| Шүүх | Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 157/2023/00206/И |
| Дугаар | 226/МА2024/00009 |
| Огноо | 2024-04-18 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 226/МА2024/00009
2024 04 18 226/МА2024/00009
Д.Гэрэлтболдын нэхэмжлэлтэй,
хариуцагч М.Анхбаяр, Ц.Мөнхбат нарт
холбогдох иргэний хэргийн талаар
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Б.Дэнсмаа, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны Б танхимд,
Нэхэмжлэгч Н.Гэрэлтболдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн,
Хариуцагч М.Анхбаяр,
Хариуцагч Ц.Мөнхбат, түүний өмгөөлөгч Д.Цагаандарь,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Хэнчбиш нарыг оролцуулан
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаярын даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 157/ШШ2024/00018 дугаар шийдвэртэй Д.Гэрэлтболдын нэхэмжлэлтэй хариуцагч М.Анхбаяр, Ц.Мөнхбат нарт холбогдох Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 47-97 УН улсын дугаартай, ХСМС маркийн авто ачигч машиныг гаргуулах, М.Анхбаяраас жонш борлуулж шилжүүлсэн гэх 40,000,000 төгрөг гаргуулах" тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, хариуцагч М.Анхбаярын нэхэмжлэгч Д.Гэрэлтболдод холбогдох 67,500,000 төгрөг гаргуулах" тухай, хариуцагч Ц.Мөнхбатын Д.Гэрэлтболд, Дэвжин дэлгэрэх од нөхөрлөл /ЗБН/-д холбогдох түрээсийн гэрээний үүрэгт 63,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлүүдтэй иргэний хэргийг нэхэмжлэгч Д.Гэрэлтболд, хариуцагч Ц.Мөнхбат нарын гаргасан давж заалдах гомдлоор 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Ганзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч Д.Гэрэлтболд 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие М.Анхбаярыг айл саахалтын хүрээнд олон жилийн өмнөөс танина. 2021 оны 07 дугаар сард М.Анхбаяр хүргэн дүүгийнхээ эзэмшилд байгаа ковшийг 30,000,000 төгрөгөөр зармаар байна гэж ирсэн. Тухайн үед би бэлэн мөнгө байхгүй гэхэд мөнгийг нь хувааж өгч болно гэхээр нь авахаар тохиролцоод, ковшийг хүлээн авсан, гэхдээ бид бичгээр ямар нэгэн гэрээ байгуулаагүй. Би өөрийн ажлын орлогоос мөнгийг шилжүүлж эхэлсэн.
2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлээд жил гаруй хугацаанд М.Анхбаярын ХААН банкны 5946326476 тоот дансанд ковш машиныг худалдан авах төлбөрөө их, бага хэмжээгээр тасралтгүй шилжүүлж байсан ч "хугацаа удаашралтай байна, төлбөрөө 5,000,000 төгрөгөөр нэмэгдүүллээ" гэж хэлсэн. Тийнхүү ярьж хэлснийхээ дагуу төлбөрийг шилжүүлсээр 2022 оны 10 дугаар cap гэхэд 2,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй болсон. Тухайн үед "ковшийнхоо бичиг баримтыг өөрийн нэр дээрээ шилжүүлж авъя, тэгээд үлдсэн мөнгө төгрөгөө өгөөд тооцоогоо дуусгая" гэхэд М.Анхбаяр янз бүрийн шалтаг шалтгаан үүсгэж маргалдан, миний хэрэглэж байсан ковш машиныг зөвшөөрөлгүй дур мэдэж авч явсан. Ковшийн бүх төлбөрийг М.Анхбаярын нэр дээрх дансанд шилжүүлж байсан. М.Анхбаяр нь цааш нь ковшийн эзэмшигчийн дансанд тухай бүр шилжүүлж байсан уу, үгүй юу гэдгийг би мэдэхгүй.
Ковшийн төлбөрт 2021.09.27-нд 8,000,000, 2022.03.12-нд 10,000,000, 2022.05.14-нд 10,000,000, 5,000,000 төгрөг, нийт 33,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Тухайн хугацаанд ковш машинд эвдрэл гэмтэл удаа дараа үүсч, засварын ажилд 13,000,000 төгрөгийг, мөн ковшийн жолоочийн цалин хөлсөнд 14,580,000 төгрөгийн бүх зардлыг би өөрийн зүгээс гаргаж ирсэн.
М.Анхбаяртай ямар нэг гэрээ байгуулж, хамтран ажиллаж байсан зүйл байхгүй. Ковш машинаа надад зарсан, тэр мөнгөө авахын тулд намайг дагаад явдаг байсан. Би М.Анхбаяраар зуучлуулан жонш зарж байсан. Тухайн борлуулсан жоншны мөнгийг М.Анхбаярын дансаар шилжүүлэн авч байсан. Жоншийг би өөрийн төрсөн ах Д.Гэрэлт-Одын ажиллуулж байгаа 13-ын уурхай дээрээс ачсан. 2021.07.23, 2021.07.27-нд Октябрь, 2021.08.16-нд Чинбат, 2022.08.20, 2022.09.22-нд Гэрэлтболор зэрэг хүмүүстэй борлуулалт хийж М.Анхбаярын дансанд мөнгө шилжин орж байсан.
