Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 226/МА2024/00008

 

 

 

 

 

 

 

2024 04 10 226/МА2024/00008

 

 

*******гийн нэхэмжлэлтэй,

хариуцагч *******д холбогдох

иргэний хэргийн талаар

 

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны А танхимд,

Нэхэмжлэгч *******гийн өмгөөлөгч Т.Эрдэнэбат, О.Золбаяр,

Хариуцагч *******ын өмгөөлөгч Б.Жавхлан, С.Нарангэрэл,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Хэнчбиш нарыг оролцуулан

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр даргалж, шүүгч П.Цогзолмаа, М.Энхмандах нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 157/ШШ2024/00015 дугаар шийдвэртэй *******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******д холбогдох гэмт хэргийн улмаас хохирогч нас барсны улмаас малчин хөлсөлж ажиллуулсан хөлс 29,000,000 төгрөг, оршуулгын зардлын үлдэгдэл 4,504,558 төгрөг, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх явцад мөрдөгчийн дуудсанаар ирж очих бензин түлшний зардал 783,644 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 11,000,000 төгрөг, гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах нөхөн төлбөр 122,760,000 төгрөг, нийт 168,048,202 төгрөгийг, мөн тэжээгчээ алдсаны тэтгэвэр, тэтгэмжийн зөрүүг хариуцагч *******аас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хариуцагч *******ын гаргасан давж заалдах гомдлоор 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Ганзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х.******* нь 2020 оны 07 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 1.62 хувийн согтолттойгоор Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутаг Хэрлэн сумын төвөөс 8 километрын зайд "Киа Бонго-З маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодохдоо холбогдох хууль тогтоомжийг зөрчсөнөөс иргэн *******н дээгүүр машинтайгаа гарч дайран амь насыг нь хохироосон бөгөөд *******ыг Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 2021/ШЦТ/88 дугаар шийтгэх тогтоолоор хууль тогтоомж зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн.

...Тус эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх явцад оршуулгын зардлын холбогдох баримтуудыг гаргаж өгөн хавтаст хэрэгт хавсаргасан бөгөөд нэгтгэн тооцоолохдоо 4,504,558 төгрөгөөр дутуу бодож өгсний улмаас хариуцагч оршуулгын зардлын төлбөрийг 4,504,558 төгрөгөөр дутуу төлсөн.

Мөн эрүүгийн хэргийг мөрдөн шалгах, хянан шийдвэрлэх явцад мөрдөгчийн дуудсанаар маш олон удаа ирж очиж байсан бөгөөд түүний зөвхөн бензин түлшний зардал 783,644 төгрөг болсон.

Хариуцагч ******* нь мөрдөн шалгах явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байсан учраас надад хууль зүйн туслалцаа хэрэгтэй байсан тул 11,000,000 төгрөгөөр өмгөөлөгч хөлсөлсөн.

...Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.5 дахь хэсэгт болон холбогдох журамд заасны дагуу сэтгэцэд учирсан гэм хорыг арилгуулахыг нэхэмжлэгч шаардах эрхтэй байна. Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаар тогтоолоор Улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сард 660,000 төгрөг гэж шинэчлэн тогтоосон байна. Тиймээс хариуцагчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бөгөөд гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөр нь 122,760,000 төгрөг болж байгаа.

Гэмт хэргийн улмаас хохирогч буюу миний нөхөр нас барснаар миний бие бага насны 4 хүүхэдтэй үлдсэн бөгөөд малаа маллуулж, хүүхдүүдээ тэжээхийн тулд зайлшгүй малчин хөлслөх шаардлагатай болсон. Зах зээлийн энэ үед надад үнэгүй туслах хүн олдохгүй гэдгийг анхааралдаа авахыг хүсч байна. Тиймээс 2 малчин авч ажиллуулсан юм. Тус 2 малчин нь 2020 оны 08 дугаар сараас эхлэн 2022 оны 10 дугаар сарыг дуустал нийт 27 cap ажиллаж, цалингаа авсан. Малчин тус бүр 1 сарын 500,000 төгрөгийн цалинтай ажиллаж байсан бөгөөд өнөө цагт ийм цалин хөлсөөр ажиллах малчин олдохгүй. Малчны цалин хөлсөнд cap бүр 1,000,000 төгрөг зарцуулж байсан бөгөөд дээрх хугацаанд нийт 27,000,000 төгрөгийг малаа маллуулсны хөлсөнд өгсөн. Мөн 2022 оны 11 дүгээр сараас эхлэн 2023 оны 03 дугаар cap хүртэл 1 сарын 500,000 төгрөгийн цалингаар өөр адуучин хөлслөн 4 cap ажиллуулсан бөгөөд нийт 2,000,000 төгрөгийн цалин өгсөн. Тиймээс малчны цалинд нийт 29,000,000 төгрөг зарцуулаад байна.

Иймд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, нөхөн төлөх төлбөр нийт 168,048,202 төгрөгийг *******аас гаргуулж өгнө үү. Мөн тэжээгчээ алдсаны тэтгэвэр, тэтгэмжийг хуульд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие хохирогч *******д оршуулгын зардал болон бусад хохиролд 33,294,410 төгрөгийн хохирол төлбөр төлсөн.

