Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 518

 

 

 

 

 

 

                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга Ц.Отгонням,                            

улсын яллагч Ба.Эрдэнэбаатар,

шүүгдэгч Х.Э /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Э-д холбогдох эрүүгийн 1906 0125 40479 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Х.Э, 1958 оны 04 дүгээр сарын 25-ны Ховд аймагт төрсөн, 61 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тэтгэвэрт, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 46в байрны 75 тоотод оршин суух хаягтай, одоогоор тодорхой оршин суух хаяггүй, урьд 5 удаа ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, 

 

Шүүгдэгч Х.Эрдэнэ нь 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 46 в байрны 75 тоотод оршин суух гэртээ иргэн Х.Алтанхуягтай хамт архи ууж байхдаа Х.Алтанхуягийг хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Х.Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ”Би охинтойгоо цуг нэг өрөөнд нь амьдардаг байсан. Манай худ цагаан сарын шинийн нэгэний өдөр манайд ирсэн. Бид хоёр согтууруулах ундаа хэрэглэж байгаад би ийм байдалд орсонд харамсаж байна. Одоо охин, түүний хадамтай уулзах нүүргүй болоод байна. Одоо үлдсэн насаа гэмшиж өнгөрүүлэх бодолтой байна. Тэтгэвэрийнхээ мөнгөөр торгуулын ялаа төлнө” гэв.

Хохирогч Х.Алтанхуяг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр ...хүү Анхбаярын 72 дугаар хотхоны урд байрлах 46в байрны 12 давхар дахь 45 тоотод 3 ачаа хараад...худ Э-тэй яриад сууж байхад Эрдэнэ би бууз жигнэе, миний хөгшин ганц шил юм аргалаач гэхээр нь хүүхдүүд байна 0.33 авчих уу гэхэд хоёрын хооронд юмаар яах вэ надад 2000 төгрөг байна нэмээд ганц ганц гайгүй юм авчих гэхээр нь 0.5-ын хараа аваад орж ирээд тэр архинаасаа тус бүр 2 хундагыг уусан...бага хүүхэд миний хажууд диван дээр байсан ба түүний “миний хүү унтахгүй яасан юм бэ” гээд ширээн дээрх буузнаас нэгийг идээд хоёр хүүхэд рүүгээ хараад ярьж байхад гэнэтхэн Э хутга бариад над руу дайрч нүүрийг хутгаар зүссэн. Би хутгыг булаацалдаад дийлэхгүй байсан...би нүүрэндээ 9 оёдол тавиулсан, мөн гартаа 2 оёдол тавиулж нийт 20 гаруй оёдол тавиулсан. ...Би Э-д гомдолгүй нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-14/,

Яллагдагч Х.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ”...Тухайн өдөр би Баянзүрх дүүргийн 16 дугаар хооронд байдаг хүргэнийдээ 3 зээгээ хараад байж байтал орой цагаа сайн санахгүй байна. 18-19 цагийн орчим байх хүргэний аав Алтанхуяг орж ирсэн. Би бууз жигнэж өгөөд Алтанхуягийн авч ирсэн архийг задлаад бид хоёр уусан. Хоёулаа нэлээн халсан байсан. Алтанхуяг өөрөө нэлээн халамцуу орж ирсэн. Яриад сууж байгаад бид хоёрын дунд нэг маргах шалтгаан гараад намайг түлхээд цохиод авахаар нь би сандраад ширээн дээр байсан хутга аваад хацрыг нь зүссэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 41/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №2373ы дугаартай дүгнэлт:

  1. Х.Алтанхуягийн биед зүүн хацар, эрүүний зүүн хэсэг, баруун гарын дунд хуруунд шарх, хоёр нүдний дээд, доод зовхи, хацар доод уруулд цус хуралт, доод уруулд шарх гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрхи гэмтлүүдээс нь зүүн хацар, эрүүний зүүн хэсэг, баруун гарын дунд хурууны шарх нь ир ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр, хоёр нүдний дээд, доод зовхи, хацар, доод уруулын цус хуралт, доод уруулын шарх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.
  3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
  5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. /хх-ийн 23/ иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 42/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 43/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Х.Э нь 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 46в байрны 75 тоотод оршин суух гэртээ иргэн Х.Алтанхуягтай хамт архи ууж байхдаа Х.Алтанхуягийг хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан  болох нь

Хохирогч Х.Алтанхуягийн: “...2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр ...худ Э-тэй яриад сууж байхад Эрдэнэ би бууз жигнэе, миний хөгшин ганц шил юм аргалаач гэхээр нь хүүхдүүд байна 0.33 авчих уу гэхэд хоёрын хооронд юмаар яах вэ надад 2000 төгрөг байна нэмээд ганц гайгүй юм авчих гэхээр нь 0.5-ын хараа аваад орж ирээд тэр архинаасаа тус бүр 2 хундагыг уусан...бага хүүхэд миний хажууд диван дээр байсан ба түүний “миний хүү унтахгүй яасан юм бэ” гээд ширээн дээрх буузнаас нэгийг идээд хоёр хүүхэд рүүгээ хараад ярьж байхад гэнэтхэн Э хутга бариад над руу дайрч нүүрийг хутгаар зүссэн” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Х.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Х.Э-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Х.Алтанхуяг нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Х.Э-д хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын  шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл  байдал, учруулсан хор уршиг, шүүгдэгчийн  хувийн  байдал  зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүгдэгч Х.Э-йн тэтгэвэр, орлого зэргийг харгалзан шүүхээс оногдуулах торгуулын ялыг хуульд заасны дагуу 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 26 см урттай саарал өнгийн оруулгатай, хар өнгийн иштэй хутга 1 ширхэг, Хараа архины хагархай шил 1 ширхэг, мараль 1 хэсгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Х.Э-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Х.Э-ийг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Х.Э-д шүүхээс оногдуулсан торгуулын ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Х.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 26 см урттай саарал өнгийн оруулгатай, хар өнгийн иштэй хутга 1 ширхэг, Хараа архины хагархай шил 1 ширхэг, мараль 1 хэсгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Х.Э нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Х.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.ШИНЭБАЯР