Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 226/МА2024/00007

 

 

 

 

 

 

 

2024 04 10 226/МА2024/00007

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч ******* ХХК-д холбогдох

иргэний хэргийн талаар

 

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Д.Ганзориг, ерөнхий шүүгч Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны А танхимд,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч Т.Сэргэлэн,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Хэнчбиш нарыг оролцуулан

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаярын даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 157/ШШ2024/00027 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч ******* ХХК-д холбогдох тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хайгуул хийх ажилд саад болж буй зөвшөөрөлгүй барьсан үйлдвэрийг нүүлгэн шилжүүлж, газрыг чөлөөлж өгөхийг хариуцагчид даалгуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн гаргасан давж заалдах гомдлоор 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч ерөнхий шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч компани нь 2013 оноос Хэнтий аймгийн Дархан сумын "*******" нэртэй газарт нэгж талбарын ******* дугаартай, 1006.02 гектар хэмжээтэй газрын солбилцлуудтай, ******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайг эзэмшиж ашиглаж байна. Уг хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайгаас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 156 дугаартай шийдвэрээр 1006.02 гектар хайгуулын талбайгаас 115.44 гектар талбайг улсад буцаан өгснийг бүртгэж үлдэж байгаа 890.58 гектар талбайг XV-******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хавсралтад тэмдэглүүлж талбайн хэмжээнд өөрчлөлт оруулсан.

Гэтэл нэхэмжлэгч компанийн эзэмшиж буй тусгай зөвшөөрөлтэй талбайд "*******" ХХК нь зөвшөөрөлгүйгээр жоншны баяжуулах үйлдвэр барьсан бөгөөд учрыг тодруулахад Хэнтийн аймгийн Дархан сумын засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн Б/54 дугаартай захирамжаар үйлдвэрлэлийн зориулалтаар 35 га газрыг иргэн *******д эзэмшүүлсэн гэх бөгөөд уг талбай нь нэхэмжлэгч компанийн эзэмшдэг газартай давхацсан гэсэн тайлбар гаргадаг.

Бодит байдал дээр хариуцагч "*******" ХХК нь иргэн *******д эзэмшүүлсэн гэх 35 га газартай огт хамааралгүй хэсэгт буюу нэхэмжлэгч компанийн шууд эзэмшлийн тусгай зөвшөөрлийн талбайд баяжуулах үйлдвэрийн барилгыг барьсан байгаа бөгөөд нэхэмжлэгч компани хууль ёсоор эзэмшиж буй тусгай зөвшөөрлийн талбайдаа хайгуулын үйл ажиллагаа явуулах, цаашилбал ашиглалтын тусгай зөвшөөрөл болгож үйл ажиллагаа явуулахад саад учруулж байна.

Дээрх асуудлаар анх 2017 онд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 04148 дугаартай захирамжаар хэрэг үүсгэн хянан хэлэлцэж байсан боловч Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 3702 дугаартай захирамжаар хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох "" ХХК-д тусгай зөвшөөрөл олгосон болон тусгай зөвшөөрлийг "*******" ХХК-д шилжүүлсэн 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 355 тоот шийдвэрээр олгосон талбайгаас иргэн ийн эзэмшиж буй 36 га газартай давхцаж буй хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй захиргааны хэрэг үүсэж хэлэлцэгдэж байсан тул 2019 оны 11 дүгээр сарын 07-ний өдрийн 18007 дугаартай шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7 дахь заалтыг үндэслэн иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Дурдсан захиргааны хэрэг нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар хэрэгсэхгүй болсон бөгөөд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д заасан нөхцөл байдал арилсан тул нэхэмжлэлийг дахин гаргаж байна.

Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д Шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй, 106 дугаар зүйлийн 106.2-д "Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй" гэж тус тус заасан.