2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр болсон анхан шатны шүүх хуралдаан дээр хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шалгаж үзэхэд 30,706,037 төгрөгийн нотлох баримтууд нь нотлох баримтаар нотлогдож байна. Оршуулгын зардлын зөрүү болох 4,504,558 төгрөгийн баримт нь нотлох баримтгүй, бусад зардал нь оршуулахтай холбоотой зайлшгүй зардал биш байна гэж шүүх дүгнэсэн.

Хохирогч нарт сүүлд иргэний хэрэгт өгсөн нотлох баримт байсан бол тухайн анхан шатны шүүх хуралдаан болох үедээ л өгөх байсан байх. Гэхдээ тэр үедээ өгөөгүй, сүүлд бүрдүүлсэн нотлох баримтуудыг үнэн эсэхэд эргэлзээ төрж байна.

Оршуулгын зардлын зөрүүг төлөх эсэх асуудал нь шүүхээр нэгэнт шийдвэрлэгдсэн гэж үзэж байна.

Мөн нэхэмжилсэн бензиний зардал 783,644 төгрөгийн нотлох баримтуудыг урьд нь эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр гаргаж өгч байгаагүй, сүүлд бүрдүүлсэн үндэслэлгүй баримтууд байх тул миний бие төлөх үндэслэлгүй байна гэж үзэж байна.

Өмгөөлөгчийн хөлс 11,000,000 төгрөг бол хохирогч тал хуулийн байгууллагад эрх ашгаа хамгаалуулах гэж сайн дураараа гаргасан зардал учраас би тэрхүү зардлыг хариуцан төлөх үндэслэлгүй гэж үзэж байна.

Малчны цалин 125,000,000 төгрөгийн зардал нь ирээдүйд гарах эсэх нь тодорхойгүй, хангалттай нотлох баримтаар нотлогдоогүй зардал байна гэж үзэж байгаа тул төлөхөөс татгалзаж байна.

Сэтгэл санааны хохирол 10,000,000 төгрөгийг мөн төлөх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж төлөхөөс татгалзаж байна. Иймд нэхэмжлэгч *******гийн шүүхэд гаргаж өгсөн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгааг хүлээн авна уу гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Жавхлан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37, 38 дугаар зүйлүүдэд заасан нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэж байгаа нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, нотлох баримтаа хуульд заасан арга хэрэгслээр цуглуулж өгөх, өөрөө нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ биелүүлээгүй.

Нэхэмжлэгч оршуулгын зардлын зөрүү 4,504,558 төгрөгийг нэхэмжилсэн. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс оршуулгын зардлын зөрүү болох 4,504,558 төгрөгийн нэхэмжлэл нотлох баримтгүй гэж дүгнэсэн байдаг. Иргэний хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэгтгэж тооцохоор зөрүү харагддаггүй. *******гийн зүгээс шүүхэд 30,996,858 төгрөгийн хохирлын баримт гаргаж өгсөн ба хариуцагч ******* хохирогчид 33,294,410 төгрөгийг төлж, 3,294,410 төгрөгийг илүү төлсөн нөхцөл байдал харагддаг. Иймд оршуулгын зардлын зөрүүг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

Бензин, түлшний зардал 783,644 төгрөгийг нэхэмжилсэн. Энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэл, падаан зэрэг баримтууд хавтаст хэрэгт авагдсан. Хохирогч аймгийн төв рүү 77-88 дугаартай машинтай явдаг байсан гэх боловч иргэний хэрэгт гаргаж өгсөн баримтуудад 3 өөр машины баримт авагдсан байдаг. Хохирлын мөнгөнд бензин шатахууны мөнгө багтсан уу гэсэн асуултад ******* тийм гэж хариулсан байдаг. Сүүлд ******* тухайн үедээ энэ цаг хугацааны баримтаа авч чадаагүй байсан гэж тайлбарладаг. 1 дүгээр хавтаст хэргийн 16-24, 3 хавтаст хэргийн 126-141 дүгээр хуудсанд авагдсан нотлох баримтуудаас харахаар сүүлд нөхөж бүрдүүлсэн баримтууд болох нь нотлогдож байгаа учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37, 38 дугаар зүйлд заасантай нийцэхгүй учир нотлогдохгүй байна гэсэн байр суурьтай оролцож байна.

Өмгөөлөгчийн хөлс нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд эд хөрөнгөд учирсан бодит хохирол, зайлшгүй гарах ёстой байсан хохиролд тооцогдохгүй учраас өмгөөлөгчид төлсөн хөлсийг хүлээн зөвшөөрөхгүй байр суурьтай оролцож байна. Мөн өмгөөлөгчид төлсөн хөлсний талаарх баримтууд хавтаст хэрэгт байхгүй.

Малчин хөлсөлж ажиллуулсан гэж байна. Малчин хөлсөлж ажиллуулсан талаарх баримтууд нь гарын үсгийн зөрүүтэй байдлууд ажиглагдаж байсан. Шинжээчийн дүгнэлт болон *******гийн өөрийнх нь тайлбараар сүүлд бүрдүүлсэн нотлох чадвараа алдсан баримтууд байгаа учраас хүлээн зөвшөөрөхгүй байгаа.

