Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 31 өдөр

Дугаар 008

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч Д.Цогжавхлан,

Нарийн бичгийн дарга Ж.Чимэддорж,

Шүүгдэгч Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Цогжавхлангаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1814004510364 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 1. Шүүгдэгч, эрэгтэй, Бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 31- ний өдрийн 149 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 000 төгрөгөөр торгуулж байсан , Т.Б

Холбогдсон хэргийн талаар:

 Шүүгдэгч Т.Б нь 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар багийн 316-06 тоотод иргэн Б.Нг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

 1.Шүүгдэгч Т.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 ... Намайг хөдөө байхад А нь би аймаг явлаа чамайг одоо хайрлаж чадахгүй байх гэсэн, тэгээд төв орж архи уугаад дэлгүүр дээр очоод заамдаад хана руу шахсан тэгээд гараад явсан. Би архи уусан үедээ өмсөж байсан хувцсаар нь боодог, ухаан алдсаны дараа ус цацаж сэрээдэг, сэрснийх нь дараа дахиж боож байгаагүй. Манайх Отгонбаяр гэдэг айлтай хамт өвөлжөөд олон жил болж байна би хардаж зодож байсан удаа байгаа гэхдээ олон удаа зодож байгаагүй. 2018 оны 07 дүгээр сараас 08 дугаар сарын 25-н хүртэл аймагт хамгаалалтын албанд ажиллаж байгаад хөдөө гэртээ очтол манай саахалт айлын Заяа гэдэг залуу таны эзгүйгээр, Отгонбаяр гэдэг залуу нэг ирж хоносон, маргааш нь согтуу ирээд манай урд байдаг жижиг гэрт ороод Алтай эм аваад хүрээд ир толгой өвдөөд байна гээд орилоод байсан гэсэн, тэгээд манай том охин эмийг нь аваад урд гэрт орсон чинь нүцгэлсэн хэвтэж байсан гэж манай охин Заяад хэлсэн юм шиг байна лээ. Заяа надад тэгж хэлсэн, тэгээд бас тэр өдрөө Заяаг чи малын хураагаад ир гээд байсан гэсэн тэгээд би яваагүй, тэр 2 зүгээргүй юм шиг байна лээ гэж надад хэлсэн.

Би гэртээ байж байтал 09 дүгээр сарын 01-ний өдөр манай найз Г манайд малаа харуулъя гээд 1 шил 0,75 литрийн "Ерөөл" нэртэй архи авчирч ирээд бид 2 хувааж уугаад байж байтал Г манай эхнэртэй 4 үүлээ хойшоо гарч пиво ууя гэсэн гэтэл А архи уучихсан байгаа юм чинь Отгонбаярын ойролцоо очиж яах гээд байгаа гэсэн, тэгээд би уурлаад эхнэрээ зодсон гэсэн, би тухайн үед юу болсон талаар сайн санахгүй байна, дараа нь Г, А 2 надад тэгж хэлсэн, би өглөө нь сэрэхэд айлын гадаа унтаж байсан манай эхнэр айлд унтаж байсан, тэрнээс хойш би 3 удаа архи уухдаа боож унагасан. Би шинжээчийн дүгнэлтэй танилцсан, энэ дүгнэлттэй холбогдуулан асууж тодруулах зүйл гомдол санал байхгүй. Өөр нэмж ярих зүйл алга байна гэх мэдүүлэг /хх-ийн 55-57/

      2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Б өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.

 Хохирогч Б.Н мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 ... 2018 оны 08 дугаар сарын 03-ны орой Б над руу залгаад дуудсан. Тэгээд бид гэрээсээ гарч Бтай Булаг-2 дэлгүүр дээр уулзсан. Тэгээд бид 2 Б эгчийнд 22 цагийн орчим очсон юм. Тэднийд бид 2 очихдоо 1 шил архи аваад очсон. Тэгэхэд Б эгчийн гэрт Б гэдэг залуу найз Жүүгий, Эрдэнэбаатар Жүүгийгийн найз охин нар архи ууж байсан. Тэгээд Б бид 2 авч очсон архиа өгсөн. Бид нар архиа ууж байхад Г эгч ирсэн. Дараа нь Ц эгч над руу залгахаар нь би “Б эгчийнд байна” гэтэл хүрээд ирсэн. Бид нар бүгдээрээ архи уусан ба Г ирэхдээ бас архи авч ирсэн. Тэгээд Ц, Б бид нар дэлгүүр явж пиво авч ирээд Б эгчийн хашаанд гэрийнх нь ард байдаг амбаарт орж уусан. Бид нар амбаарт сууж байхад Б эгчийн гэрээс эхлээд Жүүгий найз охинтойгоо гараад орж ирсэн. Дараа нь Б эгч орж ирчхээд гэр рүүгээ буцаж орсон. Тэгээд Б орж ирсэн. Бид нар бүгдээрээ пивоо ууж байсан ба би дэлгүүрээс пиво авч ирэхдээ бас архи авч ирсэн. Тэр архи задлаад бүгдээрээ тойруулж уусан ба архи дуусаагүй байтал Б намайг гаръя гэж хэлсэн. Тэгээд би удалгүй амбаараас гарахад Б хаалганы хажууд байсан. Тэгээд намайг хажуугийн амбаар руу оръё гээд татаад байхаар нь би “Орохгүй” гээд дургүйцсэн. Тэгтэл Б миний толгойн зүүн чихний ар хэсэгт архины шилээр 1 удаа цохисон. Тэгээд би орилоход амбаараас Ц гарч ирсэн бусад нь Цэцгээгийн араас гарч ирсэн. Тэгж байтал цагдаа ирээд Б бид 2-ыг авч явсан. Бүлтэнбаньд цагдаа дээрээс намайг ирж авсан. Бусад Б эгчийнд үлдсэн юм. Амбаарын хаалганы босгон дээр Ц амбаарын үүдэнд сууж байсан учир харсан байх. Бусад нь амбаар дотор байсан. Намайг цохисны дараа харахад гэрийн хажууд архины шил хагарсан байсан. Архины шилийг Б хаанаас авсныг хараагүй. Маргааш нь би Б эгчийнд очиход архины шил байхгүй байсан хаясан байх гэх мэдүүлэг /хх-ийн 20-24/