М.Анхбаяр жонш зарсан мөнгөнөөс өөртөө авч үлдэж байсан, надаас мөнгө зээлж байсан зэргийг нэмэхээр 40,000,000 төгрөгийг М.Анхбаяраас авахаар байна. Энэ хүн миний ажилтан биш тул цалин өгөх шаардлагагүй юм. М.Анхбаяр нь 2022 оны 10 сард надад шилжин ирэх ёстой ковш машиныг дур мэдэн авч явснаасаа хойш миний утасны дугаарыг блок хийснээр холбогдож чадахгүй байсаар өнөөдрийг хүрлээ. Одоо дам сонсоход өөр газарт тэрхүү ковш машиныг түрээслүүлэн ажиллуулж байгаа юм байна. М.Анхбаяр нь надад ковш машин зарахаар аман тохиролцоо хийж, намайг дагаж явдаг байсан учир шалтгаан нь надад итгэл үнэмшил төрүүлж, надаас мөнгө салгаж, үндэслэлгүйгээр хөрөнгөжиж надад шилжиж ирэх ёстой байсан эд хөрөнгийг шилжүүлэхээс татгалзан, түрээслүүлж ашиг олсоор байна.
Асуудал нааштайгаар шийдэгдэнэ гэж итгэн өнөөг хүрсэн ч шийдэгдэхгүй удаж байгаа тул энэхүү асуудлыг хууль дүрмийнх нь дагуу шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Одоо тэрхүү ковш машиныг өөр газарт тасралтгүй ашиглаж байгаа нь тухайн машинд ямар эвдрэл гэмтэл үүссэн, үүсч байгааг мэдэхгүй. Би эвдрэл гэмтэлтэй эд хөрөнгө өөр дээрээ авахаас татгалзаж байна. М.Анхбаяраас нийт 73,000,000 төгрөгийг гаргуулан авах хүсэлтэй байгаа тул хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Д.Гэрэлтболд 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, хариуцагч нэмж оролцуулах тухай шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Д.Анхбаяр болон түүний дүү Ц.Мөнхбат нараас 47-97 УН улсын дугаартай ХСМС маркийн 02749999 бүртгэлийн дугаартай, ковш буюу өөрөө ачигч машиныг 33,000,000 төгрөгөөр худалдаж авсан бөгөөд хариу тайлбарт дурдсан тус автомашиныг түрээсэлсэн гэж тайлбарласан нь үндэслэлгүй юм.
Энэ нь Д.Анхбаярын цагдаагийн байгууллагад өгч байсан "...2021 оны 05 дугаар сараас манай хотод байдаг дүүгээс бид хоёр хамтарч нэг ковшийг авах болоод мөнгийг хоёулаа дундаасаа төлье гэж би ярьж байсан юм. Анх дүү 38,000,000 төгрөг гэхэд Гэрэлтболд 35,000,000 болгоё гээд байхаар нь би 3,000,000 нь өөрөө өгье гэж бодоод 35,000,000 гэж Гэрэлтболдтой тохирсон юм..." гэх мэдүүлгээс тухайн ковшийг анхнаасаа худалдан авсан, ямар нэгэн түрээсийн тохиролцоо байгаагүй гэдэг нь нотлогдоно.
...Миний бие нь 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 8,000,000, 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 10,000,000, 2022 оны 05 дугаар сарын 14-ны өдөр 10,000,000, 7,000,000 төгрөг, нийтдээ Ц.Мөнхбатад 35,000,000 төгрөгийн төлбөрийг тус тус төлөөд байгаа юм. Энэ бүхнээс үзвэл Ц.Мөнхбат болон Д.Анхбаяр нарт ковшийн төлбөр 33,000,000 төгрөгийг бүрэн төлсөн, мөн нэмээд 2,000,000 төгрөгийн илүү төлөлттэй болох нь тодорхой харагдана.
Хэрэв тухайн ковшийг түрээсэлж байсан бол 13,000,000 төгрөгийн засвар үйлчилгээг өөрөө санаачилгаараа хийхгүй, түрээсийн эд хөрөнгө байсан гэж үзвэл Ц.Мөнхбат, Д.Анхбаяр нараас тус мөнгийг гаргуулах нь тодорхой.
Иймд нэхэмжлэлийн шаардлагаа Д.Анхбаяраас худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 33,000,000 төгрөгийг гаргуулах гэснийг Д.Анхбаяр, Ц.Мөнхбат нараас худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 47-97 УН улсын дугаартай, ХСМС маркийн, 02749999 бүртгэлийн дугаартай, ковш буюу өөрөө ачигч машиныг гаргуулах гэж өөрчилж байна гэжээ.