Сэтгэл санааны хохирлын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Нэгдүгээрт санаатай биш, болгоомжгүй гэмт хэргийн ангилалд гэмт хэргийг үйлдсэн. Мөн сэтгэцийн хор уршиг гэдэгт гэмт хэргийн хохирогч гэмтлийн улмаас мэдэрч буй өвдөлт, зовуурь, шаналал, түүнчлэн гэмт хэргийн улмаас амьдралын баяр баясалгүй болох, нийгмийн байр сууриа алдах, бусадтай хэвийн харилцах чадваргүй болох, хувийн зан байдал нь сөргөөр өөрчлөгдөх зэргээр амьдралын чанар муудсаны улмаас сэтгэцийн эмгэгтэй болохыг ойлгоно.

*******гийн хувьд сэтгэцэд нь ямар хор уршиг учирсан нь тодорхойгүй. Нэхэмжлэгч үүнийгээ хуульд заасан арга хэрэгслээр олж авсан нотлох баримтуудаар нотлох учиртай. Жишээ нь эмнэлгийн бичиг баримтаар. Иргэний хуулийн зарчмаар нотолгооны хэрэгслээр нотлогдож байж нэхэмжлэлийн шаардлагын дүн өөрөө нотлогдоно гэж үзэж байгаа учраас сэтгэл санааны хохирлыг зөвшөөрөхгүй.

Иймд хариуцагч *******аас нийт 168,048,202 төгрөгийг гаргуулах, мөн тэжээгчээ алдсаны тэтгэвэр, тэтгэмжийн зөрүүг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч С.Нарангэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч оршуулгын зардалтай холбоотой бензиний зардал төлбөрийг нэхэмжилсэн. Нэхэмжлэхдээ баримтаа хүснэгтэлж гаргаж ирээд тэрэнтэй холбоотойгоор падаан, тодорхойлолт маягаар аваад ирсэн. Одоо бүх л шатахуун түгээх станц Е-баримт гаргаж байгаа. Баримтаа тухайн үед авч чадаагүй байж болно. Татварын газраас нь Е-баримтыг авах боломжтой байсан. Баримт нь хангалтгүй байгаа учраас бензинтэй холбоотой зардлыг гаргах боломжгүй юм.

Хэрэг 2020 оны 07 дугаар сард болсон. Нэхэмжлэгч талаас сэтгэл санааны хохирол нэхэмжилсэн. Нэхэмжлэх эрх нь нээлттэй байгаа ч гэсэн нэхэмжилж байгаа үндэслэл, холбогдох баримтуудаа шүүхэд өгч нотлох үүргээ нэхэмжлэгч тал өөрөө хүлээдэг. Нотлох баримттай холбоотой 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай Дээд шүүхийн тогтоол гарсан байдаг. Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал гээд 07 дугаар сарын 31-ний өдрийн Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргах журмыг хавсралтаар гаргаад тухайн журмын дагуу шүүхийн практик дээр ч гэдэг юм уу, мөрдөн байцаалтын шатан дээр энэ асуудал хэлэлцэгдээд явж байгаа. Гэхдээ тухайн журмаар энэ асуудал нь өөрөө хэлэлцэгдэхээр заагдсан байдаг. Тухайн шүүхээс гаргаж байгаа сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөр 1 дүгээрт нь хүний эрүүл мэндийг хамгаалах, 2 дугаарт нь сэтгэцийн эмгэгийг арилгах гэсэн 2 зорилгод нийцсэн байж нөхөн төлбөрийг гаргана гээд тухайн журмын 1.3-д заасан байгаа.

*******гийн хувьд эрүүл мэндийн байдал алдагдчихаад байгаа юм уу, сэтгэцийн эмгэгийн байдал алдагдчихаад байгаа юм уу гэдэг нь тодорхойгүй байна. Сэтгэцийн эмгэгийн байдал алдагдсан гэж байгаа бол тухайн сэтгэцийн эмгэгийн байдалтай холбоотой ямар нэгэн өвчин байгаа талаар нотлох баримт нь байхгүй байна. Гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн хэвийн ажиллаж, сурах, амьдрах, суралцах, нийгэмд зохих байр сууриа эзлэх хувь нэмрээ оруулах ч гэдэг юм уу бусад энгийн хүмүүс шиг хэвийн байдлын чадвар нь алдагдсан гэдгийг ямар байдлаар нотлоод байгаа юм гэдэг баримт байхгүй учраас үүнийг гаргах боломжгүй байна.

Иймд хариуцагч *******аас гэмт хэргийн улмаас хохирогч нас барсны улмаас малчин хөлсөлж ажиллуулсан хөлс 29,000,000 төгрөг, оршуулгын зардлын үлдэгдэл 4,504,558 төгрөг, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх явцад мөрдөгчийн дуудсанаар ирж очих бензин түлшний зардал 783,644 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 11,000,000 төгрөг, гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах нөхөн төлбөр 122,760,000 төгрөг, нийт 168,048,202 төгрөгийг гаргуулах, мөн тэжээгчээ алдсаны тэтгэвэр, тэтгэмжийн зөрүүг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч ******* овогт ******* *******аас 38,783,644 (гучин найман сая долоон зуун наян гурван мянга зургаан зуун дөчин дөрвөн) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч овогт *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 129,264,558 (нэг зуун хорин есөн сая хоёр зуун жаран дөрвөн мянга таван зуун тавин найман) төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

- Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3, 508.4.1, 509 дүгээр зүйлийн 509.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******аас 2006 оны 06 дугаар сарын 10-ны өдөр төрсөн охин овогт *******н , 2007 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн хүү овогт *******н , 2014 оны 06 дугаар сарын 19-ний төрсөн хүү овогт *******н , 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр төрсөн хүү овогт *******н нарыг арван зургаан нас хүртэл, харин суралцаж байгаа бол арван найман нас хүртэл нь сар бүр тухайн үед мөрдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүүг хасаж, тэжээгчээ алдсаны зөрүүг тооцон гаргуулж, М., М., М., М. нарт олгож,

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч ******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 351,868 (гурван зуун тавин нэгэн мянга найман зуун жаран найман) төгрөгийг гаргуулж төрийн сангийн дансанд оруулж улсын орлого болгохоор заан шийдвэрлэжээ.

 

Хариуцагч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч ******* нь малчин хөлсөлж ажиллуулсан хөлс 29,000,000, оршуулгын зардлын үлдэгдэл 4,504,558, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явцад мөрдөгчийн дуудсанаар ирж очсон бензин, түлшний зардал 783,644, гэр бүлийн гишүүдийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах нөхөн төлбөр 122,760,000, өмгөөлөгчийн хөлс 11,000.000 төгрөгийг тус тус нэхэмжилсэн. Энэ нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул хянан шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Жавхлан давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ******* нь туслах малчин гэх 2 хүнийг ажиллуулсан талаарх хууль ёсны шаардлага хангасан нотлох баримтыг хуулийн хүрээнд бүрдүүлж нэхэмжлэх үүрэгтэй. Туслах малчин ажиллуулсан гэрээ болон бэлэн мөнгө олгож байсан хүснэгтүүд нь хууль бус, үндэслэлгүй, мэдээллүүд нь зөрүүтэй байсан. Энэ талаар тодруулахаар шинжээчийн дүгнэлт гаргуулсан. Шинжээчийн дүгнэлтээр туслах малчин ын гарын үсэг мөнгө хүлээж авсан гарын үсэг биш байсан. Анхан шатны шүүх хуралдаанд ******* өөрөө гарын үсгийг нь зурсан гэж хариулсан. Туслах малчин ажиллуулж байсан бол шүүхэд гаргаж өгч буй нотлох баримт нь хууль ёсны шаардлага хангасан байх ёстой. Энэ нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37, 38.4, 38.5, 40.2 дахь заалтуудыг буюу нотлох баримтыг хуульд заасан арга хэрэгслээр олж авах, хууль бус аргаар цуглуулахыг хориглох заалтуудыг тус тус зөрчиж байгаа тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж үзэж байна.

Шатахууны зардал 784,644 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн. Үүнийг мөн зөвшөөрөхгүй байна. Нотлох баримтын шаардлага хангаагүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй. ******* эрүүгийн хэрэгт авагдсан баримтад нэг машинаар ирж, явсан байсан тухай хавтаст хэрэгт авагдсан байдаг. Гэтэл иргэний хэрэгт авагдсан баримтуудаар шатахууны 784,644 төгрөгийг нэхэмжлэхдээ 4 машинаар ирж явж байсан баримт өгсөн. 2 машин нь талийгаачийн нэр дээр бүртгэлтэй машин, 2 машин нь *******гийн ахынх нь нэр дээр бүртгэлтэй баримт өгсөн.

Шатахуун авч байсан тухай хууль ёсны шаардлага хангасан нотлох баримт өгөөгүй. Зарлагын баримт өгсөн боловч энэ нь нотлох баримтын шаардлага хангаагүй. Энэ талаар тодруулж та энэ баримтуудыг тухайн үед нь авч байсан юм уу, эсвэл иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нотлох баримт гаргаж өгөхдөө авсан юм уу гэхэд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад аваагүй нөхөж авсан гэх тайлбарыг гаргадаг.

Шатахууны баримт нөхөж авсан тухай тодруулахаар Хэнтий аймгийн Баянмөнх сумын шатахуун түгээх станц руу шүүгчийн захирамж хүргүүлсэн. Шүүгчийн захирамжийн хариуд Баянмөнх сумын НИК шатахуун түгээх станцаас Ш.******* нь манайхаас шатахуун байнга авдаг, шатахуун аваад хаашаа явах, төлбөр тооцоог ямар данснаас хийдэг талаар бид мэдэх боломжгүй гэсэн бичиг ирсэн. Гэтэл анхан шатны шүүх хууль бус зарлагын баримтыг хүлээж авч нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.

Мөн Өмгөөлөгчийн өмгөөллийн хөлс 11,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2-т Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмыг Засгийн газар батална гэж хуульчилсан байдаг. Засгийн газрын 2018 оны 161 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох санхүүжүүлэх журам-ын 2.6.6 насанд хүрээгүй, төлбөрийн чадваргүй хохирогч, гэрчийн өмгөөлөгчийн өмгөөллийн үйлчилгээний хөлсийг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хэмжээгээр төлнө гэж заасан учраас энэ хуулийн зүйл заалтыг зөрчсөн. ******* нь төлбөрийн чадваргүй эсхүл насанд хүрээгүй хохирогч биш юм. Хэрэв хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцуулах гэж байгаа бол эрүүгийн хэрэгт нотлох баримтуудаа өгч, шүүхэд хүсэлтээ гаргаж өөр ажиллагаа хийгдэж шийдвэрлэнэ.

