүлээн зөвшөөрсөн гэвэл ослын акт гарчихвал мөргүүлсэн машины жолооч даатгалаас хурдан мөнгөө авах, шахалтаар актыг хүлээн зөвшөөрсөн байдлаар шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасныг баримтлан хариуцагч Г.Т-гээс 14,013,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С ХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч С ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 213,100 төгрөг болон 41,094 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Т-гээс 228,015 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С ХК-д олгож шийдвэрлэжээ.

4.   Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

4.1.  Дуудлагаар ирсэн цагдаагийн албан хаагчид тоормос ажиллахгүй байсан талаар хэлсэн боловч уг тээврийн хэрэгслийг журамлаж техникийн шинжилгээ хийлгэх ажиллагааг хийгээгүй. Мөрдөгчийн зүгээс тухайн осол болсны дараа тээврийн хэрэгслийг журамлаагүй бол одоо шинжээч томилоод нэмэргүй гэж тайлбарласан.

4.2.  Хохирогч даатгалаас нөхөн төлбөр авах шаардлагатай байгаа тул ослын акт, дүгнэлтийг яаралтай гаргуулах үүднээс хэргийг хялбаршуулсан байдлаар буюу Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэдгийг хүлээлгэхээр шахаж шаардсан учраас ослын актыг хүлээн зөвшөөрсөн. Цагдаагийн алба хаагч тоормос барихгүй байсан гэдэг тайлбарыг сонссон атлаа тээврийн хэрэгслүүдийг журамлан шинжээч томилж, хэргийн бодит байдлыг тогтоох нөхдөлийг бүрдүүлэхгүйгээр хэргийг хялбаршуулж шийдвэрлэсэн байдаг.

4.3.  Шүүх ослын актыг гол нотлох баримт болгож хэргийг шийдвэрлэсэн бөгөөд ослын актын талаар гомдол гаргах эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзсэн. Ослын акт бол цагдаагийн албан хаагч бие даан шалгаж тогтоосон баримт бичиг биш бөгөөд хариуцагч тал хойшид үүсэх үр дагаврыг тооцохгүйгээр бусдын шахалтанд орж хүлээн зөвшөөрсөн баримт юм. Тэгэхээр ослын актыг хэргийн бодит байдлыг тогтоосон хөдөлшгүй үнэн буюу хариуцагч гэм буруутай болохыг нотлох баримт гэж үзэх үндэслэлгүй.

4.4.  Хэрэгт хариуцагч буруутай болох нь тогтоогдоогүй. Байгууллага өөрийн ажилтны бусдад учруулсан хохирол, гэм хорыг хариуцан арилгах үүргийг хуулиар тогтоож өгсөн. Харин арилгасан хохирол гэм хор болгоныг ажилтнаасаа буцаан шаардах эрхийг хуулиар олгоогүй. Тодруулбал, шууд санаатай, эсхүл илт болгоомжгүй 2 үйлдлийн улмаас бусдад учирсан хохирлыг ажилтнаасаа шаардаж гаргуулахаар хуульчилсан. Шүүх хариуцагчийн гаргасан үйлдлийг илт болгоомжгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасныг буруу хэрэглэсэн.

Иймд бусдад хохирол, гэм хор учирсанд хариуцагч Г.Т буруутай болох нь тогтоогдоогүй. Мөн нэхэмжлэгч нь хариуцагчаас энэ хохирлыг нэхэмжлэх эрхгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5.   Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг болон иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтээр хариуцагч буруутай болох нь тогтоогдсон. Хариуцагч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөн зөрчлийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлсэн байдаг. Тээврийн хэрэгслийн тоормос хэвийн ажиллагаатай байсан талаарх нотлох баримт хэрэгт авагдсан гэжээ.

ХЯНАВАЛ:

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт өөрчлөлт оруулав.

2.   Нэхэмжлэгч С ХК нь хариуцагч Г.Т-д холбогдуулан гэм хорын хохиролд 14,013,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ...тээврийн хэрэгслийн тоормос ажиллахгүй байсан, зам тээврийн осолд хариуцагч гэм буруугүй, даатгалаас мөнгө авна гэсэн болохоор дарамт шахалтанд орж зам тээврийн ослын актыг зөвшөөрсөн... гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ. /хх 1-2, 36-37, 102, 123/

3.   Анхан шатны шүүх хэргийн баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлж дараах үйл баримтыг зөв тогтоосон. Үүнд:

3.1. Талууд 2023 оны 07 сарын 20-ны өдөр 12/53 тоот Туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулж, уг гэрээгээр Г.Т нь жолооч, туслахын ажилд ажиллах, С ХК нь нэг сард 1,120,000 төгрөгийн цалин олгож, ажиллах нөхцөлөөр хангахаар тохиролцсон; /хх 6-12/

