Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 202/МА2024/00011

 

                                                                        Б.И нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Болормаа даргалж, ерөнхий шүүгч А.Сайнтөгс, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Наранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд цахимаар хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 136/ШШ2024/00074 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч:Дорноговь * тоотод оршин суух, Б овогт Б.И нэхэмжлэлтэй,

Хариуцагч:Дорноговь * тоотод оршин суудаг, Т овогт Б.У ,

Хариуцагч:Дорноговь * тоотод оршин суух хаягтай, Т овогт Б.Г нарт холбогдох

12,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагч Б.И, Б.Г нарын давж заалдсан гомдлыг үндэслэн, давж заалдах шатны шүүх хэргийг 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Даваасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Норжинлхам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга, тайлбартаа: ...1.1. Нэхэмжлэгч Б.И нь хариуцагч Б.У, Б.Г нарт холбогдуулан 12,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Б.И нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: 1.1. Миний бие өөрийн бог, бод малаа маллуулахаар А сумын малчин Б.Г , эхнэр Б.У нартай ярилцаж тохиролцоод 2019 оны 07 дугаар сарын 11-ний өдөр үнээ-7, тугал-7, шүдлэн-7, хязаалан-3, бяруу-4 буюу 27 үхэр өгөөд үүнээсээ 1 үхрийг нь тухайн жилийнхээ хөлсөнд тооцож өгсөн. Ер нь би тухайн хүмүүсээр малаа маллуулж байхдаа цалин хөлсөө тухай бүр нь өгдөг байсан.

 

1.2. Ингээд 2 жилийн дараа буюу 2021 оны 7 сард үхрээ буцааж авахад нийт 9 үхэр дутсан байсан. Айл амьтны отрын мал дагаад явсан, айл амьтнаас цуглуулж өгнө гэсэн. тухайн үедээ үхрүүдээ зарж борлуулах шаардлагатай байгаагаа хэлэхэд дутаасан 9 үхрээ бид нарт зарчих, бид нар өөрсдөө алдсан үхрүүдээ цуглуулаад авчихна, хэдээр үнэлэх вэ гэхээр нь 9 үхрээ 13 000 000 төгрөгөөр үнэлнэ гэхэд за 12 000 000 төгрөгөөр манайх авъя, 1 сая төгрөгийг нь хөлсөндөө тооцчих, бид нар 12 000 000 төгрөгийг 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дансанд чинь хийнэ гэсэн.

1.3. ...Эхнэр Б.У нь бол утсаа огт авдаггүй, нөхөр Г ярихаар өвчтэй зовлонтой байна, одоогоор боломж алгаа, ямар ч байсан дуусгана, Солонгосоос дүү мөнгө төгрөг өгнө гэсэн алга л байна, мал хуй туранхай байна гэх зэргээр шалтаг тоочсоор өдий хүрсэн. Иймд тухайн гэр бүлээс 12 000 000 төгрөгөө яаралтай гаргуулж авах хүсэлтэй байна. гэжээ.. гэжээ.