Өмгөөлөгчийн өмгөөллийн хөлс 11,000,000 төгрөгийн нотолгооны хувьд *******гийн О.Золбаяр өмгөөлөгчтэй байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, дансны хуулга хэрэгт авагдсан. Энэ дансны хуулгаар ******* нь 11,000,000 төгрөгийг өмгөөлөгчид төлсөн гэдэг нь нотлогдохгүй, үнийн дүн хүрэхгүй байгаа. Мөн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд гэдэг хуулийн фирмийн данс руу төлбөр орохоор харагдаж байгаа бөгөөд хэрвээ хуулийн этгээд рүү төлбөр орсон бол энэ талаар нотлох баримт байхгүй байна. Өмгөөлөгчийн хөлс гаргуулах нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Тэжээгчээ алдсаны тэтгэвэр, тэтгэмжийн зөрүү гаргуулахыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 1-т зааснаар хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй байдаг. Иргэний хуулийн 520, 522 дугаар зүйлүүдэд тус тус зааснаар өвлөх эрхийн харилцаа үүсдэг.

******* болон хүүхдүүдийг Иргэний хуулийн 522.1-т заасан хууль ёсны өвлөгч гэж үзэж болох ч мөн хуулийн 517 дугаар зүйлд заасан өвлөх эрхээ алдсан этгээд үү, өв хүлээн авахаас татгалзсан этгээд үү гэдгийг өнөөдрийн байдлаар мэдэх боломжгүй байна. Учир нь хэрэгт өвлөх эрхийн гэрчилгээ болон бусад баримт байхгүй байна. Тэжээгчээ алдсаны тэтгэмжийг Иргэний хуулийн 508.2-т зааснаар нас барах үед аль нэг нь авах эрхтэй гэдэгтэй зөрж байгаа юм. Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, цалингийн тодорхойлолт, тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү гаргасан нь тодорхойгүй. Нийгмийн даатгалын байцаагчийн тодорхойлолт шаардлага хангаагүй, хаашаа хаягласан, хаанаас гаргасан нь тодорхойгүй бичгийг үндэслэж анхан шатны шүүх шийдвэр гаргасан. Шүүх хуралдаанд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байр суурьтай оролцож байна гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч С.Нарангэрэл давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: ...Туслах малчинд цалин олгосон нотлох баримт зөрүүтэй. 5 хавтаст хэргийн 209 дүгээр талд бид цалингаа дансаар авдаг гэж мэдүүлдэг. Нэхэмжлэгч ******* цалинг бэлэн мөнгөөр нь өгдөг байсан гэж мэдүүлдэг. Дансаар цалинг авсан баримт хэрэгт авагдаагүй байхад анхан шатны шүүх үүнийг дүгнэсэн нь үндэслэлгүй байна. 1 хавтаст хэргийн 28-31, 45 дугаар хуудаст цалинг бэлнээр олгосон баримт байна. Эдгээр баримт нь зөрүүтэй гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

Өмгөөлөгчийн өмгөөллийн хөлсний хувьд нэхэмжлэгч Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрхийнхээ хүрээнд өмгөөлөгчөө сонгож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа учир энэ тухай Засгийн газрын 2018 оны 161 дүгээр тогтоолоор зохицуулсан хуулийн зохицуулалт байдаг. Хариуцагчийн өмгөөлөгч Б.Жавхлангийн саналыг дэмжиж оролцож байна... гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Золбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 168,048,202 төгрөг хариуцагч *******аас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

1. Анхан шатны шүүх малчин хөлсөлж ажиллуулсны хөлс 29,000,000 төгрөг нэхэмжилснээс 27,000,000 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн. гэх хүнийг малчнаар авч ажиллуулсан. Түүнд өгсөн 2,000,000 төгрөгийг нотлох баримт байхгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. 4 хавтаст хэргийн 140-145 дугаар талд ******* болон нарын хооронд байгуулсан туслах малчны гэрээ болон ын өөрийнх нь гараар бичсэн цалин авч байсан баримт авагдсан. Талийгаач өөрөө бод малаа буюу үхэр адуугаа малладаг байсан. Хонио нэг малчинд цалин өгч харуулдаг байсан. Гэтэл талийгаач нас барж хүнд алуулснаар бод мал маллах хүнгүй болсон. Нэхэмжлэгч ******* нь бага насны 4 хүүхэдтэй. Хүүхэд хүмүүжүүлнэ асарна, дээр нь сэтгэл санааны маш их дарамтад байсан учир үхэр адуугаа маллуулахаар 2 малчин авч ажиллуулсан. Анхан шатны шүүх тай гэрээ байгуулж олгосон малчны цалинг хангахгүй орхисон нь үндэслэлгүй байна. Энэ тухай баримт хавтаст хэрэгт авагдсан.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүх, цагдаа, прокурорын дуудсанаар удаа дараа зорчиж байсан. Тухайн үед сэтгэл санааны хувьд дарамттай байсан учир шатахууны баримт авч чадаагүй гэдэг. 5 хавтаст хэргийн 52-83 дугаар талд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон баримтууд авагдсан. Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын тусгай архиваас холбогдох баримтуудыг гаргаж өгсөн. Үүнийг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн.

