Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 226/МА2024/00010

 

 

 

 

 

 

 

2024 04 22 226/МА2024/00010

 

 

*******ын нэхэмжлэлтэй,

хариуцагч *******д

холбогдох иргэний хэргийн талаар

 

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Д.Ганзориг, ерөнхий шүүгч Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны Б танхимд,

Нэхэмжлэгч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахимаар/,

Хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахимаар/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Хэнчбиш нарыг оролцуулан

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргалын даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 156/ШШ2024/000101 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй, хариуцагч *******д холбогдох 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн №497/14:40 тоот хамтран ажиллах гэрээнээс татгалзсанд тооцож, тус гэрээнээс татгалзсаны үр дагаварт нийт 303,350,000 төгрөг гаргуулах тухай" нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын гаргасан давж заалдах гомдлоор 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч ерөнхий шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч ******* 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие холбооны инженер мэргэжилтэй бөгөөд олон жил хувиараа шударгаар хөдөлмөр эрхэлж өөрийн гэсэн 700,000,000 төгрөгтэй болж үүнийгээ ХААН, Голомт банкнуудад хадгалж байсан юм. 2017 оны 04 дүгээр сард манай хоёр найз болох , Мөнхбат нар нь надад санал тавьж Хэнтий аймагт адуу худалдаж аваад махалж зарвал ашиг өндөртэй, үр өгөөж боломжтой талаар хэлсэн. Би тэдний саналыг бодож үзээд Хэнтий аймаг руу хамт явахаар болсон. Ингээд Хэнтий аймагт ирэхэд Түмэндэмбэрэл гэдэг цайны газарт очсон бөгөөд тэнд тэй танилцсан. нь бидэнд өөрийн ажиллуулдаг Түмэндэмбэрэл гэдэг нэртэй цайны газар болоод өөрөө бизнес хийгээд амжилт олохгүй өрөнд ороод байгаа талаар ярьж байсан. Тэр цайны газраас гараад нэг байрны подвалд очиход нөхөр гэх ******* нь бас нэг мөнгө хайлуулах ажил хийгээд сууж байсан. Одоо бодоход надад ажил хийдэг гэдгээ л харуулах зорилгоор л тиймэрхүү зүйлс харуулж байсан байх.

Тэгээд бид гурав буудалдаа буцаад очиход , ******* нар хамт очсон бөгөөд бид цаашид хийгдэх ажлын талаар ярилцаж байсан. Тухайн үедээ адуу худалдаж аваад зах зээл дээр мал махыг заръя гэдэг үндсэн үйл ажиллагаагаа тохироод, хэрэв ашиг олбол би болоод манай хоёр найз 75%-ийг, , ******* нар гэр бүл гэдэг утгаараа Хэнтийн тал гэж 25% гэж тохироод маргааш нь бид Улаанбаатар хот руу буцсан юм. Ирээд удаагүй байж байтал маргааш нь *******, нар миний утас руу залгаад "танай талаас бол чи л мөнгө гаргаж байгаа юм байна, тийм учраас манай зүгээс чиний мөнгөөр хийх ажлыг асуудалгүй хийх учраас дунд нь олон хүн байлгамааргүй байна, болон ******* гэсэн хоёр тал ажиллая" гэсэн. Би энэхүү саналыг өөрийн хоёр найзтайгаа зөвлөөд зөвшөөрсөн.

Ингээд 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр над руу ******* ярьсан бөгөөд тэрээр адуу худалдаж аваад махлах хэрэгтэй байна, мөнгө шилжүүлээч, хурдхан ажлаа эхлүүлье" гэсэн. Түүний хэлснээр *******ын эхнэр гийн данс руу 100,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд надаас иймэрхүү байдлаар нийт 16 удаа мөнгө шилжүүлэн авсан байдаг. Тэдний ийм байдлаар надаас мөнгө шилжүүлэн авч байсан нь миний мал махны ажил хийх туршлагагүй байдлыг минь далимдуулан авсан гэж одоо би дүгнэж байна.