Нэхэмжлэгч Д.Гэрэлтболдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж дараах тайлбарыг гаргасан: Тухайн ковшийн завсрын төлбөр, ковш машиныг ажиллуулсан хөлс болох нийт 40,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна. ...М.Анхбаяр, Ц.Мөнхбат нараас ковш машиныг гаргуулах гэсэн нэхэмжлэлийн хүрээнд шүүх хуралдаанд оролцоно. Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд үүссэн харилцаа хэрвээ түрээсийн гэрээний харилцаа байсан бол тухайн автомашины засвар үйлчилгээ, ковшийн жолооч болон бусад холбогдох зардлыг Д.Гэрэлтболдын зүгээс гаргахгүй байсан. Хариуцагч нарын зүгээс анхнаасаа худалдах, худалдан авах харилцаагаар үүссэн тохиолдлыг өөртөө ашигтай байдлаар урвуулан бусдын итгэлийг эвдэх замаар ийм тайлбар гаргаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Тийм учраас ковшийг гаргуулах үндэслэлтэй. Худалдах, худалдан авах гэрээг бичгээр хийгээгүй. Гэхдээ хуульд зааснаар бичгээр хийхийг хориглоогүй. Амаар хийж болно... гэжээ.
Хариуцагч М.Анхбаяр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Манай хөрш Д.Гэрэлтболд нь 2021 оны 04 сард санал тавьж 13-ын уурхайд хамтран ажиллая гэж дахин дахин гуйсан тул борлуулалтын ажилд тус дэм болоод ашгаа тэнцүү хувааж аваад хамтран ажиллахаар болоод 2021 оны 05 дугаар сараас 2022 оны 10 дугаар сарын дунд хүртэл 16 сар хамтран ажилласан.
Д.Гэрэлтболдын ХААН банкны данс өдөрт 3,000,000 дээш гүйлгээ хийх эрхгүй учир миний дансыг ашиглаж орлого, зарлагыг хийж байсан.
Ажиллах явцад гар ялгалтын ажил дээр ковш хэрэгтэй байсан учир Д.Гэрэлтболд нь надаас ковш олдох арга байна уу гэж асуусан. Аавын хашаанд хүргэн дүүгийн ковш байдаг байсан. Үүнийг би Д.Гэрэлтболдод хэлсэн. Д.Гэрэлтболдыг зөвшөөрсний үндсэн дээр би хүргэн дүү Ц.Мөнхбаттай утсаар ярьж асуухад түрээсэлнэ гэж хэлсэн.
Ингээд Д.Гэрэлтболд бид хоёр амаар харилцан тохиролцож 2021 оны 06 дугаар сараас эхлэн ажиллуулсан. Ковшийг аавын хашаанаас Д.Гэрэлтболдтой цуг авч явсан. Ковшийн түрээсийн мөнгийг тухайн үеийн ашиг орлогынхоо өөрт ноогдох 50, 50 хувийг миний дансаар шилжүүлэн төлдөг байсан.
2021.09.27-нд 8,000,000, 2022.03.12-нд 10,000,000, 2022.05.14-нд 10,000,000, 5,000,000 төгрөг дундын тооцоогоор явуулсан. Мөнгөн дүнг шилжүүлэх болгонд түрээс гэж шилжүүлсэн байгаа.
Ингээд 2021 оны 12 дугаар сараас Д.Гэрэлтболд нь данс тооцоо орлого, зарлагаа өөрөө хариуцаж хийж эхэлсэн.
Уг газар нь /13-ын уурхайн гэх/ Д.Гэрэлтболдын ах Д.Гэрэлт-Одын компанийн нэр дээр байдаг хүдрийн овоолгоос гар ялгалт хийж Д.Гэрэлт-Одоос нь ялгалтын 30 хувийг Д.Гэрэлтболд бид хоёр авч ажилчдын цалин, үйл ажиллагааны зардал ашгаа 50, 50 хувиар хуваан авдаг байсан. Үйл ажиллагаа хэвийн явж байсан. Нэг өдөр Д.Гэрэлт-Од нь хэлэхдээ 13-р хүдрийн биетийг та 3 дангаараа хариуцаж ажиллуул гэж хэлсэн. Үүний үндсэн дээр Д.Гэрэлтболд, Д.Гэрэлтболор бид гурав 07 дугаар сарын 25-аас эхлэн ажиллаад 10 дугаар сарын 25-ны өдөр буюу 3 сар ажиллаад миний бие үл ойлголцох шалтгаанаар уг ажлаас татгалзсан.
...Миний бие Д.Гэрэлтболдтой ковш худалдах, худалдан авах гэрээ хийгээгүй. Би тухайн ковшийн эзэн нь биш. Ийм учир энэ бүх нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй... гэжээ.
Хариуцагч Ц.Мөнхбат шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Д.Гэрэлтболд, М.Анхбаяр нар миний XGMA үйлдвэрийн XG955 III маркийн өөрөө ачигч техникийг түрээслэх, худалдан авах талаар ярьсан.