"*******" ХХК-ийн эзэмшлийн Хэнтий аймгийн Дархан сумын "*******" нэртэй ******* тоот хайгуулын тусгай зөвшөөрөл цуцлагдах ямарваа нэг үндэслэл үүсээгүй, хуулийн хүчин төгөлдөр хэвээр байгаа бөгөөд эрх зөрчигч "*******" ХХК-д үйлдвэрээ нүүлгэн шилжүүлж газрыг чөлөөлөх талаар удаа дараа шаардлага тавьж, эрх зөрчсөн үйлдлээ таслан зогсоохыг шаардсан ч баяжуулах үйлдвэрийг нүүлгэн шилжүүлэхгүй үйл ажиллагаа явуулсаар байгаа нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн өөрийн хууль ёсоор эзэмшиж буй талбайгаа эзэмших, ашиглах эрхэд саад учруулж байна.

Иймд "*******" ХХК-ийн эзэмшлийн Хэнтий аймгийн Дархан сумын "*******" нэртэй ******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд хайгуулын үйл ажиллагаа явуулахад саад учруулж буй зөвшөөрөлгүй барьсан "*******" ХХК-ийн баяжуулах үйлдвэрийн барилгыг нүүлгэн шилжүүлж, газрыг албадан чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх: Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5, 44.8 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-ийн эзэмшлийн Хэнтий аймгийн Дархан сумын нутаг "Хажуу" гэх газар байрлах ******* тоот хайгуулын тусгай зөвшөөртэй талбайд байрласан хариуцагч "*******" ХХК-ийн баяжуулах үйлдвэрийн барилгыг нүүлгэн шилжүүлж, газрыг чөлөөлж өгөхийг хариуцагч ******* ХХК-д даалгаж,

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч "*******" ХХК-аас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Үүнд:

1. Иргэний хууль, Ашигт малтмалын тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тухайд:

Шүүхээс "... Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-т "Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ" гэж заасан бол мөн хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-т "Шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй" заажээ.

Нэхэмжлэгчийн хуульд заасан зөвшөөрлийн үндсэн дээр өөрийн эзэмшилд авсан хайгуулын талбайд хариуцагч "*******" ХХК нь барилга барьсан үйл ажиллагааг хууль бус гэж үзэж, газар чөлөөлөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага нь дээрх хуулийн заалттай нийцэж байна..." гэсэн дүгнэлтийг хийсэн.

Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа нь Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-т заасны дагуу эзэмших эрх үүссэн хэмээн тайлбарлаж, газар эзэмшигчийн нэгэн адил шаардах эрхтэй гэж дүгнэн хэргийг шийдвэрлэсэн.

Гэвч Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн хүрээнд хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмших, газар эзэмших эрх нь нарийвчилсан зохицуулалт бүхий тусдаа хуулиар зохицуулагддаг харилцаанууд юм.

Газрын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т "Энэ хуулийн зорилт нь газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах болон түүнтэй холбогдсон бусад харилцааг зохицуулахад оршино" гэж заасан.

Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т "Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ", 27.4-т "Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно" гэж тус тус заасан. Өөрөөр хэлбэл газар эзэмшүүлэх, газар эзэмшигчийн эрх, үүрэг, түүнтэй холбоотой үүсэх харилцаа нь Газрын тухай хуулиар зохицуулагддаг харилцаа юм.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас харвал нэхэмжлэгч нь Газрын тухай хууль заасны дагуу хууль ёсоор газар эзэмшигч болоогүй байдаг. Газрын тухай хуульд заасны дагуу газар эзэмшигч болоогүй тохиолдолд газар эзэмших эрх үүссэн гэж үзэхгүй бөгөөд газар эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэх боломжгүй юм.

Өөрөөр хэлбэр нэхэмжлэгч нь тухайн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө байршиж буй газарт хууль ёсоор газар эзэмших, ашиглах эрх бүхий гэрчилгээтэй бөгөөд уг эзэмшил газарт нь уг ул хөдлөх хөрөнгө байршиж байгаа тохиолдолд газар чөлөөлөх шаардлага гаргах боломжтой. Гэтэл нэхэмжлэгчид Газрын тухай хуульд заасан газар эзэмшигчийн шаардлага гаргах эрх үүсээгүй болох нь илт байхад шүүх газар чөлөөлөх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлд хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхийг хуульчилж өгсөн бөгөөд 21.1.1-т "хайгуулын талбайн хилийн дотор энэ хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх" гэжээ. Ашигт малтмалын тухай хуульд зааснаар хайгуулын тусгай зөвшөөрлөөр тухайн хайгуул хийх эрх олгосон нь тухайн талбайд газар эзэмших эрхийг бий болгохгүй бөгөөд зөвхөн ашигт малтмал эрэх, хайх эрхийг л хуулиар олгож байгаа юм.

Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгосон хайгуулын талбай нь бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газартай давхацсан тохиолдолд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч, газар эзэмшигч нарын хооронд газар эзэмшигчийн эзэмшил газарт хайгуул явуулах, нэвтрэн орохтой холбоотой харилцаа үүсдэг бөгөөд уг харилцааг Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулсан нарийвчлан зохицуулсан байдаг ба хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчид бусдын эзэмшил газрыг чөлөөлөх эрх олгогдоогүй байдаг.

Харин хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь газар эзэмшигчийн эрхийг шууд олж авах боломжгүй ба тухайн хайгуулын тусгай зөвшөөрлийг ашиглалтын тусгай зөвшөөрөл болгосон тохиолдолд уурхайн эдэлбэр газарт зориулан газар эзэмших эрхийг холбогдох газрын албанаас Газрын тухай хуульд заасан нөхцөл журмын дагуу өргөдөл хүсэлт гаргах замаар олж авдаг зохицуулалттай юм.

Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-т хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ" гэж заасан нь хуулийн дагуу буюу Газрын тухай хуульд заасан нөхцөл журмын дагуу газар эзэмших эрх олж авахыг хэлнэ. Гэтэл анхан шатны шүүхээс дээрх нөхцөл байдлыг дүгнэлгүй Ашигт малтмалын тухай хуулийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийг Газрын тухай хуульд заасан газар эзэмшигчийн нэгэн адил эрхтэй гэж буруу дүгнэн, Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх заалт, Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэн шаардах эрхгүй нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх Иргэний хууль болон Ашигт малтмалын тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Хавтаст хэрэгт цугларсан баримтаас харахад ******* ХХК бол хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч юм. Ашигт малтмалын тухай хуульд хайгуулын тусгай зөвшөөрөл гэдэг нь тухайн талбайд ашиг малтмал байгаа эсэхийг эрэн хайх эрхийг олгож байгаа баримт бичгийг хэлнэ. Хайгуулын тусгай зөвшөөрлөөр газар эзэмших эрхийг давхар олгох боломжгүй. Энэ тухай Газрын тухай хуульд нарийвчлан зохицуулсан. Газар эзэмших эрхтэй болсон этгээд өөрийнх нь үйл ажиллагаанд саад болж буй үйлдлийг таслан зогсоохыг өмчлөгчийн адил шаардаж болно. Гэтэл нэхэмжлэгч байгууллага албан ёсоор газар эзэмших эрх аваагүй. Үүнийг анхан шатны шүүх анхаарч үзэлгүйгээр дүгнэсэн.

Ашигт малтмалын тухай хуульд хайгуулын тусгай зөвшөөрөл нь тусгай хэрэгцээний газар, ашигт малтмал хайхыг хориглосон газар, нөөцөд авсан талбай, адил хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн газартай давхцахгүй байхаар заасан. Хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон талбай бусдын эзэмших, ашиглах эрхийн газартай давхцалгүй байх ёстой гэсэн хуулийн шаардлага байхгүй.

"*******" ХХК нь 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр 1932 мкв талбайтай баяжуулах үйлдвэрийг өмчлөх эрхтэй. Газар чөлөөлж, барилга нүүлгэхээр өмчлөгчийн эрх ашиг хэрхэн, яаж хэрэгжих тухай дүгнэлт өгөөгүй.

Бид нар газар эзэмших эрхтэй этгээдтэй тохиролцож түүний эзэмшлийн газар дээр өмчлөх эрхийг авсан. Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж өмчлөх эрх авч болохгүй гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. Бид нар газар эзэмшээгүй, ашиглаагүй бусдын эзэмшлийн газар дээр үл хөдлөх хөрөнгө барьж түүнийгээ өмчилсөн. Үүнийг анхан шатны шүүх хууль зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Шүүхийн шийдвэр нэхэмжлэлийн шаардлагаас хэтэрсэн. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт газар ашиглах ёстой гэж тусгасан. Энэхүү маргаан нь газар эзэмших, ашиглахтай холбоотой маргаан биш үл хөдлөх хөрөнгийг нүүлгэнэ гэсэн маргаан юм.

Давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоо дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Сэргэлэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Эрх зүйн харилцаагаа буруу тодорхойлсон. Газар эзэмших, ашиглах харилцаа нь Газрын тухай хуулиар, ашигт малтмал эрэх, хайх, ашиглах харилцаа нь Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулагддаг. Нэхэмжлэгч нь газар эзэмшигч биш, ашигт малтмалын хайгуул хийх эрх бүхий этгээд байна. Нэхэмжлэгч талд газар эзэмших эрхийн гэрчилгээ байхгүй, газар эзэмшигч биш тул өөрийнх нь эзэмшил газар дээр барьсан эд хөрөнгийг нүүлгэн шилжүүлэх, чөлөөлөхийг шаардах эрх байхгүй.

Анхан шатны шүүх хайгуулын эрхтэй хуулийн этгээд газар эзэмшигч, ашиглах эрхтэй байна гэж дүгнэж Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1, 92 дугаар зүйлийг баримталж хэргийг шийдсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй. Мөн Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5, 44.8 дахь хэсгийг баримталж шийдвэр гаргасан нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй байна, шүүх маргааныг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх ёстой байсан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчаас нэхэмжлэгч нь газар эзэмших эрхгүй бөгөөд уг харилцааг Газрын тухай хуулиар зохицуулна гэх тайлбарыг гаргаж байна. Ашигт малтмал эрэн хайх үйл ажиллагаанд Ашигт малтмалын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжуудыг хэрэглэдэг. Ашигт малтмалыг тусгай зөвшөөрлийн дагуу эрэн хайх үйл ажиллагаа явуулаад ашиглаж болох юм бол газрыг эзэмших эрхийг олгоно гэдэг байдлаар хуулиуд хоорондоо уялдаа холбоотой. Газар эзэмшигч биш учраас шаардах эрхгүй гэдэг нь үндэслэлгүй.

Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч тухайн газрыг эзэмших эрхгүй гэж тайлбарлаж байна. Гэтэл Ашигт малтмалын хуулийн 4.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт ашигт малтмал эрэх, хайх үйл ажиллагааг тодорхой хуульчилсан.

Газрын гадаргатай холбоотой асуудал Газрын тухай хуулиар зохицуулагдана гэж байна. Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1.5-д "ашигт малтмал эрэх" гэж ашигт малтмалын хэтийн төлөв бүхий талбайд эрдсийн хуримтлал байгаа эсэхийг тогтоох зорилгоор хийгдэж байгаа геологийн судалгааны ажлыг, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 1.6-д "ашигт малтмал хайх" гэж эрдсийн хуримтлалын байршил, тоо хэмжээг нарийвчлан тогтоох зорилгоор газрын гадаргуу, түүний хэвлийд геологи, хайгуулын судалгаа хийж, түүний нөөц, баялгийг ашиглах боломжийг судлан техник, эдийн засгийн үнэлгээ хийхийг ойлгохоор заасан. Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч гадаргуугаас гадна газрын хэвлийг эрэн хайх үйл ажиллагаа явуулахдаа ашиглана. Тухайн газрыг ашиглаж байж хайгуул хийх, өрөмдлөг хийх, судалгаа шинжилгээний ажил хийдэг. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч газрыг эзэмших эрхгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.

Тухайн газарт барилга барьсан компани эзэмшигчтэй тохиролцож барилга барьсан гэж тайлбарладаг. Гэтэл хайгуулын тусгай зөвшөөрөлтэй газар дээр жоншны баяжуулж үйлдвэр барьсан. Жоншийг баяжуулаад ашигт малтмалыг ашиглаад, худалдаж, ашиг олж байгаа юм. Тухайн газарт гадаадын хөрөнгө оруулалтын оффис эсвэл хүн амьдрах зориулалттай байшин биш ашигт малтмалыг ашиглаж, баяжуулж ашиг олж байгаа үйлдвэр барьсан.

Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5-д гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид энэ хуулийн дагуу тусгай зориулалт, хугацааг болзолтой ашиглуулна. Уг хугацааг Засгийн газар тогтооно гэж, мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.9-д Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гадаадын иргэн, харьяалалгүй хүн, хуулийн этгээдэд газар ашиглуулсан Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах гэрээг цуцалж, ашиглалтын явцад учирсан хохирлыг нөхөн төлүүлнэ гэж тус тус хуульчилсан байдаг.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар бусдын эзэмшлийн газар үйлдвэр бариад ашиглаж байгаа гэж тайлбарладаг боловч энэ талаарх нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй. Хууль бусаар ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын нутаг дэвсгэр дээр гадаадын хөрөнгө оруулалттай компани баяжуулах үйлдвэр барьсан нь хууль бус гэж үзэх үндэслэлтэй. Өмчлөгчийн эрх тэргүүнд тавигдах ёстой гэхээс илүү тухайн өмчлөгчийн эрх хууль ёсны шаардлага хангасан эсэхэд анхан шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хяналаа.

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хайгуул хийх ажилд саад болж буй зөвшөөрөлгүй барьсан үйлдвэрийг нүүлгэн шилжүүлж, газрыг чөлөөлүүлэх-ээр нэхэмжлэлийн шаардлага гарсан байх бөгөөд хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэгч компани нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч учир газар эзэмшигч, ашиглагчийн эрхийг хэрэгжүүлэх эрхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргажээ.

 

Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.21-т "тусгай зөвшөөрөл эзэмшигч" гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрх авсан, эсхүл түүнийг энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу шилжүүлэн авсан хуулийн этгээдийг ойлгох-оор хуульчилсан байх бөгөөд XV-******* дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл, түүний хавсралтууд /хх-н 09-10/, 0000116664 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ, өөрчлөлт оруулсан бүртгэл /хх-н 11/, ******* ХХК-ийн дүрэм /хх-н 07-08/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч Мэнтэ интернэйшнл ХХК нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч байна.

 

Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.3-т зааснаар "газар эзэмших" гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг ойлгох ба мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж тус тус хуульчилсан байна.

 

Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т Улсын бүртгэлийн байгууллага Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.11-д заасан дундын мэдээллийн сан дахь энэ хуулийн 28.1-д заасан мэдээллийг нягтлан шалгаж, газар эзэмших, ашиглах эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэнэ гэж тус тус зааснаас үзэхэд газар өмчлөх, эзэмшиж, ашиглах эрх нь эрхийн улсын бүртгэлд бүртгэн гэрчилгээ олгосноор үүснэ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбараар нэхэмжлэгч Мэнтэ интернэйшнл ХХК нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч байх ба хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхийг Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлд тухайлан заасан байна.

 

Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-т заасан  "...хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ" гэдэг нь зөвхөн хууль болон гэрээнд заасан үндэслэлээр үүссэн эзэмшил нь эрх зүйн үр дагавар буюу шаардах эрхийг үүсгэнэ гэж ойлгоно.

 

Хуулийн дээрх зохицуулалтуудаас дүгнэхэд хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч Мэнтэ интернэйшнл ХХК-ийг Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар газар эзэмшигч гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч тал Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан газар эзэмшигчийн эрх болон Иргэний хуулийн 89, 92-д заасан шаардах эрхийг хэрэгжүүлэх боломжгүй байна.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хууль, Ашигт малтмалын тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэсэн хариуцагч талын гомдол үндэслэлтэй байх тул гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 157/ШШ2024/00027 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч ******* ХХК-д холбогдох хууль ёсны тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хайгуул хийх ажилд саад болж буй зөвшөөрөлгүй барьсан үйлдвэрийг нүүлгэн шилжүүлж, газрыг чөлөөлж өгөхийг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3-д заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 167.4, 167.5 дахь хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ДЭНСМАА

 

ШҮҮГЧИД Д.ГАНЗОРИГ

 

Г.БОЛОРМАА