3. Өмгөөлөгчийн өмгөөллийн хөлс 11,000,000 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн. 1 хавтаст хэргийн 26-27 тал, 4 хавтаст хэргийн 07-09 талд өмгөөллийн гэрээнүүд авагдсан. Хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс тооцооны үнийн дүнд хүрэхгүй байна гэх тайлбарыг гаргаж байна. Өмгөөллийн хөлсийг заавал төлсөн байхыг шаардахгүй. Засгийн газрын 2018 оны 161 дүгээр журамд эхлээд төрөөс төлж, дараа нь буруутай этгээдээс гаргаж авах тухай журамласан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4, 11.6 дугаар зүйлийн 1-д заасны дагуу өмгөөлөгчийн өмгөөллийн хөлсийг нэхэмжилсэн. Иргэний хуулийн 497.2 дугаар зүйл, 508 дугаар зүйлийн 508.1-т заасны дагуу гэм хор учруулсан төлбөрийг гэм хор учруулсан этгээд хариуцах ёстой.

4. Оршуулгын зардлын үлдэгдэл 4.504.558 төгрөгийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосон. 1 хавтаст хэргийн 241-250 дугаар тал, 2 хавтаст хэргийн 01-45 дугаар талд холбогдох баримтууд авагдсан. Оршуулгын зардлыг нэг бүрчлэн тооцож үзвэл энэхүү мөнгөн дүн дутуу гарч байгаа. 1 хавтаст хэргийн 241-250 тал, 2 хавтаст хэргийн 01-03 талд авагдсан баримтуудаас харахад шатахууны тооцоо 1,554,934 төгрөг гэсэн боловч нийт 2,849,022 төгрөгийн зардлын баримт авагдсан байгаа. 1,292,088 төгрөгийг дутуу нэхэмжилсэн.

5. Мөн хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгуулах, түүний нөхөн төлбөр 122,760,000 төгрөгийг нэхэмжилсэн. Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт хуульд зааснаас бусад тохиолдолд Иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон.

Хариуцагчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан. Тиймээс *******гийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгуулахыг хуульд заасны дагуу шаардах эрхтэй. 2023 оноос эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөг болсон. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.5-д гэмт хэргийн улмаас нас барсан иргэний хамт амьдарч байсан гэр бүлийн насанд хүрсэн гишүүн, эсхүл насанд хүрээгүй гишүүний хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон этгээд нь өөрийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгуулахыг шаардах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

Иргэний хуулийн 511.5-д гэмт хэргийн улмаас нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно гэж заасан байдаг. Үндэсний статистикийн хорооны статистикийн мэдээллийн нэгдсэн сан бүхий цахим 1212.mn сайтаас авсан хүн амын дундаж наслалтын улсын дүн мэдээнд 2022 оны хүн амын дундаж наслалт улсын хэмжээнд 71.3 байна. Талийгаач 34.1 насалсан. Иргэний хуулийн 511 дугаар зүйлийн 5-д зааснаар хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтоох учраас ашигтай хэмжээгээр нь нэхэмжилсэн.

Шүүх шинжилгээний тухай хууль 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр батлагдсан. Үүнээс сэтгэцэд учирсан гэм хорыг арилгуулах, түүний нөхөн төлбөрийн зохицуулалт нь 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн. Шүүх шинжилгээний тухай хууль нь энэхүү хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой. Шүүх шинжилгээний тухай хуулийн үзэл баримтлал Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хууль, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах тухай тодорхой хуульчилсан байдаг. Хүний амь хохирсон тохиолдолд сэтгэцэд учирсан хохирлыг шууд тогтоохоор хуульчилсан байдаг. Хууль зүй дотоод хэргийн болон Эрүүл мэндийн сайдын хамтарсан журамд Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 40.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хун нас барсан бол хохирогчоор тогтоогдсон гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийг Иргэний хуулийн 511.4, 511.5-д заасны дагуу арилгана гэж заасан. Олгох төлбөрийн хэмжээ тодорхой учраас заавал шүүх шинжилгээний байгууллагад хандах шаардлагагүй. Шүүгч шүүн таслах ажиллагааны явцад Иргэний хуулийг баримтлаад шийдвэрлэнэ.

Иргэний хуулийн 5 дугаар зүйлд заасан Иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэх тухай зохицуулалт бол ерөнхий зарчим. Гэхдээ энэ нь Иргэний хууль болон хуульчилсан актыг хүчин төгөлдөр болсон үеэс нь үүссэн эрх зүйн харилцааг зохицуулахад тухайн актыг хэрэглэнэ гэсэн агуулгатай. Уг акт хүчин төгөлдөр болохоос өмнө үүссэн харилцаанд өмнө нь хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийг хэрэглэнэ гэж үзэж байна.

Хэрвээ гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирлыг анхан шатны шүүхийн шийдвэрт зааснаар хуулийг буцаан хэрэглэхгүй гэж үзвэл Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 14-т Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уг эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр заасан нь гэмт хэргийн улмаас хуний сэтгэл санаанд учирсан хор уршгийг арилгуулахаар шүүхэд гомдол гаргаж, шийдвэрлүүлэх эрх зүйн үндсийг зааж өгснийг зөрчсөн, үндсэн хуульд нийцээгүй зохицуулалт болно.