...Би техникээ 42,000,000 төгрөгөөр үнэлсэн боловч үнээ буулгах хүсэлт тавьсны дагуу 38,000,000 төгрөг болгон хямдруулж, 3 сарын дотор төлбөрөө бүрэн төлөх, хугацаандаа бүрэн төлөөгүй тохиолдолд түрээсээр тооцоо хийхээр ярилцсан.
Түрээсийн төлбөр сарын 15,000,000 төгрөг ба үүний 6,000,000 төгрөгийг ковшийн түрээсийн төлбөрт надад төлөх, 9,000,000 төгрөгийг ковшийн операторын цалин, техникийн засвар үйлчилгээнд зарцуулахаар тохиролцсон.
Хадам ах М.Анхбаярыг найз Д.Гэрэлтболдтой хамтран ажил эхлүүлж байгаад нь туслах зорилгоор ковшийн үнийг 4,000,000 төгрөгөөр бууруулсан, урьдчилгаа төлбөр аваагүй, техникийн засвар үйлчилгээнд зориулах зардлыг өндрөөр тохирч боломж олгосон.
Уг техникийг 2021 оны 06 дугаар сараас 2022 оны 10 дугаар сар хүртэл Д.Гэрэлт-Од захиралтай "Дэвжин дэлгэрэх од" ХХК-ийн талбайд нийт 16 сар ажиллуулсан.
Техник ажиллаж эхэлснээс хойш 4 сарын дараа буюу 2021 оны 09 дүгээр сарын 27-нд 8,000,000, 10 сарын дараа буюу 2022 оны 03 дугаар сарын 12-нд 10,000,000, 12 сарын дараа буюу 2022 оны 05 дугаар сарын 14-нд 10,000,000, 13 сарын дараа буюу 2022 оны 06 дугаар сард 5,000,000 төгрөг, нийт 33,000,000 төгрөг шилжүүлсэн.
Мөнгө шилжүүлсэн байдал нь 3 сараас хэтэрсэн учраас түрээсийн төлбөр болох 6,000,000 төгрөгийг ажилласан хугацаанд буюу 16 сард тооцон нийт 96,000,000 төгрөгөөс дансанд шилжин орсон 33,000,000 төгрөгийг хасан үлдсэн 63,000,000 төгрөгийг нэхэмжилсэн гэжээ.
Хариуцагч М.Анхбаяр нь сөрөг нэхэмжлэлдээ: Нэгдүгээрт: Миний бие 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 25-ны хүртэл ажиллаж байх хугацаанд 13-ын уурхайн талбай дээр 5000 тонн хүдэр зарахад бэлэн болсон бүтээгдэхүүн үлдсэн. Үүнд миний гар бие оролцон хөдөлмөр шингэсэн, цаг нар орсон гэж бодож байгаа. Анхнаасаа Д.Гэрэлтболд, Д.Гэрэлтболор бид гурав адил тэнцүү хувааж авна гэж ярилцан тохиролцсон байсан.
Хүдэр 1 тонн 33,000, 5000 тонн хүдэр 165,000,000 төгрөг. Үүнийг 3 хүндээ хуваагаад 1 хүнд 55,000,000 төгрөг ногдож байна. Надад ногдох хувийг гаргуулж өгнө үү.
Хоёрдугаарт: Ажилчдад зориулж явуулын вагончиг 15,000,000 төгрөгөөр Д.Гэрэлтболд бид хоёр авсан. Түүнийхээ 50 хувийг 7,500,000 төгрөгийг мөн гаргуулна.
