Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 2019/ШЦТ/006

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч Д.Цогжавхлан,

Нарийн бичгийн дарга Ж.Чимиддорж,

Шүүгдэгч Ш.О нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Цогжавхлангаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Оад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1814006950370 тоот эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 27-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, Ш.О

Холбогдсон хэргийн талаар

 Шүүгдэгч Ш.О нь 2018 оны 11 дүгээр сарын 30-наас 2018 оны 12 дугаар сарын 01-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар баг 21-12 тоотод иргэн Д.Бг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч Ш.Оын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 ... Би 2018 оны 11 дүгээр сарын 30 наас 12 дугаар сарын 01 нд шилжих шөнө архидан согтуурсан үедээ өөрийн эхнэр Бгийн эрх чөлөөнд халдаж хөнгөн зэргийн хохирол биед нь учруулсан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна.Тухайн цаг хугацаанд би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд өөрийн үйлдлийг сайн мэдэхгүй байгаа юм. Би эхнэртэйгээ эвлэрсэн, одоо бидний хооронд хохирол төлбөрийн ямар нэгэн маргаан байхгүй. Би Д.Бтэй гэдэг хүнтэй гэр бүл болоод 40 орчим жил болж байна, сүүлийн үед би архи уугаад байгаа нь үнэн, намайг архи уугаад байхаар эхнэр маань уурлаад бидний хооронд таарамжгүй харилцаа үүссэн нь үнэн. Хамгийн сүүлд 2018 оны 11 дүгээр сарын 30 наас 12 дугаар сарын 01-нд шилжих шөнийн 03 цагийн орчим найз Эрдэнэ-Очирын хамт гэртээ очсон, би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учраас машинаа Эрдэнэ-Очироор унуулж гэртээ очсон. Ингээд Эрдэнэ-Очир намайг хүргэж өгөөд гэрээс гарсан, үүний дараа эхнэртэйгээ маргалдаж дээрх үйл явдал болсон. Эхнэр намайг архи уулаа боль гэж хэлсэн ингээд бид маргалдсан. Эхнэрийнхээ толгой, дал мөр тус газарт хэд хэдэн удаа цохисон, үүнийгээ ч хүлээн зөвшөөрч байна.Мөн архи уусан байсан, архиныхаа халуунаар ийм үйлдэл гаргаснаа хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдлээс болоод манай эхнэрийн биед хөнгөн зэргийн хохирол учирсан ба би өөрийн гаргасан үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлттэй танилцсан, энэ дүгнэлттэй холбогдуулан гаргах ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Энэ байдлаа би хүлээн зөвшөөрч байгаа, энэ ч утгаараа би эхнэрээсээ албан ёсоор уучлалт гуйгаад бид эвлэрсэн ...Өөр ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 79-81/

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.О мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэв.

3. Хохирогч Д.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Би О гэдэг хүнтэй ханилан суугаад 40 жил болж байна, бид 5 хүүхэдтэй, хүүхдүүд маань гэр бүл болж өрх тусгаарлан бүгд Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг. Би нөхөр Оын хамт Баянхонгор сумын 3 дугаар баг 21-12 тоотод хадам ээж Хандмаа, зээ хүүгийн хамт амьдардаг.Нөхөр маань сүүлийн 3 жилийн өмнөөс ааш араншин нь өөрчлөгдөж гадуур дотуур хэсэж, архи дарс ууж агсам согтуу тавьдаг болсон. Хамгийн сүүлд 2018 оны 11 дүгээр сарын 30 наас 12 дугаар сарын 01 нд шилжих шөнийн 03 цагийн орчим найз Эрдэнэ-Очир гэдэг хүний хамт гаднаас нэлээн согтуу орж ирсэн. Эрдэнэ-Очир нь архи уугаагүй байсан, харин манай нөхөр л согтуу байсан, тэгснээ хүүг минь чи надтай явах юм ууж эмээтэйгээ үлдэх юм уу гэхэд хүү айсандаа юу ч дуугарч чадахгүй байсан, би хүүдээ хүүдээ тантай гэж хэл гэж шивнэхэд тэр тантай явна гэж хэлсэн тэгэхэд О за тэгвэл чамайг зодохоо болилоо гэж хэлээд хүүг дагуулаад гарах гээд байхаар нь би цагдаад дуудлага өгсөн. Ингээд цагдаа нар ирээд манай нөхрийг аваад явсан. Үүнээс 3 хоногийн дараа манай нөхрийг гаднаас цагдаа нар манайд аваад ирсэн, би тэр хүнийг авахгүй гэсэн чинь буцаагаад аваад явна гэхэд гарч яваад уяатай байсан нохойгоо тавьчхаад хашаа даван зугтаагаад явсан байсан. Ингээд цагдаа нар яаж ч чадаагүй явцгаасан. Архи уух болгондоо намайг зоддоггүй, хамгийн сүүлчийн удаа архи уухдаа л намайг зодсон нь тэр. Би зодуулснаа нөхрийнхөө төрсөн эгч Оросоо гэдэг хүнд маргааш өглөө нь хэлсэн. Оад зодуулаад миний тархи доргисон, баруун бугалга, шуу, цээж, хэвлийд цус хурсан, дагзанд зөөлөн эдийн няцралт гэмтэл учирсан...гэх мэдүүлэг / хх-ийн 45-48/,