Ингээд иймэрхүү байдалтай жил гаруй хугацаа өнгөрсөн байдаг бөгөөд энэ хугацаанд би тэнд хоёр давхар махны үйлдвэр барьж 2017 оны 11 сард ашиглалтад оруулсан. *******тай үүнийг би харилцан ярилцаад хоёулаа хамтран ажиллах гэрээ байгуулъя гээд 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр №497/14:40 тоот хамтран ажиллах гэрээ байгуулж Хэнтий аймгийн суманд мах, махны үйлдвэрлэл, худалдаа, ноос ноолуур, малын худалдааны чиглэлээр хамтран ажиллахаар болсон бөгөөд энэхүү гэрээний дагуу *******ын эхнэр гийн тоот ХААН банкны данс руу 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл нийт 303,350,000 төгрөг хийгдсэн гэдгийг гэрээндээ тусгасан.

******* нь гэрээ байгуулснаас хойш гэрээгээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж байсан. Өөрөөр хэлбэл гэрээний дагуу дээрх авсан мөнгийг хэрхэн зарцуулсан, ямар мах аваад яаж зарсан талаар надад тайлагнадаггүй байсан. Би ******* болон нарт итгэл маш ихээр үзүүлж өөрийн насаараа цуглуулсан мөнгөө өгсөн байхад тэр мөнгийг маань яг энэ гэрээний дагуух ажиллагаанд зарцуулаагүй гэж миний зүгээс үзэж байна. Энэ зарцуулаагүй нөхцөл байдал нь бид бүгдэд илэрхий бөгөөд дээрх шилжүүлсэн мөнгөнүүд бүгд хаашаа орсон нь мэдэгдэхгүй алга болсон. Би тэнд үйлдвэр байгуулсан асуудал нь энэ гэрээнээс тусдаа асуудал бөгөөд үйлдвэрт зарцуулсан төлбөрийг энэхүү нэхэмжлэлд шаардаж байгаа төлбөрүүдтэй холиогүй болохыг энд дурдах нь зүйтэй.

*******ын дээр дурдсан гэрээний дагуу өөрийн хариуцаж ажилласан ажлаа тайлагнаж чадахгүй байгаа байдал, тус ажлаа сэтгэлээсээ хийхгүй зөвхөн надаас оруулсан мөнгийг салхинд хийсгэж, тухайн үед шилжүүлж байсан мөнгөний талаар асуухаар тайлбарлаж чадахгүй байгаад маш их гомдолтой байна. Би *******д бидний хамтын ажиллагаанд зарцуулагдсан мөнгийг санхүүгийн аудит хийлгэх талаар хэлсэн боловч огт хүлээж авахгүй, энэ асуудлыг зохицуулах талаар санаачилгатай ажиллахгүй байгаа нь миний дээрх гэрээнээс татгалзах үндэслэл болж байна. Өөрөөр хэлбэл өөрийн хариуцаж хийх ажлаа хангалттай сайн хийхгүй, тухайн гэрээгээр тохиролцсон үүрэг оролцоогоо биелүүлэхгүй, надаас авсан мөнгөнүүдээ тайлбарлаж чадахгүй байгаа нь энэхүү гэрээг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болгож байгаа юм.

Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д заасныг үндэслэн *******тай байгуулсан 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн №497/14:40 тоот хамтран ажиллах гэрээнээс татгалзсанд тооцож, тус гэрээний дагуу 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хооронд шилжүүлсэн нийт 303,350,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