Гуравдугаарт: Ажиллаж байх үедээ уурхай дээр аваачиж тавьсан камаз машины чиргүүлийн рам, тэвш 1 ширхэг тэнхлэг 2 ширхэг зэргийг Д.Гэрэлтболд нь мэдэж байгаа хэрнээ мэдэн будилж, намайг ажлаас гарсны дараа зарж үрэгдүүлэн мөнгийг нь дансандаа шилжүүлэн завшсан. ...Д.Гэрэлтболдоос машины чиргүүлийн үнэ 5,000,000 төгрөгийг нэхэмжилнэ. Нийт 67,500,000 төгрөгийг Д.Гэрэлтболдоос гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц.Мөнхбат сөрөг нэхэмжлэлдээ: Д.Гэрэлтболд, М.Анхбаяр нар миний XGMA үйлдвэрийн XG955 III маркийн өөрөө ачигч техникийг түрээслэх, худалдан авах талаар ярилцсан. Миний бие гурван сарын дотор төлбөрөө бүрэн төлөөд нэр шилжүүлэх, гурван сараас цааш төлбөрөө бүрэн төлөхгүй сунжруулбал түрээсээр тооцож төлбөр төлөх, түрээсийн төлбөр нь нэг сарын 6,000,000 төгрөг байхаар ярьсан. Уг техникийг 2021 оны 06 дугаар сараас 2022 оны 10 дугаар cap хүртэл Д.Гэрэлт-Од захиралтай "Дэвжин дэлгэрэх од" ХХК-д нийт 16 cap ажиллуулсан. Техник ажиллаж эхэлснээс хойш:
- 4 сарын дараа буюу 2021 оны 09 дүгээр сарын 27-нд 8,000,000,
- 10 сарын дараа буюу 2022 оны 03 дугаар сарын 12-нд 10'000'000,
- 12 сарын дараа буюу 2022 оны 05 сарын 14-нд 10,000,000,
- 13 сарын дараа буюу 2022 оны 06 дугаар сард 5,000,000 төгрөгийг тус тус төлсөн. 16 сарын төлбөр болох 96,000,000 төгрөгөөс төлсөн 33'000'000 төгрөгийг суутгаж үлдэгдэл 63'000'000 төгрөгийг Д.Гэрэлт-Од захиралтай "Дэвжин дэлгэрэх од" ХХК болон Д.Гэрэлтболд нараас гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч Ц.Мөнхбат сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа: Миний бие хэргийн материалтай танилцахад Д.Гэрэлтболд, М.Анхбаяр нар нь "Дэвжин дэлгэрэх од" ХХК-ийн олборлон гаргасан хүдрийг шигшиж, ялгаж борлуулан олсон мөнгөөрөө ажиллуулсан техникийн түрээс, ажилчдын цалин, бусад зардлаа төлөөд үлдсэн ашгаа хувааж аван ажиллаж байсан байна. Хийсэн ажлын хөлсийг "Дэвжин дэлгэрэх од" ХХК-аас Д. Гэрэлтболд өөрийн дансаар авч цааш зарцуулдаг байсан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж ковшийн түрээсийн төлбөрийн үлдэгдэл болох 63,000,000 төгрөгийг "Дэвжин дэлгэрэх од" ХХК-иас нэхэмжлэхгүй, Д.Гэрэлтболдоос гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
Нэхэмжлэгч Д.Гэрэлтболд сөрөг нэхэмжлэлд өгсөн хариу тайлбартаа: ...зарим төлбөр тооцоог ХААН банкны дансны хязгаарлалтаас шалтгаалан Д.Анхбаяраар хийлгүүлж байсан нь үнэн. Гэтэл Д.Анхбаярын зүгээс дансны гүйлгээ хийж байсан гэдгээ урвуугаар ашиглан, жонш ялгах ажилд ашиг хуваах хэлбэрээр хамтран ажиллаж байсан мэтээр төөрөгдүүлсэн нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй.
Д.Анхбаярын зүгээс ялгасан гэх жонштой холбоотой ямар нэгэн хөрөнгө оруулсан, өөрийн зүгээс зардал гаргасан зүйл байхгүй. Харин жонш худалдан авдаг хүмүүс таньдаг учир би худалдан борлуулалтад тусалъя гэсэн саналыг хүлээн зөвшөөрсөн учир тухайн үйл ажиллагаанд оролцсон. Тодорхой хэмжээний жонш худалдан авах сонирхолтой хүмүүс олж өгснийхөө шагналыг авчихсан, харин худалдан борлуулсан жоншны хэмжээг худал хэлж надад 40,000,000 төгрөгийн хохирол учруулаад байна.
Миний бие нэхэмжлэгч Ц.Мөнхбатыг танихгүй, огт уулзаж байгаагүй бөгөөд нэхэмжлэгчтэй ямар нэгэн техник түрээслэх болон худалдан авах тухай гэрээ бичгээр байгуулаагүй, амаар ч тохирсон зүйл огт байхгүй. Манайх өөрөө техник хэрэгслүүдтэй тул нэхэмжлэгчийн техник хэрэгслийг авч ажиллуулаагүй.
Нэхэмжлэгчийн өмнө миний бие нь хуулиар болон гэрээгээр хүлээсэн үүрэг байхгүй тул энэхүү нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч би биш юм... гэжээ.