4. Гэрч Ш.Мын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:                                                 

 … 2018 оны 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 01-нд шилжих шөнө О ах эхнэр Бгөө зодсон байсан. Эхнэр нь над руу утасдан ээжийгээ ав, танай ах намайг зодоод явсан, би шүүх цагдаагаар явмаар байна гэж хэлсэн. Ингээд би ээжийгээ авахаар тэднийд очиход Б эгчийн 2 бугалга хөхөрсөн байсан. надад Б эгч 2 гараа харуулсан. Архи ууж ирчхээд агсан тавиад зодсон гэж хэлсэн. Мөн зээ хүү Эрхангал руу хөтөвчтэй шээс цацаж, хогийн шүүрээр ороолгосон байсан. Үүнд нь миний дургүй маш их хүрсэн. Би ахтайгаа уулзаж чадаагүй, олон хоног гадуур архи ууж явсан ба нэг өдөр согтуу манай гэрт ирж хоносон, би эхнэрийгээ яагаад зодоод байгаа юм бэ гэж асуухад өөрөөс янз бүрийн юм хэлээд байхаар нь сайн хэлж ярьж чадаагүй. Би ахтайгаа нэр дор олон жил хамт ажилласан, архи уугаагүй үедээ их даруухан, ажилсаг, гэр орноо авч явдаг их сайн хүн байгаа юм. Харин сүүлийн үед их архи уугаад байдаг болсон байна. Архи уучихаараа цагаан солио туссан хүн шиг болсон байна лээ. 40 нас хүрчхээд архи ууж эхэлсэн хүн байгаа юм, бие муутай, 2 удаа цус харвасан, 1 удаа хөх хотод хагалгаанд орсон, энэ нь сэтгэхүйд нь их нөлөөлдөг юм шиг байгаа юм байна. гэх мэдүүлэг /хх-ийн 59-61/

 5. Гэрч Ш.Оросоогийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 ...Ш.О миний төрсөн дүү байгаа юм. Миний дүү эхнэрийгээ зодсон хэргээр цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа юм байна. Энэ талаар би бэр Бгөөсөө мэдсэн. 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Б над руу утасдаад О намайг зодсон, би цагдаад хэлсэн гэж байсан. Архи уусан согтуу үедээ л эхнэрээ зодсон байсан гэх мэдүүлэг /хх-ийн 62-64/

6. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн 721 дугаартай шинжээчийн:

1. Д.Бгийн биед тархи доргилт, баруун бугалга, шуу, цээж, хэвлийд цус хуралт, дагзанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

 2. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн ба боломжтой.

 3. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

 4.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2 4 зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх шинжээчийн гэх дүгнэлт /хх-ийн 21-22/ болон хавтаст хэргийн 90 дүгээр хуудсанд авагдсан шүүгдэгч Ш.О урьд ял шийтгэгдэж байсан тухай ял шалгах хуудас, хавтаст хэргийн 34-38 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Ш.Оын эзэмшлийн гар утсыг битүүмжилсэн тэмдэглэл, хавтаст хэргийн 99-100 дугаар хуудсанд авагдсан эвлэрлийн гэрээ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч Ш.О нь 2018 оны 11 дүгээр сарын 30-наас 2018 оны 12 дугаар сарын 01-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар баг 21-12 тоотод Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасан үйлчлэлд хамаарах эхнэр Д.Бг мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч Д.Бгийн мэдүүлэг, гэрч Ш.М, Ш.Оросоо нарын мэдүүлэг болон шүүх эмнэлгийн шинжээч эмчийн 721 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 Иймд шүүхээс шүүгдэгч Ш.Оыг “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул шүүгдэгч Ш.Оад эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч Ш.Оад ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 Шүүгдэгч Ш.Оын эзэмшлийн Noke маркийн гар утсыг битүүмжилсэн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, дээрх гар утсыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал буюу торгуулийн ялын биелэлтийг хангах зорилгоор худалдан борлуулахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ш.Оад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ш.Оад нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Тариачин овогт Ш.Оыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Тариачин овогт Ш.Оыг дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Ш.Оад оногдуулсан дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялыг ялтан Ш.Оыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш гурван сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Ш.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Энэ хэргийн учир шүүгдэгч Ш.О нь бусдад төлөх төлбөргүй, уг хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.  

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт шүүгдэгч Ш.Оын эзэмшлийн гар утсыг битүүмжилсэн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, дээрх гар утсыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал буюу торгуулийн ялын биелэлтийг хангах зорилгоор худалдан борлуулахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Ш.Оад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.  

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.                                               

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ш.Оад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