2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Даваасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...И зүгээс Б.Г  болон Б.У нарт 12,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. 2019 онд тодорхой тооны бог мал болон үхрийг маллуулахаар хүлээлгэж өгсөн байдаг. Нэг тал нь мал хүлээлгэж өгөөд нөгөө тал нь малын хариулж өсгөж өгөөд байгаа тохиролцоо нь болбол нэг талаас мал маллуулах үйлчилгээ үзүүлээд байгаа нөгөө талаас мал маллуулах үйлчилгээний төлбөр төлөөд байгаа харилцаа нь Иргэний хуулийн 359 дугаар зүйлийн 1-т заасан Хөлсөөр ажиллах гэрээнд хамаарч байна. Хөлсөөр ажиллах гэрээнд тодорхой шаардлагыг зааж өгдөггүй. Амаар болон бичгээр аль алинаар нь байгуулах боломжтой. Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийн 1 болон 2-т гэрээг хугацаатай болон хугацаагүй гэрээг заасан байгаа. Нэгэнтээ хугацаагүй заасан гэрээг бол малын өмчлөгч малаа хэзээ ч ажил үйлчилгээ үзүүлж байгаа этгээдүүдээс шаардах эрхтэй байдаг. 2019 онд хүлээлгэсэн 2021 оны 7 дугаар сард буцааж авах гэж албан шаардсан байдаг. Талууд үхэр малласан үйл баримт дээр маргадаггүй. Хэчнээн тооны үхэр хүлээж авсан буцаагаад хэчнээн тооны үхэр хүлээлгэж өгсөн тоон дээр маргадаг. Хэрэгт авагдсан баримтаас үзэх юм бол 2019 онд Б.И нь 7 үхэр, 7 тугал, 4 бяруу хүлээлгэж өгсөн гэрч Эрдэнэцэцэг болон Дарамзагдын мэдүүлгээр тогтоогддог. 2021 онд гэрчийн мэдүүлэг, хариуцагчийн хариу тайлбар болон өмнөх шүүх хуралдааны хариу тайлбараас үзэхэд 5 үхэр, 5 тугал, 2 бярууг өгсөн гэдэг нь тогтоогддог. Хүлээлгэж өгөөд байгаа мал маань өсдөг, үрждэг, нас нэмдэг. 2019 онд хүлээлгэж өгсөн 7 үхэр, 7 тугал, 4 бяруу болохоор 2 жилийн дараа 7 тугал маань 7 шүдлэн, 4 ширхэг бяруу нь 4 ширхэг хязаалан болж байгаа юм. Гэтэл хүлээлгэж өгсөн 5 үхэр, 5 тугал, 2 бяруунуудын 5 тугал, 2 бяруунууд нь өмнө малын төлүүд нь байгаа. Одоо 13 тооны үхэр дутуу байгаа ажлын хөлсөнд 1 хязаалан үхэр өгсөн гэдэг. Нийтдээ 12 тооны үхрийн үнэ 12,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Шинжээчээр дүгнэлт хийлгээд үхрийн үнийг тогоолгосон байдаг. Энэ дүгнэлт дээр 11,600,000 төгрөгөөр тогтоосон. Энэ үнийн дүнгээр 11,600,000 төгрөгийг нэхэмжилж байна. гэжээ.

3. Хариуцагч Б.У, Б.Г нар татгалзал, тайлбар, үндэслэлийн агуулга: ... Б.И нэхэмжилсэн үнийн дүнг төлөх үндэслэл байхгүй. И нь үхрээ зүс, тоо, тоо толгой, эм тамгаар нь хүлээлгэж өгөөгүй. 6 үнээ 6 тугалтай миний хань Гантулга дэрснээс олж ирсэн. Нэг бух/ бяруу/ айлын үхэрт байгаа би өөрөө танихгүй олж аваарай гэсэн тэр нь олдоогүй. Урьд нь маллаж байсан Чулуун /өөрийнх нь дүү/ үлдсэн үхрийг нь олж авч өгнө гээд олж өгөөгүй. Үлдсэн үхрийг нь үзүүлье, хамт явж хар гэсэн ч үзээгүй. Худгийн дэргэд 1 үхэр, Дэрсэн булагт 2 үнээ, Сайн усанд 2 үхэр, 1 бяруу үхсэн байсан. Тухайн үед цаг зуд хэцүү байсан. Мал уруудсан, үхэж байсан. Гэхдээ бид өөрийн юм шиг л маллаж байсан. Бидэнд 1 боодол, 1 тэжээл, 1 л бензин ч өгөөгүй. Яг үхрийг нь байгаагаар нь хүлээлгэж өгсөн.

3.1.Цалингийн хувьд сарын бог малласан хөлс 250,000 төгрөг өдрийн 8,500 төгрөг, үхэр малласан жилийн хөлс 1 бяруу гэсэн нь одоогийн ханшаар 600,000 төгрөг жилийн цалин авч байсан ч нэг удаа 1 бяруу авсан өөр хөлс аваагүй. Мөн тэжээл, өвс авч өгнө. Нүүдэл суудал, малын эрэлд бензин тос өгнө гээд өгөөгүй. Миний бие Б.У нь утсандаа хариу өгдөггүй шалтгаан нь утсаар ярихаар их хэлэх хэлэхгүй үгээр доромжилдог тул авдаггүй. Бидэнд хийсэн гэрээ байхгүй. И үхрүүдийн бяруу, тугалтай нь хүлээлгэж өгсөн. Гэрч Э өгсөн тодорхойлолт байгаа дутуу үхэр 7 тооны 3 тугал, 4 бярууг олж авчирч өгнө гэсэн тодорхойлолтын хэргийн материалд хавсаргасан байгаа. Манайд өгсөн 6-н тугалтай үнээ, 4 бяруутай өгсөн. Ер нь бол 1 бярууны хөлстэй үхэр малласан. Төлтэй нь өсгөж авна гэсэн гэрээ хийгээгүй. Байгаа үхрийн байгаа тэр чигээр нь өгсөн. Гэрчийн мэдүүлэг авч өгөх байсан чинь зудтай байгаа болохоор ирж чадаагүй. Тэр олон шүдлэн үхэр, хязаалан үхэр байсан, байгаагүйг гэрчлэх хүмүүс байдаг. Би энэ мөнгийг төлж чадахгүй. Төлөх боломж, үндэслэл ч байхгүй. Энэ олон үхэр өгсөн гэсэн Монгол улсын иргэний хувьд малын хөлийн татвар төлсөн байх ёстой тэр тоогоо гаргаад ирээч гэж хэлсэн. 7-н тугалтай үнээтэй байсан ч юм уу гүй ч юм уу бид нарт 7 тугалтай үнээ, 7 бяруутай өгсөн гэдэг. Э гэдэг хүний үхэр нь дутуу байгаа 3-н тугалтай үнээ, 4 бяруутай нь 9 дүгээр сарын дотор олж өгнө гэсэн тодорхойлолт бичиж өгсөн. Тэр үхрээ нэмээд л манайхаас нэхээд байх шиг байна. Би хүлээн зөвшөөрөөхгүй байгаа. гэжээ.