6. Тэжээгчээ алдсан тэтгэмжийн тухайд талийгаач дөрвөн хүүхэдтэй байсан. Талийгаачийг нас барах үед бага хүүхэд нь нэг настай байсан. Одоо дөрвөн настай. Сар бүр 500,000 мянган төгрөг тэжээгчээ алдсаны тэтгэмж гэж авдаг. Анхан шатны шүүх үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэж үзэж байна. Хэргийг бүхэлд нь хянаж үзээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Эрдэнэбат давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Түвшинжаргал, нар нь 2020 оны 08 дугаар сараас 2022 оны 10 дугаар сарыг дуустал малчнаар 27 сар ажиллаад цалингаа авсан. Үүнийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна.

Оршуулгын зардлын зөрүү 783,644 төгрөгийг зайлшгүй нэхэмжлэх шаардлагатай. Хэнтий аймгийн Баянмөнх сумаас ирж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо зарцуулсан шатахууны зардал юм. Энэ талаарх баримтыг гаргаж өгсөн.

Монгол Улсын Үндсэн хуульд хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх эрхээ хангуулах эрхтэй. Өмгөөллийн үйлчилгээний хөлс 11,000,000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлд Эрүүгийн хуульд зааснаар гэм буруутай нь тогтоогдвол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг гаргуулна гэж хуульчилсан гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******ын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хяналаа.

 

2. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

3. Хариуцагч Х.******* нь 2020 оны 07 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ "Киа Бонго-З маркийн тээврийн хэрэгслээр иргэн *******г дайрч амь насыг нь хохироосон болох нь Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 2021/ШЦТ/88 дугаар шийтгэх тогтоолоор тогтоогдсон бөгөөд нэхэмжлэгч ******* нь хохирогч нас барсны улмаас учирсан гэм хорын хохиролд нийт 168,048,202 төгрөгийг, мөн тэжээгчээ алдсаны тэтгэвэр, тэтгэмжийн зөрүүг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч тал бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

4. Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг буюу 38,783,644 төгрөгийг болон тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүүг гаргуулах тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ирж очсон бензин, түлшний зардал 783.644 төгрөгийн нэхэмжлэлийг хангасан нь үндэслэлтэй, бусад нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна гэж дүгнэлээ. Учир нь:

- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч мөрдөгч, прокурор, шүүхийн дуудсанаар ирж очсон болох нь Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай шүүгчийн захирамж, нөлөөллийн мэдүүлэг танилцуулсан баримт, хэргийн материал танилцуулсан баримт, Хэнтий аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасагт гаргасан хүсэлт, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, цагдаагийн ахмад т гаргасан хүсэлт, иргэний нэхэмжлэгчээр мэдүүлэг өгсөн тэмдэглэл, шүүх хуралдаан хойшлуулах тухай шүүгчийн захирамж, шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримт, шийтгэх тогтоол, шийтгэх тогтоол гардаж авсан баримт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс авсан мэдүүлэг /5хх-н 52-83/ зэрэг баримтуудаар тогтоогдсон, бензин, түлшинд 783.644 төгрөгийн зардал гаргасан нь иргэний хэргийн 1 дүгээр хавтасны 16-24 дүгээр хуудсанд авагдсан зарлагын баримт, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /1хх-н 174/ зэргээр тогтоогдсон гэж дүгнэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болжээ.

 

- Нэхэмжлэгч талаас өөрийн өмчлөлийн малыг малчин хөлсөлж маллуулсны хөлс 29,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг анхан шатны шүүх Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт заасны дагуу зарим хэсгийг хангаж шийдвэрлэжээ.

Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон энэ хуулийн 508.5-д зааснаас бусад гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь хохирогчийг нас барснаас хойш өөрийн малыг маллуулахаар бусадтай гэрээ байгуулж хөлс төлсөн бөгөөд гэрээний үүргийн дагуу төлсөн ажлын хөлсийг гэм хор учруулсны төлбөр-т хамааруулан дүгнэх боломжгүй тул уг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.

 

- Нэхэмжлэгч *******гаас өмгөөлөгчид төлсөн хөлс нэхэмжилснийг шүүх Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт заасны дагуу хангаж шийдвэрлэжээ. Нэхэмжлэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчоор тогтоогдож өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар өмгөөлөгчтэй гэрээ байгуулж хөлс төлснийг гэм хор учруулсны төлбөр гэж үзэх үндэслэлгүй юм.

Түүнчлэн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоовол түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг холбогдох баримтыг үндэслэн гаргуулна гэж заасныг буруу ойлгон хэрэглэж хохирогчийн өмгөөллийн хөлсийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцон гаргуулжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасны дагуу тасралтгүй, хэвийн явуулах зорилгоор зайлшгүй шаардагдах зардлыг төрөөс санхүүжүүлдэг. Гэвч гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлбэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарим зардлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тодорхойлон хуульчилсны дотор өмгөөлөгчийн зардал багтсан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад томилогдсон өмгөөлөгч гэж хуульд заасан тодорхой нөхцөлд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох өмгөөлөгчийг ойлгохоор заасан ба томилогдсон өмгөөлөгч нь оролцогчийн хүсэлтээр, түүнтэй байгуулсан гэрээ, хэлцлийн үндсэн дээр бус гагцхүү эрх бүхий байгууллагын томилолтоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох учраас тухайн өмгөөлөгчийн өмгөөллийн хөлсийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцсон гэж үзнэ.