******* нь анхнаасаа компанийн хувьцааг тэнцүү хэмжээгээр эзэмшиж аж ахуй нэгжийн үйл ажиллагааг гүйцэтгэх захирал аар гүйцэтгүүлэхээр хэлэлцэн тохиролцож, компани үүсгэн байгуулах баримт бичгийг хөөцөлдөн төрийн байгууллагад бүртгүүлэх үйл ажиллагааны үед компаниа Улаанбаатар хотод байгуулах нь зөв, яагаад гэвэл үйл ажиллагаатай холбоотой тусгай зөвшөөрөл хөөцөлдөхөд Улаанбаатар хотод байвал би тэндээ хөөцөлдөхөд амар гэж хэлээд явсан. Гэтэл анхнаасаа намайг 50 хувийн хувьцаа эзэмшигчээр оруулахгүй, шаардахад арга саам хийж хойшлуулсаар 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр албан ёсоор хувьцаа эзэмшигчээр оруулж, компанийн дүрмийг шинэчлэн улсын бүртгэлт бүртгүүлсэн. Түүний дараа компанийн үйл ажиллагааг өргөжүүлэх, нөөцийн мах бэлдэхээр "" ХХК-иас 4,000,000,000 /дөрвөн тэр бум/ төгрөгийн зээл авахаар хөөцөлдөж байгаа гэж яриад банкны зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсны дараа компанид зээлийн гэрээний дагуу орж ирсэн 4,000,000,000 төгрөгийг ******* нь хувийн дансаараа авч захиран зарцуулж, компанийн хөрөнгийг завшсан байж болзошгүй эрүүгийн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын Цагдаагийн Хоёрдугаар хэлтсийн мөрдөн байцаах тасагт шалгагдаж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан хамтран ажиллах гэрээний тухайд гэрээнд заасан нөхцөлийг тохирсон зүйл огт болоогүй, тухайн үедээ надад ийм гэрээ хэрэгтэй байна гэж хэлээд л гарын үсэг зуруулж байсныг санаж байна. Тиймээс гэрээг хүлээн зөвшөөрөхгүй, надад болон компанид мөнгө төгрөг өгсөн зүйл байхгүй байгааг анхаарч үзэх хэрэгтэй гэж бодож байна. ******* өмнө нь тус шүүхэд хувьцааг авах шаардлага гаргаж байсныг 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 156/Ш32022/01778 дугаартай захирамжаар шийдвэрлэсэн байна гэжээ.

 

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 480 дугаар зүйлийн 480.1.1-д зааснаар *******ын *******тай байгуулсан 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн №497/14:40 тоот хамтран ажиллах гэрээнээс татгалзсанд тооцож, тус гэрээнээс татгалзсаны үр дагаварт нийт 303,350,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,474,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

1. Хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, нотлох баримтыг үнэлээгүй тухайд:

1.1 Шүүхээс дээрх шийдвэрийнхээ үндэслэх хэсгийн 3-т "...талуудын хооронд байгуулсан гэрээний үйлчлэх хугацаа 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр дуусгавар болсон байх тул гэрээнээс татгалзсанд тооцох боломжгүй ба хууль зүйн үндэслэлгүй юм. Тухайлбал Иргэний хуулийн 480 зүйлийн 480.1-т Хамтран ажиллах гэрээ дараах үндэслэлээр дуусгавар болно гэж, мөн хуулийн 480.1.1-т "гэрээний хугацаа дууссан бол хамтран ажиллах гэрээ дуусгавар болохоор хуульчилсан ба талуудын байгуулсан гэрээний хугацаа дууссан байна. Иймд гэрээнээс татгалзсанд тооцох боломжгүй байна" гэж дүгнэхдээ хууль хэрэглээний ноцтой алдаа гаргажээ. Учир нь нэхэмжлэгч нь өөрт олгогдсон эрхийнхээ дагуу нэхэмжлэл гаргах, нэхэмжлэлийнхээ шаардлага үндэслэлийг өөрөө тодорхойлж шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан боловч шүүхээс хариуцагчийн ямар ч нотлох баримтаар нотлоогүй байгаа зүйлүүд дээр дүгнэлт хийж хариуцагчийн тайлбарыг үнэлсэн нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж, хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан гэж үзэж болохоор байна. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох гэрээнээс татгалзаж байгаа үндэслэлээ тодорхойлохдоо гэрээний нөхцөл биелэгдээгүй буюу тус маргаан бүхий гэрээний нэмэлт хэсэгт тохиролцсон 500,000,000 төгрөгийг нэхэмжлэгч олж аваагүй тул энэ талаар шүүх талуудыг мэтгэлцүүлж, нэхэмжлэгчээс ирүүлсэн нотлох баримтуудыг үнэлэлгүй, хууль хэрэглээний ноцтой алдаа гаргасан.