4. Хариуцагч Б.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Гэрч Э өгсөн тодорхойлолт байгаа дутуу үхэр 7 тооны 3 тугал, 4 бяруугийн олж авчирч өгнө гэсэн тодорхойлолтын хэргийн материалд хавсаргасан байгаа. Манайд өгсөн 6-н тугалтай үнээ, 4 бяруутай өгсөн. Ер нь бол 1 бярууны хөлстэй үхэр малласан. Төлтэй нь өсгөж авна гэсэн гэрээ хийгээгүй. Байгаа үхрийн байгаа тэр чигээр нь өгсөн. Гэрчийн мэдүүлэг авч өгөх байсан чинь зудтай байгаа болохоор ирж чадаагүй. Тэр олон шүдлэн үхэр, хязаалан үхэр байсан, байгаагүйг гэрчлэх хүмүүс байдаг. Би энэ мөнгийг төлж чадахгүй. Төлөх боломж, үндэслэл ч байхгүй. Энэ олон үхэр өгсөн гэсэн Монгол улсын иргэний хувьд малын хөлийн татвар төлсөн байх ёстой тэр тоогоо гаргаад ирээч гэж хэлсэн. 7-н тугалтай үнээтэй байсан ч юм уу гүй ч юм уу бид нарт 7 тугалтай үнээ, 7 бяруутай өгсөн гэдэг. Э гэдэг хүний үхэр нь дутуу байгаа 3-н тугалтай үнээний, 4 бяруутай нь 9 дүгээр сарын дотор олж өгнө гэсэн тодорхойлолт бичиж өгсөн. Тэр үхрээ нэмээд л манайхаас нэхээд байх шиг байна. Би хүлээн зөвшөөрөөхгүй байгаа. гэжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 205 дугаар зүйлийн 205.1, 205.2, 205.5-т зааснаар хариуцагч Б.Г , Б.У нараас 11,600,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.И олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч Б.И улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагч Б.Г , Б.У нараас 200,550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.И олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэг, 119.4 дэх хэсэг, 119.5 дахь хэсэг, 119.7 дахь хэсэгт заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдаж шийдвэрлэж

5. Хариуцагч Б.У, Б.Г нар давж заалдсан гомдолдоо: ...Миний бие Б.У, Б.Г нар Дорноговь аймгийн А суманд амьдардаг. Иргэн Б.И гомдлын дагуу 11,600,000 төгрөг төлөх шийдвэр гарсан. Иймээс бидний гомдлыг хүлээн авч дахин шүүж өгнө үү. Бид тухайн үед цаг зудтай хэцүү байсан, гэрчүүд ирж мэдүүлэг өгч чадахгүй. Бид өмгөөлөгч авч оролцмоор байна. Хуулийн мэдлэг дутуу болохоор хэцүү байна. Иймээс дахин хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. гэв.