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Гэрэлтболдын нэхэмжлэлтэй хариуцагч М.Анхбаяр, Ц.Мөнхбат нараас 47-97 УН улсын дугаартай, ХСМС маркийн ковш буюу авто ачигч машиныг гаргуулж өөрийн өмчлөлд шилжүүлэх тухай,
Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.Анхбаярын сөрөг нэхэмжлэлтэй Д.Гэрэлтболдод холбогдуулан гаргасан 67,500,000 төгрөг гаргуулах тухай,
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.Мөнхбатын сөрөг нэхэмжлэлтэй Д.Гэрэлтболдод холбогдуулан 63,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Гэрэлтболдын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 522,950 төгрөг, хариуцагч М.Анхбаярын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 495,450 төгрөг, хариуцагч Ц.Мөнхбатын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 472,950 төгрөгийг тус тус төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож,
- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт зааснаар 47-97 УН улсын дугаартай, 02749999 бүртгэлийн дугаартай, ХСМС маркийн ковш буюу авто ачигч машиныг битүүмжилсэн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр үргэлжлэхийг дурдаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Д.Гэрэлтболд давж заалдсан гомдол болон тайлбартаа: ...Анхан шатны шүүхийн шийдвэрт ...талуудын хооронд үүссэн харилцааг зөв дүгнэсэн. Гэтэл нэхэмжлэгч миний бие болон М.Анхбаяр нарын хооронд үүссэн, ковшийн төлбөр тооцооноос бусад дансны хуулганд дүгнэлт хийж хэрэгт хамааралгүй буюу ковшийн үнийн дүнд хамааралгүй шилжүүлгүүдийг худалдах худалдан авах гэрээнд хамааралтай, М.Анхбаяр нь ковшийн төлбөрийг төлсөн мэт дүгнэлтийг хийсэн нь үндэслэлгүй юм.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь М.Анхбаярын дансаар Ц.Мөнхбат руу мөнгө шилжүүлснийг хамтран төлбөр төлөгч, хамтран хариуцагч гэж дүгнэн шийдвэрлэх үндэслэлгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн М.Анхбаяр, Ц.Мөнхбат нараас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 47-97 УН улсын дугаартай, ХСМС маркийн авто ачигч машиныг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгосон хэсгийг хүчингүй болгож, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц.Мөнхбат давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа: ...Анх М.Анхбаяр ах надтай ярихдаа Д.Гэрэлтболд бид хоёр чиний ковшийг түрээсэлж ажиллуулаад жонш ялгаж зарах гэж байгаа. Ашгаа хувааж авахаар тохирсон гэж хэлээд ковшийг авч явсан. Ингээд ажиллуулаад хэд хоносны дараа ковшийг чинь худалдаж авъя, хэдэд өгөх вэ гэхээр нь 42,000,000 өгнө гэж хэлсэн. М.Анхбаяр ах дахин утсаар ярьж Д.Гэрэлтболд үнээ жаахан буулгаач гээд байна гэхээр нь за таныг бодоод 38,000,000 л өгье, төлбөрөө шууд хийчих гэхэд бэлэн төлөх байтугай урьдчилгаанд өгөх мөнгө байхгүй байна гэж гуйсан. Би урьдчилгаа нэхээгүй, мөнгөө 3 сарын дотор бүрэн төлж дуусгаарай, хэрвээ төлбөрөө төлөхгүй сунжруулбал түрээсийн гэрээгээр явна шүү гэж хэлсэн. Ковшийн төлбөр болон түрээсийн төлбөрөө нэхэж сар бүр ярьж байсан. Тэр болгонд боломжгүй байна, жаахан хүлээж бай, бэлэн баяжмал зөндөө байгаа, зарагдахаар нь тооцоо хийе гэж гуйдаг.
Мөнгийг 3 сарын дотор төлж барагдуулаагүй бөгөөд З сарын төлбөр 18,000,000 төгрөг болсныг би М.Анхбаяр ах руу ярьж 3 сар өнгөрчихлөө, ковшоо худалдахгүй шүү, тохиролцсоны дагуу түрээсээр явна гэж хэлсэн. Гэтэл ковш авч явснаас хойш 4 сарын дараа буюу 2021.09.27-ны өдөр энийг авч бай гээд 8,000,000 төгрөг дансанд хийсэн. Ингээд 2 дахь төлбөрийг 2022.03.12-ны өдөр 10,000,000 төгрөг хийхдээ ковш түрээс гэж хийсэн нь миний ковшийг түрээсэлж байсныг нотолж байна. Надад нийт 33,000,000 төгрөг өгсөн. Үүнийг би ковш түрээсийн мөнгө гэж үзэж байгаа. Учир нь би ковшоо худалдаагүй ...Хэрвээ 3 сарын дотор мөнгөө бүрэн төлбөл 38,000,000 аваарай гэсэн болохоос 33,000,000 төгрөг гэж хэлээгүй.