Гэрч Д.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 ... Би өдрийг нь мэдэхгүй байна, 2018 оны 08 дугаар сарын эхээр байх би хөх толгойд айлд очиход тэнд айлын эзэн махлагдуу эгч байсан. Тэгээд Н, Ц, Г, нэрийг нь мэдэхгүй Жинстийн 2 банди, нэг нь найз хүүхэнтэйгээ, Б зэрэг хүмүүс гэрт архи ууж байсан. Тэр хүмүүс ер нь л согтуу байсан. Би ч бас халамцуу очсон. Тэнд байж байгаад Б, Н бид нар дахин архинд явж архи пиво авч ирээд гэрийнх нь арын амбаарт уусан. Тэгэхэд амбаарт Б, Н, Ц, Жинстийн 1 банди найз хүүхэнтэйгээ бид нар уусан. Тухайн үед аажуу шөнө дунд болсон байсан байх. Архи ууж дуусаад үүр цайсан юм. Г нь тасраад гэрт унтаад өгсөн байсан. Нэг мэдэхэд Н болон түүнийг зодсон гэх Жинстийн банди 2 маргах шиг болсон. Дараа нь тэр 2 амбаараас гарсан байсан ба Нг зодуулахыг би хараагүй. Нэг мэдэхэд амбаарын гадаа Н амбаарын үүдэнд гадаа хаалганы цаана толгойноос нь цус гарсан байсан. Тэгтэл Н “намайг архины шилээр цохичихлоо” гэсэн. Нг Жинстийн 2 бандын 1 болох өндөр банди нь цохисон гэсэн, гадаа тэд нар маргаж байхад цагдаа ирсэн гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/

Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 488 дугаартай шинжээчийн:

               1. Б.Нгийн биед тархи доргилт, зүүн чихэнд шарх, баруун хацар чамархайд зулгаралт, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

               2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

               3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1- зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

               4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. гэх дүгнэлт / хх-ийн 43-44 / болон хавтаст хэргийн 72 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Н.Мэндбаярын нь урьд ял шийтгэгдэж байгаагүй тухай болон хувийн байдлыг тогтоосон тодорхойлолт, хавтаст хэргийн 11-16 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Н.Мэндбаярын эзэмшлийн “Samsung galaxy Trend-2” маркийн гар утсыг битүүмжилсэн тэмдэглэл, зэрэг тэмдэглэлүүд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч Т.Б нь 2018 оны 08 дугаар сарын 09-ны өдөр 16 цагийн орчим Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2.31б. 6 тоотод иргэн Б.Нг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч Б.Н гэрч Х.М, Б.Ц нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны 488 дугаар дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна.

Иймд шүүгдэгч Т.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Т.Бид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүх шүүгдэгч Т.Бид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг, хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан улсын яллагчаас гаргасан торгох ял оногдуулах саналыг хүлээн авахаас татгалзаж нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 Шүүгдэгч Т.Бийн эзэмшлийн “Iphone-4” маркийн гар утсыг битүүмжилсэн 2018 оны 12 дугаар сарын 18-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож эзэмшигч Т.Бид шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгохоор шийдвэрлэв.

 Шүүгдэгч Т.Бид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Т.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналыг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Занынхан овогт Т.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Занынхан овогт Т.Бийг дөрвөн зуун наян / 480 / цагийн хугацаагаар нийтэд ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар ялтан Т.Бид дөрвөн зуун наян / 480 / цагийн хугацаагаар оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар тогтоож хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар ялтан Т.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Шүүгдэгч Т.Б нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай. 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт шүүгдэгч Т.Бийн эзэмшлийн “Ihone -4” маркийн гар утсыг битүүмжилсэн 2018 оны 12 дугаар сарын 18-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг гар утсыг эзэмшигч Т.Бид шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Т.Бид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.  

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Т.Бид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