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Даваасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хариуцагч Б.У болон Б.Г  нараас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ талуудын хооронд хэдийгээр мал маллуулах гэрээ байгуулагдсан ч гэсэн тухайн гэрээг бол бичгээр байгуулаагүй, ямар зүсмийн, ямар тамгатай мал хүлээлгэж өгсөн нь бичгээр авагдаагүй учраас хүлээн зөвшөөрөхгүй байна гэж тайлбарлаад байдаг. Гэтэл хөлсөөр ажиллах гэрээ маань өөрөө амаар болон бичгийн хэлбэрээр аль алинаар нь байгуулахыг хүлээн зөвшөөрдөг бөгөөд амаар байгуулсан байна. Мөн им, тамгаар нь хүлээлгэж өгөөгүй нь бусдын малыг малласны хариуд тухайн гэрээний үүрэг дуусгавар болсны дараа бол тухайн малыг буцааж өгөх үүргээс татгалзах үндэслэл болохгүй ээ гэж үзэж байгаа. Гэрч Э, Н нарын мэдүүлгээр 2019 оны 7 сард нийт 18 тооны буюу 7 тугалтай үнээ, 4 бярууг бол хүлээж хүлээлгэж өгсөн гэдэг нь бол нотлогддог. 2019 онд мал хүлээлгэж өгөөд, 2021 онд малаа буцааж авсан байдаг. 2 жилийн дараа. Энэ 2 жилийн хугацаанд 7 үнээ маань бол 7 үнээгээрээ байна, 7 тугал маань бяруу, шүдлэн гээд 7 шүдлэн болох ёстой 4 бяруу маань болохлоор 2 жилийн дараа бяруу, шүдлэн, хязаалан гээд 4 ш хязаалан болох ёстой. Гэтэл 2021 онд хүлээлгэж өгөхдөө 5 тугалтай үнээ 2 бяруу хүлээлгэж өгсөн болох нь гэрч Энхжаргал болон Д нарын мэдүүлгээр тогтоогддог. За тэгэхлээр 5 тугал, 2 бяруу нь 2 жилийн үр төл нь болчхож байгаа. Тэгэхлээр 18 үхрээс 5 үнээг хүлээлгэж өгөхлөөр 2 үнээ, 7 шүдлэн, 4 хязаалан бол дутуу өгсөн болох нь бол тогтоогддог. Ингээд 13 тооны мал үлдсэнээс 1 малыг нь 6 сая төгрөгийн ажлын төлбөр дээрээ нэмж тооцож өгсөн байгаа. Тэгэхлээр 12 тооны үхрийн мөнгө 11 600 000 төгрөгийг бол гаргуулах нь үндэслэлтэй гэж үзэж байгаа. гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх хариуцагч Б.У, Б.Г нарын давж заалдсан гомдолд үндэслэн хэргийг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч нарын давж заалдсан гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ. Учир нь:

1.Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

2.Анхан шатны шүүхээр хянан хэлэлцэгдсэн баримтуудаар 2019 оны 07 дугаар сард нэхэмжлэгч Б.И хариуцагч Б.Г , Б.У нар амаар харилцан тохиролцон Б.И бага мал болон үхрийг хөлсөөр маллахаар тохирч хүлээн авсан байна. 2021 оны 07 дугаар сард нэхэмжлэгч Б.И малаа буцааж авахад хариуцагч нарыг 9 тооны үхэр дутаасан тул үхрийн үнэнд 12,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.

Нэхэмжлэлийн шаардлагаа өөрийн гараар бичсэн малын тооны бүртгэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Даваасүрэнгийн хүсэлтээр авсан иргэн Э.Э, А.Э, Н.Н, Л.Д, Г.Д нарын гэрчээр өгсөн мэдүүлгүүд, үхрийн үнэлгээ тогтоолгосон Ашид билгүүн ХХК-ний шинжээчийн дүгнэлт, хариуцагч нарт хөлс төлж байснаа нотолсон тухай Б.И ХААН болон Голомт банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэгт үндэслэсэн.

3.Хариуцагч Б.Г , Б.У нар ...И үхрүүдийг бяруу, тугалтай нь хамт хүлээлгэн өгсөн гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан, С, А гэх 2 хүнийг гэрчээр асуулгах хүсэлт гаргасан боловч ...сум орон нутаг нь цас зудтай байгаа учраас ирж чадахгүй байна гэж хүсэлтээсээ татгалзсан, өөр нотлох баримт гаргаж өгөөгүй.

4.Анхан шатны шүүх Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 205 дугаар зүйлийн 205.1, 205.2, 205.5-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

5.Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч Б.Г , Б.У нараас эс зөвшөөрч ...нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн агуулга бүхий үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан.