Мөн би Д.Гэрэлтболдтой өөрийн биеэр нүүр тулж уулзаж түрээсийн мөнгөө нэхэх зорилгоор 2022 оны 06 дугаар сард Бор-Өндөрт очсон боловч байхгүй байна гээд уулзаж чадаагүй, харин М.Анхбаяр ах одоо байгаа мөнгө нь энэ байна гээд 5,000,000 төгрөг бэлнээр өгсөн. 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдөр дахин Бор-Өндөрт очсон. М.Анхбаяр ахтай ярихад бид ажил дээрээ байна гэхэд нь яваад очсон. Гэтэл миний машиныг хараад шалгалт явж байна гээд зөрөөд явсан байсан. М.Анхбаяр ах ажлаа танилцуулж гаргасан баяжмалаа үзүүлж үүнийг зарагдахаар түрээсийн төлбөрөө хийнэ гэсэн. Гэтэл анхан шатны шүүх бидний дунд үүссэн харилцааг худалдах худалдан авах гэрээ гэж үзсэн нь үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн шийдвэрт ...түрээсийн гэрээгээр түрээслэгч нь тохиролцсон адил хэмжээний төлбөрийг тогтмол хугацаанд төлж үүргээ биелүүлдэг /ихэвчлэн/. Тэгвэл хэрэгт төлбөрийг тогтоосон нэг хугацаанд адил хэмжээгээр төлж байгаагүй болох нь харагдана гэсэн байна. Гэтэл амьдрал дээр түрээсийн төлбөрийг бөөнд нь авах эсвэл 3 сараар 6 сараар авах гэх мэт тохиолдлууд байдаг ба таньдаг хүмүүс, мөн ах дүү хүмүүс хоорондоо зохицоод байгаа мөнгөө хийх, дараагийн төлбөртөө урьдах төлбөрөөс үлдсэн мөнгөө нэмж хийх гэх мэтээр гэрээний хоёр тал тохиролцож болдог ба төлбөрийг заавал тэгж хийнэ гэж хуульчилсан зүйл байхгүй юм. (Эхний З сарын төлбөр 18,000,000 төгрөг болсны 8,000,000 төгрөгийг эхлээд өгч байя дараа нь 10,000,000 төгрөгийг гэх мэт).
Мөн шүүхийн шийдвэрт хэрэгт авагдсан гэрч Д.Баатар, Н.Эрдэнэсүрэн нарын мэдүүлэгт Д.Гэрэлтболд, М.Анхбаяр нарыг маргаан бүхий хөрөнгө болох өөрөө ачигчийг худалдан авах талаар хүсэл зоригоо илэрхийлэн ярилцаж байсныг гэрчлэн мэдүүлсэн байна гэжээ. Тэгвэл эдгээр гэрчүүд М.Анхбаяр ах бид хоёрын дунд болсон яриаг чагнаад хажууд байж байгаагүй, ямар яриа болсныг мэдээгүй, өөрөөр хэлбэл хэрвээ худалдан авна гэвэл 3 сарын дотор мөнгөө бүрэн төл, сунжруулбал түрээсээр явна гэсэн тохиролцоог сонсож байгаагүй бөгөөд зөвхөн Д.Гэрэлтболд ковш худалдан авч байгаа тухайгаа өөрөө ярьж байсныг сонссон хүмүүс юм, тэд ковшийн үнийг тохирсон хугацаандаа төлсөн эсэхийг мэдэхгүй, төлөөгүй тохиолдолд түрээс болох ёстойг мэдэхгүй хүмүүсийн мэдүүлгийг үндэслэн дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй байна. Мөн энэ гэрчүүд ашиг сонирхлын зөрчилтэй Д.Гэрэлтболдтой худ ураг буюу Д.Гэрэлтболдын эхнэрийн ах, мөн Д.Гэрэлболдын ах Д.Гэрэлт-Одын компанид ажилладаг хүмүүс байсан.
Ийм үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул шүүхийн шийдвэрийн Ц.Мөнхбатын сөрөг нэхэмжлэлтэй Д.Гэрэлтболдод холбогдох 63,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэсэн хэсгийг хүчингүй болгож Д.Гэрэлтболдоос 63,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Ц.Анхбаяр давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: 2021 оны 06 дугаар сараас Д.Гэрэлтболд бид хоёр хамран ажиллахаар болоод дүү Ц.Мөнхбатын ковшийг түрээслэн ажилласан. Хэсэг хугацааны дараа худалдан авахаар болоод дүү Ц.Мөнхбатад хэлэхэд та хоёр мөнгөө 3 сарын дотор төлж барагдуулбал болно, хэрэв 3 сараас хэтэрвэл түрээсээр тооцно гэж хэлсэн. Ингээд 3 сарын дотор мөнгийг нь төлж барагдуулаагүй тул түрээсээр явсан. Энэ хугацаанд Ц.Мөнхбат нь түрээсээ нэхэхэд нь боломжгүй байна, Анхаа ахаа та аргалж бай гэдгийг хэлдэг байсан. 2024 оны 01 дүгээр сард шүүх хурал болох үед Д.Гэрэлтболд банкны хуулгаар орлогоо нуун дарагдуулж байсан нь илэрч ковшийн түрээсийн мөнгө өгөхгүй явдаг байсан байна. Энэ хугацаанд надтай хамтран ажиллаж байх үедээ орлогоо нуун дарагдуулдаг байсан ба мөн хамтран ажилладаг байснаа үгүйсгэсэн гомдол өгсөн байсан. Ийм учраас би энэ хэргийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн нэхэмжлэгч Д.Гэрэлтболд, хариуцагч Ц.Мөнхбат нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянахад анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
2. Нэхэмжлэгч Д.Гэрэлтболд нь хариуцагч М.Анхбаяр, Ц.Мөнхбат нарт холбогдуулан Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 47-97 УН улсын дугаартай, XGMA үйлдвэрийн XG955 III маркийн авто ачигч машиныг гаргуулах, М.Анхбаяраас жонш борлуулж шилжүүлсэн гэх 40,000,000 төгрөг гаргуулах"-аар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар нь худалдах, худалдан авах гэрээ биш түрээсийн гэрээг амаар байгуулсан, .... жонш зарсан төлбөрийн тооцоо бүрэн дууссан учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж,