3.2.  Жолооч Г.Т нь 2023 оны 07 сарын 22-ны өдөр С ХК-ийн өмчлөлийн **-** У** улсын дугаартай М маркийн ачааны автомашиныг жолоодож явахдаа жолооч Д.Т-гийн жолоодож явсан И ХХК-ийн өмчлөлийн **-** У** улсын дугаартай П маркийн суудлын автомашиныг мөргөж, зам тээврийн осол гаргасан; /хх 19-20, 49/

3.3.  Жолооч Г.Т нь Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана гэж заасныг зөрчсөний улмаас дээрх зам тээврийн осол гарсан болох нь тогтоогдсон. Энэ талаарх эрх бүхий байгууллага, албан тушаалтны актыг жолооч Г.Т, Д.Т нар хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурсан; /хх 20/

3.4.  И ХХК-аас гаргасан үнэлгээгээр **-** У** улсын дугаартай П маркийн суудлын автомашинд нийт 20,139,000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон; /хх 21-23/

3.5.  М ХК-аас даатгуулагчийн нөхөн төлбөрийн материалыг шалгаж үзээд даатгалын нөхөн төлбөрийг 7,760,000 төгрөгөөр тооцсон; /хх 24/

3.6.  С ХК-аас 2023 оны 12 сарын 14-ний өдөр И ХХК руу хохиролд 14,013,000 төгрөгийг шилжүүлсэн. /хх 75/

4.   Иймд СХК нь жолооч Г.Т-гийн бусдад учруулсан гэм хорыг арилгаж, түүний өмнөөс мөнгөн төлбөр төлсөн байх тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д зааснаар өөрт учирсан хохирлыг гэм буруутай этгээд болох Г.Тгээс шаардаж гаргуулах эрхтэй.

И ХХК-ийн өмчлөлийн **-** У** улсын дугаартай П маркийн суудлын автомашинд учирсан хохирол 20,139,000 төгрөгөөс М ХК-аас олгохоор шийдвэрлэсэн даатгалын нөхөн төлбөр 7,760,000 төгрөгийг хасч, үлдэх 12,379,000 төгрөгийг хариуцагч Г.Т-гээс гаргуулан нэхэмжлэгч С ХК-д олгож шийдвэрлэх нь хуулийн дээрх зохицуулалтад нийцнэ. /хх 21-23, 24/

Анхан шатны шүүх С ХК-аас И ХХК руу шилжүүлсэн мөнгөн дүнгээр хохирлын хэмжээг тогтоосон нь үндэслэлгүй болжээ. Учир нь, өмнө дурдсанчлан М ХК-аас даатгалын нөхөн төлбөрт 7,760,000 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн байх ба И ХХК-ийн албан бичиг нь М ХХК-аас даатгалын нөхөн төлбөрт 6,984,000 төгрөгийг шилжүүлсэн гэдгийг нотлох баримт болж чадахгүй. /хх 24, 80/

5. Хариуцагч Г.Т-гийн татгалзал, давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна. Тодруулбал:

5.1.  Хариуцагч Г.Т нь гэм буруугийн талаар маргаж байх боловч өөрөө Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасныг зөрчсөн болохоо зөвшөөрч, актад гарын үсэг зурсан байна. Уг актыг бусдын дарамт шахалтын улмаас зөвшөөрч, гарын үсэг зурсан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй болно. /хх 20/

5.2.  Хариуцагч Г.Т нь ...тээврийн хэрэгслийн тоормос ажиллахгүй байсан... гэж маргаж байх боловч уг тайлбар нь хэрэгт авагдсан Техникийн үзлэг, Авто тээврийн хэрэгслийн ашиглалтын хувийн хэрэг, Засварын механикын өдөр тутмын ажлын тайлан, Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас гэсэн бичгийн нотлох баримтууд болон Хан-Уул дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч А.С, зөрчил хариуцсан байцаагч Б.Ч, С ХК-ийн шалгах механик Л.Д нарын өгсөн гэрчийн мэдүүлгүүдээр тус тус няцаагдсан. /хх 50, 51-53, 54-58, 76, 89-91, 92-96, 97-101/

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1.   Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 сарын 26-ны өдрийн 182/ШШ2024/00445 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...14,013,000... гэснийг ...12,379,000... гэж, ...олгосугай гэснийг ...олгож, үлдэх 1,634,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...228,015... гэснийг ...213,014... гэж тус тус өөрчилж,

шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Г.Т-гээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 03 сарын 01-ний өдөр урьдчилан төлсөн 228,015 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

 ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 Д.НЯМБАЗАР