6.Давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүх маргаан бүхий үйл баримтад холбогдох Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээг зөв тайлбарлан хэрэглэсэн боловч нэхэмжлэлийн шаардлага бүрэн хангалттай тогтоогдоогүй байхад нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан, гэрээнээс татгалзах нөхцөл байдал үүссэн гэж дүгнэсэн зэрэг нь хэргийн бодит байдалтай нийцээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна гэж үзсэн.

Тодруулбал: Хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч Б.И бага мал болон үхрийг хариуцагч Б.Г , Б.У нар маллах, Б.И тэдэнд хөлс төлөх талаар харилцан амаар тохиролцсон нөхцөл байдал нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээний шинжид нийцсэн, анхан шатны шүүхийн энэ тухай дүгнэлт нь үндэслэлтэй, зөв болсон.

Зохигчид анх хүлээлгэж өгсөн үхрийн тоо, сүүлд хүлээж авсан үхрийн тоо дээр маргаж байгаа боловч нэхэмжлэгч Б.И хариуцагч нарт 27 тооны үхрийг хүлээлгэж өгснөөс, 9 тооны үхэр дутуу авсан гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь бүрэн хангалттай нотлогдоогүй байна.

Хэрэгт нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр мэдүүлэг өгсөн гэрч А.Э ...2019 оны 05 дугаар сарын 30-нд ... манайхыг эзэнгүй байхад надтай холбоо бариад очиж бага малаа авлаа гэж ярьж байсан, ... үхрийг нь мэдэхгүй, бэлчээртэй явж байсан, өөрт нь яг хүлээлгэж өгөөгүй ... дараа нь ...миний мэдэхийн Г би, И болон И хүүхэд бид хэд үхрийг аваачиж өгсөн, Гантулгын хүргэнтэй хамт явж Сайн-Уснаас 7 үнээ, 7 тугал, 4 билүү 5 бяруутай аваачиж өгсөн /хх 37-38/ гэсэн,

гэрч Г.Д ... 2019 оны 07 дугаар сарын эхэн үе байсан, 7 үнээ, 7 тугал, 4 бяруутай тууж авчираад тоолоод Гантулга гэдэг хүнд хүлээлгэж өгсөн /хх 69-70/ гэсэн мэдүүлгүүдээр нэхэмжлэгч Б.И Б.Гантулгынд 2019 оны 07 дугаар сард 7 тугалтай үнээ, 4 бяруу буюу нийт 18 тооны үхрийг анх хүлээлгэж өгсөн нь тогтоогдсон боловч 27 тооны үхэр гэдэг нь тогтоогдоогүй байна.

2021 онд хариуцагч Б.Г ас 5 тугалтай үнээ, 2 бяруу буюу 12 тооны үхрийг нэхэмжлэгч хүлээж авсан нь гэрч Э.Э ...2021 онд Гантулга гэдэг айлаас 4 тугалтай үхэр, 2 бяруу тууж авчирч өгсөн, сүүлд нь би айлын үхрээс очоод 1 тугалтай үхрийг нь очиж авсан /хх 335-36/ гэсэн,

гэрч Л.Д ... тиймээ, очиход малыг нь ялгачихсан байсан, би малыг туусан, 5 тугалтай үнээ, 2 бяруу, 200-аад бага мал байсан, ... хэзээ гэдгийг мэдэхгүй ... Ж гэдэг айлд аваачиж өгсөн /хх 44/ гэсэн мэдүүлгүүдээр тогтоогдсон байна.

Хэрэгт зохигчдын хооронд үхрийг 2019 онд хүлээлгэж өгсөн болон 2021 онд хүлээж авсан тухай тооцоо нийлсэн 2 талын гарын үсэгтэй бичгийн баримтгүй, нэхэмжлэгч Б.И малын А дансны бүртгэлгүй, зөвхөн нэхэмжлэгчийн өөрийнх нь гараар бичсэн /хх5/ хувийн тооцоонд анхан шатны шүүх үндэслэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Нэхэмжлэгч хүлээлгэн өгсөн үхрээ үр төлөөр нь хөөж 9 тооны үхэр дутуу гэж тооцоо гаргасан боловч нэхэмжлэлийн энэ шаардлага нь нотлох баримтаар нотлогдоогүй.

Иймд давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үндэслэн нэхэмжлэгч Б.И 2019 оны 07 дугаар сард хариуцагч Б.Г , Б.У нарт 7 тугалтай үнээ, 4 бяруу, нийт 18 тооны үхэр хүлээлгэж өгсөн, 2021 онд 5 тугалтай үнээ, 2 бяруу буюу 12 тооны үхрийг хариуцагч Б.Г , Б.У нар нэхэмжлэгчид хүлээлгэж өгсөн гэж дүгнэсэн ба хариуцагч нар 2019 онд хүлээн авсан үхрээс 2 үнээ, 4 хязаалан дутаасан байна гэсэн тооцооллыг гаргасан.