- хариуцагч М.Анхбаяр нь Д.Гэрэлтболдод холбогдуулан 13-ын уурхайн талбай дээр үлдсэн 5000 тонн хүдрийг зарсан ашгаас өөрт ногдох хувь 55,000,000 төгрөг, явуулын вагончигийн үнийн 50 хувь болох 7,500,000 төгрөг, машины чиргүүлийн үнэ 5,000,000 төгрөг, нийт 67,500,000 төгрөгийг гаргуулах-аар,
- хариуцагч Ц.Мөнхбат нь нэхэмжлэгч Д.Гэрэлтболдод холбогдуулан XGMA үйлдвэрийн XG955 III маркийн өөрөө ачигч техникийн түрээсийн төлбөр 63,000,000 төгрөгийг Д.Гэрэлт-Од захиралтай "Дэвжин дэлгэрэх од" ХХК болон Д.Гэрэлтболд нараас гаргуулах-аар тус тус сөрөг нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгч Д.Гэрэлтболд М.Анхбаяртай хамтран ажиллаж байгаагүй, ...Ц.Мөнхбатыг танихгүй, түрээсийн гэрээг бичгээр болон амаар байгуулаагүй тул сөрөг нэхэмжлэлүүдийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус маргажээ.
3. Нэхэмжлэгч Д.Гэрэлтболд нь хариуцагч М.Анхбаяр, Ц.Мөнхбат нарт холбогдуулан Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 47-97 УН улсын дугаартай, XGMA үйлдвэрийн XG955 III маркийн авто ачигч машиныг гаргуулах"-аар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээж авахдаа нэхэмжлэлийн үнийг хуульд заасан үндэслэл журмын дагуу бодитой тогтоож чадаагүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2-т эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлд нэхэмжилж байгаа эд хөрөнгийн тухайн үеийн зах зээлийн үнийн дүнгээр нэхэмжлэлийн үнийг тодорхойлохоор заасан байхад XGMA үйлдвэрийн XG955 III маркийн авто ачигч машины зах зээлийн үнийг тодруулалгүйгээр нэхэмжлэлд дурдсан үнээр шууд тодорхойлсон нь хуулийн шаардлагад нийцээгүй байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-т Үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлүүлэхийн тулд хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэхээс өмнө хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй. Сөрөг нэхэмжлэл энэ хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байна гэж, 73.2-т Сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэнэ. Бусад тохиолдолд тэдгээрийг хамтруулан шийдвэрлэх эсэхийг шүүх шийдвэрлэнэ гэж тус тус заасан бөгөөд шүүх хариуцагч нарын гаргасан сөрөг нэхэмжлэлийн зах зээлийн үнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2-т заасан шаардлагад нийцүүлэн тодорхойлж чадаагүй, сөрөг нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангагдсан эсэх, сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэх үндэслэл байгаа эсэх талаар бодитой дүгнэлт хийж чадаагүй байна.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр гэрчээр О.Цэцэгбал, Д.Баатар, Н.Эрдэнэсүрэн, Д.Будрагчаа нарыг асуулгах тухай хүсэлт /1хх-н 132/-ийг гаргасан ба шүүх 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 38 дугаартай захирамж /1хх-н 147-151/-аар хүсэлтийг хянан шийдвэрлэхдээ О.Цэцэгбалыг гэрчээр асуух эсэхийг шийдвэрлээгүй орхигдуулжээ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт ...гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ... гэж заасан тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн бичгээр гаргасан гэрч асуулгах тухай хүсэлтийг шүүх шийдвэрлэх үүргээ биелүүлээгүй гэж дүгнэхээр байна.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д энэ хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзвэл шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах гэж, мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д Давж заалдах журмаар хэрэг хянан хэлэлцсэн шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг энэ хуулийн 38.6-д заасан тохиолдолд нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн гэсэн үндэслэлээр хүчингүй болгохоор тусгасан тул шийдвэрийг бүхэлд хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
7. Нэхэмжлэгч Д.Гэрэлтболдын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 322.950 төгрөг, хариуцагч Ц.Мөнхбатын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 472,950 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 157/ШШ2024/00018 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Гэрэлтболдын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 322.950 (гурван зуун хорин хоёр мянга есөн зуун тавь) төгрөг, хариуцагч Ц.Мөнхбатын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 472,950 (дөрвөн зуун далан хоёр мянга есөн зуун тавь) төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 167.4, 167.5 дахь хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БОЛОРМАА
ШҮҮГЧИД Б.ДЭНСМАА
Д.ГАНЗОРИГ