Дээрх агуулгыг тодруулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмыг Засгийн газар батална гэж заасан эрх хэмжээний хүрээнд Засгийн газрын 2018 оны 161 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмын 2.6.6-д насанд хүрээгүй, төлбөрийн чадваргүй хохирогч, гэрчийн өмгөөлөгчийн өмгөөллийн үйлчилгээний хөлсийг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хэмжээгээр тооцохоор зохицуулсан.

Харин хэргийн оролцогчийн өмгөөлөгчид төлсөн өмгөөллийн хөлс нь талуудын хүсэл зорилгын илэрхийлэл болсон, иргэний эрх зүйн гэрээ хэлцлээр тохирсон үүргийн биелэлт байдаг тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарахгүй тул хариуцагчаас гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

- Тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг нэхэмжилснийг шүүх хангаж шийдвэрлэхдээ ямар үндэслэлээр хэдэн төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь тодорхойгүй, нотлох баримтыг хуульд заасны дагуу зөв үнэлж, дүгнэж чадаагүй, шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3 дахь хэсэгт Төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо нас барагчид өөрт нь болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджаар тогтооно. Түүнчлэн төлбөр авагч тус бүрт тогтоосон төлбөрийн хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасна гэж заасан ба хэрэгт хавсаргасан талийгаач *******н нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /1хх-н 166-169/-аар нас барах үедээ 420.000 төгрөгийн цалин хөлс, орлоготой байсан нь тогтоогдож байна. Харин нийгмийн даатгалын байцаагч ийн тодорхойлолтоор нэхэмжлэгч ******* нь нийгмийн даатгалын тэтгэврийн сангаас тэжээгчээ алдсаны тэтгэвэр сар бүр 500.000 төгрөг авдаг болох нь тогтоогдож байгаа бөгөөд дээрх хуулийн заалтад заасан төлбөрийн зөрүү гарахгүй байх тул тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг гаргуулахаар нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

- Нэхэмжлэгч тал шүүх эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ оршуулгын зардлыг дутуу тооцсоны улмаас гарсан зөрүү 4.504.558 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 2021/ШЦТ/88 дугаар шийтгэх тогтоолоор эрүүгийн хэрэгт цугларсан нотлох баримтуудад дүгнэлт хийж оршуулгын зардлын хэмжээг тогтоож шийдвэрлэсэн, уг шийтгэх тогтоол нь хүчин төгөлдөр болсон бөгөөд түүнийг өөр аль нэг шатны шүүх хуульд заасан нөхцлөөс гадуур дахин хянан хэлэлцэх үндэслэлгүй ба оршуулгын зардлын зөрүү 4.504.558 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

 

- Гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах нөхөн төлбөр 122,760,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй гэж заасныг үндэслэн хэрэгсэхгүй болгожээ.

******* нь 2020 оны 07 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон.

Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.5 дахь хэсэгт Гэмт хэргийн улмаас нас барсан иргэний хамт амьдарч байсан гэр бүлийн насанд хүрсэн гишүүн, эсхүл насанд хүрээгүй гишүүний хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон этгээд нь өөрийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгуулахыг шаардах эрхтэй гэж заасан хэсгийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр шинээр нэмж оруулсан, уг зүйл заалтыг Шүүхийн шинжилгээний тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн буюу 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр хуульчилсан. Хариуцагчийн гэм буруутай үйлдэл хуулийн нэмэлт өөрчлөлтөөс 2 жил 5 сарын өмнө үйлдэгдсэн ба Иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй гэж дүгнэж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

 

6. Иймд хариуцагчийн гомдлыг хүлээн авч анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулахаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 157/ШШ2024/00015 дугаар шийдвэрийн

1 дэх заалтын 38,783,644 (гучин найман сая долоон зуун наян гурван мянга зургаан зуун дөчин дөрвөн) гэснийг 783,644 (долоон зуун наян гурван мянга зургаан зуун дөчин дөрөв) гэж, 129,264,558 (нэг зуун хорин есөн сая хоёр зуун жаран дөрвөн мянга таван зуун тавин найман) гэснийг 167,264,558 (зуун жаран долоон сая хоёр зуун жаран дөрвөн мянга таван зуун тавих найм) гэж,

2 дахь заалтыг Нэхэмжлэгч *******гийн тэжээгчээ алдсаны тэтгэвэр, тэтгэмжийн зөрүүг хариуцагч *******аас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

3 дахь заалтын 351,868 (гурван зуун тавин нэгэн мянга найман зуун жаран найман) гэснийг 23,358 (хорин гурван мянга гурван зуун тавин найм) гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 351,868 (гурван зуун тавин нэгэн мянга найман зуун жаран найм) төгрөгөөс 23,558 (хорин гурван мянга таван зуун тавин найм) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 328,310 (гурван зуун хорин найман мянга гурван зуун арав) төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 167.4, 167.5 дахь хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ДЭНСМАА

 

ШҮҮГЧИД С.ОЮУНТУНГАЛАГ

 

Д.ГАНЗОРИГ