Өөрөөр хэлбэл: Нэхэмжлэгчийн малыг хүлээж авснаас хойш 2 жилийн хугацаа өнгөрсөн тул 2 тугал, 2 бярууг бүгдийг хязаалан насны үхэр болсон гэж насыг нь дэвшүүлэн тооцож бүгд 4 тооны хязаалан гэж тооцсон болно.

Зохигчид анх хөлсний талаар тохиролцохдоо мөнгөн хэлбэрээр хөлс авахаас гадна 1 тооны бярууг хөлсөнд өгч, авахаар тохиролцсон, энэ тал дээр талууд маргаагүй тул 1 тооны хязааланг хөлсөнд нь хасч тооцон, хариуцагч нараас 3 хязаалан, 2 үнээ, нийт 5 тооны үхрийг гаргуулахаар шийдвэрлэх нь хэргийн бодит байдалд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх үзсэн.

Хариуцагч нарын зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг ...бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, зуданд үхсэн, үхсэн талаар нэхэмжлэгчид хэлж байсан, өөрөө мэдэж байгаа, үхрүүдийг бүрэн хүлээлгэж өгсөн гэж маргаж байх боловч энэ тухай нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй тул хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгүүдээр нотлогдсон хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

7.Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд 2 үнээ, 3 хязаалан бүгд 5 тооны үхрийг хариуцагч нар нь нэхэмжлэгчид төлөх үндэслэлтэй байна гэж тогтоож, үнийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр хийгдсэн Ашид билгүүн ХХК-наас гаргасан үнэлгээний талаарх шинжээчийн дүгнэлт /хх 49-52/-д үндэслэн 2 үнээг 3,000,000 төгрөг, 3 хязааланг 3,000,000 төгрөг, нийт 6,000,000 төгрөгөөр үнэлж гэж тогтоон, үлдэх нэхэмжлэлийн шаардлагын талаар зохигчдоос гаргаж ирсэн баримтгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 3 тооны үхрийг хангах боломжгүй юм.

8.Хэрэгт авагдсан баримтуудаар зохигчдын хооронд байгуулагдсан хөлсөөр ажиллах гэрээ дуусгавар болсон нөхцөл байдлын талаар талууд маргаагүй, талуудын аль нэг нь гэрээнээс татгалзаж, нөгөө талдаа мэдэгдсэн гэх нөхцөл байдал хэрэгт тогтоогдоогүй байна.

Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд гэрээний аль нэг тал гэрээнээс татгалзсан бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдсэнээр гэрээнээс татгалзах журам хэрэгжиж мөн хуулийн 205 дугаар зүйлд зааснаар гэрээнээс татгалзсанаас үүссэн үр дагаврыг шийдвэрлэх нөхцөл үүсэхийг заасан ба хэрэгт энэ нөхцөл байдал үүссэн нь тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийг гэрээнээс татгалзсан гэж үзэж шийдвэр гаргахдаа Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.2, 205.5 дугаар зүйлүүдийг хэрэглэсэн нь хэргийн нөхцөл байдалд нийцээгүй байна.

Иймээс анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж, тэдгээр хуулийн заалтуудыг хасч шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлтийг оруулах мөн шаардлагатай байна гэж үзсэн.

9.Эдгээр нөхцөл байдлууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэл болсон ба хариуцагч нарын давж заалдсан гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.2 заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 136/ШШ2024/00074 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтад ...Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.2, 205.5-д заасныг гэснийг хасч, ...хариуцагч Б.Г , Б.У нараас 2 үнээ, 3 хязаалан үхэр буюу нийт 6000,000 /зургаан сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.И олгох, нэхэмжлэлийн шаардлагаас 3 тооны үхэр буюу 5,600,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дугаар заалтад ...хариуцагч Б.Г , Б.У нараас улсын тэмдэгтийн хураамжид 110,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.И олгосугай гэж тус тус өөрчлөлт оруулж, хариуцагч нарын давж заалдсан гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.4, 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Б.У, Б.Г нар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 200,850 төгрөгөөс 110,950 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгосугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4, 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БОЛОРМАА

 

ШҮҮГЧИД Б.НАРАНЧИМЭГ

 

А.САЙНТӨГС