1.2 Нэхэмжлэгч өөрийн боломжит хэлбэрээр шүүхэд нотлох баримтуудаа гаргаж өгсөн бөгөөд харин хариуцагч нь надад өгөөгүй гэдгээ нотлоогүй байхад шүүх хариуцагчийн тайлбарыг үндэслэлтэй гэж үзсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл хариуцагч нь энэ гэрээний дагуу мөнгө авснаа үгүйсгэдэггүй, энэхүү гэрээ байгуулагдсан тал дээр маргадаггүй, мөн хэдий өөрийнх нь дансанд мөнгө ороогүй гэж маргадаг ч түүнийгээ нотлоогүй байхад шүүхэд уг хэргийг хариуцагчийн тайлбар үндэслэлтэй гэж шийдвэрлэсэнд маш их гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүйд тооцож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүх гэрээний хугацаа дууссан гэж үзсэн. Гэрээнд заасан хугацаа дууссан боловч үүрэг биелэгдсэн эсэх талаар шаардлага гаргасан. Иймд гэрээнээс татгалзах үндэслэлтэй гэж үзэж байна. Хариуцагч гэрээгээр малын мах, ноос ноолуурыг зарж борлуулаад 500,000,000 төгрөгийг *******ад өгөх үүрэгтэй байсан, үүргээ биелүүлээгүй. Хариуцагчийн зүгээс гэрээний үүрэг биелүүлсэн талаар баримт байхгүй байхад шүүх талуудыг мэтгэлцүүлэлгүйгээр гэрээний хугацаанд ач холбогдол өгч хэргийг шийдвэрлэсэн. тэй холбоотой баримт шүүхэд ирсэн. ******* нарын хооронд ямар нэгэн хэлцэл байхгүй. гээр дамжуулж авсан гэдэгтэй маргаж тайлбар ирүүлээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, мэтгэлцүүлээгүй гэх үндэслэлд хариу тайлбар хэлье. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь анхан шатны шүүх ямар хуулийн, ямар заалтыг зөрчсөн тухай дурдахгүй байна. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтууд, шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбаруудыг нэг бүрчлэн судалж үнэн зөв дүгнэлт гаргасан. Нэхэмжлэгч тал А.гийн дансаар мөнгө авсан гэдэгтэй хариуцагч тал маргадаггүй гэж тайлбарлаж байна. А. хэргийн оролцогч биш учраас энэ талаар тайлбар гаргах нь хэрэгт ач холбогдолгүй гэж үзсэн. ******* *******аас мөнгө аваагүй учир үүнийгээ нотлох боломжгүй. Бидний зүгээс Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 3-т заасан үндэслэлээр шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэж үндэслэл тайлбараа дурдсан. Энэ хэсэгт анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хяналаа.

 

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан түүнтэй байгуулсан 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн №497/14:40 тоот хамтран ажиллах гэрээнээс татгалзсанд тооцож, тус гэрээнээс татгалзсаны үр дагаварт 303,350,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч ******* нь гэрээнд заасан нөхцөлийг тохиролцоогүй, тухайн үедээ надад ийм гэрээ хэрэгтэй байна гэж хэлээд л гарын үсэг зуруулж байсныг санаж байна. Тиймээс гэрээг хүлээн зөвшөөрөхгүй, надад болон компанид мөнгө төгрөг өгсөн зүйл байхгүй гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

 

Талуудын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан эсэх, нэхэмжлэгч гэрээнээс татгалзсанаар хариуцагчаас 303,350,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлтэй эсэх нь маргааны зүйл болсон байна.

 

Нэхэмжлэгч тал гэрээний нөхцөлийн талаар бид эхлээд амаар тохиролцсон, дараа нь гэрээг бичгээр байгуулсан гэж тайлбарласан болно.

Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар нь 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр №497/14:40 дугаартай хамтран ажиллах гэрээ байгуулж, мах, махны үйлдвэрлэл, худалдаа ноос ноолуур, малын худалдааны чиглэлээр хамтран ажиллах бөгөөд Үүнд:

"А" тал буюу ******* нь мах, махны үйлдвэрлэл, худалдаа ноос ноолуур, малын худалдааны чиглэлээр хамтран ажиллахад 500,000,000 /таван зуун сая/ төгрөгийн хөрөнгө оруулалтыг бэлнээр 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 01-ний хооронд хийсэн.

"Б" тал буюу ******* нь махны үйлдвэрлэл, ноос ноолуур, малын худалдааг удирдан явуулах бөгөөд бүхий л үйл ажиллагааг /төрийн эрх бүхий байгууллагаас шаардагдах бүхий л бичиг баримт, зөвшөөрөл, мах, түүхий эд, малын эрэлт, нийлүүлэлт гэх мэт/ үйл ажиллагааг бүрэн хариуцаж хамтран ажиллана. "А" болон "Б" талын ашиг тус бүр 50 хувь байна.

Гэрээний хугацаа 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл нийт гурван жилийн хугацаатай байх ба гэрээний хугацааг талууд гэрээний үр дүн, биелэлтийг хугацааг сунгаж болно гэсэн нөхцөлүүдийг харилцан тохиролцож, гэрээнд талууд гарын үсэг зурсан байна /хх-н 5-6/.

 

Талууд 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн №497/14:40 тоот гэрээндээ гэрээний зорилго, үйл ажиллагааны хэлбэрээ тодорхойлж, гэрээний хугацааг тогтоож, гарын үсэг зурснаар Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээг байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй өөрөөр хэлбэл гэрээний гол нөхцөлийн талаар талууд харилцан тохиролцсон, гэрээг хэлэлцэн тохирсон хэлбэрээр буюу бичгээр хийсэн байна.

Хамтран ажиллах гэрээний 2.1-д Гэрээний хугацааг 2017 оны 4 сарын 01-ний өдрөөс 2020 оны 4 сарын 01-ний өдрийн хүртэл нийт гурван жилийн хугацаатай байна гэж талууд тохиролцсон байна.

Хүчин төгөлдөр байгуулагдсан гэрээг хууль буюу гэрээнд заасны дагуу гэрээний нэг талын хүсэл зоригоор буцаахыг гэрээнээс татгалзах гэж ойлгоно. 

Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.1.1-д гэрээний хугацаа дууссан бол хамтран ажиллах гэрээ дуусгавар болохоор хуульчилсан ба талуудын хооронд байгуулсан гэрээний хугацаа дууссанаар хуулийн дээрх зохицуулалтаар хамтран ажиллах гэрээ дуусгавар болсон байх тул хамтран ажиллах гэрээнээс татгалзсанд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна гэж үзсэн шүүхийн дүгнэлт зөв байна.

 

- Нэхэмжлэгч ******* нь хамтран ажиллах гэрээний дагуу шилжүүлсэн 303,350,000 төгрөгийг хариуцагч *******ас гаргуулахаар нэхэмжилсэн ба нэхэмжлэгчийн тайлбар болон түүний нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн ХААН банкны дансны хуулгаар дээрх мөнгө гийн данс руу шилжсэн байна.

Нэхэмжлэгч хэдийгээр *******ын хэлснээр гийн дансанд мөнгийг шилжүүлж байсан гэж тайлбарлаж байх боловч түүнийгээ шүүхэд нотлоогүй, нэхэмжлэгч *******аас хариуцагч *******ын дансанд мөнгө шилжүүлсэн үйл баримт тогтоохгүй байна гэж дүгнэн 303,500,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэл байхгүй байна.

 

Хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй ба нэхэмжлэгч тал шаардах эрхийн үндэслэлээ нотлох баримтаар нотлох үүрэгтэй.

 

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,674,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 156/ШШ2024/00101 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,674,700 (нэг сая зургаан зуун далан дөрвөн мянга долоон зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 167.4, 167.5 дахь хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ДЭНСМАА

 

ШҮҮГЧИД Д.ГАНЗОРИГ

 

Г.БОЛОРМАА